2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01983

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 191/ШШ2025/01983

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг ... хороо, .... гудамж, ... тоот хаягт оршин суух А овогт Э /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...дүүрэг, ... хороо, ... хороолол, .... гудамж, ... байр, ..Тоот хаягт оршин суух, О /РД:...../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. миний бие нь иргэн Ц-ы надад тавьсан хүсэлтийнх нь дагуу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3 сарын хугацаатай, барьцаагүй 0134 дугаартай зээлийн гэрээг нотариатаар батлуулж 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5009413162 тоот данснаас Худалдаа Хөгжлийн банк дахь 413015487 тоот түүний данс руу шилжүүлсэн. Мөн гэрээ байгуулахгүйгээр 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банк дахь 413015487 тоот түүний данс руу шилжүүлсэн. Миний бие нь зээлдэгч Ц-д хандан зээлсэн мөнгөө буцаан төлөх талаар удаа дараа хэлж, шаардсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буцаан төлөөгүй болно. Иймд Ц-аас зээлийн гэрээний үүрэг болох дансаар шилжүүлсэн 7,500,000 төгрөг, гэрээ байгуулж шилжүүлсэн 15,000,000 төгрөг, үүнээс зээлийн хүү 540,000 төгрөг, зээлийн алдангид 51,750,000 төгрөг, нийт 74,790,000 төгрөг болох хэдий ч тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн зарчмыг үндэслэн 22,500,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Ц-тай 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №0134 Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Э.ийн нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг хариуцагч  Ц- бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Ц-тай 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №0134 Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөгийг  бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Ц-аас 153,975 төгрөг, төсвөөс 153,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД