Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00104

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00104

 

Магадлал

2022.01.14

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/02023 дугаар шийдвэртэй

 

нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч МЭС-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

1.а. Д.А- нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс МЭС-д нягтлан бодогч, санхүүгийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авч 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/2 дугаартай хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгох тухай тушаалаар ажилдаа эргэн орсон. Гэвч ийнхүү ажилдаа эргэн ороход тус сангийн гүйцэтгэх захирал 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/3 дугаартай тушаал гарган санхүүгийн ахлах зөвлөхийн албан тушаалд 1 сарын хугацаатайгаар түр шилжүүлэн томилж, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар санхүүгийн ажилтны ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь эрх мэдлээ урвуулан ашигласан, байгууллагын зорилго, зорилтод үл хамаарах үйл ажиллагаа эрхэлсэн, сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гэрээ, хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлээгүй, санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, тайланд тусгаагүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан нь Цэбэ консалтинг аудит ХХК-ийн аудитын тайлангаар нотлогдсон гэх боловч уг аудитын тайланг хэзээ, хэрхэн гаргасан, тайлан нь хуульд заасны дагуу үнэн зөв эсэх, тушаалд дурдсан зөрчлүүдийн талаар нягтлан бодогчоос тайлбар аваагүй. Мөн аудитын тайланг танилцуулаагүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Д.А- нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтод үл хамаарах үйл ажиллагааг удаа дараа явуулж тус сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлээгүй, санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, санхүүгийн тайланд тусгаагүй зөрчлийг удаа дараа гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтнаас гаргасан зөрчилтэй холбогдуулан тодруулга тайлбар авах үүрэггүй. Мөн аудитийн тайланг танилцуулаагүй нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл болохгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар МЭС-гийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Д.А-ыг МЭС-гийн санхүүгийн ажилтан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. МЭС-гийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь санхүүгийн ажилтан Д.А-ын 2017, 2019 онд гаргасан зөрчилтэй холбоотой тул 2016 онд Глобал капитал-аудит ХХК, 2017, 2018 онд МЭС-гийн хэрэгжүүлсэн 2 төсөлд нь (Mama cash болон Ananda) Гроут финанс аудит ХХК-ийн хийсэн дүгнэлтүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй баримтууд буюу дээрх онд санхүүгийн тайланд алдаа дутагдал гараагүйтэй хариуцагч тал маргаагүй. Харин 2019 онд Энх-Мөнх-Сод Эрдэнэ аудит ХХК нь аудит хийж тайлан гаргасан байдаг боловч санхүүгийн ямар, хэр хэмжээний баримт бичгийг хүлээн авч дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байхаас гадна, Хас банк ХХК-ийн МОНЭС-ийн нэр дээрх харилцах данс санхүүгийн тайланд огт тусгагдаж байгаагүйгээс үзэхэд Энх-Мөнх-Сод Эрдэнэ аудит ХХК-ийн дүгнэлтийг санхүүгийн бүх шаардлагатай баримтын хүрээнд хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

4.б. Анхан шатны шүүх ...Д.А-ын гаргасан гэх дээрх зөрчлүүд нь 2017, 2019 оны зөрчлүүд байхад МЭС- Д.А-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг тушаалд баримталсан нь үндэслэлгүй... гэжээ. 2016 оноос хойш 2021 оныг хүртэл Д.А-ын хийж гүйцэтгэсэн ажил нь нэг ижил бөгөөд хөдөлмөрийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулсан ба өөр шинээр эрх зүйн харилцаа үүсгэж байгаа асуудал биш юм. Иймээс 2017 болон 2019 онуудад гаргасан зөрчилд 2021 онд буюу тухайн ноцтой зөрчил илэрсэн үед үйлчилж байсан хөдөлмөрийн гэрээг баримталсан.

4.в. Мөн шүүх ... Д.А-ын гаргасан гэх зөрчил нь 2017 онд болон 2019 онд байх тул сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрч сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй болсон байна..." гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Цэбэ консалтинг аудит ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Д.А-ын гаргасан зөрчлийг илрүүлж мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халсан нь илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд байхад шүүх сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.а. ЦЭБЭ консатлинг аудит ХХК-ийн аудитын тайланд дурдсан зөрчлүүд нь 2016-2019 онуудад хамаарах учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж, мөн зүйлийн 43.3 дахь хэсэгт ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг баримталсан гэх боловч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргасан. ЦЭБЭ консатлинг аудит ХХК-ийн тайлан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч талд танилцуулагдсан ба Д.А- нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардан авч, ажлаа хүлээлгэн өгсөн. Сахилгын зөрчлийг илрүүлснээс 1 сар 10 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулж Д.А-ыг ажлаас халсан нь хууль зөрчсөн. Маргааны үндэслэл болсон ЦЭБЭ консалтинг аудит ХХК-ийн МЭС-гийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайлан хэзээ хэрхэн хийгдсэн, гүйцэтгэх захирал болон сангийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, Д.А-д хэзээ танилцуулж холбогдох тайлбар авч бүрэн шалгасан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.А-ыг аудитын дүгнэлтэд дурдсан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 19,354,100 төгрөгийн хохирол учруулсан хэмээн гомдол гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийг хаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1.а Нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч МЭС-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Д.А- нь МЭС-д 2016 оноос нягтлан бодогч, санхүүгийн ажилтнаар тус тус ажиллаж байгаад тус сангийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. (хх-ийн 10, 13-16)

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Д.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.8, 7.4.1, 7.4.2-д заасныг тус тус баримталж, санхүүгийн ажилтан Д.А- нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, байгууллагын зорилт, зорилгод үл хамаарах чиглэлийн үйл ажиллагааг дур мэдэн эрхэлж, сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ, хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлээгүй, санхүүгийн тайланг санаатайгаар зөрүүтэй тайлагнасан, санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан нь Цэбэ консалтинг аудит ХХК-ийн аудитын тайлангаар нотлогдсон гэж үндэслэлээ заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зэрэг үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ажилтан гаргасан гэх байдал нотлогдсон байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг хангасан байх учиртай.

 

Гэвч хариуцагч байгууллагын тушаалд заасан Цэбэ консалтинг аудит ХХК-ийн дүгнэлтэд дурдсан ажилтан Д.А-ын 2017-2019 онд гаргасан гэх зөрчилд үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

2.Давж заалдах гомдлын талаар

2.а. Хариуцагч байгууллагад 2016 онд аудит хийсэн Глобал капитал-Аудит ХХК, 2019 онд аудит хийсэн Энх-Мөнх-Сод Эрдэнэ аудит ХХК, Гроут финанс аудит ХХК зэрэг байгууллагын гаргасан дүгнэлтүүд энэ хэргийн маргааны зүйлд шууд хамааралтай биш тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

2.б. Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Д.А-тай өмнө байгуулсан байгуулсан 2017, 2019 оны хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг харилцан тохиролцоогүй байх тул 2017, 2019 онуудад гаргасан гэх зөрчилд өмнөх гэрээний үргэлжлэл 2021 оны хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлан тушаал гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. (хх-ийн 15-18) Өөрөөр хэлбэл, талууд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг харилцан тохиролцсоноос хойших хөдөлмөрийн харилцаанд уг тохиролцоо үйлчлэх юм.

 

2.в. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Цэбэ консалтинг аудит ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Д.А-ын гаргасан сахилгын зөрчил илэрч 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлээгүй... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлага нь нэг дор үйлчлэх зохицуулалттай бөгөөд салгаж хэрэглэхгүй тул зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд байхад шүүх сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Талууд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А-ыг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар маргасан. Нэхэмжлэгч Д.А-ыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, гэмт хэрэг үйлдсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж, түүний гэм буруу тогтоогдсон тохиолдолд иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргах үндэслэл байж болно.

 

Иймд анхан шатны шүүх МЭС-гийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож Д.А-ыг МЭС-гийн санхүүгийн ажилтаны албан тушаалд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/002023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ