Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Хохирогч А.Ундармаа,

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Ст холбогдох 1806 01802 0494 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 19 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 5-6 настай 2 охины хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 103А тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н.С

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны 7 дугаар гудамжны 103А тоот гэртээ эхнэр А.Ундармаагийн нуруун тус газар нь хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ундармаагийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө би найзтайгаа ажил хийхээр гадагшаа хамт яваад ирсэн. Энэ хугацаанд найзтайгаа цуг амьдарч байгаад найздаа дасаж сэтгэлтэй болсон. Тэгээд нөхөр маань энэ талаар мэдээд хоёулаа ярилцъя гэхээр нь би нөхөртөө огт нүүр өгөөгүй. Би өөрөө их уур омогтой хүн. Нөхөр маань намайг чи ерөөсөө 2 хүүхэд болон амьдралаа бодохгүй гэж уурлаад хоёулаа салъя гээд хувцасаа бэлдээд уурлаад байсан. Өмнөх өдөр нь манай нөхөр сахиусаа буулгаад сахиус нь бууж ирээд та хоёр яагаад хэрэлдэж маргалдаад байгаа юм гээд өргөсөн архийг нь авч явахгүй үлдээгээд явсан. Нөхөр маань сахиусаа буулгачихаад аяганд тал архи байсан тэрийг уугаад хувцасаа баглаж байхдаа авдарны таг над руу авч шидэхээр нь уурлаад түлхээд унагаасан. Тэгээд би дүүгээ дуудсан. Намайг орон дээр сууж байтал нөхөр маань араас цохиод авах шиг болсон. Тэгээд байж байтал нуруугаар халуу дүүгээд үзсэн чинь цус урсаж байсан. Тэгээд би нөхөртөө чи намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь нөхрийн маань царай сонин болсон. Тэгээд би эгчийнх рүү ороод эгчдээ хэлтэл цагдаа дуудсан. Хохирол төлбөрт надад 80.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ундармаагийн өгсөн: “... намайг үсдэж дарж байгаад ор руу унагаасан. Тэгээд би орон дээр сууж байсан чинь өврөөсөө хутга гаргаж ирээд миний зүүн талын дал хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,

“... нөхөр Сүхбаатар авдарнаас юмнуудаа авна гээд авдар уудалж байхдаа босч ирээд авдарын тагийг аваад шидчихсэн. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр зууралцаад би түүнийг түлхэж унагачихаад сууж байтал гэнэт л араас цохих шиг болохоор нь би нэг их анзаараагүй юм. Гэнэт л нуруу руу халуун юм урсаж байгаа мэдрэмж төрөхөөр нь үзтэл намайг зүүн дал руу хутгалчихсан байсан... Бид 2 хамтран амьдраад 7 жил болж байгаа ба надад гар хүрээд байдаггүй. Би цагдаагийн байгууллагад анх удаа хандаж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2-ын дундаас 2 хүүхэд гарсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюундарийн өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим манай эгч Ундармаа намайг утсаар дуудаад ороод ирээч гэсэн. Тэгээд гэрт нь орсон чинь хүргэн ах Сүхбаатар явна гээд хамаг хувцас хунараа баглаад боочихсон. Чамаас сална гээд, би чамайг алаад би шоронд ороод 2 хүүхдээ асрамжийн газар өгнө гээд хэрэлдээд маргалдаад байсан... Тэгээд эгч босч ирээд орон дээр сууж байсан чинь хүргэн өврөөсөө хутга гаргаж ирээд хутгалсан... Хүргэн ах эгчийг хутгалсаны дараа өөрийгөө хутгалах гэж оролдохоор нь би хутгыг нь аваад бүх хутгыг нь гадаа гаргаж шидсэн...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3078 дугаартай дүгнэлтэд:

1. А.Ундармаагийн биед зүүн мөрний ар доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сын гэрчээр өгсөн: “... Би бөө учир өчигдөр орой 00:00 цагийн орчимд сахиусаа буулгаад стаканы талаар байсан архийг уучихсан юм... Тэгээд өчигдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг асуудлаас болж маргалдаад би гэрт байсан хутгаараа эхнэрийнхээ зүүн дал хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад уураа барьж дийлэлгүй эхнэрийгээ араас нь зүүн мөр орчим газарт нь нэг удаа хутгалсан юм. Тэгтэл эхнэрийн хутгалуулсан хэсэг газраас их цус гарсан... Би түүнийг цохиж зодож байгаагүй. Анх удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны 7 дугаар гудамжны 103А тоот гэртээ эхнэр А.Ундармаагийн нуруун тус газар нь хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ундармаагийн өгсөн: “... намайг үсдэж дарж байгаад ор руу унагаасан. Тэгээд би орон дээр сууж байсан чинь өврөөсөө хутга гаргаж ирээд миний зүүн талын дал хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.5-6, 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюундарийн өгсөн: “... Тэгээд эгч босч ирээд орон дээр сууж байсан чинь хүргэн өврөөсөө хутга гаргаж ирээд хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3078 дугаартай дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сын гэрчээр өгсөн: “...Тэгээд өчигдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг асуудлаас болж маргалдаад би гэрт байсан хутгаараа эхнэрийнхээ зүүн дал хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад уураа барьж дийлэлгүй эхнэрийгээ араас нь зүүн мөр орчим газарт нь нэг удаа хутгалсан юм. Тэгтэл эхнэрийн хутгалуулсан хэсэг газраас их цус гарсан... Би түүнийг цохиж зодож байгаагүй. Анх удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүгдэгч Н.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Н.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Н.Сын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч Н.С нь хохиролд 80.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ундармаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Сын “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.Ст оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хүрэн өнгийн модон иштэй, нийт 21.5 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ст оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Н.Ст оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ундармаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хүрэн өнгийн модон иштэй, нийт 21.5 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР