Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 577

 

Ц.С нарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, Ж.Нарантуяа, хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн хохирогч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар                    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалтай, Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох 1723000710536 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч С.Энхбат, Б.Мянган, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй,

1992 оны 3 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

1996 оны 9 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлийн 2, 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 6 сар хорих ял,

1998 оны 1 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял,

2000 оны 12 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

2002 оны 12 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Ц.С,

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Н.Н,

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өндөр овогт М.Б,

4.Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хүрэн морьт овогт Д.М,

5.Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Э.Б,

6.Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б,

7. Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Х нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар Н.Н, Д.Х нарыг 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар Ц.С, М.Б, Д.М, Э.Б, Б.Б нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

шүүгдэгч Ц.С урьдчилан цагдан хоригдсон 129 хоног, Д.Хийн урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцуулах,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Боос 5.000.000 төгрөг, Д.Мэс 57.646.243 төгрөг, Э.Бэс 57.646.243 төгрөг, Б.Бгаас 57.646.243 төгрөг тус тус гаргуулж “Баян айраг эксплорэйшн" ХХК-д олгуулах,

Г.Мийн нэр дээр бүртгэлтэй Ү-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С, Д.Х нарын 65 сая төгрөгийн төлбөрт тооцуулж “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг камерийн бичлэг, 4 ширхэг хард диск, 3 ширхэг залгуурын хамт, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар..." гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Бийг 1 жилийн хугацаагаар...” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ц.Сийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Бийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Мийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Бг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тустус шийтгэсүгэй.” гэснийг“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ц.Сийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Мийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Бг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С урьдчилан цагдан хоригдсон 131 хоног, Д.Хийн урьдчилан цагдан хоригдсон 65 хоногийг” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мийн нэр дээр бүртгэлтэй Ү-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С, Д.Х нарын хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат, шүүгдэгч Ц.С, Д.Х, шүүгдэгч М.Б, тэдний өмгөөлөгч Т.Отгонпүрэв, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын нотлох баримтууд дээр Б.Бг буруутай гэсэн ямар ч үйл баримт байхгүй төдийгүй Б.Бгийн нэр ч дурдагдаагүй байдаг. Харин дараах нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

Гэрч Г.Бийн “Б хэзээ гарч явсныг сайн мэдэхгүй байна. Камерын бичлэг хүнээс шалтгаалахгүй тасрах тохиолдлууд байдаг. Тухайн шөнө хоёр ч удаа тасарсан байсан” гэх мэдүүлэг /1 хавтас 137 хуудас/

Гэрч Оы “Телекамерт гаднах серверээс нөлөөлөх боломжгүй” гэсэн мэдүүлэг /1 хавтас 139 хуудас/

Камерын бичлэгт хийсэн үзлэгээр гэмт хэрэг гарсан гэх 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө камерын бичлэг 23:36:02-23:37:55, 00:25:59-00:27:09, 01:07:53-01:13:22 цагуудад нийт 3 удаа тасарсан байна. Шинжээчийн 3290 тоот дүгнэлтээр “Телекамерт бичигдсэн хүмүүсийн дүрс танигдахгүй байна” гэжээ. /1 хавтас 111-112 хуудас/

Эдгээр баримтуудаас үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд Б.Б нь амрах байранд байсан. Гадна серверээс дотор хяналтын камерт нөлөөлөх боломжгүй, мөн камерын бичлэг нь хүнээс шалтгаалахгүйгээр тасардаг талаар гэрчүүд мэдүүлсэн ба тухайн шөнө нийт 3 удаа тасарсан байдаг. Шинжээч гадна сервэр рүү явж байсан хүмүүсийн дүрс танигдахгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл 01:07:53-01:13:22 цагийн тасарсан бичлэгийг Б.Бтай холбоотой болгож яллаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Уг хэргийн улмаас ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан болохыг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар үйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоож чадаагүй байхад хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.

Хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд гэмт хэргийн улмаас хохирогчид 550 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ял сонсгосон атлаа прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын бусдад учруулсан хохирлыг 441 сая төгрөг гэж өөр өөрөөр зааж өгсөн.

Түүнчлэн хэргийн хохирлыг тогтоосон гэж үзэж яллаж байгаа 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 19/03 тоот шинжээчийн дүгнэлт нь шинжилгээ хийлгэх тогтоолд заасан хугацааг хэтрүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Сийн гэмт хэргийн улмаас олсон хууль бус эд зүйл гэдгийг мэдсээр байж Ц.Сэс 1.100.000 төгрөг авч мөнгө угаасан гэмт хэрэг шинжтэй үйлдлийг шапгаагүй зэрэг зөрчлүүд байхад анхан, давж заалдах шатны шүүхүүдээс дээрх байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

...Э.Б... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 57.646.243 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй хэрэгт цугларсан цагаатгах нотлох баримтуудыг огт авч хэлэлцсэнгүй. Нөгөө талаар шүүгдэгч Э.Бийг энэ хэрэгт холбогдуулж байгаа гол нотлох баримт бол шүүгдэгч М.Бийн гарын үсэгтэй бичвэр / тайлбар-Зхх 115х/, үүн дээр тулгуурлаж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн хохирогч Н.Б /5хх 105-106х/, гэрч Д Ц /Зхх 107х/, Э.С /1хх 120-121,167, Зхх 98, 8хх 113х/ нарын мэдүүлэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуупийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгч М.Бийн гарын үсэгтэй бичвэр /тайлбар/-ийг М.Б өөрөө бичээгүй бөгөөд ТБ, Д.Ц, Э.С нарын сүрдүүлэг, ятгалагад орж Э.Сийн бичсэн бичвэр дээр шүүгдэгч М.Б гарын үсэг зурсан болох нь нотлогддог. Шинжээчийн 2931 дугаартай дүгнэлтэд...шинжилж буй М.Бийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.Бийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй байна гэх дүгнэлт./Зхх 115х/

Шүүгдэгч М.Бийн мэдүүлэгт...Д.Ц хэрэг гарсан. Энэ хэрэгт чи холбогдож байгаа. Энэ хэрэгт 5-10 жилийн ялтай. Чиний хүүхэд өвчтэй байж ийм асуудалд орсноос ахынхаа хэлснээр бай. Ах нь чамайг хөнгөхөн аваад гарна. Би тухайн үед хүүхдээ бодоод сэтгэлээр маш их унасан. Миний хүүхдээр далимдуулж сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Тэр тайлбарыг Д.Ц, Э.С нар бичиж би гарын үсэг л зурсан гэдэг. Гэрч Д. Ц, Э. С нар дээрхи тайлбарыг бичсэнээ хүлээн зөвшөөрдөг.

2. Хохирогч Н.Б мэдүүлэхдээ: ...Э.Б, М.Б нар нөгөөдөр нь К8 постоор баяжмалыг авч гарсан оролцооны байдал мэдэгдэж байгаа. /5хх 105- 106х/

Гэрч С.И мэдүүлэхдээ: ...Э.Б, М.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гадагш нэвтэрсэн болох нь камерын бичлэгт үлдсэн. Энэ тухай тухайн хэсгийн рапортад үлдсэн байдаг. К8 постон дээр манай хэсгийн хамгаалагч н.О ажиллаж байсан. Камерын бичлэгээс үзэхэд зохих ёсоор шалгалтыг хийгээгүй, нэр төдий хийсэн нь харагддаг. Машины дотор хэсгийг харах төдий л үзэж байгаа харагддаг. н.Оаас асуухад шалгасан, баяжмал байна гэж анзаарагдахаар юм харагдаагүй гэж хэлсэн. /6хх 020-021х/

Гэрч Э.С мэдүүлэхдээ: ...Э.Б, М.Бтой кемпийн шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх нь бичлэгээс танигдсан. Мөн тэр хоёрыг гарсан гэх бүртгэл байгаа./1хх 120-121/ гэж мэдүүлдэг боловч хулгайлсан алттай шороогоо авч гарсан гэх нотолгоо байдаггүй бөгөөд харин ажлаар гарсан нь нотлогддог. /К8, 2 дугаар пост, маргааш нь, нөгөөдөр нь г.м/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой зүйл байна.

3. Шүүгдэгч Э.Бийг яагаад энэ хэрэгт холбогдуулах болсон талаар Э.Б ...10 сарын эхээр Сийн нөхөр алт хулгай хийсэн. Түүнийг нь би илрүүлж хэлсэн бөгөөд үүнийг мэдээд С надад өс хонзон санаж ийм юм бичсэн байх гэж мэдүүлдэг.

4. Шүүгдэгч Ц.С, Д.Х, Б.Б, Д.М, Н.Н, М.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч Э.Бтэй хамтарч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэж мэдүүлээгүй байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар миний үйлчлүүлэгч болох Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан ямар нэгэн баримтат мэдээлэл байхгүй байхад түүнийг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Тухайлбал:

1. “Баян айраг эксплорэйшин” ХХК-ийн ажилчдын бэхжүүлж авсан гэх Д М, М.Б, Б.Э нараар бичүүлж авсан тайлбар, мэдүүлэг гэх баримтуудыг бичүүлэх үедээ гэрт хууль бусаар хорьж, дарамталж байгаад бичүүлсэн гэдгийг шүүгдэгч М.Б, Д.М нар мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар хангалттай мэдүүлдэг бөгөөд уг баримтыг шүүх нотлох баримтаас хасалгүйгээр ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, уг тайлбаруудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ...”-д хамруулж шүүх үзсэн. ..." нь учир дутагдалтай, хуульд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

2. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 01:07 цагаас 01:13 цагийн хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж прокуророос ялладаг бөгөөд энэ цаг хугацаанаас хойш 22 цаг 33 минутын дараа Э.Б нь шүүгдэгч М.Бийн хамтаар К8 постоор К4 постын хашаа гагнах ажлаар нэвтэрсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Энэ үедээ хулгайлагдсан баяжмалыг гадагш гаргасан гэж үзэж ялладаг бөгөөд энэ постоор нэвтрэх үед ямар нэгэн эд зүйл авч гараагүй гэдгийг хууль ёсны дагуу бэхжүүлж авсан камерын бичлэг, тухайн постонд үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан Б.О нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог билээ. Магадгүй дээр дурдагдсан 22 цаг 33 минутын хугацаанд хэн нэгэн, тухайлбал шүүгдэгч М.Б нь Э.Бд хэлэлгүй машинд нь нууж, улмаар тухайн үед нэвтрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй бөгөөд энэ байдлыг ч мөн шалгалгүй орхигдуулсан байдаг. Мөн хууль ёсны гэж үзээд байгаа тайлбар гэх баримтанд дурдагдсан цагаан өнгийн суудлын машин, түүний эзэмшигчийг олж тогтоон, баяжмал өгч явуулсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй байдаг.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ... төрийн өмч мөн.” гэж заасан байхад ашигт малтмал олдворлож буй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн зтгээдийг хохирогчоор тогтоож, тэдэнд бага хэмжээний мөнгө төлсөн этгээдийн ялыг хөнгөрүүлэх байдлаар хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалын зарим хэсгийг буюу шүүгдэгч Э.Бд холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа: “Баян айраг эксплорэйшн” ХХК-нд камер хариуцсан ажилтнаар ажилладаг н.Сг мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчээр оролцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах талаар заасан. Гэтэл зөвхөн н.Сайнзаяаг оролцуулсан байдаг. Мөн хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэж заасан байхад “Баян айраг эксплорэйшн” ХХК-д ажилладаг, хохирогчийн шууд удирдлагад ажилладаг харуул, хамгаалалт хариуцсан этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Гэрч, хохирогч, яллагдагчаас таньж олуулах ажиллагаанд орон байрыг ямар шинж тэмдэг, онцлог шинжээр таньж байгааг урьдчилан асууж энэ талаар тэмдэглэлд тусгана. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн хувийн байдал, таньж олж байгаа эд зүйлийн талаар бүх ажиллагааг дэс дарааллаар үгчлэн бичнэ гэж заасан байдаг. Б.Бг ямар онцлог шинжээр нь, хэрхэн таньж байгаа талаар урьдчилан асууж тэмдэглэлд тусгаагүй бөгөөд сүүлд нь асууж тодруулсан харагдаж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар талд хяналтын прокурор н.Нансалмаа нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолд Б.Б 550.200.499 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Хяналтын прокурор н.Анхцэцэг нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 303 дугаар яллах дүгнэлт үйлдэж 441.169.941 төгрөгийн хохирол учруулсан гэж тусгасан. Үнийн дүн, хохирол, хор уршгийг хэрхэн тооцож яллах дүгнэлт үйлдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хулгайлах гэмт хэргийн хувьд учруулсан хохирлын хэмжээ бодит байх ёстой. Хохирогч талын мэдүүлэг эх сурвалжаа нотлоогүй. Ямар хэмжээний алт алдагдсан, алтны баяжмал нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, аль дүгнэлтийг баримтлах нь зүйтэй гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хэлсэн саналдаа: “...А.Золжаргал өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Б.Б уг хэрэгт холбоотой, хамааралтай, хамтран оролцсон эсэхийг нь бүрэн шалгаагүй. Энэ хэргийн хувьд н.С гэдэг хүн ял завшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргээр шалгагдах ёстой. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байгаа. 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Б.Б нь уг хэрэгт холбоотой эсэхэд эргэлзээтэй. Энэ тохиолдолд хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт бий. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон н.Цээс тайлбар, мэдүүлэг авсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Камерын бичлэг гурван удаа тасарч, хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минут буюу 05 минут 37 секунд тасарсан байдаг. Камерын бичлэг тасарсан нь Б.Бд ямар ч холбоогүй гэж үзэж байна. Хүний үйлчлэлээс хамаарахгүйгээр камерын бичлэг тасардаг талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Мөн гар утсанд үзлэг хийх ажиллагаанд эзэмшигч, хөндлөнгийн гэрчийг оролцуулалгүй хийсэн. Прокурорын зөвшөөрөл авагдаагүй хэд хэдэн тогтоол, процессын зөрчлүүд байдаг. Хавтаст хэргийн 81 дүгээр талд н.Саас бичлэгийг хурааж авсан асуудал прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд Б.Б буруутай гэсэн үйл баримт байхгүйгээс гадна нэр нь дурдагдаагүй.

Хэргийн бүрдэл, хангагдаагүй, хэргийн зүйлчлэл тохироогүй, Б.Бг уг хэрэгт оролцсон талаар нарийвчлан шалгаагүй. Хэрэг гарсан цаг хугацаанд Б.Б амрах өрөөнд байсан бөгөөд энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд анхан болон давж заалдах шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан, прокурор Ц.С нарын 8 хүнийг хулгайн гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Шүүгдэгч Ц.С, Н.Н нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх тэдэнд хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан байна.

Камер хянагч Д.Х тухайн өдөр ээлжнээсээ буух ёстой байсан боловч буулгүй, камерын бичлэг тасарсныг нуун дарагдуулж, хяналтын камерын бичлэгийг түр хугацаагаар унтраах ажлыг инженер Б.Б хийж, гэрээт хамгаалалтын ахлах ажилтан Ц.С алтны өрөөний түлхүүрийг хамгаалагч Маас авч Д.Мд шилжүүлж, Д.М, М.Б нар алтны өрөө рүү нэвтэрч алтны баяжмалыг авч, М.Б, Н.Н нар геологийн дээж хадгалдаг газар байлгаж байгаад Э.Б, М.Б нар хяналтын постоор баяжмалыг гаргаж, тус компанид 441.1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Н.Б, шүүгдэгч Ц.С, гэрч Б.М, Э.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, М.Б, Д.М, Б.Э нарын тайлбар, шинжээчийн 2931 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Говь Эко” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Хэргийн материалаас үзэхэд эхлээд 248 сая төгрөгийн баяжмал алдагдсан гэсэн үнэлгээ гарсныг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар маргасан тул дахин дүгнэлт гаргуулахад 550 сая төгрөг болж гарсан, хамгийн сүүлд “Говь Эко” ХХК газар дээр нь очиж үнэлгээ хийхэд 441 сая төгрөг гэж гаргасан нь үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч нар хулгайлсан баяжмалаа 290 сая төгрөгөөр зарж борлуулан 35 сая төгрөгийг хүн бүр хувааж авсан, Ц.С, Д.Х нар 70 сая төгрөгөөрөө Москва хороололд байр авсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр хохиролд олгохоор шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан Э.Б, Б.Б нар нь хулгайн хэрэгт оролцоогүй гэдэг боловч камер унтрахаас өмнө болон дараа нь камерын бичлэгт дүрс нь бичигдсэн, хэн аль нь баяжмал зарсан мөнгөнөөс хувиа авсан, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр оролцсон болох нь тогтоогдож байгаа.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч С.Энхбат, Б.Мянган, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Б.Э, Д.Х нарыг бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд нэвтэрч, хяналтын камерын бичлэгийг түр хугацаагаар салган 441.169.941 төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу их хэмжээний алтны баяжмалыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

1.Мөрдөн байцаалтын шатанд Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ийг шинжээчээр томилж, шүүгдэгч Ц.С нарын хулгайлсан алтны баяжмалын хэмжээ болон түүний үнэлгээг гаргуулсан байх боловч шинжээчийн тогтоосон 4.37 кг алтны үнэ болох 441.169.941 төгрөгийн хохирол нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч нарыг 550.200.499 төгрөгийн алт бүхий баяжмал хулгайлсан гэж, харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 661А дугаар яллах дүгнэлтэд /6хх-128/ шүүгдэгч нарыг 293 сая төгрөгийн алтны баяжмал хулгайлсан гэж тус тус буруутгаж байсан бол Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 303 тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг 441.169.941 төгрөгийн үнэ бүхий алтны баяжмал хулгайлсан гэж дүгнэхдээ энэ хэрэгт шинжээчээр томилогдсон “Говь Эко” ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээний тайланг үндэслэл болгожээ.

Шинжээчээр томилогдсон “Говь Эко” ХХК нь хохирлын үнэлгээг гаргахдаа хохирогч “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн тухайн саруудад олборлож байсан алтны дундаж хэмжээг харьцуулах замаар 17.3 кг алт бүхий нойтон баяжмал алдагдсан гэж дүгнэснээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх савыг 17.05 кг алт бүхий баяжмалаар 50 хувьд нь хүртэл дүүргэж, улмаар хохирогч “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн олборлосон ижил сорьц бүхий алтыг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан баримтад үндэслэн шүүгдэгч нарын хулгайлсан алтны баяжмалд 4.37 кг алт агуулагдаж байсан гэж дүгнэн, тэр өдрийн Монгол банкны албан ханш 100.954 төгрөг 22 мөнгийг баримтлан 4,37 кг алтны үнийг 441.169.941 төгрөгөөр /хх-236/ тогтоосон байна.

Ийнхүү “Говь Эко” ХХК-иас 17.05 кг алтны баяжмал хулгайд алдагдсан гэж тогтоохдоо шүүгдэгч нарыг авч очсон савныхаа яг 50 хувиар алтны баяжмал дүүргэж авсан гэж үзсэн нь таамаглалд үндэслэснээс гадна шинжээч 2 өөр аргачлал хэрэглэж 17.3 кг болон 17.05 кг баяжмал алдагдсан гэж тогтоосноос 17.05 кг буюу бага хэмжээг нь сонгож, түүнд агуулагдах 4.37 кг алтны үнийг 441.169.941 төгрөгөөр тогтоожээ.

Харин шүүгдэгч нар хулгайлсан алтаа худалдан борлуулж 293.000.000 төгрөгийн ашиг олсон гэх мэдүүлгийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үзэхэд хохирлын хэмжээ бодит байдалд нийцсэн эсэх, мөн шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн шүүгдэгч нар алтны баяжмал хулгайлахдаа савныхаа яг 50 хувиар дүүргэлт хийж авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих зүйлийг дутуу шалгасан байна.

Иймд хулгайлагдсан алтны хэмжээг бодитой тогтоох зорилгоор “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн олборлосон алттай ижил сорьц бүхий алтыг 2017 оны 10 дугаар сарын эхээр Монгол банк, эсхүл түүнээс эрх олгосон Худалдаа хөгжлийн банкинд хэн, ямар хэмжээтэй тушаасныг шалгаж, улмаар банкинд тушаасан алтны сорьцыг тогтоолгохоор хэн Үнэт металлын сорьцын хяналтын газарт хандсан, шүүгдэгч нар нь хулгайлсан алтны баяжмалыг хайлуулж хэнд худалдсаныг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж үзэв.

2.Шүүгдэгч нар нь гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээгээгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий мэдүүлгийг бүрэн гүйцэд өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгч Н.Н, Д.Х, М.Б нарыг гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаас доогуур буюу 1 жил хорих ял оногдуулсан, мөн шүүгдэгч Ц.С, Д.М, Э.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 2 жил хорих буюу хамгийн бага ялыг сонгон оногдуулж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогын дийлэнх хэсгийг өөрсдөд нь үлдээж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд илтэд тохироогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

3.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд өмгөөлөгч А.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд “энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.С гэмт хэргийн улмаас олсон хууль бус эд зүйл гэдгийг мэдсээр байж Ц.Сэс 1.100.000 төгрөг авсан үйлдлийг шалгаагүй” гэснийг анхаарч, Ц.С болон шүүгдэгч нарын хулгайлсан алтыг банкинд тушаасан хүний үйлдэл мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгах нь зүйтэй.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэхүү үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтны шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН      

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ          

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН