| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2016/0000/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2016-08-17 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 48
Ц.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Мөнхтулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж шийдвэлэсэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 17-1*******-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* булгийн 2-11 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ц.*******д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгий хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 201616000070 тоот хавтас эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэлд: ...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Талийгаач Б.*******ы амь нас аврагдах боломжгүй байсныг шинжээч эмч нарын дүгнэлтүүд болон шинжээчийн байцаалтууд давхар нотолсон байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр зөвхөн шинжээч эмч Ц.*******ын “...мэс заслыг хийсэн эмч нар зөв онош тавиагүй нь буруутай байна” гэсэн мэдүүлгийн хэсгийг зааж, үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг буцаасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүх нь дээрх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрч хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулж, магадлах аргаар шалгаж дүгнэлт хийх боломжтой байхад уг бичгийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.
Талийгаач Б.*******д хагалгаа хийсэн эмч нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байна гэж эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт заасан “Энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур хэнийг ч сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр харгийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүхийн тогтоолын 2 дахь заалтыг хангагдсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулчихсан байгаа учраас ажиллагаа хийгдсэн гэж үзнэ. Мөн шинжээч эмч хордлого гэдгийг тайлбарлан “хүн хэвлийдээ гэмтэл авахаар судас гэмтэнэ, судас гэмтсэнээс цусанд бүлэн үүснэ, бүлэн үүсэхээр гэдэс үхжинэ. Гэдэс үхжинэ гэдэг нь гэдэсний түгжрэлийг хэлээд байгаа юм.” Ийм дараалалтай процесс явагдсаны дараа хүн хордлогонд орно. Хордлогонд ороод нас барна.” гэж тодорхойлсон. Уг гэмтлийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч нар эмчлээгүй байх боломжтой байсан гэх зүйл яригддаг. Ариунжаргал эмч гэдэсний түгжрэл явагдах хугацаа 24 цаг болдог гэж тайлбарладаг. Эмч Байгальмаагийн “2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагт жижүүр хүлээн авсан. 09 дүгээр сарын 17-ноос 1*******-нд шилжих шөнө 05 цаг 51 минутанд *******9*******14143 дугаарын утаснаас “41 настай эрэгтэй элэг өвдөөд ёоолоод байна” гэсэн дуудлага өгсөн” гэдэг. Мөн Зоригт эмчийн “хагалгаа 2015 оны 09 дүгээр 19-ний 4 цаг 30 минутанд орсон” гэх мэдүүлэг байдаг. Үүнээс харахад 22 цаг 40 орчим минутын дараа талийгаачид хагалгаа хийсэн. Энэ хугацаанд үхжил үүсэхгүй байх боломжтой гэж шинжээч эмч нар тайлбарладаг. Гэдсэнд хордлого явагдаагүй байсан учраас оношлоогүй байх бүрэн боломжтой. Оношлоогүй буруутай байх боломжтой. Эмч нарыг буруутай байна гэж сэжигтнээр тооцож хэргийн зүйлчлэлийг 96.1 болгож ажиллагаа хийлгэх гэж байгаа нь хууль бус үйлдэл. 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргачихсан байгаа учраас эмч нарыг сэжигтнээр тооцох боломжгүй. Уг хэргийн бүхий л нотлох баримтыг харьцуулан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “эмч нар зөв онош тавиагүй байна” гэснийг л үндэслээд байгаа юм. Хэргийн бодит байдалтай нийцэхүйц дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас: Шүүгчийн захирамжийг бүрэн дэмжиж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Анхан шатны шүүх хуралдаанаар энэ хэрэг хэлэлцэгдээд шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж байсан. Уг тогтоолоор мэдүүлгийг газар дээр нь шалгах, бусад шаардлагатай ажиллагааг явуулж, гэмт хэрэг гарсан болон талийгаачийн биед учирсан олон тооны шарх гэмтлийг хэзээ, хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай байна гэж заасан. Хэргийн хүрээнд хүнд гэмтлийн талаар ярьдаг. Талийгаачийн биед маш олон шарх, сорви байдаг. Хөнгөн гэмтлийг хэн урчруулсан нь тогтоогдоогүй. Хэргийн хүрээнд энэ талаар тогтоогоогүй. Прокурор эмч нарыг эрүүгийн хэрэгт татуулаад 96.1 болгоно гэдэг нь хууль бус үйл ажиллагаа гэж байна. Энэ бол хууль бус ажиллагаа биш. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь хоёрдогч гэмтэл байгаа юм. Чацархайн няцрал нь хүнд гэмтэлд хамаардаг. Үүнээс улбаалаад хоёрдогч гэмтлээр уг хүн нас барчихаад байгаа юм. Яагаад эмч нарыг татах гээд байгаа юм бэ? гэхээр эмч нарын зөв оношлоогүй, цаг хугацаа алдсанаас болж талийгаач нас барсан. С.Шүрцэцэг эмчийн “тухайн гэмтлийг оношилсон ч амь насыг нь аварч чадахгүй байсан” гэсэн дүгнэлт байгаа. Ийм дүгнэлт хийж болохгүй. Үхэх ёстой байсан гэж дүгнэх нь буруу. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү? гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ц.*******д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Учир нь:
Хохирогч У.Хаджаргалын ...манай нөхөр ******* нээх сонин болчихсон, жаахан унтаад босч ирээд орь дуу тавиад ёолоод байхаар нь би 103 луу залгаж манай нөхөр хүнд зодуулчихлаа. Орь дуу тавиад босож чадахгүй байна гэхэд тэр хүн утасны цаанаас хүнд зодуулсан бол цагдаад хэл. Манай хоёр байгууллага хамтарч ажилладаг гэж нэг эмэгтэй хүн хэлсэн. Нэрээ хэлээгүй. Тэгээд түүнээс хойш талийгаач нөхөр маань орь дуу тавиад унтахгүй байхаар нь би дахиад түргэн дуудсан. Түргэн ирээд өвчин намдаах эм тарамдол гэдэг тариа тариад одоо ингээд гайгүй болох байх. Хэрэв гайгүй болохгүй бол өглөө өвчтөнөө аваад хүрээд очоорой гэсэн. Түргэн явсны дараа манай нөхрийн өвчин нь намдахгүй орь дуу тавиад байхаар нь би гэрээс гарч *******ыг эхнэртэйгээ хамт машинаар явах гэж байхад нь гуйгаад эмнэлэг рүү хүргүүлсэн.Эмнэлгийн хүлээн авах дээр очиход нэг эмэгтэй эмч яасан хүн ирж байна гэхээр нь би шөнө хүнд зодуулсан гэж хэлэхэд тэр эмч гэмтлийн эмч дуудсан. Удаагүй Зоригоо эмч ирээд зөөврийн эход хараад болохгүй байсан. Өөр нэг эмэгтэй эмч харсан. Эход хараад болохгүй болохоор нь *******ыг рентгенд хараад хэвлийд нь шингэн байна. Юунаас болж үүссэнийг нь мэдэхгүй байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Удалгүй дусал залгаж эмчилгээ хийгдсэн ч манай нөхрийн бие нь дээрдэхгүй байсан. Шөнө нь хагалгаа хийсний дараа Зоригоо эмч гарч ирээд бөөр нь гэмтсэн гэж тайлбарлаад яаралтай хот руу яв гэж хэлсэн. Бид нар цаг алдалгүй хот руу явахаар болж 19-ний өдрийн 11 цагийн үед хот руу *******ыг аваад явсан. Замдаа манай нөхрийн бие өвдөөд Цогт-Овоо суман дээр очоод нас барсан гэсэн мэдүүлэг /хх-30-31, 39/, гэрч Ж.Зоригтын ...2015 оны 09 дүгээр сарын 1*******-ны өглөө 10 цаг 30 минутын үед ******* гэх хүн хүнд өшиглүүлсэн, хэвлийгээр өвдлөө гэсэн зовиуртайгаар ирж үзүүлсэн. Үзлэгээр хэвлийн эмзэглэлтэй, эхо-ны шинжилгээгээр элэгний доохон талд ар луугаа байрласан бага зэргийн шингэнтэй байсан. Эмнэлэгт хэвтүүлээд эмийн эмчилгээ хийж ажиглах тактик баримталсан. ******* дахиад өвдлөө гэхээр нь үзэхэд хэвлийд байгаа шингэний хэмжээ ихэссэн байсан. Хагалгааг 2015 оны 09 дүгээр сарын 19-ний 04 цаг 30 минутын үед хийсэн. Хэвлийг нээхэд шаргал өнгийн шингэн их хэмжээгээр гарсан. Элэг дэлүү бүтэн, баруун бөөр орчмын өөх орчимд их хэмжээний шингэн хуралдаж түрсэн байдалтай байсан. Хэвлийн хавьд гуурс тавиад хэвлийг хаасан. Хэвлийг шалгахад нарийн гэдэсний чацархайн уг орчимд бага зэргийн газар ногоон өнгөр суусан байсан. Өнгөр нь арчаад арилахгүй байсан. Гэдэсний төгсгөл хэсэг рүү цусан хангамж байгатай юм уу гэмээр харагдаж байсан. Бид нар хагалгаагаар гэмтлээ олж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх-52-53/, гэрч Н.Эрдэнэбулганы ...өглөө 05 цаг 50 минутанд сувилагч Байгальмаа согтуу юм шиг байна, элэг өвдөөд ёолоод байна гэсэн дуудлага өгсний дагуу очиход тэмтрэлтээр хэвлийн хүйснээс доош хоёр цавь руугаа бага зэрэг эмзэглэлтэй байсан. Өвдөлт намдаах трамадол 2 мл булчинд тарьж өвдөлт намдахгүй бол өглөө гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн /хх-65/ гэсэн мэдүүлэг, гэрч Т.Батцэнгэлийн ...би ******* цаг 40 минутын үед ажил дээрээ очоод Б.*******ы хэвлийд эхо хийлгэхэд бага хэмжээний шингэн байсан. Зөвлөх эмч Зоригтыг дуудаж үзүүлэхэд шингэн бага байгаа учир яаралтай хагалгаа хийхгүй. Эмийн эмчилгээ хийж ажиглая гээд эмийн эмчилгээ хийсэн. Зоригоо эмч жижүүртэй байсан болохоор өөрөө дахин эход хараад шингэний хэмжээ ихэссэн учир хэвлийг нээж шалгая гэсэн. Хэвлийн хөндийг нээхэд цусгүй шар өнгийн шингэн маш ихээр гарсан. Гэдэс бага зэрэг өнгө өөрчлөгдсөн байсан. Ямарч байсан баруун бөөр гэмтсэн гээд бөөрний гялтан хальсыг нээж урсгуур гуурс тавиад хэвлийн хөндийг угааж цэвэрлээд хэвлийг хаасан /хх-69/, гэсэн мэдүүлэг, гэрч Б.Саруулгэрэлийн ...Би *******ы хэвлийг нээгээд харахад баруун бөөр нь бяцарсан. Тэндээс нь шээс мэт шингэн шүүрч байсан гэсэн мэдүүлэг /хх-71/, хавтас хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 12*******6 тоот дүгнэлтэнд ...талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний динамик түгжрэлийг мэс засал хийсэн эмч нар оношилж чадаагүй байна. Түүнд хийгдсэн хэвлийн хөндийг нээж шалгах, баруун бөөр орчимд урсгуур тавих мэс засал үр дүнгүй байжээ /хх-122/ гэсэн дүгнэлт, шинжээчийн 562 тоот дүгнэлтэнд ...талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний үхшилийг мэс засал хийх үед оношлоогүй байна /хх-559/ гэсэн дүгнэлт, шинжээч Ц.*******ыг асуусан тэмдэглэлд ...мэс заслыг хийсэн эмч нар зөв онош тавиагүй нь буруутай байна /хх-560/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх дүгнэлтүүд болон мэдүүлэгүүдтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг хийгээгүй гэж үзсэн болно.
Хохирогч ******* нь ялтан Ц.*******ы үйлдлээс болж биедээ ямар гэмтэл авсан, эмнэлэгийн тусламж авч амь аврагдах боломжтой байсан эсэх, эмнэлэгийн тусламжыг эмч нар цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлж зөв оношилсон эсэх, хэрвээ эмч нар үүргээ биелүүлээгүй гэж үзвэл хариуцлага тооцох эсэх зэрэг шүүгчийн захирамжинд дурьдсан ажиллагааг хийх шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА