| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/18325/И |
| Дугаар | 197/ШШ2025/09979 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/09979
2025 08 19 197/ШШ2025/09979
Нэхэмжлэгч: ****** тоот, О******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* давхарт байрлах, Д****** ХХК /РД:*******/-д холбогдох
Гэрээний үүрэгт 10,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******, хариуцагчийн төлөөлөгч Э.Н********, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчтай 2024.06.12-нд Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн бараа худалдан авч 6,750,000 төгрөг төлсөн, үлдэх 7,250,000 төгрөгийг гэрээнд зааснаар алданги 3,625,000 төгрөг, нийт 10,875,000 төгрөг гэж,
Хариуцагч тал 14,000,000 төгрөгийн бараа хүлээн авсан, үлдэгдэл 7,250,000 төгрөгийг зөвшөөрнө, алданги зөвшөөрөхгүй, энэ барааг манай эмч хүлээн авсан гэж тус тус тайлбарласан.
2. Иргэний хуулийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдсан бараа үнийг шаардах эрхтэй байна.
Талууд 14,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч,6,750,000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй, харин алданги төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.
Талуудын хооронд бэлтгэн нийлүүлэлтийн 2024.06.12-ны өдрийн 2024/41 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээний үнэ 27,000,000 төгрөг, төлбөрийг хуваарь тогтоож төлөхөөр, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн бараа нийлүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй, алданги шаардах эрхгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д****** ХХК-иас 7,250,000 төгрөг гаргуулж О******* ХХК
-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 188,950 төгрөгийн төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 130,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН