Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

О.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, Ерөнхий шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Т.Нансалмаа,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, Ч.Баднайнямбуу,

Хохирогч Г.Б өмгөөлөгч Л.Батаа /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.О холбогдох 2117000220104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Яллагдагч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Б эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эeрэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Б бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурласан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Б биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: О.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт О О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А овогт O О эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О оногдуулсан 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлээс 5 077 127 /таван сая далан долоон мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг хангаж, иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж хохирогч Г.Б олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг тухайн үед нянгийн шинжилгээг огт хийгээгүй.  

            Хагалгааны үед шинжилгээ хийсэн боловч нянгийн шинжилгээ огт хийгдээгүй гэсэн байдлаар буруутгасан. 2-рт мэс заслын тандалтыг огт хийгээгүй гэдэг байдлаар бас буруутгасан. Дээрээс нь 549 дэх заалтын дагуу мэс заслын тандалтыг 30 болон 90 хоногийн хугацаанд тандах ёстой түүнийг тандаагүй гэсэн байдлаар буруутгасан байгаа. Миний хувьд Б эмнэлэгт хэвтсэн цагаас нь хойш төрөөд гарах хүртэл нь хяналт тавиад явсан. Төрсний дараа ямар нэгэн халуурах, зовиурлах шинж илрээгүй байхад, намайг халуурсан байхад огт үзээгүй байдлаар буруутгасан байгаа. Баасанжавд зовиур илэрсэн үү, үгүй юу гэдгийг эх баригч, сувилагч болон жижүүр эмч нар баталдаг. Би хагалгааны дараа 24 цаг жижүүрт гараад хянасан байдаг. Тухайн нөхцөл байдалд Баасанжавын шарх янз бүрийн зовиур илэрсэн тийм шинж илрээгүй. Эмнэлгээс гарах үед 25-ны өглөө үзсэн. Тэгээд боолтын сувилагч боолтоо хийх байсан, би өглөө өөрөө үзэхэд шарх хэвийн байсан. Тэгээд шархыг эход харсан, хэвийн халуунгүй, амин үзүүлэлт нь тогтвортой байсан. Ээжээс асуухад зовиур гайгүй гэж хэлдэг байсан. Тухайн өдөр шинжилгээ өгөх байсан, шинжилгээний хувьд өөрчлөлт харьцангуй гайгүй байх юм бол эмнэлгээс гарч болно гэсэн байдлаар би тайлбар өгөөд, өрхийн эмч чинь ирж хүлээж авна шүү гэж зөвлөгөө өгөөд явсан байдаг. Тэгээд яг гарсныхаа маргааш өглөө эрт боолтоо ирж хийлгээрэй. Өдөр бүр өглөө эрт ирж боолтоо хийлгээрэй гэдгийг зөвлөсөн. Эмнэлгээс гарах үедээ боолтоо хийлгээгүй, боолтын сувилагчийг хүлээж чадалгүй гараад явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь боолтын сувилагчаасаа боолттой ээжүүд бүгдээрээ ирсэн үү? гэхэд Баасанжав өвдөөд байна гээд намайг ирж боогоод өгөөч гэсэн байдлаар над руу мессеж бичээд байна гэсэн. Б, яагаад зовиурилсан юм бол оо?  гайгүй гарсан. Ямар ч байсан чи очоод боолт хийж өг гэсэн. Би зохих эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж бодож байгаа. Энэ хүнд маш хоруу явцтай, цахилгаан хэлбэрээр нянгийн үүсгэгч цаг цагаар хэмжигдэж, шинж тэмдэг нь илэрч байсан. Эмнэлгээс гарах хугацаанд зовиур байхгүй байж байгаад эмнэлгээс гарсан хойно зовиур илэрсэн гэж үзсэн. Б, нөхцөл байдалд, шархны халдвар, гэр орчинд хэр халуун бүгчим байна, ээж маань шархыг арчилж чадсан байна уу? гэдгээсээ бас их хамаарч шарх их буглагдах, эсвэл халуурах шинжээсээ хамаараад нянгийн явц түргэссэн байх магадлалтай. Маргааш өдрөөс нь эхлээд ээж маань зовиурилж эхэлсэн байдаг. Уг нь өглөө эрт ирээд боолтоо хийлгээд, тандалтаа хийлгэсэн бол умайг авах дээрээ хүртэл тулахгүй байсан байх гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд шарх нь бохирдсон, идээлсэн, эхүүн үнэртэй байна гэнгүүт чи өөрөө ямар ч байсан авчирна шүү гээд шууд эмнэлэгтээ яаралтай авчруулаад зохих тусламжийг үзүүлсэн. Энэ халдварын хувьд цаг хугацаа эрт зөв цагт нь зөв авсан учраас энэ хүнд нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардсан ч гэсэн аварч чадсан л гэж үзэж байгаа. Тэгэхээрээ үүнийг эмнэлгийн нөхцөлд үүсэж эмнэлгээс гарахдаа авсан, эмнэлгээс гарахдаа энэ халдварыг аваад 2 дахь өдрөөсөө зовиурлсан гэдэг бол нийцэхгүй байна. Тэр үндэслэлээр өнөөдөр би тусламж үйлчилгээг зохих хугацаанд нь үзүүлсэн гэж боддог. Тэгэхдээ энэ хүнд ийм заалт гарсанд үнэхээр харамсаж байгаа. Ер нь мэс заслын шарх, мэс заслын хагалгаа, хийсвэр хагалгаа гэдэг бол тухайн хүний биеийн онцлогоос хамаараад эрсдэл хүндрэл гардаг. Энэ хүний хувьд шарх нь хүндрээд орж ирсэн. Ер нь 539 дээр төрсний дараа 30 хоногийн дотор болон мэс заслын шархаас 30-аас 90 хоногийн дотор тандалт хийх ёстой гэж үздэг. Тэр тандалтыг эмнэлэгт байх хугацаанд нь эмч, сувилагч хийнэ. Эмнэлгээс гарсан хугацаанд ээж өөрөө өдөр болгон бид нар дээр ирж тандалтаа хийлгэнэ, эсвэл өрхийн эмч очиж харж тандаж халдварыг илрүүлэх тандалтыг хийдэг гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн дахь 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх үзэхдээ зохих тусламж үйлчилгээг үзүүлээгүй байна. Энэний улмаас хохирогчид ийм хэмжээний хор уршиг учирсан гэж үзэж байгаа нь хэргийн үйл баримттай тохирохгүй байна. Шүүхийн хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор, шүүх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, мөн дордуулах цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж асуудалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Анхан шатны шүүх цагаатгах талын нотлох баримтыг огт үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Бидний харж байгаагаар анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон гурван гол үндэслэл байна гэж харж байгаа, яллах дүгнэлт ч мөн ингэж орж ирсэн. 1-рт эмнэлгийн орчинд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эерэг нянгийн улмаас халуурсан байхад зохих тусламж үйлчилгээг үзүүлээгүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ хоруу чанар өндөртэй грамм эерэг нян нь өөрөө эмнэлгийн орчинд үүссэн юм уу?, үгүй юм уу? гэдэг асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох ёстой болж таарсан. /Буруутгаж байгаа гол асуудал/ Тэгэхлээр эмнэлгийн орчинд энэ хоруу чанар өндөртэй грамм эерэг нян үүссэн, үүсээгүй гэдэг тал дээр ерөөсөө өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шалгах ажиллагаа явуулаад, явуулаад тогтоогоогүй юм билээ. Ер нь тогтоох ч боломжгүй юм билээ. Яг тогтооё гэсэн ч, ховор тохиолддог, нян хэзээ, хаанаас яаж дамжаад халдварласныг нэгэнт тогтоох боломжгүй байхад энэ үндэслэлээрээ гэм буруутайд тооцож, ерөөсөө болохгүй. Тэгэх ямар ч үндэслэл байхгүй, харин ч энэ эмнэлгийн нөхцөлд үүссэн юм байна гэж үзэх боломжгүй болох нь, өөрөөр хэлбэл үгүйсгэх баримтууд хэрэгт хангалттай байгаа. Маш тодорхой бид нар гомдолдоо дурдсан, би зүгээр дурдаад л явчихъя. Гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Гэрч*******,*******,, шинжээч Жаргалтогтох гээд энэ хүмүүсийн мэдүүлгүүдээр энэ нян бол ерөөсөө эмнэлгээс авсан гэж үзэх ямар ч боломжгүй, хаанаас авсан гэдгийг нь тогтоох боломжгүй гээд бүгдийг нь эмнэлгийн мэргэжлийн хүмүүсийн мэдүүлгээр энэ нянг энэ эмчийн буруугаас болоод эмнэлэгт авчихжээ гэж буруутгах боломжгүй байсан. Мөн энэ гэрчүүдийн мэдүүлгүүдээс гадна шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтүүдээр ерөөсөө энэ хоруу чанар өндөртэй грамм эерэг нян нь эмнэлгийн орчинд үүссэн гэж үзэх үндэслэл үгүйсгэгддэг. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын нарийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн 2021 оны  07 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 878 тоот дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16, 20 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр энэ нянг эмнэлгийн орчинд авсан байна гэж үзэх ямар ч боломжгүй гэдэг. О  2-рт юу гэж үзэж байгаа вэ? гэхлээр хагалгааны 2 дахь өдрөөс эхлээд наад Баасанжав гэдэг хүний чинь бие нь сульдаад ядраад зовиуртай байхад чи яагаад тусламж үзүүлээгүй юм бэ? гээд буруутгаад байгаа. Тэгээд үнэхээр 2 дахь өдрөөс эхлээд энэ******* биед ийм шинж тэмдэг илэрсэн юм уу? Ийм байсаар байхад энэ хүн үүргээ биелүүлэхгүй ямар ч тусламж үйлчилгээ үзүүлэхгүй арга хэмжээ авахгүй санаатай ийм үйлдэл гаргаад байсан юм уу? гэдгийг нь харахлаар үгүйсгэх хангалттай үндэслэлүүд хэрэгт байдаг. Өөрөөр хэлбэл хагалгаа хийснээс хойш эмнэлгээс гарах өдөр хүртэлх хугацаанд Оюун эмчийн зүгээс шаардлагатай бүх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байгаа. Гэрч мэдүүлэг 3 дугаар хх-ийн /209 дүгээр хуудас/, мэдүүлэг 3 дугаар хх-ийн /204 дүгээр хуудас/, мэдүүлэг, мэдүүлэг, мэдүүлэг 01 дүгээр сарын 11-нд эмнэлэгт хэвтсэнээс хойш 25-нд гарах хүртэлх хугацаанд шаардлагатай эмчилгээ хийгдсэн болох нь эдгээр хүмүүс мэдүүлсэн байдаг. Түүнийг хүлээж авсан өрхийн эмч мэдүүлсэн байдаг. 25-ны өдөр эмнэлэг дээрээ байж байхад гарч ирсэн. Ингээд үзэхэд ямар нэгэн зовиургүй хэвийн байсан гэдэг. Тэгэхлээр энэ хохирогчийг хагалгаанд орсноос хойш 2 хоногийн дараагаас эхлээд гаран гартлаа зовиур шаналгаатай байсан гэдэг түүний мэдүүлэг үгүйсгэгддэг. Хэрвээ үнэхээр ядраад сульдаад, зовиуртай үнэхээр хүнд хэцүү байсан бол тийм хүнийг эмч нар эмнэлгээс гаргана гэж бодохгүй байна. Харин ч хэвийн байсан учраас гаргасан гэж шүүгдэгч өөрөө хэлдэг. Мөн энэ үндэслэл шинжээчийн дүгнэлтүүдээр бас үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл хагалгаанд орсноос хойш гарах өдөр хүртэлх хугацаанд үнэхээр энэ буруутгаад байгаа шиг сульдах, ядрах зовиур шаналалтай байсан юм уу? үгүй юм уу? гэдэг нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 878 тоот шинжээчийн дүгнэлтээр гарсан байдаг. Энэ дүгнэлтэд эход тавьсан оноштой хийсэн эмчилгээ нь тохирч байна. Дээрх баримтуудаар хохирогч Б эмнэлгээс гарахаас өмнө хийсэн төрөлтийн дүгнэлт, эмчийн үзлэг шинжилгээ, шинжилгээний өөрчлөлт илрээгүй тул эмнэлгээс гаргасан байна гэсэн ийм дүгнэлтүүд гарсан байдаг. Оюун эмчийг үзлэг хийх үед ямар нэгэн халуунгүй биеийн байдал хэвийн байсан талаарх тэмдэглэгээ сторт бичигдэж бүртгэгдсэн байдаг. 3-рт Хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүйн улмаас хүндрэл үүссэн гэж буруутгадаг. Хагалгааны үзлэг боолтыг хийгээгүй асуудал дээр 2 удаа боолтын сувилагч боолт хийсэн гэж Баасанжав мэдүүлсэн байдаг. 25-ны өглөө эмч үзээд боолтоо хийлгээд гараарай гэсэн. Тухайн үед боолт хийдэг эмч нь байгаагүй учраас бид нар гэртээ гарсан. Гэртээ гараад байж байхад хүүхэд халуураад байсан учраас эмч дуудаад үзүүлсэн тухайн үед надад бас зовиур илэрсэн учраас үзүүлэхээр болсон гэдэг асуудлыг ярьсан байдаг. Мөн гэрчгийн мэдүүлэг байдаг. 01 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд боолт хийсэн болох нь тэмдэглэлээс тодорхой харагддаг. Мөн дүгнэлтүүд байдаг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэм буруутайд тооцоод байгаа үндэслэлүүдийг гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр давхар няцаасан байдлаар гомдлуудаа дэс дараалалтай тодорхой ойлгомжтой бичсэн байгаа. Тухайлбал Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн гишүүнээс гаргасан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа. Тэмдэглэлээс үзэхэд тухайн үед эход хэт эмгэг байдал харагдахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 878 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр хагалгааны дараа болон хийсвэр хагалгааны дараах шарханд цэвэр боолтыг 1-2 хоногт 1 удаа хийх шаардлагатай ба шаардлагатай тохиолдолд өдөр бүр 1-2 удаа хийх шаардлагатай байж болдог. 1-2 хоногт хийх боломжтой болов уу гэдэг ийм дүгнэлт гарсан байдаг. Ийм байдлаар 3 дугаар үндэслэлээр дээрх гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт үүсгэгдэж байна гэж харж байна. 4-рт Энэ эмч бол эмнэлгийн тусламж үйлчилгээг хохирогчид үзүүлэхдээ холбогдох дүрэм журам, заавар удирдамжийг зөрчөөгүй болох нь мөн хэргийн нотлох  баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй энэ баримтуудыг үгүйсгэх ямар баримт байгааг бас шийдвэртээ заагаагүй байна. Тухайлбал Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 03-ны 16 дугаарт дүгнэлт гарсан. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03, 02 дугаартай шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 878 тоот шинжээчийн дүгнэлт зэргүүдээр О.О эмчийг өвчтөнд зохих үйлчилгээ хийж байсан, шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр нотолж тогтоогдсон байдаг. 5-рт нь О.О эмчид холбогдох хэрэг бол урьд нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд буцаж байсан юм байна. Энэ заасан үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хурал хэлэлцэж байсан юм байна. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн боловч дээр дурдсанаар энэ эерэг бактери бол эмнэлгийн орчноос, эс үгүй бол ахуйн орчноос уу? гэдгийг тогтоож чадалгүй буцаж орж ирж байгаа юм байна. Магадлалд дурдагдсан асуудал бол хийгдсэн. Гэхдээ энэ О эмчийн буруугаас болж эмнэлгийн орчинд халдвар авчээ гэдэг байдал тогтоогдоогүй байгаа. 6-рт энэ анхан шатны шүүхийн нян судлалын шинжилгээг хийгээгүй гэж буруутгаж байгаа боловч энэ шинжилгээг ерөөсөө тухайн үед энэ эмнэлэг даяараа бүх тасаг хийж байгаагүй юм байна. Тэрнээс биш ганц О гэдэг хүн өөрийн буруугаас болоод ч юм уу? энэ О гэдэг хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүйн улмаас энэ шинжилгээ огт хийгдээгүй асуудал байхгүй юм байна лээ. Өөрөөр хэлбэл тухайн үед эмч нь байгаагүй ковидын шалтгаанаар Улаанбаатарт ажиллаж байсан учраас нийтээрээ хийгээгүй байгаа нь О эмчийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохыг заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын шатанд нотолвол зохих баримтуудыг үйлдсэн байхыг шаарддаг. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, хэн яаж үйлдээд байгаа, хэн гэм буруутай гэмт хэргийн сэдэл, зорилго, хэлбэр зэргийг тогтоосон байх ёстой. Дээрээс нь хамгийн гол нь давж заалдах шатны шүүхээс ч гэсэн буцаагаад байгаа тэр гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой байсан боловч энэ бүгдийг тогтоож чадаагүй байдаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн энэ хуулийн тайлбарт эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснээр О.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн биед үүссэн хоруу чанар өндөртэй грамм эерэг нян гэдэг нь эмнэлгийн орчинд үүсээгүй, хаанаас яаж халдварласныг тогтоох боломжгүй гэж гэрч болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогддог. Энэ нь хоруу чанар өндөртэй грамм эерэг нян эмнэлгийн орчинд биш ахуйн орчинд үүсэх боломжтой. Мөн тухайн хохирогч хүний дархлаа суларснаас үүсэх боломжтой гэсэн  гурван үндэслэлийг зааж өгсөн байдаг. Шинжээч нар энэ гурван үндэслэлийн яг алинаас нь болж үүссэн юм бэ? гэдгийг бол мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хууль тогтоомжуудыг зөрчөөгүй гэдэг нь гэрч болон шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Яллах дүгнэлтэд болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийн яг ямар заалтыг нь зөрчсөн юм бэ? гэдгийг нь бас мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож өгөөгүй. Гэтэл шүүх юу гэж буруутгасан бэ? гэхээр Г.Б эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/539 дүгээр тушаалд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалт зааварт заасан мэс заслын тусламж үйлчилгээ авсан бол 30 болон 90 хоногийн дотор халдвар илрүүлэх тандалт хийнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Гэтэл энэ заалтыг зөрчсөн талаар хэрэгт ямар ч нотлох баримт байдаггүй. Шинжээчийн дүгнэлтэд ч дурдагдаагүй. Шүүх өөрийнхөө санаачилгаар энэ дүгнэлтийг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тийм учраас О.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.О буруутгасан зүйл бол 1-рт  хэрэг дотор байгаа албан тушаалын тодорхойлолт гэж байгаа. Энэ дээр төрөлтийн дараах тусламж үзүүлэх эмч нар бол 1-рт сувилагч, асрагч нарын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, тэдгээрийн мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэсэн байгаа. Мөн ажлын бус цагаар дуудлага, ажил болон холын дуудлагын хуваарь гэдэгт ******* бол эх барих эмч гэдгээр тодорхойлолт нь гарчихсан байна. Гэрчүүд Н, М, Д, П нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны 16 дугаартай дүгнэлтийн 3-т зааснаар энэ дүгнэлтүүдээр буруутгадаг. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 518 дугаартай тушаал, Эрүүл мэндийн сайдын 539 дугаартай тушаалуудыг зөрчиж шинжилгээ хийгдсэн, мөн тухайн үеийнх нь нян илрүүлээгүй байна гэж яриад байдаг. Энэ нян гэдэг нь тухайн үед үйл явц болоод өнгөрсний дараа мөрдөн байцаалтын шатанд ахиж энийг шинжлэн судлах ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр тухайн үед нян халдварлаад тухайн үедээ өөрсдөө ариутгалаа хийгээд явчихсан байгаа учраас энийг нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн сая өмгөөлөгч нарын зүгээс ярьж байна. Хамгийн анхны шинжээч эмч Ж мэдүүлэг дээр эмнэлгээс авсан байх магадлалтай байна, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дүгнэлт мөн адил тэгээд гарчихсан. Нөгөө талаараа яриад байна. Шүүгдэгч ******* ярьж байна. мэдүүлгүүд би үзэж гаргасан гээд ярьсан. Тэгэхээр  мэдүүлэг дээр  ******* эмч гарга гэхээр нь гаргаж байна гэчихсэн. Нөгөө талаасаа мэдүүлэгт цагдаагийн байгууллага руу залгаад тухайн өдөр эмнэлэг рүү өөрөө очиж байж үзүүлсэн асуудал яригдаад байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас харахаар өөрийнх нь ажил үүргийнх нь тодорхойлолт дээр харахад төрөлтийн дараах тусламж үзүүлэх гэдэг утгаараа буруутгаж байгаа. Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гарсан дүгнэлтүүд байна. Дүгнэлтүүд нь эмнэлгээсээ халдварлах боломжтой гээд гарчихсан. Эдгээр нөхцөл байдлуудаас анхан шатны шүүх дүгнэлтээ гаргаад гэм буруутай юм байна гэдгийг тогтоосон. Тийм учраас Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэрэг анхан шатны шүүхийн 2024 оны 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийтгэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ы өмгөөлөгч нар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. 6 үндэслэл гаргаж тавьж байна. 1-рт  эмнэлгийн орчинд үүссэн нян, үүсээгүй гэдгийг  тогтоож чадаагүй гэж өмгөөлөгч нар үзээд байгаа. Анхан шатны шүүх дээр ингэж мэтгэлцэж байсан. Үүнийг яагаад эмнэлгийн орчноос үүссэн юм бэ? гэдэг тайлбараа хэлэхийн тулд 1-рт шинжээчийн 120 дугаартай дүгнэлт гарсан. Энэ хавтаст хэргийн 84-93 дугаар хуудсанд авагдсан. Энэ дүгнэлтээр эмнэлгийн орчинд үүсэх үндэслэлтэй эмнэлгийн дотоод халдварын гол үүсгэгч нян юм гэж байгаа. Дүгнэлтээр тогтоогоод өгчихсөн. 2-рт шинжээч эмч Ж дүгнэлт байдаг. Эмнэлгийн орчинд авсан нянгийн халдвар гээд үзчихсэн. Мөн гэрч М мэдүүлэг байгаа. Энэ халдвар бол маш богино хугацаанд хүндэрдэг. Халдвар авснаас хойш 5-6 цагийн дараа эмнэл зүйн шинж нь илэрч хүндэрч эхэлдэг. Гэтэл Баасанжав 13 цаг 30 минутад эмнэлгээс гараад гэртээ очоод 2 цаг буюу 15 цагаас 16 цагийн хооронд гэж байгаа, биед нь өөрчлөлт гараад цэлцэгнээд, тэгээд гэдсээр нь юм гүйгээд эхэлсэн. Тэгэхээр 2 цагийн дараа тэр хүнд илэрсэн. Тэгэхээр энэ ямар шалтгаант холбоотой байна гэхээр ерөөсөө эмнэлгийн орчинд нянгийн халдвар авсан байна. Аваад үргэлжлээд гэртээ очоод илэрсэн. Тэгээд дээр нь хохирогч Б, гэрч П нарын мэдүүлгээр нөхцөл байдал тогтоогдсон. Энэ дээр өмгөөлөгч нарт юу гэж няцаалт хийж байна гэхээр эмнэлгийн орчинд энэ нян үүсгэгджээ гэдгийг шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоож өгсөн, Энд эргэлзэх зүйл байхгүй. Сая сүүлд хагалгаанд орсон эмч нарын гэрчийн мэдүүлэг, эмч гэх зэрэг эмч нарын мэдүүлгийг сая дурдаж байна. Тэдгээр эмч нар өөрсдийнхөө л дүгнэлтийг гэрчилж өгсөн байгаа. Гэтэл шинжээч эмчийн дүгнэлтээр эмнэлгийн орчинд үүссэн байна гэдгийг тогтоогоод өгсөн юм гэдгийг хэлмээр байна. 2-рт хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн тусламж үзүүлээгүй, энийг хангалттай үзүүлсэн л гээд байгаа юм. Эмч ч хэлдэг би бүх эмчилгээгээ үзүүлчихсэн, харахад халуун бүлээн байгаагүй, бүх амин үзүүлэлт хэвийн л гээд байгаа юм. Гэтэл нөхөр болох П гэрч эмнэлэг дээр яаж халуурсан гэртээ ямар байдалтай байсныг мөн ээж, нагац эгч Н анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр орж нөхцөл байдлуудыг бүгдийг нь мэдүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс дээр хохирогч Б мэдүүлэг байгаа. Тухайн үед эмнэлгээс гарахад би маш их зовиуртай байсан. Энийгээ эмчид хэлэхэд эмч зүгээр, чи хөдөлгөөн хий, цус алдсан учраас ийм байдалтай байгаа гэсэн. Ийм байдлаар хариулт өгсөн Тэгэхээр эмч тусламж, үйлчилгээгээ хангалттай бүрэн үзүүлж чадаагүй нь эдгээр нотлох баримтуудаар нотлогддог. Шархны боолтыг мөн адил хийгээгүй. Энэ дээр гаргахдаа шархыг нь үзээгүй, нээгээгүй шарханд боолт хийсэн талаар хэрэгт авагдсан тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэлд нэг ч дурдаж өгөөгүй байдаг. Энэ бол тухайн заавар журмуудыг зөрчсөн ажиллагаанууд байгаа. Гэтэл заавар журмуудыг яс биелүүлсэн, огт хэрэгт хийгээгүй гээд өмгөөлөгч дээр яриад байгаа юм. Гэтэл сая хохирогчийн өмгөөлөгч Батаа хэллээ. Заавар журам гэдэг чинь Эрүүл мэндийн яамны сайдын гаргасан журмыг л дагаж мөрдөх ёстой эмч, эмнэлгийн ажилтан. Гэтэл энэ заавар журмынхаа 518, 539 дүгээр тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалын 1.1, 1.2, 1.6-д заасан заалтууд гэх зэрэг журмуудыг зөрчсөн, дээр нь албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдчихсон учраас дахин шалгах шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Ингээд давж заалдах шатнаас урд нь ороод магадлалд заасан ажиллагааг хийсэн боловч эргэлзээгүй тогтоож чадаагүй гээд байгаа. Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Нян судлалын шинжилгээг эмнэлэг даяараа хийгээгүй учраас *******д хамааралгүй гэсэн байдлаар өмгөөлөгч сая гомдолдоо дурдаад байх шиг байна. ******* эмч бол Эх нялхас, эрүүл мэндийн тасгийн эрхлэгч ажил үүргийнхээ дагуу тухайн эмнэлэгт нян судлалын шинжилгээг хийж байх ёстой. Тухайн албан тушаалтан нь Улаанбаатар хотод сургалтаар явсан хэдий боловч түүний авах арга хэмжээг авах ёстой. Гэтэл тэрийг ямар нэгэн авах арга хэмжээ, түүнд үр дүн гарсан зүйл хэрэг дотор нэг ч байхгүй. Тэгээд энэ тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас өвчтөний биеийн үнэлгээ хийгээгүй, заавар журмаа зөрчсөн. Тэгээд хохирогчийн биеийн байдал, тухайн үед төрөлтийн явцад 1 литр 200 гр цус алдсан. Тухайн хүний биеийн байдал ямар эрсдэлтэй байгааг урьд нь төрөхөөс өмнөх 10 хоногийн хяналт гээд энэ бүх ажиллагаанд О.О эмч хяналтаа бүрэн дүүрэн тавьж, мэдсээр байж хагалгаанаас 2 хоногийн дараа гаргаад тухайн эмнэлгээс хоруу чанар өндөртэй грамм эерэг нян илэрснээс хохирогчийн амь насанд аюултай, хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон. Нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу нотлох баримтуудыг үнэлж дүгнээд О.О гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэж шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн зөрчил гаргаагүй шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан гэж прокурорын зүгээс үзэж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд, заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

         Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Б эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эeрэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Б бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурласан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Б биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай, үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

           Хохирогч Г.Б: ... Эхний өдөр миний норкоз гараагүй байсан учраас өвдөлт мэдэгдээгүй бөгөөд 2 дахь өдрөөс ерөнхийдөө бие өвдөөд байсан. ... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө О.О эмч эход хараад чи өнөөдөр эмнэлгээс гарна кесар хагалгааны явцад бага зэрэг хүндрэл гарч цус алдсан, одоо цусаа нөхчихөд л болно гээд шарх үзээд зүгээр байна гэж хэлээд намайг эмнэлгээс гаргахаар болсон. ...эмнэлгээс гарахад боолтны сувилагч байхгүй байсан учраас маргааш амбулаториор ирж боолт хийлгээрэй гэж О эмч хэлсэн. ... гэртээ 13 цаг 30 минутын үед ирээд байх байхад миний бие маш их өвдөж байсан. ... 15-16 цагийн орчим миний хэвлийн урд хэсэг, хөхний доод хэсгээр цэлцэгнэсэн, хөөсөрсөн юм шиг зүйл үүссэн байсан. ... дарж үзэхэд шажигнасан чимээтэй байсан бөгөөд тэр зүйл нь ийш тийшээ арьсан дотор гүйгээд байсан. ... би ингэж өвддөг юм байх гэж бодоод өвчин намдаах лаа хийгээд хоносон боловч тэр шөнөжингөө өвдөөд унтаж чадаагүй. Манай нөхөр болон эгч Улаанбаатар хотоос О эмч рүү ярьж байж 17 цагийн үед боолтны сувилагч ирж үзээд болохоо больсон байна гээд эмнэлэг рүү авч явсан. ... гэх мэдүүлэг,

           Гэрч Д.Н: ... төрсний дараа Г.Б утсаар ярихад дуу нь их сул байхаар нь эмчдээ хэлсэн үү гэтэл кесар хагалгаанд орохоор ингэдэг юм байлгүй гэж хэлсэн. ... Г.Б бие нь сайжрахгүй төрснийхөө маргаашаас эхлээд бие нь өвдсөөр байгаад эмнэлгээс гарсан. ... О.О эмчийн утасны дугаарыг аваад ярьтал кесар хагалгаанд орсон хүн угаасаа өвдөнө шүү дээ гээд байсан. ... гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Д: ... би Г.Б хагалгааны шарханд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боолт хийсэн. 01 дүгээр сарын 24-ний өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор боолт хийгээгүй бөгөөд цэвэр шархыг нэг өнжөөд боолт хийж болдог болохоор түүний шарханд боолт хийгээгүй байсан. Тэгтэл Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг хагалгаанд орж байхад яараад эмнэлгээс гараад явчихсан байсан. ...гэх мэдүүлэг,

           Гэрч Б.М: /ЭХЭМҮТ-ийн лабораторын эмч/ ... Г.Б шархны бактериологи шинжилгээнд грамм эерэг нян ургасан. Энэ нь эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй нян мөн. /байж болно гэж үзэж байна/ Учир нь эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч олон төрлийн бактерийн нэг нь юм. Б 2021 оны 01 дүгээр сарын 29-нд хийсэн баруун ташааны толгойн сөрөг зүсэлт, баруун суганы доор сөрөг зүсэлт, 2021 оны 02 сарын 01-ний өдөр 2 ширхэг сөрөг зүсэлт, ар ханын зүсэлт зэргээс грамм эерэг бактери ургасан. Энэ нян нь эмнэлгээс халдварласан байж болно. .... Г.Б шээсэнд тухайн бактери илрээгүй зөвхөн шархнуудаас тухайн бактери илэрсэн ... гэх мэдүүлэг,

           Гэрч Г.И: ... 2 баг Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод өвчтөнд яаралтай мэс засал хийх шийдвэр гаргасан. ... яаралтай мэс заслыг Эх нялхасын төвийн эмэгтэйчүүдийн эмч Д, эмч О.О, миний бие хамтран хийсэн. ... эмч нар идээт голомтыг  арилгахын тулд умай авах мэс заслыг, хэвлийн өмнөд ханаар тархсан идээт процессыг арилгах зорилгоор хэвлийн хажуу хананд 10 орчим зүслэг, нээлт хийсэн бөгөөд хэвлийг угааж цэвэрлэсэн. ... Кесорва мэс заслын дараах шархны грамм эерэг нянгийн шалтгаант идээт үрэвсэл, эмэгтэй аарцагны цочмог перитонит, умайн хүзүү, архаг идэвхжилт цервицит, 2 талын үрийн хоолойн хоёрдогч сальпингит орчмын идээт үрэвсэл гэсэн дүгнэлт гарсан байна. ...Энэ дүгнэлт юуг илэрхийлж байна вэ гэхээр уг эмэгтэй үтрээ, умайн хүзүү, умайн архаг идээт үрэвсэлтэй жирэмсэн байсныг нотолж байна. ... гэх мэдүүлэг,

          Шинжээч Л.Ж: ... тухайн үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны шархнаас болон гарч байгаа идээт ялгадаснаас бактериологийн шинжилгээнд зориулан дээж аваагүй байсан. ...тухайн үед ямар нянгаар үүсгэгдсэн үрэвсэл вэ гэдгийг эмч нар тогтоогоогүй. ... Г.Б хувьд хагалгаа хийлгэснээс хойш 4 дэх хоног дээрээ шархны халдварын зовиур, шинж тэмдгүүд илэрсэн мөн олон антибиотикт тэсвэртэй байсан учир үүнийг эмнэлгийн орчинд авсан нянгийн халдвар гэж үзэх боломжтой. ... шээсээр ялгарч байгаа нянд ямар төрлийн нян байсныг тодорхойлох бактериологийн шинжилгээ хийгдээгүй. ... гэх мэдүүлэг зэрэг болон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.                    Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж  үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

         Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтууд болох хохирогч Г.Б нь төрөхөөс өмнө эмнэлэгт хэвтэн 10-д хоног эмчлүүлсэн, хийсвэр  хагалгаагаар төрсний маргаашаас бие нь маш их өвдөж зовиурлаж байхад эмч О.О нь “ ... хагалгааны дараа өвдөнө шүү дээгэж хэлээд 3 хонуулаад эмнэлгээс гаргасан, эмнэлгээс гаргахдаа биеийн байдлыг эхо-д харсан гэх боловч зураг болон бичлэг байхгүй, хийсвэр хагалгаа хийсэн өдөр мэс заслын өрөө болон мэс заслын багаж хэрэгслээс бактериологийн шинжилгээ аваагүй, мөн халдвар илэрсэн тохиолдолд ч эмнэлгийн орчноос бактериологийн шинжилгээ аваагүй, /Эрүүл мэндийн сайдын А/536, А/537, А/538 дугаар тушаал зөрчсөн/, хохирогч Г.Баасанжав нь 2021 оны 02 дугаар сарын 22-нд хийсвэр хагалгаанд орж төрсөн бөгөөд 23-нд нэг удаа боолт хийлгээд 24, 25-нд  боолт хийлгэж чадаагүй эмнэлгээс гарсан. Эмнэлгээс 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчим гарсан бөгөөд маш их зовиуртай, тамир тэнхээгүй, өөрөө ч явахад бэрхшээлтэй байсан, 15-16 цагийн үед хэвлийн урд хэсэг, хөхний доод хэсгээр цэлцэгнэсэн хөөсөрсөн зүйл үүссэн байсан, маргааш буюу 26-ны өдөр эмнэлэгт хүргэгдэж шарх нь болохоо больсон байсан тул 29-нд хагалгаанд орсон, умайг бүхэлд нь тайрч авсан, дахин жирэмслэх боломжгүй болсон. Грамм эерэг нян нь эмнэлгийн орчинд байдаг нян бөгөөд 2021 оны 01 сарын 29-нд шинжилгээ хийсэн ЭХЭМҮТ-ийн нэгдсэн лабораторийн эмч Б.М  ... энэ нян нь эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч олон төрлийн бактерийн нэг нь юм. ...  Г.Б шээсэнд тухайн бактери илрээгүй... ” гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн шээснээс уг нян илрээгүй тул хохирогчийн биед уг нян байсан гэж үзэх боломжгүй, мөн гэрээсээ уг нянгийн халдвар аваагүй байна. /Эрүүл мэндийн сайдын А/538 дугаар тушаалын 1,3 дугаар хавсралт, Ванкомицинд тэсвэржсэн энерококсийн тандалт, халдвараас сэргийлэх зааварын 2.12, 3.1, 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4.4/

          Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч О.О нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед нян судлалын эмч нь эзгүй байсан гэдгээр лабориаторын шинжилгээ, нянгийн дээжийг огт аваагүй, үүнд тасгийн эрхлэгчийн хувьд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, эмнэлгийн удирдлагад зохих асуудлыг тавьж шийдвэрлүүлээгүй, /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай ЭМС-н 566 тоот тушаалын 3.2, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа NNS 5095:2017 стандартын 5.7/, өвчтөний боолт хийгдээгүй байдалд эмчийн хувьд хяналтаа тавиагүй, хохирогч Г.Б шархны байдлыг журналд 25-нд, өвчтөний түүхэнд 24, 25-нд тандсан тэмдэглэлгүй, боолтын сувилагчаас өөр хүн шарх үздэггүй, /Эрүүл мэндийн сайдын А/539 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1.5/, хагалгааны дараах өдрүүдэд өвчтөний биеийн байдлыг зөв үнэлж, анхаарал хандуулаагүй, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудсыг бүрэн хөтлөөгүй, тухайн өвчтөнд чиглэсэн сувилгааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээгүй /2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/32 дугаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тасгийн эрхлэгчээс чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулсан, /Эрүүл мэндийн сайдын 611 дүгээр тушаал/ зэргээр өвчтөнд тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Мөрдөн байцаагчаас 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоолоор ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Т.О, эрүүл ахуйч Г.Н нарыг шинжээчээр томилсон боловч дээрх хүмүүсийн гаргасан гарын үсэгтэй дүгнэлт ирээгүй, албан тоотод дүгнэлтийн талаар бичиж Ж.Б гэгч гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байхад прокурор хяналт тавиагүй, шүүхээс уг албан тоотыг шинжээчийн дүгнэлт гэж үзэж нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

         Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ

                         ШҮҮГЧ                                                 Н.БОЛОРМАА

                         ШҮҮГЧ                                                 О.ОДНЯМАА