Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/09823

 

 

 

 

 

 

 

 

2025 08 12 197/ШШ2025/09823

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух, С.Д******* /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод оршин суух, н.А****** / РД:УЗ89122010/-д холбогдох

ажлын хөлс 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагчид 4х10х3 хэмжээтэй гаражийн автомат хаалга хийж хүлээлгэж өгсөн, үнэ 7,500,000 төгрөгөөр тохирсон тул гаргуулж өгнө үү гэж үндэслэлээ гаргасан байна.

Иргэний хуулийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 7,500,000 төгрөгийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт болон тайлбарыг гаргасан тул хариуцагчаас ажлын хөлс шаардах эрхтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025.05.20-ны өдөр хариуцагч А****** өөрөө хүлээн авсан боловч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн шүүх хуралдааны товыг 2025.08.11-ны өдөр хариуцагч А****** өөрөө гардан авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Н.А******ас ажлын хөлс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН