Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч М.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ат холбогдох 1806 03145 0679 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 19 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, “           ” бүрэн дунд сургуульд физикийн багш ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,  дугаар хорооллын  дугаар байрны    тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.А

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” зочид буудлын гадна иргэн О.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “... Анх “Шөлөндөө” хоолны газар орж хоол идэх гэсэн чинь маш их хүнтэй ширээ сандал нь хүрэлцэхгүй, тэгээд тэр хоёр залуутай нэг ширээнд сууж таараад танилцсан. Тухайн өдөр би өмнө нь уучихсан байсан учраас дахин уух хүсэлтэй явж байсан. Хоол идчихээд миний байсан буудал руу явж бид гурав нийлж уусан. Би өмнө нь уучихсан байсан учраас авсан вискигээ задлаад дээрээс нь жоохон ууж байгаад тасраад унтчихсан байсан. Тухайн үед би өөрийгөө тийм ч удаан унтсан гэж бодоогүй, багахан хугацаанд унтчихаад сэрлээ гэж бодсон чинь нөгөө хоёр залуу хувцасаа өмсөөд гараад явах гэж байсан. Би сэрээд ууж байсан вискиний шил нь байхгүй болохоор нь тэр хоёр залууг аваад явах гэж байна гэж би ойлгосон. Тэгээд би тэр хоёр залуугаас вискигээ нэхсэн. Гэтэл нөгөө хоёр залуу чи бид хоёрыг бараг хулгайч гэж хэллээ гээд над руу хоёулаа дайрч эхэлсэн. Хоёулаа дайрахаар нь би нэгийг нь  цаашаа түлхсэн чинь тэр залуугийн халаасанд миний гар утас байсан. Би утсаа авъя гэсэн чинь би чиний утсыг аваагүй гээд гүрийгээд байсан. Чи авсан би худлаа гэвэл өөрөө халааснаас чинь гаргаад ирье гээд гаргуулсан. Тэгээд утсаа авсан чинь утсан дотор байсан дугаар, зураг бүх зүйлийг устгасан байсан. Тэгээд би уурлаад та хоёр ямар өөдгүй залуучууд вэ хүн сэтгэл гаргаад дайлж байхад ард нь хулгай хийгээд, та хоёр чинь ямар хулгайч зантай юм бэ ингэж болохгүй ш дээ гэж тайлбарласан чинь намайг буудалын орон дээр хоёулаа нийлж байгаад зодсон. Буудлаас гарахад миний нүүр хөхөрч, няцараад бараг тэгшихэн болтлоо хавдсан байсан. Тэгээд нөгөө хоёр залууг гараад явахаар нь би утсаа авах санаатай араас нь гараад шатан дээр дахин муудалцсан. Би дахин зодуулахаа мэдээд би тэр буудлаас гарч зугтаасан. Би буудлаас гарч зугтаагаад 13 дугаар хороололын Алтан-Өргөө гэдэг байранд очсон чинь Эрдэнэбаяр гэдэг залуу араас намайг гүйцээд хүрээд ирсэн. Над дээр ирээд чи миний хамарыг ийм болгочихлоо гэсэн. Хамарыг нь харсан чинь зүүн талд хоёрхон шалбарсан төдий зүйл харагдаж байсан. Одоо тэгээд яах ёстой юм бэ, чи хамараа гэмтэлтэй гэж байгаа бол яг одоо хоёулаа гэмтэл рүү явъя гээд бид хоёр гэмтэл рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очсон чинь эмч хараад шууд оёдол тавиулчих гэсэн. Би маш сайн санаж байна. Хамарынх нь зүүн талд л хоёр шалбархай төдий зүйл болсон байсан. Би оёдол тавихгүй бараг лент наагаад л болчих юм байна даа гэж бодож байсан. Гэтэл дараа нь мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад Эрдэнэбаярын хөмсөгнийх нь доор, зовхи гэх мэтчилэн маш олон газар гэмтэл учирсан гэж мөрдөгч Батжаргал надад тайлбарлаж өгсөн. Тэгэхээр нь би тэгүүл Эрдэнэбаяртай уулзъя, гэмтлийг нь өөрийн нүдээр харъя ийм гэмтэл учирсан байх ёсгүй дээ гэсэн чинь Батжаргал байцаагч чи юуг нь хардаг юм гэж байсан. Тэгэхээр нь би үнэхээр ийм гэмтэл байгаа бол эмнэлэг авч явж томографийн зураг авахуулж, эмчилгээг нь би өөрөө хийлгэе гэсэн чинь чи юуг нь харах гээд байгаа юм бэ, шүүх эмнэлэгийн дүгнэлт гарчихаад байхад юуг нь хардаг юм гээд Эрдэнэбаярыг надтай огт уулзуулаагүй. Анхны зодоон надаас хамааралтай боловч яг болсон процесс тэр хоёртой шууд холбоотой. Тэр хоёр залуу намайг зодсон байхад би өөрөө шүүгдэгч болоод тэр хоёр залуу хохирогч болоод үлдэж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэбаярын өгсөн: “... Анар нэртэй буудлын 203 тоотод танилцсан залуугийн өрөөнд нь очсон. Тэгээд уг залуугийн гаргаж ирсэн вискиг хувааж уун сууж байгаад танилцсан залуу тасарсан ч юм уу, яасан ч юм шууд унтаад өгөхөөр нь найз бид хоёр вискиг нь ууж дуусгачихаад явъя гээд уугаад сууж байтал нөгөө залуу сэргэн босож ирээд та хоёр миний вискиг авч явах гэж байна шилийг нь үзье, ундааны чинь савыг үзье гээд байсан... Тэгээд буудлын гадна гараад уурлаж байгаад намайг нэг удаа гараараа цохьсон... Ингээд би цохиулсан хамартаа гэмтэл авсан байна. Сая гэмтэл дээр очиж хамартаа хоёр оёдол тавиулсан. Ингээд буцаад Анар гэдэг буудал дээр нь ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Содхүүгийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газар орж хоол идсэн. Хоол идээд сууж байхад нэг үл таних эрэгтэй хүн хүрч ирээд бид 2-той танилцаад юм ярьж суусан. Бид хоёрыг надтай хамт миний байгаа буудлын өрөөнд очиж архи уух уу гэдэг санал тавьсан... өрөөнд ороод архи ууж байхад үл таних хүн унтаад өгсөн. Эрдэнэбаяр үлдсэн архийг уугаад дуусаж байхад унтаж байсан ах босож ирээд архи дуустал уулаа гээд уурлаад байсан. Үүнээс болж маргаан болсон. Маргаан болж Эрдэнэбаяр болон танилцсан ах 2 түрүүлээд гадагшаа гарсан... тэгээд араас нь гартал Эрдэнэбаяр нөгөө хүнтэй алга болсон байсан. Би найзыгаа хайгаад олдохгүй болохоор гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Отгонтөгсийн өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Анар зочид буудалд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан... манай буудлын 203 тоот өрөөгөөр 22:15 цагийн үед Ариунбаатар гэсэн бичиг баримттай хүн үйлчлүүлсэн. Эхлээд уг хүн ганцаараа байсан ба араас нь 2 эрэгтэй хүн орж ирээд хамт архи ууж байгаад гараад явсан. Ариунбаатар гэх хүн ганцаараа үлдсэн. Ганцаараа байж байгаад 01 цагийн үед гарч яваад удалгүй 2 үл таних залуутай хамт орж ирсэн. Тэр 3 өрөөндөө байж байгаад 1 цаг гарангийн дараа сүүлд орж ирсэн 2 залуу гараад явж байхад араас нь Ариунбаатар өрөөнөөс гарч ирээд буудлын шатан дээр хоорондоо маргалдаад байсан... хүмүүс зодолдох чимээ гарахаар нь би доошоо буугаад хартал үл таних 2 залуу Ариунбаатар гэх залуу руу дайраад байсан. Харин үл таних 2 залуугийн нэгнийх нь хамар дээрээс цус гарсан... 03 цагийн үед Ариунбаатар гэх залуу хамар нь гэмтсэн залууг дагуулаад гэмтэл явлаа гэж яваад буцаж 05 цагийн үед ирсэн. Өрөөндөө буцаж ирээд дахин маргалдаад байсан. Тэр Ариунбаатар гэх залуу цагдаа дуудсан. 06 цаг өнгөрч байхад цагдаа ирээд тэгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4663 дугаартай дүгнэлтэд:

“1. О.Эрдэнэбаярын биед хамарт шарх, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо. ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны зулгаралт гэмтэл тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... Би 2 найзыгаа явсаны дараа юм идэх гээд буудлаас гараад Сансарын “Шөлөндөө” хоолны газар хоол идээд сууж байхдаа үл таних 2 залуутай танилцсан. Би дахиад жаахан нэмж согтууруулах ундааны зүйл хэрэглэх хүсэл байсан болохоор нөгөө 2 залууд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үү гэдэг санал тавьсан... би өмнө нь уусан байсан болохоор маш жаахан уугаад архиндаа ухаанаа алдаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад цочоод сэртэл “Шөлөндөө” хоолны газар танилцсан залуучууд яг гарах гэж байсан... араас нь гараад нөгөө 2 залуутай буудлын шатан дээр уулзаад “хүн сэтгэл гаргаад дайлж байхад муухай зан гаргаж байна шүү” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө 2 залуу “юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд хоёулаа нийлээд намайг зодсон. Намайг цохиод байхаар нь би биеэ хамгаалах гээд Эрдэнэбаярыг цохисон эсвэл өшиглөснөө сайн санахгүй байна. Би шатны дээд хэсэгт байсан. Эрдэнэбаяр болон түүний найз шатны доод хэсэгт байрлаж байсан. Тийм болохоор бараг өшиглөсөн байх гэж бодож байна... надад хандаж Эрдэнэбаяр миний хамар ийм болчихлоо гээд хамарныхаа зүүн талыг заасан. Би хартал хамарны зүүн тал нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Сүх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Халиуны өгсөн мэдүүлэг /хх.15/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” зочид буудлын гадна иргэн О.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэбаярын өгсөн: “... Тэгээд буудлын гадна гараад уурлаж байгаад намайг нэг удаа гараараа цохьсон... Ингээд би цохиулсан хамартаа гэмтэл авсан байна. Сая гэмтэл дээр очиж хамартаа хоёр оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.4-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Содхүүгийн өгсөн: “... Маргаан болж Эрдэнэбаяр болон танилцсан ах 2 түрүүлээд гадагшаа гарсан... тэгээд араас нь гартал Эрдэнэбаяр нөгөө хүнтэй алга болсон байсан. Би найзыгаа хайгаад олдохгүй болохоор гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Отгонтөгсийн өгсөн: “... Тэр 3 өрөөндөө байж байгаад 1 цаг гарангийн дараа сүүлд орж ирсэн 2 залуу гараад явж байхад араас нь Ариунбаатар өрөөнөөс гарч ирээд буудлын шатан дээр хоорондоо маргалдаад байсан... хүмүүс зодолдох чимээ гарахаар нь би доошоо буугаад хартал үл таних 2 залуу Ариунбаатар гэх залуу руу дайраад байсан. Харин үл таних 2 залуугийн нэгнийх нь хамар дээрээс цус гарсан... 03 цагийн үед Ариунбаатар гэх залуу хамар нь гэмтсэн залууг дагуулаад гэмтэл явлаа гэж яваад буцаж 05 цагийн үед ирсэн...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4663 дугаартай дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... араас нь гараад нөгөө 2 залуутай буудлын шатан дээр уулзаад “хүн сэтгэл гаргаад дайлж байхад муухай зан гаргаж байна шүү” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө 2 залуу “юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд хоёулаа нийлээд намайг зодсон. Намайг цохиод байхаар нь би биеэ хамгаалах гээд Эрдэнэбаярыг цохисон эсвэл өшиглөснөө сайн санахгүй байна. Би шатны дээд хэсэгт байсан. Эрдэнэбаяр болон түүний найз шатны доод хэсэгт байрлаж байсан. Тийм болохоор бараг өшиглөсөн байх гэж бодож байна... надад хандаж Эрдэнэбаяр миний хамар ийм болчихлоо гээд хамарныхаа зүүн талыг заасан. Би хартал хамарны зүүн тал нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч Б.А нь хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Эрдэнэбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Эрдэнэбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР