Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00067

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00067

 

 

"Ж"- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03473 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч "Ж"- ХХК

хариуцагч "Ю К"- ХХК-д холбогдох

худалдан авсан махны үнэ 26,180,460 төгрөг, алданги 13,180,460 төгрөг, нийт 39,270,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахарал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: а) Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт махны үнэд 26,180,460 төгрөг;

б) алданги 13,180,460 төгрөг гаргуулах;

1.2 Нэхэмжлэлийн үндэслэл:

1.2.а "Ж"- ХХК нь "Ю К"- ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мах бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээнд дараа сарын 15-ны дотор тооцоо нийлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу "Ж"- ХХК нь "Ю К"- ХХК -д 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл мах нийлүүлсэн боловч махны үлдэгдэл төлбөр 26,180,460 төгрөгийг төлөөгүй. Ковид-19 цар тахлын улмаас төлбөрийн үлдэгдэл тооцоог и-мэйлээр явуулж, төлбөр төлөх хуваарийг хүргүүлж байсан. "Ю К"- ХХК-аас махны үлдэгдэл төлбөр 26,180,460 төгрөгийг гаргуулна.

1.2.б "Ю К"- ХХК нь Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.3-т заасны дагуу дараа сарын 15-ны дотор төлбөрөө төлөөгүй тул мөн гэрээний 5.5-т зааснаар алданги төлөх үүрэгтэй. Нийт алдангийг тооцвол 29,411,766 төгрөг болох боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасан тул алданги 13,180,460 төгрөг гаргуулна. Иймд "Ю К"- ХХК-аас нийт 39,270,690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1.а "Ю К"- ХХК нь "Ж"- ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мах

бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Монгол Улсад ковид-19 вирусын халдварын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой "Ю К"- ХХК нь үйл ажиллагаа явуулаагүйн улмаас "Ж"- ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Махны үндсэн төлбөр 26,180,460 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2.1.б Max бэлтгэн нийлүүлэх гэрээний 10.1-д Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно гэж заасан. Үүний дагуу цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор "Ю К"- ХХК нь "Ж"- ХХК-д төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг гаргасан. 2021 оны 4 дүгээр сард 8,726,820 төгрөг, 5 дугаар сард 8,726,820 төгрөг, 6 дугаар сард 8,726,820 нийт 26,180,460 төгрөгийг төлж барагдуулах талаар мөн хүсэлт хүргүүлсэн. Гэвч 2021 оны 4 дүгээр сарын 10-наас мөн сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хөл хорио тогтоосон. Цар тахлаас шалтгаалсан хөл хориог шат дараатай нээсэн ч гэсэн ард иргэд ресторанаар үйлчлүүлэх нь багассанаас болж орлого буурч, гэрээг биелүүлж чадаагүй юм. Гэрээний үйлчлэх хугацаа хойшлосон, түүнчлэн цар тахлын нөхцөл байдал арилаагүй байгаа тул алдангид 13,180,460 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ю К"- ХХК /6190928/-аас 39,270,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ж"- ХХК /2729512/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,303 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч "Ю К"- ХХК-аас 354,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Ж"- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэлд дурдаагүй 17,665,623 төгрөгөөс бууруулан 13,090,230 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 141 дүгээр зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг зохих ёсоор хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүх нийтэд илэрхий байдал болон хэргийн нөхцөл байдлыг харьцуулан алданги 13,090,230 төгрөгөөс бууруулан тооцох ёстой. Иймд алданги 13,090,230 төгрөгөөс 50 хувь болох 6,545,115 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч "Ю К"- ХХК махны үнийг төлөх үүрэг Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн тул гэрээний үүргийг биелүүлэх бүрэн боломжтой байсан. Алдангийн хэмжээ 29,411,766 төгрөг болсон ба үүнээс 50 хувиар бууруулж нэхэмжилснээс дахин бууруулах боломжгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Талуудын маргаагүй үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч "Ж"- ХХК нь хариуцагч "Ю К"- ХХК-д холбогдуулан мах бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт худалдан авсан махны үнэ 26,180,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч уг 26,180,460 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй байна.

Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч "Ж"- ХХК нь чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, худалдагч авагч "Ю К"- ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлийн дагуу үнийг төлөх үүргийг хүлээсэн гэрээний агуулга, хэрэгжилтээс дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч "Ж"- ХХК нь хариуцагч "Ю К"- ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн махны төлбөрөөс худалдан авагч нь 26,180,460 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 13/

Талууд гэрээний 5.3-т Бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа авсан тухайн сарын нийт дүнг дараа сарын 15-ны дотор багтаж бэлнээр болон дансаар хийнэ гэж заасны дагуу хариуцагч нь махны үнийн үлдэгдэл махны үнэ 26,180,460 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар махны үнийг шаардах эрхтэй болохыг шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гомдол гаргаагүй болно.

 

2. Талуудын маргасан алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч "Ж"- ХХК нь хариуцагч "Ю К"- ХХК-д холбогдуулан мах бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасан хугацаанд махны үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн алданги 13,090,230 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...гэрээний үйлчлэх хугацаа хойшилсон, түүнчлэн, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилаагүй... гэж тайлбарлажээ.

Гэрээний 5.5-д Худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг 5.3-т заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч "Ю К"- ХХК нь гэрээнд заасан хугацаанд махны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч "Ж"- ХХК нь алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч "Ю К"- ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүртгэгдсэн ковид-19 цар тахалтай холбоотойгоор УИХ-аас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталж, уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ 50 хувиар хязгаарлагдсан байхад уг хэмжээн дотор гэрээнд заасан 0,5 хувийг 0,3 хувь болгон бууруулж тооцоо хийсэн нь мөн хуулийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтын зорилгод нийцээгүй дүгнэлт хийжээ.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоож байсан үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт байхаас гадна хариуцагч "Ю К"- ХХК-ийн 2020 оны А-71/20 тоот хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч "Ж"- ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 13,090,230 төгрөгийг 50 хувиар багасгаж 6,545,115 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч "Ю К"- ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт махны үнэ 26,180,460 төгрөг, алданги 6,545,115 төгрөг, нийт 32,725,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Ж"- ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ю К"- ХХК-аас 32,725,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Ж"- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,545,115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... "Ю К"- ХХК-аас 354,303... гэснийг ..."Ю К"- ХХК-аас 321,575... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 119,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ