| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03590/И |
| Дугаар | 191/ШШ2025/06758 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/06758
| 2025 08 08 | 191/ШШ2025/06758 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СШИ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.М холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч И.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Сүлд Шонхор Инвестмент” ХХК-с 23 000 000 төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 6% /зургаан хувь / хүүтэй зээлж Зээл болон Фидуцийн гэрээ байгуулсан болно.
Зээлдэгч Баадай ургийн овогтой, ******* овогтой ******* РД:*******/ нь 2016 оны 04 сарын 19-ний өдөр, манай “*******” ХХК-с СШИ-УГ-01/0101 тоот зээл болон фидуцийн гэрээгээр, 1 сарын хугацаатай, 6%-ийн хүүтэй, 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийн зээл авсан. Уг зээлийн барьцаанд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, 57-63 УБТ улсын дугаар бүхий ЗТМ1Ю943И4078659 арлын дугаартай, хар өнгийн ТОҮОТА маркийн, Land Cruiser 200 автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн Зээлдэгч нь 2017 оны 2 дугаар сарын 19-өөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн төлбөр болон зээлийн хүү, алдангийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба барьцаа хөрөнгийн тулгатыг нэг ч удаа хийлгээгүй.
Зээлдэгч И.*******ийг “Сүлд Шонхор Инвестмент” ХХК-ийн зүгээс удаа дараалан шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 12 420 000 төгрөг, алданги 7 852 000, нийт 43 272 000 өр төлбөртэй байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийг сар бүрийн гэрээний сунгалт дээр ирж барьцаа хөрөнгийг үзүүлж тулгалт хийлгэхийг сануулан шаардахад автомашиныг ******* аймгийн ******* суманд ХХК-ийн доор хөрс хуулалтын ажилтай байгаа хот орохоороо машинаа үзүүлнэ гэдэг байсан ба машины арлын дугаар болон зургийг нь явуулаач гэхээр явуулдаггүй өнөөдрийг хүрсэн.
Зээлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш зээлдэгч И.******* нь манай байгууллагатай холбогдох үедээ удахгүй төлнө гэж хэлээд худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэрийн хаягаар очиж ******* болон түүний эхнэр тэй уулзахад:
Би энэ асуудлыг ер мэдэхгүй *******ын ажилд оролцдоггүй хэмээн хэлсэн. И.******* нь утсаар ярьж шаардахад, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байсан. И.******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэнд бид маш их харамсаж байна.
Иймд Үндсэн зээл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 12 420 000 төгрөг, алданги 7 852 000 төгрөг, нийт 43 272 000 төгрөгийг И.*******аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
Иргэний хуулийн 281-286 зүйлүүд мөн 232-р зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-с хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус үндэслэв.
1.1. Хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 15 болон 04 дүгээр сарын 19-нд тус тус зээл авсан байдаг. Үүнээс хойш зээл төлөлт хийж байгаад барьцаагаа авчирч үзүүлж гэрээгээ сунгах ёстой байсан боловч ирээгүй. Тухайн үед зээлээ нэхээгүй гэж байна. Өмнө нь энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч нэмэгдүүлсэн хүү нэхэх эрхгүй гээд хүчингүй болгосон байдаг. Иймд үндсэн зээлд 23 сая, хүүд 12,420,000 төгрөг, алданги 7,852,000 төгрөг, нийт 43,272,000 төгрөг нэхнэ. Сүүлийн гэрээний үүрэг нэхэж байгаа юм. нь манайд үнэлгээчнээр ажиллаж байсан. Захирлын үеэл мөн юм. Машиныг нэр дээрээ шилжүүлж авсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. 2017 оны 02 дугаар сарын 14-с хойш үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Түүнээс хойш машинаа авчирч үзүүл гэхэд хөдөө байгаа гээд үзүүлээгүй. Өмнө нь шүүхээр өмнөх 3 сарын гэрээний асуудал шийдэгдсэн бөгөөд энэ дараа сарын гэрээ биш юм. Зээлийг бэлнээр олгосон. Тухайн үед зээл олгосон нягтлан ажлаасаа гарчихсан. Баримт гаргаж өгөх үүргээ мэдэж байгаа юм. Баримтыг хараагүй. 2017 оны 10 дугаар сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм. Хүлээн авахаас татгалзсан юм. Тухайн үеийн хариуцсан ажилтан ажлаасаа гарсан асуудлыг бид мэдээгүй гэв.
2. Хариуцагч И.******* нь шүүхэд, түүний өмгөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд И.******* надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Уг нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь одоогоос 9 жилийн өмнө болсон. Тиймээс үйл явдлыг нарийн тодорхой, бүрэн дэс дараалалтайгаар санахгүй байгаа боловч санаж байгаа хүрээндээ дараах тайлбарыг гаргаж байна.
2016 оны 04 дүгээр сарын эхээр “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дүү Д. нь “ ... ******* ХХК-аас мөнгө гаргах гэсэн юм гэрээнд гарын үсэг зураад өг... ” гэж хэлсэн.
Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний 23.000.000 төгрөгийг надаар дамжуулж, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дүү нь 23.000.000 төгрөгийг авсан.
И.******* би энэ 23.000.000 төгрөгөөс нэг төгрөг ч хувьдаа авсан зүйл байхгүй. Энэ нөхцөл байдлыг ч “*******” ХХК-ийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд мэдэж байсан.
Тиймээс надаас нэхсэн маргасан зүйл огт байдаггүй. Угаасаа уг зээлийг хариуцвал зохих этгээд И.******* би биш юм.
Нөгөөтэйгөөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан тул 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэх зээлийн гэрээний дагуу шаардлага гаргавал зохих хугацаа 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусаж байгаа (нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэнээр)
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж хуульчилсан тул уг үүргийг гүйцэтгэлийн уг зээлийн гэрээний дагуу надаас шаардсан нь үндэслэлгүй. Миний зүгээс уг үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Хариуцагчийн тайлбарыг дэмжинэ. Зээл нь бодитоор хариуцагчид олгогдоогүй. Нэхэмжлэгчийн ажилтан нь нэр ашигласан байдаг. гэдэг хүнтэйгээ асуудал шийднэ. Фидуцийн гэрээгээр үүргийг хангах ёстой. Фидуцийн зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд татгалзах эрхтэй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Автомашины зээлийн гэрээний хуулбар /хх5-6/, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх7-8/, зээлийн тооцооллын хүснэгт /хх15/, авто тээврийн хэрэгслийн үнэлгээний хуудас /хх51/, зээл хүсэгчийн анкет /хх52/, гараар бичсэн хүсэлт /хх53/, 2 ширхэг гэрэл зураг /хх54-55/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,000,000 төгрөг, хүү 12,420,000 төгрөг, алданги 7,852,000 төгрөг, нийт 43,272,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч И.******* нь зээлийн гэрээ байгуулсан боловч зээл аваагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
4. Зохигч 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 23,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх5-6/
Гэрээний 2.1.4-т зааснаар гэрээг 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан тул гэрээ дуусах өдөр нэхэмжлэгчид гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг мэднэ гэж тайлбарласныг дурдав.
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энэ хэрэгт маргаж буй гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс тоолж эхэлнэ.
Улмаар хэрэгт байгаа баримтаар маргаж буй зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсжээ.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгосноор зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог.
Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй боловч зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн ажилтан нэр ашиглах замаар авсан гэх агуулгаар маргаж байна. Өөрөөр хэлбэл зээлийн мөнгө хөрөнгө олгогдоогүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийг бэлэн мөнгөөр олгосон гэж тайлбарласан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн нь кассын зарлагын баримтыг хараагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээл олгосон талаарх тайлбараа нотлох хангалттай хугацаа өнгөрсөн байна.
6. Дээрх үндэслэлээр зээл олгосон үйл баримт тогтоогдоогүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч И.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 43,272,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД