Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00053

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00053

 

Д.Л, Б.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02312 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Л, Б.Мнарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т Б - ХХК-д холбогдох хохиролд 70,016,445.17 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Энхбулгантамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Д.Л нь охин Б.Мөрөнгийн хамт 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т Б -инд 103700006302 тоот хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, тогтмол орлого хийж, мөнгөө хугацаатай хадгалуулж байсан. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээрх дансны хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулах үед дансны үлдэгдэл 40,008,553.99 төгрөг байсан. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4.2.4-т заасныг банк зөрчиж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй олон удаагийн зарлагын гүйлгээ хийж биднийг хохироосон. Тухайлбал, хадгаламжийн 103700006302 тоот дансны үлдэгдэл 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү орж нийт 49,379,005.98 төгрөг болсон. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 103700006302 тоот дансандаа нийт 45,142,000 төгрөгийн орлого хийсэн. Банкны хүүгийн орлого 7,151,450.75 төгрөг нэмж орсон байна. Энэ хугацаанд бид ердөө гуравхан удаа нийт 8,000,000 төгрөгийн зарлага гаргасан. Үүнээс тооцож үзвэл 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 103700006302 тоот хадгаламжийн дансны гүйлгээг тооцож үзэхэд 101,672,456.73 төгрөгийн үлдэгдэл байх ёстой. Үүнээс 8,000,000 төгрөгийн зарлага хийсэн ба үүнийг хасвал 93,672,456.73 төгрөг үлдэх ёстой. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дансны үлдэгдэл 8,654,625.70 төгрөг болсон байсан. Банк хадгаламжийн данснаас бидэнд мэдэгдэлгүй ийнхүү маш их хэмжээний мөнгө суутгасан. Энэ талаар банкнаас тодруулахад хадгаламж барьцаалсан зээлийн төлбөрт суутгасан гэж тайлбарласан. Д.Л миний хадгаламж барьцаалсан зээл 103700022559 тоот харилцах дансанд бүртгэлтэй байдаг. Эдгээр зээлийг аваагүй байхад банк зээлийг хүүгийн хамт нийт 70,016,445.17 төгрөгийг бидний 103700006302 тоот хадгаламжийн данснаас суутган төлүүлж, зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/352 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр дээрх зээл авахдаа зээлийн гэрээ, зарлагын баримт, зээлийн мемориалын баримт, гүйлгээний хуулгад зурсан гарын үсэг нь банкны программд бүртгэгдсэн баталгаат гарын үсгийн хэв маягтай тохирч байна гээд хохирлыг барагдуулахаас татгалзсан. Бид дээр дурдсан их хэмжээний зээлүүдийг аваагүй, дансаар гүйлгээ хийх зөвшөөрлийг хэн нэгэнд олгоогүй. Ийнхүү Т Б - гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хадгаламж эзэмшигчид хохирол учруулсан. Иймд Т Б -наас үндэслэлгүйгээр суутган авсан, мөнгөн хадгаламжийн гэрээний хохирол 70,016,445.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Л нь хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэлх хугацаанд хадгаламж барьцаалсан зээл авч байсан нь дансны хуулгаар харагддаг. Сүүлд хэрэгт авагдсан нотлох баримтаар 10,000,000 төгрөгөөс дээш 5 удаа, 5,000,000 төгрөгөөс дээш 8 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Д.Л өөрөө дандаа бэлэн зарлагын гүйлгээ хийж буюу данснаас шууд бэлнээр мөнгө авдаг байсан. Хадгаламж барьцаалсан зээлийн нэг онцлог нь тухайн хадгаламжийн мөнгөн дүнгийн 80 хүртэлх хувьд тааруулж зээл олгодог. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээг харахаар яг дээд талд нь 25,074,000 төгрөгийг орлого зээл хаав гэж хийсэн байна. Удалгүй 26,074,000 төгрөгөөр зээл гарсан. Өөрөөр хэлбэл, харилцах дансны хуулганд зээлийн мөнгө нь орно, буцаагаад зээл авч байгаа бол энэ мөнгөө байршуулаад зээлийн дансанд шилжүүлдэг. Хэрэгт тухайн өдрийн мемориалын баримт дээр 25,074,000 төгрөгийг төлөлт буюу Д.Л өөрөө гарын үсгээ зураад зээл хаав гэсэн гүйлгээний утгатайгаар төлсөн. Дараа нь 26,074,000 төгрөгөөр зээл олгов гээд Д.Л гарын үсэг зураад зээл авсан. Энэ нь дансны хуулгатай таарч байна. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийн зээл аваад Д.Л өөрөө 102,000 төгрөгийн орлого хийгээд 1,600,000 төгрөгийг бэлэн зарлагадаж авсан байна. Гүйлгээнүүд бүгд зээл олгов гэсэн хэлбэрээр гарсан. Холбогдох бүх мемориалын баримт дээр Д.Лгийн гарын үсэг байдаг. Хэрэгт өгсөн нотлох баримтаар хадгаламж барьцаалсан зээлээ Д.Л онлайн болгох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр харилцагчийн анкет болон хүсэлтийн маягтыг бөглөсөн. Энэ анкет дээр Гялс банкны эрх нээх гэсэн хэсгийг чеклээд гарын үсгээ зурсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 14 гүйлгээнээс эхний 6 гүйлгээ буюу 2015 оны 06 дугаар сарын 26, 7 дугаар сарын 02, 10 дугаар сарын 20, 12 дугаар сарын 18, 2016 оны 02 дугаар сарын 19, 03 дугаар сарын 02-ны өдрийн гүйлгээнүүдийг Д.Л өөрийн биеэр ирж хадгаламж барьцаалсан зээлийг зарлагадаж авсан. Үүнээс хойшхи буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дандаа онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авсан. Дансны хуулгыг сайн харвал теллер номер гэж байгаа. Хэрэв биечилж очоод теллерээс гүйлгээ хийсэн бол тухайн теллер болгон 4 оронтой тоо бүхий дугаартай байдаг. Харин автомат теллер нь нэг оронтой тоо байдаг. Үүнээс үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш дандаа онлайн хадгаламж барьцаалсан зээл авсан нь теллер дугаар дээр нэг оронтой тоо буюу автомат теллер код байдаг. Архивт байгаа мемориалын баримтыг харахаар биетээр авсан гүйлгээ болгон дээр мемориалын баримт, зарлагын мэдүүлгийг хамт авсан. Гэтэл онлайн хадгаламж барьцаалсан зээл авсан өдрөөс хойш зөвхөн зарлагын мэдүүлэгтэй байна. Мемориалын баримт нь зээл авсныг илэрхийлж байгаа, зарлагын мэдүүлэг бол тухайн мөнгийг биечлэн авсныг илэрхийлж байгаа. Мемориалын баримт 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш огт байхгүй. Өөрөөр хэлбэл Д.Л гар утсаараа ороод гүйлгээ хийсэн гэсэн үг. Хамгийн гол нь тухайн өдрөө зээлээ авчихаад дандаа очиж бэлнээр тоолоод мөнгө авч байсан. Бүх зарлагын гүйлгээн дээрх бичгийн хэв маяг, гарын үсгүүд ижилхэн байдаг. Мөн Д.Л нь ганцхан 26,074,000 төгрөг дээр Энхжаргалаас нэхэмжилсэн эрүүгийн хэрэг үүсээд тухайн хэргийг прокуророос хаасан байдаг. Тийм учраас нэхэмжлэгч мөнгөө өөрөө авсан нь дансны хуулга, хийж байгаа үйлдэл, дансны хуулга дээрх мөнгөн гүйлгээнүүдийн хоорондын хөдөлгөөн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.1, 493 дугаар зүйлийн 493.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Б - ХХК-иас Мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 70,016,445.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Л, Б.Мнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10/4169, 10/5146 тоот албан бичигт дурдсанаар энэхүү шинжилгээг хийхэд харьцуулах баримтууд хангалтгүй байсан. Улмаар шинжээч гарын үсгийг шинжлэхэд 60 гаруй хоног зарцуулсан нь нэг шинжээч шинжилгээ хийхэд хүндрэлтэй байсныг харуулдаг. Нэхэмжлэгч энэхүү шинжилгээний явцад харьцуулах баримт бичгийг бүрэн хэмжээнд гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь нэхэмжлэгчид маргаан бүхий онуудад үйлдсэн гарын үсэгтэй харьцуулах эх хувь баримт хангалттай байгаагүй. Тэр үед зөвхөн Т Б -инд данстай байсан бөгөөд нэхэмжлэгч банктай холбоотой баримтуудаа шинжилгээнд гаргаж өгөхийг хүссэн боловч энэ боломж нь хариуцагч гаргаж өгөх эсэхээс хамааралтай байсан. Хэргийн 125, 126, 132,137,139 дэх талд авагдсан баримтууд дээрх Д.Лгийн гарын үсгийг шинжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч өөрөө гүйлгээ хийснийг тогтооход шийдвэрлэх нөлөөтэй байсан. Эдгээр баримтууд дээрх Д.Лгийн гарын үсэг илэрхий дуураймал, мэргэжлийн түвшинд шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан тул шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүй татгалзсан.

Шүүх 182/ШЗ2021/05546 тоот захирамжийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн биелэлтийг хангаагүй, гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан эсэх нь тодорхойгүй, шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой хуулийн шаардлагыг зөрчсөн. Гэрч С.Энхжаргалын мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй ач холбогдолтой байсан тул түүнийг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч шүүх мөн хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч нар өндөр дүнтэй буюу 25,820,000 төгрөгийн зээлийг онлайнаар авч байгаагүй. Нэхэмжлэгчийн 103700022559 дансны хуулгаас үзвэл 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөгийн дүнтэй онлайн зээл авсан гэх бүртгэл хийгдсэн байдаг. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч энэхүү онлайн зээлийг ямар хаягтай төхөөрөмжөөс хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлснийг шинжээч томилуулан шалган тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүхээс энэ мэдээллийг банк гаргаж өгөх боломжтой гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хангахаас татгалзсан. Хариуцагчийн амлалт нь шүүгчийн захирамжаар баталгаажсан атлаа биелээгүй тул нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай мэдээлэл болох 25,800,000 төгрөгийн дүнтэй онлайн зээлийг ямар хаягтай төхөөрөмжөөс хандаж шийдвэрлүүлсэн талаар мэдээлэл, баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Л, Б.Мнар нь хариуцагч Т Б - ХХК-д холбогдуулан тус банкийг мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс 70,016,445.17 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлоо арилгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4.2.4-т заасныг банк зөрчиж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй олон удаагийн зарлагын гүйлгээ хийж биднийг хохироосон гэж, хариуцагч Т Б - ХХК татгалзлын үндэслэлээ хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан, Д.Л дандаа өөрөө бэлэн зарлагын гүйлгээ хийж буюу данснаас шууд бэлнээр мөнгө авдаг байсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдлын тодруулах зорилгоор С.Энхжаргал, С.Наранжаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2021/05546 захирамжаар /хх-75-78/ хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамж биелэгдээгүй буюу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийг дуудаж мэдүүлэг аваагүй байна. Гэрчийн мэдүүлгийг хариуцагчийн хүссэнээр авах болсон ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.

 

Мөн хэргийг хэлэлцсэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 42 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн талаар /хх158/ тусгагдсан байна. Нэхэмжлэгч талаас эдгээр баримтуудын зарим хэсэгт зурагдсан гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байхад цаг хугацааны хувьд өмнө нь гарсан буюу шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2021/05546 захирамжаар томилогдож гарсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэл зааж, анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй /хх 153-155/ болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн гэх 25,820,000 төгрөгийн зээлийн бүртгэлтэй холбоотойгоор зээлийг ямар хаягтай төхөөрөмжөөс хандаж хүсэлт гаргасныг тодруулах хүсэлт /хх65/ гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэх юм.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН