Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/09980

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19 197/ШШ2025/09980

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* тоот, М********* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоот хаягтай, Э.Ш******* /РД:*********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 6,757,446.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*********, хариуцагч Э.Ш*******, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай 2022.07.25-нд 15,500,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж олгосон, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул 1628 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, үнэлүүлэхэд 10,575,000 төгрөг болсныг зээлээс хасаж тооцоод зээлийн үлдэгдэл 5,344,991.90 төгрөг, торгууль 790,000 төгрөг, татвар 372,456 төгрөг, үнэлгээний төлбөр 250,000 төгрөг, нийт 6,757,446.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч тал 1628 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа 5,000,000 төгрөгийг төлж, 15,500,000 төгрөгийг дээрх байгууллагаас зээл авч бүрэн төлсөн. Нэхэмжлэгчтэй 2022.07.25-нд 15,500,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, 2023.09.20 хүртэл 9,897,205.99 төгрөг төлсөн, эрүүл мэндийн байдлаас болж тогтоосон хугацаанд төлбөрийг ялимгүй хэтрүүлсэн, гэтэл машиныг хурааж авсан. Энэ нь зээлийн үүргийг эд хөрөнгөөр бүрэн төлсөн гэж үзэж байна, үлдэгдэл зээл нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараахь үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022.07.25-нд 15,500,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь гэрээний хугацаанд 2023.09.20 хүртэл хугацаанд нийт 9,897,205.99 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар бичгийн баримтгүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагчийн эзэмшлийн 1628 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хангахаар худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагч зээлийн төлбөрийг эд хөрөнгөөр буцаан төлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Ш*******д холбогдох гэрээний үүрэгт 6,757,446.90 төгрөг гаргуулах тухай М********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 123,070 төгрөгийн төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН