Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00066

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00066

 

Магадлал

2022.01.07

 

Б.Ч, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02196 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Б.Ч, Б.Б

хариуцагч ТТЖВСӨХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилтийг хийлгүүлэх;

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.2.а) Б.Батбаяр, Б.Чойсүрэн нар нь ТТЖВСӨХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчид билээ. Тэд байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж "ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл ТТЖВСӨХХК-ийн удирдлага биднийг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. ТТЖВСӨХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудыг зөрчиж, биднийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1 Нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нь Монгол Улсын иргэний хувьд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин байгуулж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор ажил олгогч ТТЖВСӨХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилж цуцалсан. Ажлаас чөлөөлсөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 тоот тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.Ч, Б.Б нар нь өөр компанийн /Эрдэнэс-Тавантолгой ХК/ Үйлдвэрчний эвлэлийн /ҮЭ/ хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. Хууль бус Үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын байгуулсан гэж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Шүүх хэрвээ нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд сул зогсолтын зөрүүг цалин хөлстэй тэнцэх олговроос хасч тооцох ёстой гэжээ.

5. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарыг ТТЖВСӨХХК-ийн Уулын хэлтсийн операторын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ТТЖВСӨХХК-аас 52,908,464 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт, 33,569,656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чойсүрэн нарт тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ТТЖВСӨХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ТТЖВСӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 590,341 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нарын хувьд өөрийн хайхрамжгүй, буруутай үйлдлээс шалтгаалан 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд сүүлийн удаа нэхэмжлэл гаргахдаа хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 79.1, 79.2, 79.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг үл харгалзан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын талаар дүгнэлт хийгээгүй, Иргэний хуульд заасан холбогдох зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчигдөхөд хүргэсэн.

Ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцож тогтоосон бөгөөд ажилтан нь Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-т "Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн", 13.3.2.21-т "Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн гэж заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтран "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулсан бөгөөд энэ нь УБЕГ-ын улсын байцаагчийн 1945 дугаар дүгнэлтээр тогтоогддог.

 

Компанийн зүгээс тухай ажилтныг үйлдвэрчний эвлэл байгуулсан, фэйсбүүк групп нээж ажиллуулсан гэх үндэслэлээр ажлаас огт халаагүй. Харин хөдөлмөрийн гэрээнд заасан дээр дурдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хариуцагчийн зүгээс энэхүү үндэслэлээ нотлох баримт, тайлбарыг гаргаж өгсөөр байхад шүүхээс үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч М.Шаравнямбуутай байгуулсан аливаа гэрээ, өмгөөлөгчөөр оролцуулах нэхэмжлэгч нарын хүсэлт хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв. Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн.

Нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Чойсүрэн нар нь хариуцагч ТТЖВСӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ТТЖВСӨХХК-д нэхэмжлэгч Б.Батбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, нэхэмжлэгч Б.Чойсүрэн нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс тус тус операторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч ТТЖВСӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 376/20 дугаартай тушаалаар Б.Батбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг, мөн өдрийн 375/20 дугаартай тушаалаар Б.Чойсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 дэх заалтуудыг үндэслэжээ.

Нэхэмжлэгч нар дээрх тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09734 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй гэж уг захирамжид заасан.

Нэхэмжлэгч Б.Чойсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах түүнд гарын үсэг зурах эрхийг 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0832 дугаар бүхий итгэмжлэлээр С.Эрдэнэд олгосон боловч нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнийн нэрээр гаргасан, нэхэмжлэлд өмгөөлөгч гарын үсэг зурсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 09727 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч нар нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж шүүхэд дахин хандах эрхтэй бөгөөд өмгөөлөгч А.Отгонжаргал 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захирамжийг гардан авч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан. /хх-ийн 1, 195, 2хх-ийн 212, 226/

Ийнхүү 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж, мөн хуулийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасантай нийцсэн байх тул Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарыг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 дэх заалтуудыг үндэслэн Уул хэлтсийн оператор ажилтай Б.Ч, Б.Б нар нь компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл зааж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /1-р хх-ийн 197, 4/

Ажил олгогч нь ажилтан Б.Батбаяр, Б.Чойсүрэн нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлээ ...компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан ноцтой зөрчил гаргасан... гэж заасан байх боловч тушаал гарахаас өмнө ажилтнууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй байна.

Мөн хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д ...Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, 13.3.2.21-т ...холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ажилтанг ажлаас уг үндэслэлээр чөлөөлөхдөө сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай. Зөрчил гаргасан эсэх асуудлаар зохигчид маргаж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй болно.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарын ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл-ийг байгуулах ажиллагаанд оролцсон, уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн, улмаар ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй фэйсбүүк /facebook/ групп нээж ажиллуулсан мэдээллийг нотлох баримтаар гаргасан байна. Гэвч эдгээр баримтад мэдээлэл нь цаг хугацааны хувьд тушаал гарснаас хойш байхаас гадна тушаалын үндэслэлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Чойсүрэн нарын дээрх үйлдлээс компанийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хэрхэн, ямар хэмжээний хохирол учирсан, компанийн нууцыг хэрхэн задруулсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, хариуцагч 375/20, 376/20 дугаар тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 тоот дүгнэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл гэх үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэл, мөн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн 200317006 тоот хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг тус тус хүчингүй болгожээ. /хх-ийн 57-64, 67-72/ Гэвч эдгээр баримтууд нь ажилтны сахилгын зөрчил гэдэгт хамаарахгүй, захиргааны үйл ажиллагааны хүрээнд буюу улсын бүртгэл хийлгэх явцад гаргасан баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан үндэслэлд хамаарахгүй.

Ажил олгогчийн дээрх тушаалд гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн гарын үсэг зурсан байх боловч компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг компанийн эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, тэднийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт Б.Батбаярт 52 908 464 төгрөгийг, Б.Чойсүрэнд 33 569 656 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ нь өмгөөлөгч М.Шаравнямбуутай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. /2хх-ийн 128-129/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ