Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00154

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00154

 

 

Х.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02324 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-д холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүн урамшуулал, ээлжийн амралтын олговор, цалингийн нэмэгдэл зэрэг нийт 172,655,263 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундэлгэр, Д.Санлигрэнчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Х.А ЭХХТ-ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус газрын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1477 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ/2017/01468 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэвч ЭХХТ-ТӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ажилд эгүүлэн аваагүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулна. Өмнө нь шүүхийн шийдвэрээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж хариуцагчаас 29,148,319 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх нэг өдрийн цалинг 95,880.70 төгрөгөөр тооцсон. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 25,024,863 төгрөг, мөн оны үр дүн, урамшуулал 10,307,180 төгрөг, ээлжийн амралтын олговор 5,542,074 төгрөг, 2017, 2018 оны цалингийн нэмэгдэл 3,607,513 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 367,950 төгрөг, нийт 44,899,580 төгрөг болно.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцвол нэг сарын дундаж цалин 4,051,465 төгрөг болж байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 30,708,589,2 төгрөг, 13 дахь сарын цалин 12,494,687.4 төгрөг, ээлжийн амралтын олговор 5,790,019 төгрөг, ЭХХТ-ТӨААТҮГ нь 2017 онд ажилчдын цалинг 2 удаа нэмэгдүүлсэн тул 3,834,271 төгрөг авах ёстой байсан. Иймд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олговор 52,827,567.2 төгрөг болно.

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалин 33,414,710 төгрөг, үр дүнгийн урамшуулал 12,471,687 төгрөг, ээлжийн амралтын олговор 5,790,019 төгрөг, 2017, 2018 оны цалингийн 10 хувийн нэмэгдэл 3,242,638 төгрөг, нийт 54,919,055 төгрөг болно. Иймд ЭХХТ-ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт нийт 172,655,263 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Х.А нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЭХХТ-ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор байгууллагын зохион байгуулалтын батлагдсан бүтцээр захиргаа удирдлагын хэлтэс хүний нөөц гэрээ эрх зүйн хэлтэс болж өөрчлөгдсөн. Х.Аийг гадаад улсад суралцаж байгаа Ц.Сүхбаатарын оронд томилж хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Хүний нөөц гэрээ эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлага нь эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай. Х.Аийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж 12,440,489 төгрөгийг олгож, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалтай адил ажил, албан тушаал ажиллах саналыг тавьсан боловч тохиролцож чадаагүй. Х.А нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй, өөрийнх нь мэргэжлийн дагуу ажил санал болгож байхад татгалзсан нь их хэмжээний сул олговор авах сонирхолтой гэж үзэж байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэг сарын үндсэн цалинг 1,112,000 төгрөг гэж тохиролцсон байхад түүнд сар бүр нэмэгдлийн хамт олгогдсон болохоос шагналт цалин орохгүй. Х.Аийн дундаж цалинг гурван шатны шүүх тогтоохдоо шагналт цалин болон ээлжийн амралтын олговрыг сар бүр авах цалинд хамаарахгүй гэж дүгнэсэн. Х.Аийн үндсэн цалинг 1,122,000 төгрөг бөгөөд үүнийг 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 52,186 төгрөг болно. Мөн Х.А нь 2016 оноос хойш манай байгууллагад ажиллаагүй тул үр дүн, урамшуулал олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ЭХХТ-ТӨААТҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, үр дүн урамшуулал, жилд нэг удаа авах үр дүнгийн урамшуулалт цалинд нийтдээ 172,655,263 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,322,880 төгрөг /367,950+696,684+258,246/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

ЭХХТ-ТӨААТҮГ нь Х.Аийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг гурван шатны шүүх тогтоосон. Гэтэл ЭХХТ-ТӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Х.А хохирч байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасныг хэрэглээгүй. ЭХХТ-ТӨААТҮГ-ын захирал болон удирдах албаны хүмүүстэй удаа дараа уулзахад ... таныг ажилд удахгүй авна, манай захирал нар ойр ойрхон солигдоод байгаа, байгууллагатайгаа танилцаж эхэлж байна... гэж хойшлуулсаар ажилд аваагүй. Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заасан атлаа нэхэмжлэгчийг ажилд оруулах талаар заагаагүй, ажилгүй байгаа хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх ЭХХТ-ТӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэлд ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллахыг санал болгосон байхад Х.А дээрх мэдэгдлийг хүлээж аваагүй, ажил олгогчийн саналыг зөвшөөрөхгүй байдлаа удаа дараа илэрхийлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажил олгогчтой үл ойлголцол үүсгэж байсан гэж дүгнэсэн. Гэтэл ахлах нягтлан бодогчийн ажлын байр нь мэргэжлийн бус ажил гэдгийг хэлэхэд шийдвэрлэж өгнө гээд шийдвэрлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.. Гэтэл Х.Аийн ажлын байр болох захиргаа удирдлагын хэлтэс цомхотголд ороогүй байхад нягтлан бодогчийн ажлын байр санал болгосон нь үндэслэлгүй юм.

ЭХХТ-ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Сүхбаатар гадаад улсад сургуульд явсан тул Ц.Сүхбаатарыг эргэж иртэл Х.Аийг ажиллуулах тушаал гарсан учир Ц.Сүхбаатарыг иртэл ажиллаж байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага тайлбарлахдаа Х.Атэй 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийсэн, гэрээний хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь: ЭХХТ-ТӨААТҮГ-ын дотоод журамд шинээр ажилд орж байгаа ажилтантай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж зөрчил дутагдал гаргахгүй бол гэрээг сунгахаар заасан. Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жил болж сунгагдаад 8-9 сар хэвийн ажиллаж байхад ажлаас халсан.

Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд Х.Аийн хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байна гэж бичсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд Хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил гэсэн байна, хөдөлмөрийн гэрээний талаар талууд мэтгэлцээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй тул дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж заасан болохоос биш ажилгүй байсан хугацааны олговрыг олгохгүй гэж заагаагүй.

Мөн хариуцагч байгууллага X.Алтангэрэлийг ажилд авсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1, 23.2.3-т зааснаар гэж бичсэн байгаа учраас түр ажилд авсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүх ЭХХТ-ТӨААТҮГ-ын захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл буюу ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар үйлийн 37.1, 37.1.3-т зааснаар ЭХХТ-ТӨААТҮГ, X.Алтангэрэл нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Х.Аийг ажилд авсан тушаалд Ц.Сүхбаатарыг иртэл гэж тодорхой бичсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан хугацаатай ажиллуулах тушаал бөгөөд тохирсон хугацаа нь Ц.Сүхбаатарыг иртэл ажиллахаар хугацаатай юм. Хөдөлмөрийн гэрээний 1.9-д Талуудын аль нэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах санал тавиагүй тохиолдолд гэрээг анхны хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Х.Аийн өмнө нь гаргасан нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргахдаа ... Х.Ад үндсэн цалин 1,220,000 төгрөг, ээлжийн амралт, урамшуулалд 25,024,863 төгрөгийг төлж өгнө ... гэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд бичигдсэн. Иймд хариуцагч байгууллага нь Х.Аийг ажилд оруулаагүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25,024,863 төгрөгийг төлөх талаар маргаагүй. Мөн хариуцагч байгууллага Х.Аийг ажлаас халсны дараа захиргаа удирдлагын хэлтсийн даргаар гурван хүн ажилласан талаар баримт хэрэгт авагдсан.

Улсын дээд шүүхийн тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсан эсэх талаар дурдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бичиг баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг авсан гэж тайлбарладаг. Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор захиргаа удирдлагын хэлтсийн орон тоо байхгүй болсон гэж тайлбарласан. Гэтэл энэ бичгээс Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байр хэвээрээ харагдана.

Иймд намайг ажилд эргэн оруулах тухай Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн захиргаа удирдлагын хэлтэс байхгүй болсон гэх үе хүртэл буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговор надад олгогдох байсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Захиргаа удирдлагын хэлтэс гэж байхгүй болсон гэж байгаа тул үүнээс 2 жилийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нягтлан бодогчоор ажиллах өөр ажлын мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Х.А нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Сүхбаатарын ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянуулаагүйн улмаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот тушаалаар түүнийг түр чөлөөлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Ц.Сүхбаатарыг ажилдаа эргэж орох хүртэлх хугацаагаар уг албан тушаалд дахин томилсон боловч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Х.А 1 жилийн хугацаатай өөр хүний оронд томилогдон ажиллаж байсан бөгөөд өмнө нь тухайн албан тушаалд ажиллаж байсан хүний сургалтын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад Х.А нь өөрөө жинхэлсэн тушаал гаргах боломжтой байхад энэ арга хэмжээ аваагүй. Х.Атэй хугацаагүй гэрээ байгуулж ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэж үзэх үндэслэлтэй. Манай байгууллага 2016 оны 08 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2017 онд 12,440,489 төгрөг, 2018 онд 29,452,011 төгрөгийг тус тус Х.Ад олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд өөр ажлын байрны санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлээр бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өөрийнх нь эзэмшсэн мэргэжил, төрийн албан хаагчийн анкет, хийж байсан ажлын туршлагыг харгалзаж Санхүү, аж ахуйн нэгжийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллах санал тавьж, урьд эрхэлж байсан ажлын байртай дүйцэхүйц ажлын байр, цалин олговрыг хэвээр олгоно гэсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, ажлын саналыг хүлээн зөвшөөрөөгүй хариу өгсөн.

Улсын дээд шүүхийн хяналтын Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00020 дугаар тогтоолоор уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ ...анхан болон давж заалдах шатны шүүх ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй... гэж дүгнэсэн. Өмнөх жилүүдэд гаргасан шүүхийн шийдвэр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйг шүүх харгалзан үзэх нь зүйтэй. Үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

1.а. Нэхэмжлэгч Х.А хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдэл зэрэг 172,655,263 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Х.Аийн ажиллаж байсан ажлын байр орон тооны цомхотголд орж хасагдсан тул түүнд адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгосон боловч тэрээр зөвшөөрөөгүй тул олговор олгох үндэслэлгүй... гэж маргасан байна.

 

1.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрээр Х.Аийг ЭХХТ-ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭХХТ-ААТҮГ-аас 12,440,489 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. (1-р хав-6-13х)

 

1.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ нь нэхэмжлэгч Х.Аийг тус төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилоогүй, шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан эрх зүйн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд хандаж байсан үйл баримт тогтоогджээ. (1-р хав-14-25)

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрээр Х.Аийн ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 32,097,137 төгрөгийг ЭХХТ-ТӨААТҮГ-аас гаргуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01383 дугаар тогтоолоор тус тус өөрчлөн ЭХХТ-ТӨААТҮГ-аас 29,148,319 төгрөг гаргуулж Х.Ад олгож шийдвэрлэсэн байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01383 дугаар тогтоолоор Х.Аийн сарын дундаж цалинг 2,061,436 төгрөг, 1 өдрийн цалин 95,880.7 төгрөг болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

1.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн бичмэл баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах хэсэг нь биелэгдсэн, харин ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдээгүй байгаа болох нь тогтоогдсон байх ба төлбөр төлөгч ЭХХТ-ТӨААТҮГ-аас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/337 тоот албан бичиг ирүүлснээс хойш ямар ажиллагаа явагдсан нь тодорхойгүй байна. /2хх-ийн 46-70/

 

1.д. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ...нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүйд Х.А өөрөө буруутай, түүний ажиллаж байсан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал цомхотгогдсон тул адил чанарын албан тушаал санал болгосон... гэж тайлбарлажээ.

 

Гэвч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор ЭХХТ-ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталснаар Захиргаа удирдлагын хэлтсийг Хүний нөөц, гэрээ, эрх зүйн хэлтэс болгож өөрчилсөн (1-р хав-167-170) байхад хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Х.Ад ...байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус төвийн санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллахыг санал болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажлын байр учир цалин, олговор хэвээр олгогдоно гэсэн мэдэгдэл өгсөн (2-р хх-ийн 163) нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, дээрх мэдэгдэл өгөх үед Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 93, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан ба эдгээр тогтоолын хавсралтаар батлагдсан ЭХХТ-ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц албан тушаалын жагсаалт хавсралтад зааснаар хариуцагч байгууллагад Захиргаа, удирдлагын хэлтэс, түүний даргын орон тоо өөрчлөгдөөгүй, хэвээр байсан бөгөөд Д.Баттулга уг албан тушаалд ажиллаж байсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдсон байна. (хх-ийн 156, 176-183)

 

Гэтэл анхан шатны шүүх ..өөр ажлын санал хүлээж авахгүй, ажил олгогчийн саналыг зөвшөөрөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ажил олгогчтой үл ойлголцол үүсгэж байсан... гэж хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор ЭХХТ-ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, Захиргаа удирдлагын хэлтсийг Хүний нөөц, гэрээ, эрх зүйн хэлтэс болгож өөрчилснөөс хойш хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ нь өмнөх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрийг гарснаас хойш нэхэмжлэгч Х.Аийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.

 

2. Давж заалдах гомдлын талаар

 

2.а. Нэхэмжлэгч Х.Аийн ажилгүй байсан бүх хугацаа нь 2018 оны 02 дугаар 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 жил, 10 сар, 20 хоног болж байх бөгөөд нэг сарын дундаж цалин 2,061,436 төгрөгөөр тооцвол 94,826,056 төгрөг, 1 өдрийн цалин 95,880 төгрөг бөгөөд 20 хоногийн цалин 1,917,600 төгрөг, нийт 96,743,656 төгрөгийг ЭХХТ-ТӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгох нь зүйтэй байна.

 

2.б. Нэхэмжлэгч Х.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 96,743,656 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-д даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

 

2.в. Харин ЭХХТ-ТӨААТҮГ-ын захиргаа, Үйдлвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээний 3 дугаар заалтын 3.4-т жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно гэсэн нь бодитойгоор ажил үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа ажилтанд хамаарахаар байна.

 

Мөн ажилтныг ажлаас хууль бусаар халсны үр дагаврыг арилгахад буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, цалингийн нэмэгдэл зэрэг нийт 75,911,607 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.

 

2.г. Өмнө нь Х.Аийн нэхэмжлэлтэй ЭХХТ-ААТҮГ-д холбогдох Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00637 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1477 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ2017/01468 дугаар тогтоол зэргээс үзэхэд ажил олгогчийн 2016 оны Б/54 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоосон. Гэтэл уг тушаал гарахаас өмнөх хөдөлмөрийн харилцааны талаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Ажил олгогчийн 2016 оны Б/54 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр гараагүй, тухайн үед хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой татгалзал, тайлбар, гомдол гаргаж байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагын захирлын 2015 оны Б/17 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, зэрэгт үндэслэн эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлаар дахин дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-аас 96,743,656 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,911,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ... үлдээж, хариуцагч ЭХХТ-ТӨААТҮГ-аас 641,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгосугай тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,323,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ