Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0662/З |
Дугаар | 807 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 807
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Болд
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд: Д.Энхтайван
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хуурамч баримтад олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болд, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Алтай зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамт амьдарч байхад Улаанбаатар хотын захиргаа, одоо сонгуулийн хороонд ажиллаж байгаа н.Болдсайхан дарга биечлэн ирж танилцаад орох оронгүй юм байна гэж үзээд надад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 30 дугаар байрны 119 тоот нэг өрөө байрыг хуулийн дагуу олгож 934135 тоот байр эзэмших ордер олгосон. Энэ байрны хууль ёсны эзэмшигч би байгаа юм. Миний энэ байр хувьчлагдаагүй, би хувьчлах тухай өргөдөл гаргаагүй. Хууль ёсны эзэмшигч Д.Болд надад мэдэгдэлгүй миний зөвшөөрөлгүй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 тоот дугаар авсан байх тул хуурамч бичиг баримтад үндэслэн олгосон Ү-2204007433 тоот дугаарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Болд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Улаанбаатар хотын захиргаа надад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэж амьдралын аргагүй байдлыг харж үзэн энэ байдлыг олгож 934135 тоот байрыг эзэмших ордер олгосон. Энэ байрны хууль ёсны эзэмшигч нь Д.Болд би байгаа юм. Хууль ёсны эзэмшигч Д.Болд надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүй бүртгэсэн Ү-2204007433 бүртгэл, 1999 оны 4 дүгээр сарын 6-ны дугаар 10 тоот Орон сууц хувьчлах тогтоолыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 119 тоот нэг өрөө 15 м.кв орон сууц нь анх иргэн О.Зориг /ЖД65101474/-ийн 1999 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдүүлэг, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн иргэний өргөдөл, гэрээ байгуулах зөвшөөрөл, иргэн О.Зориг /ЖД65101474/, Ц.Алимаа /УК65112208/ нарт 1999 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр олгосон №0072974 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 1999 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд №15 дугаартай нотариатчийн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилсэн бэлэглэх гэрээгээр иргэн Л.Өлзийтөгс /ТЗ72041406/-ийн өмчлөлд, №02 дугаартай нотариатчийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилсэн бэлэглэх гэрээгээр иргэн С.Нарантуяа /ХБ79011001/-ийн өмчлөлд, №82 дугаартай нотариатчийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Л.Лханаг /МВ38100115/-ийн өмчлөлд, №339 дугаартай нотариатчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр олгосон 079 тоот өвлөх эрхийг гэрчилгээг үндэслэн одоогийн өмчлөгч болох иргэн Л.Энхтайван /ФМ60051016/-ний өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Дээрх орон сууц нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №10 тоот тогтоолыг үндэслэн хувьчлагдсан байх бөгөөд тус товчооноос ирүүлсэн нотлох баримтын хүрээнд бүртгэгдсэн байна.
Иймд иргэн Д.Болдын нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 30 дугаар байрны 119 тоот 1 өрөө 15м2 орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /хуучнаар Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа/-наас олгосон 967234 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн 1999 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10 тоот тогтоолоор Очирбатын Зоригоод хувьчилж 0072974 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.
Уг 1 өрөө орон сууцыг Монгол Улсын “Орон сууц хувьчлах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хувьчилсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэжээ.
Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хорооллын 30 дугаар байрны 119 тоот 1 өрөө 15 мкв орон сууцыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас олгосон 967234 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Очирбатын Зоригоод хувьчилж 1999 оны 4 дүгээр сарын 6-ны Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 10 тоот тогтоолоор 0072974 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэн Д.Болд нь өнөөдөр 934135 тоот орон сууц эзэмших эрхийн бичигтэй байсан. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 10 тоот тогтоолоор О.Зоригоо хувьчлаад, мөн Д.Болдод гэрчилгээ олгосон зүйл байхгүй 934135 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг бол хотын захиргаанаас олгодог, энэ ордер хураагдаж байж дараагийн хүнд шилждэг. 967234 тоот О.Зоригоод олгогдсон байна. Д.Болдоос О.Зоригоос шилжсэнийг манай байгууллага мэдэхгүй. Орон сууц хувьчлах хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан бид хувьчилсан. О.Зоригоос өмнө хэн амьдарч байсан талаар мэдээлэл байхгүй. Өнөөдөр орон сууц өмчлөх гэрчилгээ хэний нэр дээр байна гэдгийг үндэслэн бид орон сууц хувьчлах үүрэгтэй. Орон сууц хувьчлахийн тулд О.Зоригоос орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргасан энэ нь хавтаст хэрэгт байсан. Уг өргөдөлд О.Зоригоос 30 дугаар байрны 119 тоотод амьдардаг гэсэн хорооны тодорхойлолт, ашиглагчийн байцаагчийн тодорхойлолт, хорооны даргын тамга, тэмдэг энэ бүх зүйлээр баталгаажиж байж орон сууц хувьчлах товчоонд ирж, хурлаар орж байж тогтоол гардаг байгаа. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 10 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргасан байна. Энэ нь 10 тоот тогтоолыг зөвхөн О.Зоригоос хувьчлаагүй, хавсралтад бол 100 гаруй айл ордог. Иймээс нэхэмжлэгч Д.Болд Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 10 тоот тогтоолын хэддүгээр заалтыг гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Орон сууц эзэмших эрхийн бичиг Д.Болдоос О.Зоригоод яагаад шилжсэн гэдэг учир шалтгаан тогтоогдоогүй цагт манайх тогтоолоо хүчингүй болгох боломж байхгүй.
Гуравдагч этгээд Л.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2007 онд энэ байрыг манай аав, ээж бид 3 зарын дагуу нийт 3 байр худалдаж авсан. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хорооллын 30 дугаар байрны 119 тоот байрыг С.Нарантуяагаас худалдаж авсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өвлөх эрхээр өөрийн нэр дээр болгосон. Цахилгааны мөнгө нь энэ хүний нэрээр төлөгдөөд явж байгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Болд нь “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар хуурамч баримтаар бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаар бүртгэлийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд уг тогтоолын 15 хоршооллын 30 дугаар байрны 119 тоот орон сууцыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодруулсан болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Болдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
“Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс татан буугдаж, чиг үүрэг нь Орон сууц,нийтийн аж ахуйн удирдах газарт шилжсэн байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдуулан хариуцагчийн эрх залгамжлагчаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг оролцуулан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар орон сууцаа хувьчлан авах хүсэлт гаргасан иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба тогтоолын хавсралтын “Орон сууц нийтийн аж ахуйн 5-р контор” гэсэн хэсэгт нийт 14 өрхөд орон сууц өмчлүүлсний 11 дүгээрт Очирбатын Зоригоод,15 дугаар хороолол 30 дугаар байрны 119 тоот 1 өрөө байрыг өмчлүүлж 72974 тоот орон сууц өмчлөх эрхийг гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч Д.Болд нь уг байрыг эзэмшиж байсан тул О.Зоригоос өмчлүүлсэн хууль бус гэж маргаж байна.
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас нэхэмжлэгч Д.Болдод 934135 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгээр 15 дугаар хороолол 30 дугаар байрны 119 тоот 1 өрөө сууцыг эзэмшүүлсэн байна. Уг эрхийн бичигт “15 дугаар хороолол 30 дугаар байрны 119 тоот 1 өрөө сууцыг ажилгүй Довчин овогтой Болдод эзэмшүүлж, ОСА 5-р контортой гэрээ байгуулахыг зөвшөөрөв.” гэснээс үзвэл төрөөс иргэдэд орон сууцыг эзэмшүүлэхдээ орон сууц хөлслөх гэрээ байгуулдаг байжээ.
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлахтай холбоотой харилцааг зохицуулах зорилт бүхий “Орон сууц хувьчлах тухай” хууль нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байх ба хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэжээ.
Нэхэмжлэгч нь орон сууцаа бусдад хөлслүүлсэн гэрээ, хөлс төлбөр авч байсан талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд байр бусдад дамжиж хөлслүүлсэн талаар мэдэх зүйлгүй, гадаадад амьдарч байх хугацаандаа тус байранд амьдарч байсан айл өрхтэй холбоогүй байсан, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлээгүй өөрт хадгалж байсан боловч олдохгүй байгаа гэх зэрэг тайлбар гаргаж байгаа мөртлөө сууцыг хувьчилж өмчлүүлсэнтэй холбоотой маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйл /Орон сууц хувьчлах зарчим/-ийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид “орон сууц” гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүний эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс нотлох хэсгийн хамт сайн дурын сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.”7.2-д “Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй.” 7.3-д “Зохих байгууллагын шийдвэрээр нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ нь нэг сууц эзэмшигчийн нэр дээр, бусад сууц эзэмшигчид нь гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хувьчлан авах эрхтэй.” гэж тус тус зааснаас үзвэл, орон сууц эзэмших эрхийн бичиг дээр бичигдсэн сууц эзэмшигчээс гадна түүний гэр бүлийн гишүүд болон бусад этгээд нь тус байранд амьдарч байх хугацаандаа ОСА-н контортой байгуулсан гэрээний үндсэн дээр сууц эзэмшиж болохоор байх тул орон сууц хувьчлах үед маргаан бүхий байрыг гэрээний үндсэн дээр буюу хөлсөлж амьдарч байсан этгээд орон сууцыг хувьчилж авахаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь удаан хугацаагаар гадаад амьдрах талаар харьяа ОСА-д мэдэгдээгүй, орон сууц хувьчлах хууль гарах үед Монгол Улсад байгаагүй учир сууцаа хувьчлах хүсэлт гаргаж байгаагүй байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар орон сууц хувьчлах өргөдлийг сууц эзэмших эрхийн бичиг эзэмшигч нь гадаадад байгаа бол түүний гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн эсвэл түүний зөвшөөрснөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууц хувьчлах товчоонд гаргаж болохоор заасан байхад нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлд сууц хувьчлан авах иргэд нь орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ, иргэний бичиг баримтаа ямар нэг зөрчилгүй байлгах, сууцныхаа хөлсийг бүрэн төлсөн байх зэрэг үүргийг биелүүлсэн байхыг шаардахаар байх ба нэхэмжлэгч Д.Болд нь 2008 оныг хүртэл Монгол Улсад байгаагүй учир энэ үүргээ хэрэгжүүлсэн байх боломжгүй байсан бөгөөд мөн хуулийн 17.1. Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана гэж заасан байх тул нэхэмжлэгч тухайн үед эзэмшиж байсан байраа өмчилж авах боломжгүй байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Болд нь сууц эзэмшигчийн үүргээ биелүүлж, эхний ээлжид үнэгүй хувьчилж авах эрхээ хэрэгжүүлээгүйд өөрөө буруутай бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар сууц хувьчлахтай холбоотой гомдлоо орон сууц хувьчлах товчоонд гаргаж байгаагүй байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолын О.Зоригоод орон сууц өмчлүүлсэн хэсэг нь түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий байрыг өмчлөхөөс өмнөх уг байрны эзэмших эрхийг шилжүүлсэн эсэх эсвэл тухайн байранд удаан хугацаанд гэрээний үндсэн дээр амьдарсан этгээдэд шилжсэн шийдвэрийн талаар маргаагүй байж эзэмшлийн үндсэн дээр өмчлүүлсэн шийдвэртэй маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хоёр. “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар хуурамч баримтаар бүртгэсэн эрхийн Ү-2204007433 тоот бүртгэлийг хүчингүйд тооцуулах” шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 119 тоот нэг өрөө орон сууцын анхны өмчлөгчөөр О.Зориг, Ц.Алимаа нарыг 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаарт бүртгэсэн байна. Уг бүртгэлийг хийхдээ О.Зоригийн 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдүүлэг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн өргөдөл, гэрээ байгуулах зөвшөөрөл, орон сууц өмчлөх эрхийн 0072974 тоот гэрчилгээг үндэслэсэн болох нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцсэн байна гэж үзлээ.
Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасны дагуу О.Зоригоо орон сууцыг өмчлөх эрхтэй болсон байх тул орон сууцаа бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх үүссэн байна.
Иргэн О.Зоригоо нь орон сууцаа 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр Л.Өлзийтөгсийн өмчлөлд, 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр А.Зоригоос өмчлөлд, 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр С.Нарантуяагийн өмчлөлд, 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр Л.Лханагийн өмчлөлд шилжүүлснийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаартай нотариатчийн олгосон 079 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Л.Энхтайваны өмчлөлд бүртгэгдсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан байх тул Л.Энхтайванд орон сууцыг өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн маргаан бүхий байрыг өмчлөх эрх үүсээгүй байхад О.Зоригоо нь хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар өмчлөх эрхийг шилжүүлснээс одоо Л.Энхтайван өмчлөх хүртэлх хугацаанд хийгдсэн өмчлөх эрхийн шилжилтийн бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Д.Болдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолын Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 119 тоотыг О.Зоригоос өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар хуурамч баримтаар бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаар бүртгэлийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ