Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

О.Э холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

прокурор Т.Нансалмаа,       

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М өмгөөлөгч З.Ц, М.Ө нар /цахимаар/,

шүүгдэгч О.Э,  

түүний өмгөөлөгч Р.Булган /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э өмгөөлөгч Р.Булганы гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Э холбогдох 2317000610069 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Дундговь аймгийн М суманд төрсөн, - настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын - дүгээр баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх Б овогт О Э /РД: /,

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар багийн нутагт - гэх газраар дайран өнгөрөх босоо тэнхлэгийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн А0101 дугаартай авто замын 485/174 дэх километрийн шонгийн орчим - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин иргэн Д.Х жолоодон явсан - улсын дугаартай Нуundai County маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Р.Б-О, Л.Б нарын амь насыг хохироосон, Ж.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, - улсын дугаартай “Нуundai County маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Р.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэсэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч О.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “460 дугаартай гомдолд хавсаргах 2023.05.14-ний өдрийн бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г, хэргийн хамт ирсэн “Г.С-3”, “R.B-62 эм”, “N.T-42/эм”, “Л.Б-61-эр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э 1 201 472 /нэг сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О, 1 642 977 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, 3 831 386 /гурван сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц, 7 036 550 /долоон сая гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б, 87 451 200 /наян долоон сая дөрвөн зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, 10 990 000 /арван сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Э тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М хохирлоос 7 176 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, Д.А, хохирогч Д.Х нарт төлөх гэм хорын төлбөргүй, иргэний нэхэмжлэгч О.П эмчилгээний зардал 500 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г эмчилгээний бусад зардал, хүүхдээ асарч ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөгийг, хохирогч Н.Ц эмчилгээний бусад зардал, мэдрэл нөхөн сэргээх хагалгааны зардал 12 000 000 төгрөгийг, хохирогч Р.Б мөрний үе солих хагалгааны зардал 60 000 000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин 13 000 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М оршуулахтай холбоотой бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч Д.Д 432 000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт: “... шүүгдэгч О.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг шүүхээс харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан байна” гэжээ. Шүүгдэгч О.Э нь анхнаасаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаан дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдаг. Тэрээр уг хэрэгт шийтгэгдэх үедээ өрх толгойлж байсан, насанд хүрсэн 2 хүү, насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт амьдарч байсан. Насанд хүрээгүй бага насны хоёр /8 настай  Б.М-Э, 6 настай Б.М-Э/ охин, Э.Х /10 настай/, Э.О нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч байсан. Одоо ах нар нь бага насны дүү нараа асран хамгаалж байгаа боловч өөрсдөө өсвөр насны хүүхдүүд учир эцгийн нөмөр нөөлөг, амьдрах арга ухаан хэн алинд нь маш их дутагдаж байгаа болно. Хэдийгээр эцэг О.Э нь гэмт хэргийн учир ял шийтгэгдэж байгаа ч хүүхдийн эрх давхар маш их зөрчигдөж амьдралынх нь чанар эрс муудаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүд эцгийн хайр халамж, анхаарал, хараа хяналтгүй байгаа нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа хагас өнчин, эхийн хайр халамжийг дахин хэзээ ч үзэхгүй өсөж хүүхдүүдийн эрх ашиг болон тэдний цаашдын хүмүүжилд хор уршиг учирч болзошгүй байгаа зэргийг дэнсэлж үзнэ үү гэж хүсэж байна.

2. Анхан шатны шүүх “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, М.Өлзийцэцэг нараас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 99 000 000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар гэмт хэрэг гаргах үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 82 500 000 тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн. Дээрх хуулийн заалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө болсон хэрэгт үйлчлэх үндэслэлгүй учир сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн ярьсан зүйлийг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэхээр шүүгдэгч талаас оршуулгын зардалд огт мөнгө өгөөгүй. Хохирогч талтай нэг ч удаа уулзаж, уучлал гуйгаагүй. Хохирогчийн эхнэр нь 60 настай, хөдөө ганцаараа мал маллаж байгаа. Цаг уурын байдал хэцүү, 60 настай эмэгтэй хүн ганцаараа малаа маллаж байхад нэг ч удаа уучлал гуйгаад гэрт нь очиж уулзсан нэг ч хүн байхгүй. Хохирогчийн хүү болох Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоод хүүхдүүдийнх нь нөхцөл байдал хэцүү байгаа учраас ийм санал гаргаж байна гээд анхан шатны шүүхэд энэрэнгүй хандаж байр сууриа илэрхийлсэн. Анхан шатны шүүх хурал болоод 2 сарын хугацаа өнгөрч байхад шүүгдэгчийн хувьд мал ахуйтай байж хохирол төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй, ямар ч санаачлага гаргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй гэж байна. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа үйл баримт нь өөрөө хохирол төлбөр төлж байгаа, хохирогчоос уучлал гуйж байгаа, хохирогчтой уулзаж байгаа зэрэг нөхцөл байдлаас харагдана. Гэтэл энэ хүн үнэхээр сэтгэлгүй байна. Хохирогчийн амь насыг хохироочихоод ял хөнгөлж өгөөч, миний үр хүүхэд хэцүү байна гэж байгаа боловч хохирогчийн ар гэр ямар нөхцөл байдалд байгаа вэ гэдгийг огт ойлгохгүй байна. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байна. Энэ ослын улмаас хохирогч Б.М аав нь нас барсан. Ээжийнх нь эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг Иргэний хуулийн 508, 511 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан. Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоол хамааралгүй. Анхан шатны шүүх хохирлыг зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Шүүгдэгчийн ял нь тохирсон гэж үзэж байна гэв.

Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой тайлбартай танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ял хөнгөрүүлэх болон сэтгэцэд учирсан хохирлыг арилгах талаар анхан шатны шүүхийн шийдсэн нь буруу байна гэсэн 2 үндэслэлээр гомдол гаргаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурлаж асуудлыг шийдсэн. Ялангуяа шүүгдэгч О.Э урьд гаргасан хүчингийн хэрэг тухайн зүйл ангид заасан ялын хамгийн бага хэмжээ болох 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байсан. Зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт 4 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь мөн тухайн зүйл ангийн хамгийн бага ял. Хамгийн дээд тал нь 8 жилийн хорих ялтай зүйл анги. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн ар гэрийн байдал, хувийн байдал, үр хүүхэд бүх нөхцөл байдлыг харгалзаад нэмж нэгтгээд 10 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдалд нь тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн нарын зүгээс хохирол нэг ч төгрөг төлөгдөөгүй гэдэг зүйлийг хэлж байна. Төлөгдөөгүй байна гэдэг нь гэм буруугийн асуудал дээр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгогдохоор байна. 2 хүний амь нас хохирч, 4 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Нийт 6 хүн хохирсон хор уршиг учирсан. Тийм учраас ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Прокурорын зүгээс ял хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичээгүй. Яагаад гэвэл шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэрэгт нь анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөд нотлох баримтад тулгуурлаад шийдсэн учраас энэ ял тохирсон байна гэж үзсэн. Тийм учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж хэлмээр байна. Хоёрдугаарт. Сэтгэцэд учирсан хохирлыг тооцсон нь буруу байна гэсэн үндэслэлийг өмгөөлөгч гаргаж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт ороод 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлагдсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Хэрэг хууль үйлчилж эхэлснээс хойш анхан шатны шүүх хуралдаан явагдаад хүний амь нас хохирсон учир сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг прокурорын зүгээс гаргаж байна. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганы давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

2. Шүүгдэгч О.Э нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын - дугаар багийн нутагт - гэх газраар дайран өнгөрөх босоо тэнхлэгийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн А0101 дугаартай авто замын 485/174 дэх километрийн шонгийн орчим - улсын дугаартай Тоуота Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин иргэн Д.Х жолоодон явсан - улсын дугаартай Нуundai County маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Р.Б-О, Л.Б нарын амь насыг хохироосон, Ж.О, Р.Б, Г.С, Н.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч О.Э “ ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /3хх 151-175/ гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М “...манай аав Б ямар нэгэн ухаангүй бие нь маш хүнд байдалтай байсан. Эмчилгээ хийгдэж байгаад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аав нас барсан. ...ээж надад ярихдаа Э гэдэг хүн архи уучихсан машин жолоодож яваад осол гаргасан гэж ярьж байсан. Миний тухайд гомдолтой байна. ...буруутай этгээдээс 31,302,926 төгрөг нэхэмжилнэ” /1хх-ийн 72/ гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай охин Б над руу утсаар яриад “Ч ах осолд орчихсон юм шиг байна”, ...”Б-О эгч осолд ороод нас барсан байна” гэж хэлсэн. ...хойно нь насанд хүрээгүй олон жаахан хүүхэд үлдэж байгаа болохоор бидний тухайд ярилцаж байгаад ямар нэгэн гомдол саналгүй гэж шийдсэн” /1хх-ийн 80/ гэсэн,

хохирогч Ж.О “...бид нар тухайн үед 2 шил архи уусан. ...би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж шороон замаар явъя гэж хэлэхэд Э, Б-О нар нь тоогоогүй. ...манай гэрээс хөдлөх үед Э тээврийн хэрэгсэл жолоодсон. Нэг мэдсэн зам тээврийн осолд орж, ...манай нөхөр миний хажууд хэвтэж байсан. Би маш их гомдолтой” /1хх-ийн 39-40/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Г.С хууль ёсны төлөөлөгч Г.Г “...Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр ирэхэд манай охин Г.С хүн танихгүй, гадна бэлэг эрхтний амсар дээр 7-8 см зүсэгдэлттэй,  дух зүүн шанаа зулгаралттай, баруун хөлийн тавхай хэсэг зүсэгдэлттэй, мөн 2 хөлийн шилбэ хэсгээр зулгаралттай байсан. Тэгээд тус эмнэлэг охиныг рентген зургаар харахад 2 хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөг, аарцаг яс хугаралттай байсан учраас хугарсан хэсгүүдэд гипстсэн, зүсэгдэлтэй хэсгүүдэд оёдол тавьсан. Гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гомдолтой байна. ...32,774,022 төгрөг нэхэмжилнэ” /1хх-ийн 46-49/ гэсэн,

хохирогч Н.Ц “...ослоос болж миний баруун нүдний хөмсөг орчим судас, мэдрэл нь тасарсан болохоор тэр хэсгээс ямар ч мэдрэлгүй байна. Мөн зүүн хөлийн өвдөг орчим зулгарал одоо хүртэл эдгэрээгүй өвдөөд байгаа. Мөн нурууны L4, L5 нугалам дээр цүлхийлт, урагдалт үүссэн, түүнээс болж 2 хөл, бөгс орчмоор янгинаж өвдөөд байгаа. Миний тухайд гомдолтой байна. Нийт 16,671,641 төгрөг нэхэмжилнэ” /1хх-ийн 53-57/ гэсэн,

хохирогч Р.Б “...миний зүүн талын мөр мултарч, гар өргөдөг булчин гэмтсэн, зүүн талын 5 хавирга хугарсан, зүүн талын далны доод хэсгээр сэмэрч урагдсан, аарцагны суудал яс хугарсан, биеийн олон хэсэгт шалбарч, урагдсан байсан. ...маш их гомдолтой. Нийт 33,034,010 төгрөг нэхэмжилнэ” /1хх-ийн 61-64/ гэсэн,

гэрч О.П “... - орчимд бид нарын зорчиж явсан автобус машинтай мөргөлдчих шиг болсон. ...асуутал өөдөөс ирж явсан жижиг тэрэг шахаж орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн.  ...автобус доторх зорчигч нар огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” /1хх-ийн 112/ гэсэн,

гэрч Д.Х “...би дунд оврын автобусаар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5 том хүн, 3 хүүхэд тээвэрлэж явсан. Тэгээд 21 цагийн орчим ...- орчимд явж байхад өөдөөс ирж явсан тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл хажуу тийшээ даялаад миний зорчиж явсан эгнээ рүү буюу урсгал сөрөөд ороод ирсэн. ...Тэгээд мөргөлдөөд автобусны урд талын цонхоор Б зээ охин С хамтаар урагшаа унасан.” /1хх-ийн 114-116/ гэсэн,

гэрч Х.Б “...бид 5 тэр архийг хувааж ууж дуусаад Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу бензин авах гээд Б гэрээс хөдөлсөн. ...Тээврийн хэрэгслийг Э /Ч/ гэх хүн жолоодсон. ...тэгтэл нэг юм түчигнээд явсан. Миний бие амьсгаа авч болохгүй байсан” /1хх-ийн 120-122/ гэсэн мэдүүлгүүд,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр дүгнэлт /1хх-ийн 151-153/, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар дүгнэлт /1хх-ийн 190-191/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06ы өдрийн 1404 дугаар дүгнэлт /1хх-ийн 168-174/, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6710 дугаар дүгнэлт /1хх-ийн 197-198/, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6704 дугаар дүгнэлт /1хх-ийн 204-206/, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6664 дугаар дүгнэлт /1хх-ийн 233-234/, Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 22/, “Ашидбилгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2хх-ийн 31-33/, Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 200-204/ зэргээр тогтоогдож байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, мөн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдснийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу нэмж нэгтсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг зөрчөөгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан үндэслэл бүхий байна.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганаас “...анхнаасаа гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хүүхдүүдийн эрх ашиг болон тэдний цаашдын хүмүүжилд хор уршиг учирч болзошгүй байдлыг харгалзан үзэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

4.1. Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 Учир нь, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт, дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцлүүдээс гадна эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл болох мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэснийг харгалзан үзэх учиртай.

Иймд, шүүгдэгч О.Э нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэргийн хор уршиг арилаагүй байхад түүнд оногдуулах ял шийтгэлийг ар гэрийн шалтгаанаар хөнгөрүүлэн үзэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй. 

4.2. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно. Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.[1]

Иймд, шийтгэх тогтоолын, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг олгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

5. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, шинжээчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу байх бөгөөд шүүх хуралдаанд шинжээч Д.Д иргэний нэхэмжлэгч,  шинжээч гэсэн хоёр нэршлээр оролцуулсан нь ойлгомжгүй байдлыг үүсгэсэн байна.

Учир нь, иргэн Д.Д нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зам тээврийн ослын шинжээчээр оролцсон байх тул зардлаа нэхэмжлэх эрхтэй. Харин Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газраас “А” ХХК-д “иргэний нэхэмжлэгчээр оролцох хүнийг томилж ирүүлэх” хүсэлт /1хх-ийн 103/ илгээж, улмаар “А” ХХК-аас хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч биш, иргэн Д.Д “шинжээчээр шүүх хуралдаанд оролцоно” гэсэн итгэмжлэл олгосон нь хуульд нийцэхгүй юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан бөгөөд шинжээчийн зардал нь гэмт улмаас учирсан хохирол биш, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна.

Иймд, шинжээчийн зардлыг шинжээч тус бүрээс гаргасан нэхэмжлэхийн дагуу тооцож олгох нь зүйтэй.

Түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр “Н ж” ХХК-ийг тогтоож, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Э томилсон байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуулийн этгээдэд бус иргэн Н.Э олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг буруу тодорхойлсон үндэслэл болох тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Э шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтын:

“...511 дүгээр зүйлийн 511.5,” гэсний дараа “5 дугаар зүйлийн 5.1,” гэж нэмж,

“...87 451 200 /наян долоон сая дөрвөн зуун тавин нэгэн мянга хоёр зуу/” гэснийг “4 951 200 /дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга хоёр зуу/”  гэж,

“...Н.Э” гэснийг “Н ж” ХХК-д” гэж,

“...938 000 /есөн зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д” гэснийг “шинжээчийн зардал 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Д.Д, 688 000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч “А” ХХК-д” гэж,

“...7 176 198” гэснийг “89 676 198” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганы давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Э цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОДНЯМАА

                           ШҮҮГЧ                                                Н.БОЛОРМАА

                           ШҮҮГЧ                                                Б.НАРАНЧИМЭГ

 

[1] Ч.Х-д холбогдох 2338000000267 эрүүгийн хэрэг, УДШ, (Эрүүгийн хэргийн танхим), 2024/ХШТ/55 https://shuukh.mn/single_case/3576?daterange=2024-01-01%20-%202024-05-10&id=3&court_cat=2&bb=1