| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/00902/и |
| Дугаар | 312/ШШ2025/01236 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/01236
2025 07 03 312/ШШ2025/01236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо тоотод байрлах, “ХХИ” ХХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Идэр төв 3 давхарт байрлах, “ГС” ХХК / Регистрийн дугаар:/д холбогдох,
“34,860,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХИ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”ХХИ” ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр “ГГС” ХХК /РД:/-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас “Галч маркийн 400 квт-ийн зуух” худалдан авахаар болж үнийг 23,240,000 /хорин гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тохиролцсон юм. Худалдагч тал Орхон аймагт байршиж байсан тул онлайнаар буюу интернэт ашиглан *****.mn гэсэн и-мэйлээс гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 23/16 дугаартай Худалдах, худалдан авах Галч маркийн автомат зуухны гэрээг *******.com хаягаар явуулсан бөгөөд манайхаас тус гэрээг хүлээн авч өнгөтөөр хэвлэн гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулан буцаан илгээсэн болно. Энэ гэрээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний 2.2-т заасны дагуу худалдагчийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данс руу тухайн үед П.Бын Хаан банкны ******* тоот данснаас “ХХИ”ХХК зуурны урьд” гэсэн утгатай шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Гэтэл “ГС” ХХК-иас манай компани руу утсаар холбогдож гэрээний дагуух зуухаа Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас авахыг зөвлөсөн. Тухайн үед компанийн зүгээс тус зуухыг хүлээн авч байгаа ажилтан П.Б-ын Хаан банкны ******** данс руу “ zuuh” гэсэн утгатай 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн бөгөөд сайн үзэж харж хүлээн авсныхаа дараа мөнгөө шилжүүлээрэй гэсэн удирдамж өгсөн юм. Ажилтан П.******* нь зөвлөсөн хаяг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр очиход тус байршилд “АЗ” ХХК байсан бөгөөд манайд 1 зуухыг хүлээлгэж өгсөн. Тус газраас нэмж “9 метр дулаалгатай яндан” худалдаж авсан юм. Тэр үед “ГС” ХХК-ийн 85848585 дугаараас П.Б-тай холбогдож “Яндан 1м үнэ 360,000 төгрөг, нийт 3,240,000 төгрөг юм байна” гэсэн мессеж явуулж, дараа нь дугаараас залгаж “үлдэгдэл төлбөр 18,240,000 төгрөг болон яндангийн төлбөр 3,240,000 төгрөгийг хамт Хаан банкны тоот Д.С-ийн данс руу шилжүүлээрэй” хэмээн ярьж, мессеж бичиж баталгаажуулсны дагуу тус данс руу нийт 24,480,000 төгрөгийг “ zuuh yndangiin tulbur” хэмээн шилжүүлсэн байдаг. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон квт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05 өдөр /УБ, СХД, 32-р хороо, Эмээлт гудамж, “АЗ” ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Янданг нь үлдээсэн. Үүнээс хойш манай компанид худалдагч талын аль ч компаниас гэрээнд заасны дагуух Галч маркийн 400 квт-н зуухыг нийлүүлээгүй. Худалдан авагч талаас худалдагч “Гал сэнтий” ХХК руу утсаар холбогдож удаа дараалан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсныг илэрхийлсэн бөгөөд төлбөрийг буцаан шилжүүлэхийг хэлсэн боловч 85001060 дугаартай утас нь холбогдохоо больж илтэд зугтаах болсон бөгөөд зуухны төлбөрийг огт төлөөгүй. Худалдан авагч талаас зуухыг буцаан хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг (2024.04.17) хүртэл нийт 135 хоног өнгөрсөн байгаа бөгөөд Худалдах, худалдан авах гэрээний наймдугаар зүйл 8.1.2-т “Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө” гэсний дагуу 1 хоногийн алданги 116,200 төгрөгөөр тооцвол 15,687,000 төгрөгийн алданги хүлээхээр байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэснийг баримтлан алдангид 11,620,000 төгрөгийг зуухны үндсэн төлбөр 23,240,000 төгрөг дээр нэмэгдүүлж нийлбэр дүнгээр 34,860,000 /Гучин дөрөв найман зуун жаран мянга/ төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч “ГС” ХХК-иар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү...” гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд: “...”ХХИ”ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр “ГСХХК-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас Галч маркийн 400 квтын зуух худалдан авахаар болж 23,240,000 төгрөгөөр тохиролцсон юм. Худалдагч тал Орхон аймагт байршиж байсан тул онлайнаар буюу интернэт ашиглан и-мэйлээс гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 23/16 дугаартай Худалдах, худалдан авах Галч маркийн автомат зуухны гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Гэтэл “ГС” ХХК-иас манай компани руу утсаар холбогдож гэрээний дагуу зуухаа Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас авахыг зөвлөсөн. Тухайн үед компанийн зүгээс тус зуухыг хүлээн авч байгаа ажилтан П.******* байсан. Ажилтан П.******* нь зөвлөсөн хаягаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр очиход тус байршилд АЗХХК байсан бөгөөд манайд 1 зуухыг хүлээлгэж өгсөн. Тус газраас нэмж 9 метр дулаалгатай яндан худалдаж авсан юм. Тухайн үед мөнгөө бүрэн өгч тухайн зуухыг хүлээн авсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд тус зуухыг байршуулж ашиглаж үзсэн. Гэвч зуухыг ашиглах үед тогтсон квтдаа хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “АЗХХК дээр буцаан хүргэж өгсөн. “ГСХХК-иас залгаж зуухны талаар асуухад тодорхой хариу өгөөгүй буюу уг зуухыг засаж байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй. 10 сар гараад хүйтэрчихсэн байсан тул өөр газраас ижил төстэй зуух авч өөрсдийн үйл ажиллагаа үргэлжлүүлсэн. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч байхад зассан талаараа огт мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч нь “ГС” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... "ГС” ХХК /РД: болон "АЗх" ХХК /РД: нарын хооронд галч маркийн автомат зуух худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан ба тус гэрээний хүрээнд манай байгууллага автомат зуухыг 47,793,000 төгрөгийн төлбөрийг төлж зуухыг үйлдвэрлэгчээс нь хүлээн авсан. Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон шалтгаанаас үүдэн тус автомат зуухын хүчин чадал багадаж, өөр хүчин чадал өндөр зуух ашиглах болсон тул үйлдвэрлэгч "АЗ" ХХК-д хандаж худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. "АЗ ХХК нь манайх өөрийн үйлдвэрийн зуухыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй хэмээн галч маркийн автомат зуухыг борлуулах хамтран ажиллах 23/20 тоот гэрээг манай байгууллагатай байгуулсан. Тус гэрээнд галч маркийн автомат зуухыг дахин иж бүрэн засварлах, баталгаа олгох хөлсний үнийн мэдээллийг гэрээнд тусгасан ба манай байгууллага гэрээний дагуу 3,745,813 төгрөгийн төлбөрийг төлсөн. Тус төлбөрийг төлсний дараа "АЗ" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн байх ба чанарын шаардлага хангасан шинэ зуух болгосон. "АЗ" ХХК-иас "ХХИ" ХХК худалдан авах хүсэлтэй байгаа тул бид зуухыг худалдан авагч талд хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгох ба танай байгууллага төлбөрийг хүлээн авах талаар мэдэгдсэн.Дээрх мэдээллийг хүлээн авч манай байгууллага "ХХИ"-тэй галч маркийн автомат зуух худалдах, худалдан авах 23/15 тоот худалдан авах 23,240,000 төгрөгийн гэрээг байгуулан зөвхөн төлбөрийг хүлээн авсан. Үйлдвэрлэгч "АЗ" ХХК нь "ХХИ ХХК-д гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн ба гэрээний зүйлийг хүлээн авах үед биет байдлын доголдол илрээгүй байх ба галч зуухыг зориулалтын дагуу ашиглахаар байсан тул нэхэмжлэгч гэрээний төлбөрийг манай талд шилжүүлсэн. "АЗ” ХХК-иас "ХХИ ХХК нь үйлдвэрлэгчийн тавьсан бэлтгэл зуух тавих шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэн зуухыг эвдэлж манай талд буцаан өгсөн. Үйлдвэрлэгч нь нэхэмжлэгч талд цахимаар болон цаасаар зуухын хэвийн ажиллагааг хангах зааварчилгааг цаг тухай бүрд өгч ажилласан ба эвдэлсэн зуухад засвар үйлчилгээ үзүүлэн хэвийн ашиглалтыг хангасан хэдий ч нэхэмжлэгч талд зуухыг авахгүй байна гэж нэхэмжлэл гаргасны дараа манай талд мэдэгдсэн. Иргэний хуулийн 251.1 дэх заалт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зааснаас гадна, 251.2-тХэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж заасан байх ба одоогоор зуухыг ашиглах бүрэн боломжтой байх тул гэрээний зүйл биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй байна. "ХХИ ХХК нь үйлдвэрлэгчээс биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан зуухыг хүлээн авсан хэдий ч үйлдвэрлэгчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас гэрээний зүйлийг эвдэлсэн байх ба одоогоор тус зуухад засвар үйлчилгээ үзүүлэн ашиглахад бэлэн чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй байхад зуухыг буцаан авахгүй байгаа талаар үйлдвэрлэгч талаас манай талд мэдэгдсэн. Гэрээний дагуу биет байдлын доголдолгүй гэрээнийзүйлийг хүлээн авч, ашиглалтын горим зөрчиж эвдлэхэд үйлдвэрлэгч талаас засвар үйлчилгээг үзүүлж чанарын шаардлага хангасан байхад гэрээний төлбөрийг нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 255.1.3-д тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг болно. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдвэрлэгч болох “АЗ” ХХК-д зуухыг хүлээлгэн өгсөн гэж дурдсан ба энэ талаарх мэдээллээманай байгууллагад утсаар болон мэйлээр албан ёсоор мэдэгдээгүй ба "АЗ ХХК мөн адил мэдэгдээгүй байтал манай байгууллагыг илтэд зугтаах болсон гэх нь үнэнд нийцэхгүй байна. “ГСХХК болон “ХХИ ХХК-ийн хооронд байгуулсан 23/16 тоот худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч тал нь баталгаат хугацааны асуудлыг хариуцахгүй байхаар тусгасан нь гэрээт зүйлийн засвар үйлчилгээ, биет байдлын доголдлыг хариуцах этгээд биш гэдгийг нотлохоос гадна нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн болно...” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд: “...Уг зуух нь манай компаний ашиглаж байсан зуух бөгөөд үйлдвэрлэгч компанид нэг зуухаа буцаагаад зарах хүсэлтэй байна. Танай байгууллага засвар үйлчилгээг нь бүрэн хийж гүйцэтгээд баталгаат хугацааг нь олгоод буцаагаад хүнд зарах боломжтой эсэхийг асуухад “АЗ” ХХК-иас манай үйлдвэрлэсэн зуух учраас боломжтой харин үйлчилгээний төлбөрөө төлөөрэй гэх хариуг өгсөн. Иймд “ГС” ХХК нь “АЗ” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд “АЗ” ХХК нь тухайн зуухны засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан. Үүний дараагаар “ХХИ” ХХК-иас тухайн зуухыг худалдан авах санал гаргаж байна зуухаа зарах уу? гэж “АЗ” ХХК-иас холбогдсон. “АЗ ХХК-ийн зүгээс манай байгууллага баталгаат хуудсаа гаргаад өгье худалдах худалдан авах гэрээгээ “ХХИ” ХХК-тай байгуулаад мөнгөө аваарай гэсний үндсэн дээр тухайн зуухны мөнгийг шилжүүлэн авсан. “АЗ” ХХК-ийн үйлдвэр дээрээс “ХХИ” ХХК нь тухайн зуухыг хүлээн авсан. Зуухаа буцааж байгаа талаараа манай байгууллагад албан бичгээр болон гар утсаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. “АЗ” ХХК нь тухайн зуухыг дахин засаж янзлаад “ХХИ ХХК-д мэдэгдсэн боловч зуухаа ирж аваагүй...” гэв.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд: “...Гэрээний дагуу зуухыг худалдан борлуулсан. Баталгаат хугацааны явцад эвдрэл гэмтэл учирсан бөгөөд “АЗ”ХХК-ийн хувьд засвар үйлчилгээг нь хийчихсэн. Нэхэмжлэгч талаас уг зуухаа буцааж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: “…тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4298 дугаартай захирамжтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. Хүлээлгэж өгөхдөө зааварчилгаа өгөөгүй нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд хүлээн аваагүй, ачиж тээвэрлэх авто машин явуулсан жолоочид нь хүлээлгэн өгсөн, бичлэг зургаар баталгаажуулсан /фото зураг/. 2. Маргаан бүхий зуухыг угсрах ажиллуулах зааварчилгааг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б-д дүрс бичлэгээр харилцан ярилцаж угсралтын заавар, ажиллуулах зааврыг өгсөн. Дээрх үйл ажиллагаатай холбоотой баримт үйлдээгүй. 3. Буцаан хүлээлгэж өгөөгүй, манай үйлдвэрийн хашаанд буулгаад явсан. Ямар нэгэн баримт үйлдээгүй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Б-т нүүрс бутлах гол уярч гулдаасан талаар эвдрэл гэмтэл гарсан тухай мэдэгдэхэд тог тасарч хөргүүрийн шингэн сэлэхгүй байгаа учир гол улайсаж гулдаасан гэж бидэнд хэлсэн. Эвдрэлийг засаж, зуухыг хэвийн болгосон боловч ирж аваагүй. Эвдрэлийн талаар акт үйлдэх гэсэн боловч төлөөлөгч Н.Б ирээгүй, утсаа авахгүй байсан. Хариуцагч компанид энэ тухай мэдэгдсэн...400кв хүчин чадлаа гаргахгүй байна гэх асуудлыг яриад байна. Уг зуухны хувьд технологийн шаардлага бүрэн хангасан зуух юм. Манай байгууллага 2022 онд хариуцагч “ГС” ХХК-д 3 ширхэг зуухыг худалдан борлуулсан. “ГСХХК нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх үүднээс хүчин чадал сайтай зуухыг авах гэж байна. Танай байгууллагаас авсан зуухаа 2 жил гаруй хугацаанд хэрэглэсэн. Хэвийн сайхан ажиллагаатай байгаа тул уг зуухаа буцаагаад худалдан борлуулах сонирхолтой байна гэсний үндсэн дээр “АЗ” ХХК болон “ГС” ХХК нь хоорондоо гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий зуух бол 2 жил гаруй хугацаанд ажилласан хэвийн ажиллагаатай зуух гэж ойлгож болно. ГС ХХК-аас С захирал руу залгаад “ХХИ” ХХК манай зуухыг худалдан авах санал гаргаж байна та хүлээлгээд өгөөрэй гэж холбогдсоны дагуу тухайн зуухыг “ХХИ” ХХК-ийн төлөөлөгч буюу Б гэх хүн ирж үзсэн. Тухайн хүнд яаж ашигладаг, ямар зориулалттай, хэдэн квтын хүчин чадалтай гэдгийг тайлбарлан өгсөн. Хүлээлгэж өгөхтэй холбоотой асуудал дээр автомашин явуулчихсан ачилтыг нь хийж өгөөд хэвийн ажиллаж байгаа байдлынх нь зургийг явуулаарай гэж хэлсэн. Жолоочтой зуух хүлээлгэн өгсөн баримт үйлдэх гэтэл уг жолооч нь би тээвэрлэх үүрэгтэй этгээд тул баримт дээр гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Жолоочид хэвийн ажиллаж байгаа зураг, зааварчилгааг өгч явуулсан. Энэ тухайгаа “ХХИ” ХХК-ийн төлөөлөгч Б мэдэгдсэн. Тэгэхэд зааварчилгааг тухайн газар дээр суурилуулахдаа авъя. Манайх хүлээгээд авчихсан тул маргаан байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Үүнээс 2 хоногийн дараа С захирал руу “ХХИ” ХХК-ийн төлөөлөгч ******* залгаад тухайн зуухыг объект дээрээ аваад ирлээ хэрхэн яаж суурилуулах талаар дүрс чатаар холбогдоод зааварчилгаа өгчих гэсний дагуу дүрс чатаар холбогдож бүрэн зааварчилгааг өгөн хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнээс 20 гаруй хоногийн дараа зуух болохгүй байна гэх дуудлагыг “АЗ” ХХК-д өгсөн. Дүрс бичлэгээр холбогдож юунаас болж эвдэрсэн талаар хоорондоо ярилцахад ******* гэх хүн тог тасарсны улмаас хөөх помп ажиллахгүй хөргөлтийн систем доголдож гол нь гулзайчихлаа гэдэг асуудлыг хэлсэн. Анх зааварчилгаа өгөхдөө тог тасарвал нэмэлт цахилгаан үүсгэвэр заавал байх шаардлагатай талаар мэдээлэл өгсөн. Манай зүгээс өөрийн зардлаар уг зуухыг засаж өгөх талаараа хэлсэн. Гэтэл уг зуухыг хүлээн авснаас 20 гаруй хонгийн дараа манай үйлдвэрийн хашаанд бид нарт хүлээлгэж өгөхгүй зуухыг авчраад тавьчихсан байсан. Уг зуухыг бүрэн засварлаж дууссаны дараагаар “ХХИ” ХХК-ийн төлөөлөгч *******т зуухаа ирж аваарай гэж мэдэгдсэн боловч ирж аваагүй тул “ГС” ХХК-ийн төлөөлөгч Г.Б-д энэ талаар хэлсэн...” гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХИ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, 2023.10.03-ны өдрийн 23/16 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар, уг гэрээний хавсралт, мэйл хаягаар харилцсан чатны зураг, мессежээр харилцсан чатны гэрэл зураг, Хаан банкны 2023.10.03-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2023.10.25-ны өдрөөс 2023.10.26-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2023.10.24-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс итгэмжлэл, фото зурагнууд, Н.А гэж хүний тайлбар гэсэн баримт зэргийг шүүхэд тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХИ” ХХК нь хариуцагч “ГС” ХХК-д холбогдуулан 34,860,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”ХХИ” ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр “ГС ХХК-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас “Галч маркийн 400 квт-ийн зуух”-ыг 23,240,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Зуухыг Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас авгэсний дагуу 9 м янданг мөн авч нийт 24,480,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон кВт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр “АЗ” ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Үүнээс хойш манай компанид худалдагч нь гэрээнд заасны дагуух Галч маркийн 400 кВт-н зуухыг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, төлбөрөө шилжүүлэхийг мэдэгдсэн ч шилжүүлээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 8.1.2-т “Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө” гэж заасан тул... алданги 11,620,000 төгрөг, үндсэн төлбөр 23,240,000 төгрөг, нийт 34,860,000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”ГС” ХХК нь “АЗ” ХХК-с Галч маркийн автомат зуухыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 47,793,000 төгрөгөөр худалдан авсан. Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон тул үйлдвэрлэгч “АЗ” ХХК-д хандан авсан зуухаа худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. "АЗ" ХХК нь манайх өөрийн үйлдвэрийн зуух тул худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гээд Галч маркийн автомат зуухыг борлуулахаар хамтран ажиллах 23/20 тоот гэрээ байгуулсан. Ингээд зуухыг дахин иж бүрэн засварлаж, баталгааг “АЗ" ХХК хариуцахаар тохиролцож, засварын 3,745,813 төгрөгийг манай компани төлсөн. "АЗ" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн ба чанарын шаардлага хангасан зуух болгосон. "ХХИ" ХХК худалдан авах хүсэлт гаргасан тул зуухыг "АЗ" ХХК худалдан авагчид хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгож, төлбөр 23,240,000 төгрөгийг манай компани хүлээн авсан. "ХХИ" ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа "АЗ” ХХК нь манайд хандан зуухыг буцааж өгсөн талаар мэдэгдсэн...зуухыг ашиглах бүрэн боломжтой, манай компанид энэ талаараа мэдэгдээгүй. Угаасаа бид хуучин зуух зарсан,тиймдээ ч зах зээлийн үнээс тал хувь багаар зарсан, энэ байдлыг худалдан авагч анхнаасаа мэдэж байсан, “ХХИ” ХХК нь ашиглалтын горим зөрчиж уг зуухыг эвдсэн...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийнгүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэггүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан тул “АЗ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “ХХИ ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж зуух эвдэрсэн болохыг гуравдагч этгээд хангалттай тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зуух эвдэрсэн хэдий ч “АЗХХК нь уг зуухыг засварласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ”ХХИ ХХК нь “ГС” ХХК-тай 2023 оны 10 сарын 03-ны өдөр 23/16 тоот гэрээ байгуулан, “Галч маркийн 400 кВт-ийн зуух”-ыг 23,240,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ”ХХИ” ХХК нь “ГС” ХХК-нд зуухны үнэ 23,240,000 төгрөгийг шилжүүлсэн, ”ХХИ” ХХК нь зуухыг Улаанбаатар хот Эмээлт захад байрлах “АЗ” ХХК-иас ав гэсний дагуу 2024 оны 10 сарын 25-ны өдөр очиж зуухыг хүлээн авсан, зуух эвдэрсэн учраас 2024 оны 11 сарын 05-ны өдөр “АЗ” ХХК-нийн хашаанд буулгаж өгсөн үйл баримт болжээ.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” үүргийг тус тус хүлээдэг байна.
7. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.
8. Харин гэрээний зүйл болох галч маркийн 400 кВт-ийн зуух биет байдлын доголдолтой байсан эсэх талаар талууд маргаж байна.
9. Хариуцагч “ГС” ХХК нь нэхэмжлэгчийг ашиглалтын горим зөрчиж зуухыг эвдсэн гэж маргаж байгаа боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа бол түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал ашиглалтын горимыг зөрчиж эвдсэн гэдэг нь нотлогдоогүй гэж үзсэн.
10. Хариуцагч бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн тайлбараар татгалзал нотлогдож байна... галч маркийн автомат зуухыг 1 жил гаран хэрэглээд “АЗ” ХХК-н нь зуухыг борлуулахаар хамтран ажиллах 23/20 тоот гэрээ байгуулсан. Ингээд зуухыг дахин иж бүрэн засварлаж, баталгааг “АЗ" ХХК хариуцахаар тохиролцож, засварын 3,745,813 төгрөгийг манай компани төлсөн гэж тайлбарласан ба 23/20 тоот гэрээнь нэхэмжлэгчид зуухыг худалдснаас хойш 2023 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан байна. /хх-ийн 38х/
11. Худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 243 дугаар зүйлийн 243.2-т тус тус заажээ.
12. Ингэснээр худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар буюу ...хуучин засварт орж байсан, гэмтэлтэй, засвар хийлгэсэн эсэх, эрхийн доголдолтой эсэх талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагч талд өгснөөр худалдан авагчид эд хөрөнгийн доголдлын талаар аливаа шаардлага тавих эрх үүсэхгүй, худалдагч нь үүсэж болзошгүй хариуцлагаас урьдчилан хамгаалахад ач холбогдолтой гэж үздэг байна.
13. Нэхэмжлэгч “ХХИ ХХК нь зуухыгхүлээн авсны дараа “тогтсон квтдаа хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, “АЗ” ХХК-нд эргүүлэн аваачиж өгсөн байна. Нэхэмжлэгч нь доголдлын талаар мэдэгдсэн гэж, хариуцагч мэдэгдээгүй гэж маргах боловч зуухыг авснаас 10 гаран хоногийн дараа аваачиж өгсөн болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “нээх удаагүй, 10, 20 гаран хоногийн дараа авчирсан” гэсэн, хариуцагчийн “АЗ ХХК-иас мэдэгдсэн” гэсэн талбаруудаар тогтоогдож байна.
14. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй“ гэж заасан байх тул нэхэмжлэгч “ХХИ” ХХК нь гомдлын шаардлагыг, хуулиар тогтоосон баталгаат хугацаанд нь гаргасан гэж үзэхээр байна.
15. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2-т зохицуулжээ.
16. Худалдан авагч зуухыг шалгаж авсан хэдий ч эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзаж, энэ тухайгаа худалдагч талд мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
17. Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед мөн ашиглалтын явцад ч илрэх магадлалтай тул доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй. Түүнчлэн хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
18. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-дхууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыгалданги гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг.
19. Үүрэг гүйцэтгүүлэгч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаар гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.
20. Иймд хариуцагч “ГС” ХХК-иас 23,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХИ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,620,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд буюу 23,240,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 274,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 142/ШЗ2024/0*** дугаар шүүгчийн захирамжаархариуцагч “ГС” ХХК-ийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 34,860,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ГС” ХХК-иас 23,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХИ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,620,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ХХИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГС” ХХК-иас 274,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХИ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 142/ШЗ2024/0*** дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “ГС” ХХК-ийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 34,860,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ