| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0185/э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
өсвөр насны шүүгдэгч Ц.О,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц О-т холбогдох эрүүгийн 201725030981 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Боржигон овгийн Ц О, 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо улаанхуаран 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаар зарлигаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 53 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Х.Доржпүрэвийн эзэмшлийн байрны цонхийг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн лед зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 27-нд үйлдээд 5 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дүгээр зүйлээр 3 жил 6 сар таслагдаад байж байтал Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч надтай ирж уулзаад “чамд ийм хэрэг байна, энэ хэргээ яах вэ” гэхээр нь би “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, миний үйлдсэн хэрэг мөн” гэж хэлсэн. Тэр эмэгтэй байцаагч “Чи энэ ял аа аваад явчих, би чамайг дуудлагаар ирээд шалгачихъя” гэж хэлэхээр нь би хэлснээр нь явчихсан юм. Би уг ялаа эдлээд гараад ирсний дараа энэ хэрэг дахин гараад ирлээ. Миний хувьд тэр эмэгтэй байцаагчид итгээд энэ хэргийг тухайн үед ярьж хэлээгүй. Би өршөөлийн хуульд юм уу, шинэ хуулийн тэгшитгэлд хамрагдаад хэрэгсэхгүй болсон юм байх гэж ойлгож байсан. Ууг нь би хүүхдийн хорихоос суллагдаад дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ногоон дээр ажил хийж амьдарч байсан. Гэтэл ажлаасаа ирээд унтаад сэрэхэд цагдаа нар ирээд намайг баривчилсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Доржпүрэв нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед гэртээ очиход гэрийн хаалга, цонх онгорхой цонхны давцан дээр байсан цэцэг газар унасан байдалтай байхаар нь би цагдаад хандсан. Цагдаа ирсний дараагаар гэртээ орж үзтэл хойморт байсан 32 инчийн Элко /elko/ маркийн зурагт алга болсон байсан. ...2015 онд BSB дэлгүүрээс 499.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Би өөрийн алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух шаардлага байхгүй...” гэжээ /хх-41-43/.
Иргэний нэхэмжлэгч Д.Хосбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ломбарданд байгаагүй. Манай ажилтан Мандах-Эрдэнэ хар өнгийн elko маркийн 32 инчийн зурагтыг 170.000 төгрөгөөр барьцаанд авсан байсан боловч барьцаанд авсан өдөр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албан хаагч нар уг зурагтыг хулгайн зурагт байна гээд хураагаад аваад явсан байсан. Манай байгууллагад учирсан 170.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ /хх-45/.
Гэрч Л.Баатарсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би ажлаа тараад 12 цаг өнгөрч байхад Хүчит шонхор захаас уруудаад явж байтал нэг залуу гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах юм бэ гэж хэлтэл Яармаг орно гэж хэлэхээр нь за за гэж хэлээд суулгаад явж байтал Дэнжийн 1000 орчимд ахаа зогсож байгаараа гэрээсээ ороод юм аваад гараад ирье гэхээр нь за за гэж хэлээд зогсоод хүлээж байтал 10 минутын дараа нөгөө залуу зурагт авч гарч ирээд за явъя гэж хэлээд явсан. Тэгтэл тухайн залуу яармаг орохоо больсон та хороолол орчих гэж хэлсэн. Ингээд модны 2-т байрлах ломбардны гадна ирээд би бичиг баримтаа орхисон байна. Та бичиг баримтаа өгч байгаа ч таны бичиг баримтаар тавих гэсэн юм гэж хэлэхээр нь үгүй гэсэн чинь гуйгаад салахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө бичиг баримтаар тухайн зурагтыг ломбарданд 170.000 төгрөгөөр тавьсан. Үүний дараагаар надад таксины мөнгө гэж 10.000 төгрөг өгөөд яваад өгсөн. Ингээд байж байтал над руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг дуудсан...” гэжээ /хх-49/.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-17-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22/, шүүгдэгч Ц.Оийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-109/, Эд зүйлийн үнэлгээ /хх-110/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.
Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэснийг тус тус баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэцэгболдын Отгондэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 53 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Х.Доржпүрэвийн эзэмшлийн байрны цонхийг эвдэж буюу орон байранд нэвтэрч 32 инчийн лед зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Отгонтөгсийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Доржпүрэвийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, буцаан олгосон тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулах үед 16 насанд хүрсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шинэчлэн найруулсан 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд баривчлах ялын төрөл байхгүй бөгөөд уг баривчлах ялыг биелүүлэх боломжгүй, дүйцүүлэн өөрчлөх зохицуулалт хуульд байхгүй тул шүүгдэгч Ц.Оийг эдлээгүй үлдсэн баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Хохирогч Х.Доржпүрэв нь “...Би өөрийн алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух шаардлага байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэв. Харин шүүгдэгчээс170.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Хосбаярт олгох нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 1.8, 1.9-д заасныг баримтлан прокуророос өсвөр насны шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Цэцэгболдын Отгондэлгэрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От эд хөрөнгө хураахгүйгээр 3/гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлд заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Оийг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж, түүнийг нэн даруй сулалсугай.
6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оээс 170.000 гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Хосбаярт олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН