Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0675/З |
Дугаар | 221/МА2018/0072 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0072
Б.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0831 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-рын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0831 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Г-ыг чөлөөлөх тухай” дугаар Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Г-ыг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,335,111 (гурван сая гурван зуун гучин тав нэг зуун арван нэг) төгрөгийг Б.Г-т олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0831 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 6.3, 71.3, 13.4.7, 14.1, 14.3-д заасан бүрэн эрхэд халдсан шийдвэр боллоо гэж үзэж байна.
Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “....Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар Б/245 тоот тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэсэн шалтгаан, үндэслэлээр Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ” гэжээ.
Нзхэмжлэгчийн шаардлага нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Г-ыг үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар тайлбар, нотолгоо гаргаж чадаагүйн зэрэгцээ, уг тушаал ямар хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх үндэслэлийг шүүхэд гаргаагүй, тодруулаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг Төрийн аудитын тухай хуулийн 71.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан бөгөөд шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг тус тушаалд дурдаж гаргасан. Гэтэл шүүх уг тушаалд ач холбогдолгүй 2014 онд баталж, хүчингүй болсон ажлын байрны тодорхойлолтыг иш татан дүгнэсэн нь ойлгомжгүй байна,
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан болно” гэж дурдсан байна. Гэвч иргэн Б.Г нь аудиторын албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан талаар тайлбарыг гаргасаар байтал өмнө нь ажиллаж байгаагүй албан тушаалд эгүүлэн тогтоох тухай тодруулгыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаас тодорхой харагдана.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа тул шүүгчийн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Мөн холбогдох журмыг үндэслэн “... Б.Г-ыг шинжээчийн албан тушаалд буюу төрийн тусгай /төрийн жинхэнэ албан тушаал/-д томилсон байна” гэж шүүх дүгнэжээ. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэний дараа томилогддог зохицуулалттай юм. Гэтэл Б.Г нь тус журмын дагуу томилогдоогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаартай “...Та Аудитын байгууллагад томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд томилогдоогүй байна...” албан бичгээр нотлогдоно.
Түүнчлэн Б.Г нь төрийн албанд ажилласан туршлагагүй, аудитыг гүйцэтгэх ерөнхий шаардлагад нийцэхгүй юм. Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан болзол журмын дагуу томилогдсон албан тушаалтан, төрийн байгууллагыг шалган Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтыг тусгай алба юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ...тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж тус тус тодорхойлсон бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-д “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэжээ.
Ийм байтал шүүх төрийн жинхэнэ албан хаагч мэтээр дүгнэн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж...” гэж заасанд хамаарахаар байна.
Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан ба ... батлагдсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан гүйцэтгэлийн аудит хийх зэрэг үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзлээ” гэжээ.
Нийслэл дэх Төрийн аудитын газарт Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул уг нэгжийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгон, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулж баталсан. Зохион байгуулалтын бүтцийн хүрээнд Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм.
Дээрх байдлаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэж байгаа юм.
Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэл болгохдоо тус заалтын хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)- ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг.... мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн бусад зохицуулалтыг авч үзэлгүй өрөөсгөл, хуулийн нарийвчилсан зохицуулалт болох тус хуулийн 27.2.3 болон 27.2.4-т заасныг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Энэ талаар Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ...ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан бөгөөд тус тайлбарт “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг/комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн тайлбар, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилж, чөлөөлсөн.
Гурав. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны дугаар 23 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар 27 орон тоотойгоор шинжээчийн орон тоо батлагдсан байсныг... 2017 оны дугаар А/60 тоот тушаалаар 26 болгож цөөрүүлэн баталсан байх хэдий ч ...ийнхүү шинжээч болон аудиторын орон тоог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор, шинжээч ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байна” гэжээ.
Нийслэл дэх Төрийн аудитын газарт 50 орон тоотойгоор ажиллаж байсныг шинэ бүтэц зохион байгуулалтаар 45 болгож цөөрүүлсэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг бий болгосон зэргээр бүтэц өөрчлөгдсөн бөгөөд менежер 5 байсан нь 4 болж, ахлах аудитор, ахлах шинжээч 15 байсан нь 8 ахлах аудитор болж, 27 аудитор, шинжээч нь 26 болж өөрчлөгдсөн бөгөөд 9 албан хаагчийн орон тоо цөөрсөн юм. Аудитыг аудитор, ахлах аудитор, аудитын менежер нь багаар гүйцэтгэдэг бөгөөд цөөрсөн ахлах аудитор, аудитын менежерийн чиг үүрэг нь аудиторын Ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх чиг үүрэгт хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу хамгийн илүү хангаж байгааг томилсон болно.
Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээр танилцуулсны дагуу албан хаагчдыг томилсон бөгөөд Б.Г-ыг Нийслэл дэх Төрийн аудитын газарт шинээр батлагдсан болон сул байгаа орон тоо/ажлын байр болох:
- Санхүүгийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 2,
- Нийцлийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1,
- Тамгын хэлтсийн хуульч /Эрх зүйч/ 1,
- Нийцлийн аудитын хэлтсийн Аудитор /Эрх зүйч/ 1,
- Даргын туслах бөгөөд бичиг хэргийн ажилтан 1-д томилохоор шалгаруулахад мэргэжлийн болон туршлагын шаардлагад нийцэхгүй байсан.
Энэ талаар шүүх хуралдаанд болон, шүүхэд гаргасан тайлбарын хамт өгсөн боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлан үзэлгүй, муйхраар өрөөсгөл дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Дөрөв. Дээрх байдлаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шинэчлэн батлагдсан ажлын байр/албан тушаал/-ны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан албан хаагчдийг томилсон.
Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх", 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан “...төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг дэмжсэн шийдвэр гаргасанд харамсалтай байна. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, шүүхээс гаргасан дүгнэлт нь маргаан бүхий актыг үндэслэлгүй, хууль зөрчсөн байдлыг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн байхад тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, мөн 2017 оны А/88 дугаартай “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр албан тушаалтны тодорхойлолтыг батлах тухай” тушаал хүчингүй болсон, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Төрийн аудитын тухай хуулиар Төрийн аудитын байгууллагад Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0831 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Б.Г нь уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж, хариуцагчаас “Шинжээч нь аудиторын туслах гэсэн чиг үүрэгтэй, шинжээч буюу аудитын туслах гэсэн орон тоо байхгүй, нэхэмжлэгч нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй тул ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаас үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоотой байсныг 45 болж цөөрүүлсэн” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан байх хэдий ч тухайн байгууллагад хэдэн албан хаагчийг буцаан томилсон, хэдэн аудитор ажиллаж байгаа болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх ба хариуцагчаас бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж маргажээ.
Гэтэл анхан шатны шүүхээс тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа болох, шинэ бүтэц батлагдсанаас хойш Гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудитороор ажиллаж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг тодруулаагүй байна.
Мөн хариуцагч “...шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан” гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байхад шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, шинжээчээр ажиллаж байсан албан хаагч, аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна. Аудитын тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд санхүүгийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор гэж ялгавартайгаар тодорхойлж зохицуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байсан хүмүүсийг шууд аудитороор томилсон нь тогтоогдож байх тул энэ талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай.
Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий актын нэг үндэслэлээ тайлбарлахдаа “ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас чөлөөлөх болсон” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ, шаардлага бий болсныг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байхад ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0831 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР