Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

2024/ДШМ/29

 

 

 

          М.Г, Ц.А нарт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Ж.Ц

                        Шүүгдэгч                                                          М.Г

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Ц.Б, В.У,

                                                                                                  М.Б, В.Г

                         Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.А, М.Г нарт холбогдох 2112002020128 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 100 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын О багийн И гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Мийн Г/РД:0000000/,

 

Монгол Улсын иргэн 100 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, Ө ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 багийн Тамир хорооллын 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Д овогт Цийн А /РД:00000000000/

 

Шүүгдэгч Ц.А, М.Г нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Ц.А, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

               А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Д овогт Цийн А, Б овогт Мийн Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нар нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10/арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5.400.000-150.000=5.250.000/ тооцож торгох ялаас хассаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А, М.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Дд шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000/дөрвөн сая таван зуун  мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 15.000.000/арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000/арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага  хүчин чадалтай экскаватор, 13.500.000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000/гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Ц.А, М.Г нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан давж заалдах гомдолдоо... А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн 2112002020128 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.А, М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ 00-00 АРХ улсын дугаартай Бонго маркийн машин, 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛСЗ маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн 2Х-210 маркийн бага хүчин чадалтай экскаватор, 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УНЛ улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг улсын орлого болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна

Хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх руу буцаах хууль зүйн зохицуулалт байхгүй байхад хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж, хэргийг хүчээр шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцож тайлбар гаргана ... гэжээ. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ... Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн гээд байгаа дээр түрүүн тайлбараа хэлчихсэн байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг. Энэ нь өөрөө бусад гэмт хэргээс онцлогтой. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь нийгмийн хор аюул нийтийн ашиг сонирхол яригдаж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зорилтод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлогод хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед 2 экскаватор, 2 Хово, Бонго, Пронтер гэсэн машинуудыг битүүмжилж хавтаст хэрэгт үнэлгээ хийлгэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гаргуулахад дээрх машинуудаас Пронтер маркийн машин болон нэг Хово маркийн машиных нь Монгол Улсад үйлдвэрлэсэн он нь Авто тээврийн үндэсний Төөс гарах боломжгүй, энэ талаар мэдээлэл байхгүй байгаа учраас үнэлгээ хийх боломжгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн нөгөө 4 тээврийн хэрэгслийг нь улсын орлогод оруулсан байдаг. Өмгөөлөгчийн яриад байгаа тээврийн хэрэгсэл нь Ө гэх газар байхгүй. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхээс дээрх техник хэрэгслүүдийн шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн үнийн дүнгүүдийг нь улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль ёсны болсон байна гэж дүгнэж байна. Мэргэжлийн геологи, мэргэжлийнх нь хүмүүсийг оролцуулаад эрэл хайгуул гэж юу байдаг юм бэ энэ талаар тайлбарлуулаад тэгсний дараа энэ хэргийн зүйлчлэлээ хийх нь зүйтэй гэдэг зүйлийг л яриад байна. Хуулийг Улсын дээд шүүхээс хэрхэн хэрэглэх талаар хэрэглээний талаар тайлбар гаргаж байгаа. Тэгэхээр хэргийн зүйлчлэл явуулахад инженер, геологич, мэргэжлийн хүмүүсээс Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор энэ үгнүүдийг яаж ойлгох, ямар утгаар ойлгох талаар мэдүүлэг аваад энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаад авах шаардлагагүй гэж дүгнэж байна. Үүнд Н гэх тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаар байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг  гаргуулсан байдаг. Тийм учраас А аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан саналдаа... Надад 2 санал байна. Нэг дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох. Энэ нь цагаатгахаас өөр баримт бичиг гарна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоод эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хоёр дахь саналыг яагаад хэлэх болсон гэхээр өмнө нь шүүхээр шийдвэрлэж байсан болохоор  2 дахь саналыг хэлэхгүй бол болохгүй болчхоод байна.  Энэ нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт эхний саналыг хүлээж авах боломжгүй гэж үзвэл 6 дахь заалтад зохих өөрчлӨ оруулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хураасан ийм зохицуулалт байгаа. Нэг дэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл хоёр дахь саналыг хүлээн авч шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлӨ оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан саналдаа... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлүүдийг анхнаасаа гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Уг нотлох баримтыг үндэслэж гарсан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй. Нэг зүйлийг орхигдуулсан байна. Эрүүгийн хэргийн гомдол мэдээллийг анх хүлээж аваад мөрдөгч Вид цохсон байна. В анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа хийх байсан. Гэтэл шууд А.А мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл В мөрдөгчөөс А.А мөрдөгч рүү шилжүүлсэн тогтоол шийдвэргүйгээр А.А мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхнаасаа зөрчих үйл процесс дээр хэрэглэсэн байна. Өмнө нь би тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхээс магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох ийм л зохицуулалттай. Хэргийг шүүхэд шилжсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж нэг бол цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гарах учиртай. Гэтэл дахин мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийгдэж орж ирж байгаа нь процессоо зөрчиж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн саналтай байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б гаргасан саналдаа ... Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг баталсан нотлох баримтууд нь бүгд хууль бусаар авагдсан. Мөн энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гээд байгаа манай үйлчлүүлэгч А хэрхэн оролцсон юм, яаж оролцсон, тэнд байсан усан бууг яаж хэрэглэсэн талаарх нотлох баримт энэ хавтаст хэрэгт байхгүй. Энэ эрүүгийн гэмт хэрэгт авагдаж байгаа энэ зүйл анги, нотлох баримт зэрэг нь хоорондоо авцалдаагүй, уялдаа холбоо байхгүй, нотолсон зүйл байхгүй. Энэ тээврийн хэрэгслүүд хэрхэн оролцсон юм тэр Бонго, Портер тээврийн хэрэгсэлд усан бууг яаж ачиж авч явсан юм гэдгийг нотолж байж тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ёстой. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь  цаанаа бүгдээрээ тус тусдаа хувийн эзэмшигчтэй тус тусдаа тийм хувийн өмч байгаа. Үүнийг юугаар нотлоод байгаа юм. Тэгэхээр энд гэмт хэргийн шинж байхгүй байна. Ц.Б өмгөөлөгчийн ярьж байгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн учраас бүхэлдээ гэмт хэргийн ямар ч шинж байхгүй байна. Мөн Гын эхнэр Э яахаараа хөндлөнгийн гэрч болоод хэргийн газрын үзлэгт давхиж очоод нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөд байдаг юм. Яагаад хуурч мэхлээд энэ гэрчийн мэдүүлгээ аваад байдаг юм. Тийм учраас энэ хэргийг зүгээр цагаатгаж өгөөч ээ. Тээврийн хэрэгсэл энэ хэрэгт огтоос хамаа байхгүй. Тээврийн хэрэгсэл хаана байгааг улсын яллагч ч мэдэхгүй, би ч мэдэхгүй, шүүгч та 3 ч мэдэхгүй, энд байгаа хүмүүс ч мэдэхгүй. Энэ тээврийн хэрэгслүүд хаана байгаа юм. А аймгийн журмын хашаанд лав байхгүй. Тийм учраас та бүхэн энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М.Г, Ц.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г гаргасан саналдаа ... Манай үйлчлүүлэгч нарыг өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. В мөрдөгч ч гэсэн энэ эрхээр хангаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоол байгаа юм. Энэ тогтоолд хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гэсэн хавсралтад Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан дараах үндсэн зарчмууд хэрэгжинэ гэсэн байна. Үүний Б заалтад өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэж заасан. Гэтэл энэ эрхийг олгоогүй байдаг. Энэ бол зөрчлийн хэрэг гээд хууран мэхлээд явчихсан. Энэ тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.9-д хүнлэг бус хэрцгий хандаж, эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийн эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардаж шахалт үзүүлж хүч хэрэглэн гэм буруугаа хүлээлгэхийг тулган шаардаж, хууран мэхэлж хууль бус хөнгөлөлт амлаж авсан мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтаас хасна. Энэ нь эрүүдэн шүүх гэмт хэргийн нотлох баримтад тооцоход саад учруулахгүй гэсэн ийм дээд шүүхийн тайлбартай. Гэтэл Ц.А болон М.Г нарыг болон Гын эхнэр Э гэж хүнээс хэргийн газарт мэдүүлэг авахдаа зөрчлийн хэргээр шийдвэрлэгдэнэ гэж хэлээд хууран мэхэлж хууль бусаар мэдүүлэг авсан. Үүнийг прокурор зарим хэсгийг нь хүчингүй болгоод зарим хэсгийг нь хүчингүй болгоогүй. Мөн дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 тоот тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай хэсгийн 14 дэх хуудсанд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, 1.2-т гэм буруутай эсэх, 1.3-т Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэгт эргэлзээ гаргавал гэж тайлбарласан тайлбартай байна. Ингэж тайлбарласан хэсгээс харахад ч манай үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг шалгасан байдал, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дээд шүүхийн тогтоолд тайлбарласан агуулгаар нь хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа үндэслэлийг бичсэн байгаа. Үүнийг уншиж эрхэм шүүгч нарынхаа цагийг аваад яах вэ, дурдаад явъя. Үүнд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 3, 2.1 дүгээр зүйлийн 1, 2.5 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 4, 2.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн эрхэм зорилго, 2 дугаар бүлэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндсэн зарчмуудыг 5 дугаар зүйлээс эхлээд 12 дугаар зүйл хүртэл дурдсан байдаг. Ц.Б өмгөөлөгч шүүхийн ажиллагааг он, сар огноотой нь хэллээ, мөн би тайлбартаа хэлсэн байгаа. Эрхэм шүүгч нар Үндсэн хуулиа дээдэлж манай 2 үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү ... гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г гаргасан тайлбартаа ... Би тэр газрын хөрсөнд, хэвлийд халдсан юм бол байхгүй. Ухчихсан газар овоолсон шорооноос дээж авсан. В цагдаа мэдүүлэг авахад өмгөөлөгч авъя гэхэд та өмгөөлөгчөөр яах юм бэ, торгууль, шийтгэлээр шалгагдаад явна гэж хэлсэн. Тэгээд л чимээгүй байж байгаад нэг удаа дуудсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авах байсан, тэгсэн зүгээр гэж хэлж байсан ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А, М.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Аын ... Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу шийдвэрлэж экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт төлүүлж өгөхийг хүсэж байна ... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Дийн ... М.Г ахаас 5 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд намар нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан санагдаж байна. Тухайн үед гагнуур хийж байсан болохоор би машиныхаа ойр зуурын юмыг гагнуулах гэж очсон байсан. Тэрнээс хойш миний машин алт олборлох үйл ажиллагаанд огт оролцоогүй. Одоо 00-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б аймагт хамаатныхаа хүнд өгөөд явуулсан чинь утас нь холбогдохгүй байна. Холбоо барьж чадахгүй байна. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Аийн ... Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц сумын О багт Ө гэх газар Болдоо гэх хүн дээр ирээд ажилд оръё гэтэл дизель мотор хараад манаачаар ажил гэсэн. Би энэ газар дизель мотор хариуцдаг ... гэх мэдүүлэг, гэрч Г.Лийн ... А аймгаас Ц сумын О баг ортол лиценз нь цуцлагдсан хуучин Монгол газар ХХК-ий талбай буюу Ө гэх газар М.Г алт олборлох чиглэлээр усан буу зоож байрлуулсан ховоо 2, экскаватор 1 ширхэг техниктэй байсан. Яг очиход ажиллаагүй байсан бөгөөд хажуу талд нь байрлах Г ХХК Б энэ уурхай ажиллаж байсан. Миний гар утсанд ажиллаж байсан бичлэг нь байгаа гэж хэлж байсан. Усан бууг нь харахад ажилласан шинжтэй бууны ус нь урсаад хөлдсөн байдалтай байсан. Шалгахад алт олборлох үйл ажиллагаа явуулах ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан тул хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эгийн ... Манай хамаатан болох Ц.А манай нөхөр рүү 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх залгаад А аймгийн Ц сумын О багт ганц нэг уурхайн бичиг баримт бүрдээд ажиллаж байна. Чи техник тоног төхөөрөмжөө аваад хүрээд ирээч гэж дуудсан. Ц.А ахын дуудсанаар манай нөхөр алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмжөө аваад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны үед байх Ц сумын О багт ирээд Ц.А ахын зааж өгсөн газар байрлаж алт олборлох техник тоног төхөөрөмжөө байрлуулсан манай нөхөр техник тоног төхөөрөмжөөр туслан гүйцэтгэх чиглэлээр ирсэн алт олборлох үйл ажиллагаа явуулах газар болон холбогдох бичиг баримтыг Ц.А хариуцаж байсан. Манай нөхөр М.Г Ц сумын О багт техник тоног төхөөрөмжөө авч ирээд хэд хоногийн дараа Ц.А ах руу утсаар холбогдож шатахуун тос болон хоол хүнс байхгүй болж байна гэсэн чинь А ах усан буугаа зоогоод ойр орчмын газраас шороо угаагаад шатахуун болон хэрэгтэй зүйлээ авч бай гэж хэлсэн юмаа. Тэгээд манай уурхай ганц нэг удаа ажилласан нь үнэн хэдний өдөр ажилласан эсэх ээ сайн мэдэхгүй байна. Манай нөхөр сайн дураараа ажиллаагүй А ах ажил гэсний дагуу ажилласан ... гэсэн мэдүүлэг, гэрч А.А ... шалгалт хийх явцад Ц сумын О багийн Ө гэх газар И 0, Е0 гэсэн солбилцолын цэгтэй газарт усан буу 1 ширхгийг зоож үйл ажиллагаа явуулсан байдалтай тухайн буунаас ертөнцийн зүгт урд зүгт 3 гэр болон техник тоног төхөөрөмж, байрлуулсан байдалтай хэсэг бүлэг хүмүүс байсан ба тухайн хүмүүсийг хариуцаж байгаа хүнтэй уулзаж холбогдох бичиг баримтыг шалгахад үзүүлэх бичиг баримт байхгүй. Хууль бусаар алт олборлож байсан тул хэргийн газрын үзлэг хийж тухайн газраас ертөнцийн зүгээр баруун зүгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан Г нэртэй ХХК-ийг хариуцсан хүн болох М.Б уулзахад наад хүмүүс чинь 2-3 усан буугаар алт угааж байгаа, надад утсан дээр хийсэн бичлэг байгаа гэснийг гэрчээр мэдүүлэг авч баримтжуулж цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э ... Би Ц сумаас 60 км явж О багт шөнө дунд ороход М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ажиллуулан Ө гэх газарт хөрс хуулалт хийж байсан. Миний зүгээс холбогдох бичиг баримтыг шалгахад хүний урдаас үзүүлэх бичиг баримт байхгүй байсан уурхай дээр нь М.Г эхнэртэйгээ ажилчид гээд хэдэн залуус байсан намайг очиход бол техник ашиглан хөрс хуулалт хийж алт угаах төхөөрөмж угсарсан байдалтай байсан. Миний зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 002061 гэсэн дугаартай лацаар лацдаж тэмдэглэл үйлдээд М.Год лацыг хүлээлгэн өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Мын ... 2021 оны 11 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна. Ц сумын иргэн М.Г гэх залуу надад 6 грамм алт зарсан нь үнэн 648.000 төгрөг болж байсан. Би худалдан авсан алтаа Т аймгийн Заамар сумаас алт авч байсан танихгүй хүнд зарсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бын ... 2021 оны 11 дүгээр сард байх М.Г гэх хүний уурхай техник тоног төхөөрөмж ашиглан Ц сумын Ө гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж нутгийн иргэд.  багийн засаг даргын хувьд надад мэдээлэл өгч байсан. Миний зүгээс ард иргэдийн саналаар итгэл хүлээж багийн засаг дарга болсон хүний хувьд дээд шатны дарга болох сумын засаг дарга Д.Гд албан өрөөнд нь би өөрөө орж Ц сумын иргэн М.Г техник тоног төхөөрөмж ашиглан О багт Ө гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэхэд өнгөц байдлаар шалгалт явж шалгуулах талаар хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч П.Нгийн ... Тухайн өдөр орой  гарч замаараа айлд хонож, өглөө нь хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд би оролцсон. Тухайн үед оролцогч М.Г усан буугаар буудсан гэх шороог заалгуулж, солбилцлын цэгийг авч, мөрдөгч үзлэг хийсэн. Нөхөн үзлэг хийсэн газар нь өмнө нь өнгөн хэсэг нь эвдэгдсэн газар байсан бөгөөд шинээр ямар нэгэн хөрс, шороог ухаж сэндийлсэн зүйлгүй байсан ... гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 648.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1/11 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А, М.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.У ... Хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх руу буцаах хууль зүйн зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж, хэргийг хүчээр шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт...гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...гэж тус тус заасан бөгөөд уг хэрэгт гэрчүүдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй,  Б.Эас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулсан, улмаар зөвшөөрсний үндсэнд түүнээс гэрчийн мэдүүлэг авсан тул тэдгээрийг худал мэдүүлэг өгсөн, гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэсэн үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч М.Г, Ц.А нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлгүй байна.

 

         Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ... гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ... хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна ... гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ... гэж тус тус хуульчилжээ.

 

           Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Дд шилжүүлж, шүүгдэгч Ц.А, М.Г нараас хувь тэнцүүлэн уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөгийг гаргуулан, мөн 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага хүчин чадалтай экскаватор, 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй.

 

 А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хянаад 19 дугаартай магадлалаар зарим мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

 Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Улмаар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасныг Хяналтын шатны шүүх хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба магадлалд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэн, прокурор яллах дүгнэлт үйлдэн, улмаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Б.Б