Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01393

 

Б.Энхтайваны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04614 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1608 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Энхтайван,

Хариуцагч :  М.Баярсүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага: 21.970.000 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Баттогтох, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Баярсүрэнд 2015.10.02-ны өдөр 4.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар 5.000.000 төгрөг болгож авахаар зээлдүүлсэн. Мөн 2015.11.17-ны өдөр мөн дээрхи нөхцөлтэйгээр дахин 4.500.000 төгрөгийг өөрийн нөхөр болох Р.Зоригтбаатарын данснаас шилжүүлсэн. Мөн 2015.12.15-ны өдөр өөрийн найз Я.Буянтогтохын данснаас 4.500.000 төгрөгийг мөн адил 30 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн юм. М.Баярсүрэн нь өнгөрсөн 2015.10 сараас хойш зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй сар бүр хүү төлөх зарчмаар хугацааг сунгаж байсан. 2016.01.14-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулах эцсийн хугацаа байсан боловч төлөөгүй. Иймд миний бие дахин хугацааг 10 хоног сунган төлбөрийг бүрэн барагдуулах хугацааг олгосон гэрээг 2016.01.10-ны өдөр байгуулсан. Иймд үндсэн зээл 16.900.000 төгрөг, 60 хоногийн алданги 5.070.000 төгрөг, нийт 21.970.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээл 16.900.000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Гэрээ гэх зүйлийг сүүлд гэрт ирж нөхөн бичүүлсэн. Гэрээний дагуу мөнгийг аваагүй. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 102/ШШ2016/04614 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан   М.Баярсүрэнгээс 4.211.130 төгрөг гаргуулан Б.Энхтайванд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17.758.870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82.328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1608 дүгээр магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2015.10.02-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч М.Баярсүрэнгийн хувьд тухайн өдөр 4.500.000 төгрөгийг аливаа хэлбэрээр хүлээн аваагүй, урьд зээлж байсан мөнгөний үлдэгдэл 1 сая төгрөгийг буцаан төлөх гарын үсэг байсан. Гэтэл нэхэмжлэгч уг баримтын хуурамчаар үйлдэн засч, мөн 4.500.000 төгрөг гэсэн бичвэрийн 5 тооны цаад талд байгаа тоот илтэд засвар оруулсан нь харагдаж байна. Уг маргаан бүхий баримтаар алданги тооцох тухай яригдаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон магадлалд “шийдвэр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэж 3 хуудасны төгсгөлд бичсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Б.Энхтайван нь М.Баярсүрэнгээс үндсэн зээл 16.900.000 төгрөг, алданги 5.070.000 төгрөг нийт 21.970.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг /хх 1, 15, 60/ гаргасан байна. Хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй /хх 12, 60/ маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч 4,5 сая төгрөгийг 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж нийт 4.950.000 төгрөг төлөхөөс 738.870 төгрөг төлсөн гэж дүгнэн, хариуцагчаас 4.211.130 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Б.Энхтайван шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон баримтыг үндэслэсэн хэдий ч хариуцагчид 16.900.000 төгрөг хүлээлгэн өгснөө нотлоогүй тул зохигчдын хооронд 16.900.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

Б.Энхтайван нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,5 сая төгрөгийг 10 % хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлүүлсэн баримтыг /хх 26/ шүүх зохигчдын гаргаж өгсөн  бусад баримтуудтай харьцуулан үнэлсэн нь буруу биш байна. Шүүх зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38, 40, 116 дугаар зүйлд нийцнэ.

Шүүх хариуцагчаас алданги гаргуулаагүй, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 232 дугаар зүйлийн 232.4-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1608 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 82.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ