| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04405/И |
| Дугаар | 191/ШШ2025/06766 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/06766
| 2025 08 11 | 191/ШШ2025/06766 |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МРС ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ББ ХХКхолбогдох,
23,784,507 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Г.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Монголиан Роллинг Стокс"ХХК нь 2024 оны 03-р сарын 22-ны өдөр дугаар 61 Бараа нийлүүлэх гэрээг "*******" ХХК-тай байгуулсан. 2024 оны 04-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 08-р сарын 09-ны өдрийг хүртэл 4 удаагийн бараа нийлүүлэлтээр нийт 217,050 кг гурилыг нийлүүлж нийт үнийн дүнгээр 341,256,000 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлсэн. Сүүлийн нийлүүлэлт буюу 4 дэх нийлүүлэлтийг 2024 оны 08-р сарын 09-ны өдөр "*******" ХХК-аас утсаар ярьж үйлдвэрлэл зогслоо яаралтай гурил өгөөч удахгүй төлбөрөө хийчихнэ гэж гуйсан тул би зөвшөөрч манай агуулахаас 40,100 кг гурил "Бестбекери" ХХК-аас ажилчид нь ирээд өөрсдөө ачаад явсан. Түүнээс хойш авсан барааны үнийг төлөөгүй удаа дараа шаардахад удахгүй 9 сард борлуулалт өснө гээд ОХУ-руу 1 гал тэрэгний чингэлэг гурилын захиалга хийлгэсэн ч аваагүй, удахгүй мөнгө орж ирнэ тэгээд шууд төлнө, Манай борлуулагч мөнгө завшсан байна удахгүй олоод өгнө, манай компанийн машиныг барьцаалаад авчих гэх мэтээр хойшлуулсаар өдий хүрсэн. Сүүлдээ утсаа авахаа больж холбоо тасарсан. "*******" ХХК- ийн үйлдвэр дээр нь очиж уулзахад захирал нь манайх үйлдвэрээ түрээсэлж байгаа мөнгөө шүүхэд хандаад ав гэж уурласан. Тус компани нь манайхаас авсан гурилаар бүтээгдэхүүн хийж борлуулаад ашиг олсон хэдий ч авсан барааны төлбөрийг зориуд төлөхгүй удаа дараа худал ярьж ажил хэрэг явуулахад хохирол учруулж байна.
| Хэтэрсэн хоног | Алданги хувь | Алданги төгрөгөөр | Алданги тооцох дүн | Тайлбар |
| 4 | 0,05% | 140,912 | 70,456,000 |
2024.10.01-ний өдрөөс эхлэн тооцов. |
| 5 | 0,05% | 151,140 | 60,456,000 | |
| 13 | 0,05% | 327,964 | 50,456,000 | |
| 76 | 0,05% | 1,537,328 | 40,456,000 | |
| 77 | 0,05% | 1,326,556 | 34,456,000 | |
| 77 | 0,05% | 1,249,556 | 32,456,000 | |
| 78 | 0,05% | 1,187,784 | 30,456,000 | |
| 78 | 0,05% | 1,109,784 | 28,456,000 | |
| 79 | 0,05% | 1,045,012 | 26,456,000 | |
| 79 | 0,05% | 973,912 | 24,656,000 | |
| 80 | 0,05% | 880,240 | 22,006,000 | |
| 80 | 0,05% | 760,240 | 19,006,000 | |
| 94 | 0,05% | 846,282 | 18,006,000 | |
| 99 | 0,05% | 841,797 | 17,006,000 | |
| Нийт алданги 12,378,507 төгрөг | ||||
2024.10.01-ний өдрийн байдлаар нийт 341,256,000 төгрөг төлөхөөс 260,800,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрт гэрээний дагуу алданги 12,378,507 төгрөгийн алданги бодсон. Өмнөх хэсэгт алданги бодоогүй.
| огноо | Хүлээн авсан байгууллага | Барааны хэмжээ кг-аар | Нэг кг бүрийн үнэ | Нийт үнэ |
| 2024.04.22 | “*******” ХХК | 65,150 | 1,700 төгрөг | 110,755,000 |
| 2024.06.19 | “*******” ХХК | 61,800 | 1,470 төгрөг | 90,846,000 |
| 2024.07.07 | “*******” ХХК | 50,000 | 1,550 төгрөг | 77,500,000 |
| 2024.08.06 | “*******” ХХК | 40,100 | 1,550 төгрөг | 62,155,000 |
| Нийт 217,050 кг 341,256,000 төгрөг | ||||
Иймд хариуцагч “*******” ХХК-аас алданги 12,378,507 төгрөг, үндсэн барааны төлбөрийн үлдэгдэл 11,406,000 төгрөг, нийт 23,784,507 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. 2024 оны 2 сард Гансум гэдэг хариуцагчийн захирал гэж хүнтэй танилцсан. Улмаар гурил нийлүүлээч гэж санал тавьсан. Ингээд үйлдвэр дээр нь очиж уулзсан. Ингээд хамтарч ажиллах болсон. Сардаа 100 орчим тонн гурил хэрэглэж бүтээгдэхүүн хийдэг гээд гэрээ байгуулсан. 4 сарын 26-нд анхны нийлүүлэлт хийсэн. Нийт 4 удаагийн татан авалтаар 217,050 кг гурил нийлүүлсэн. Эхний 4, 5 сарын нийлүүлсэн гурилын төлөлт удаашралтай байсан. 6 сарын төлбөр төлөгдөөгүй тул 8 сарын гурилыг нийлүүлээгүй. 8 сарын 6-нд гурил буусныг мэдээд надтай уулзаад яаралтай өгөөч, борлуулалт муу байна 7 хоногт төлбөр төлнө, 9 сард дахиж авна гэж тохиролцсон. 40,100 кг гурил авсан. Гансум бүх тооцоог хийж байсан. Үүнээс хойш мөнгөний асуудал яригдсан. Манайх гурил захичихсан байсан тул вагон захиалчихсан байсан. Гэтэл хариуцагч мөнгө өгөөгүй тул торгууль төлсөн. Үйлдвэр дээр саатал гарсан хүмүүс өглөгөө өгөхгүй байна, 500-600 саяын авлагатай гэж Оюунчимэг захирал хэлж байсан. Улмаар орлогыг нь хүлээсэн. Удаа дараа төлнө гэж хэлж хойшлуулж байсан. Ажилтныхаа хашаа байшинг өгөх талаар санал тавьсан. Уг ажилтнаа өртэй гэсэн, гэтэл уг хашаа байшин нь бусдын хашаа байшин байсан. Дараа нь машины бичиг баримт өгөөд барьцаанд тавиад мөнгөө авчих гэсэн. Гэтэл хүү нь барьцаанд тавьж чадаагүй гэж хэлэхээр нь хугацаа авч байна гэдгийг мэдсэн. Шинэ жил болоод мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүй. Хүүхэд Гансум нь би мэдэхгүй гэдэг болсон. Улмаар захиралтай нь уулзаад тооцоо нийлээд цагаан сараар орлого гайгүй болоод төлнө гэсэн боловч өгөхгүй байсаар байгаад очиж уулзсан. Улмаар 5 сард очиж уулзахад шүүхээр ав гэсэн тул шүүхэд хандсан. Нийт 11,406,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Үүн дээр өмнөх 10 сараас өмнөх тооцоон дээр үйлдвэр алдагдалтай гэж бодоод үүнээс хойш алданги бодсон. Алдангийг төлбөр тус бүр дээр хоногоор тооцсон. Нийт 341,256,000 төгрөгийн бараа өгснөөс 329,850,000 төгрөг төлөгдсөн. Алдангид 12,378,507 төгрөг тооцогдсон. Нийт 23,784,507 төгрөг шаардана.
1.2. Хариуцагч нь гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэдэг боловч 3 сарын 1-нд 1 кг-г 1,700-р тохиролцсон байдаг. 4 сарын 22-нд 1,700-р 65,150 кг, 6 сарын 19-нд 1,470-р 61,800 кг, 7 сарын 7-нд 1,550-р 50,000 кг, 8 сарын 16-нд 1,550 -р 40,100 кг нийлүүлсэн. Гэрээнд 1,700 гэж байгаа боловч бага үнээр нийлүүлсэн. Хэргийн 7-д хариуцагчийн тайлбарлаж байгаа тооцоо нийлсэн акт байгаа ба үүн дээр 5 сая төгрөг дутуу байна гээд нэмж гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Ингээд 11 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа юм. Гэрээний 6-д алданги төлөхөөр тохирсон. Компани алдагдалтай гээд 10 сараас алданги тооцсон юм. Ингээд алдангийг төлсөн төлбөр тус бүр дээр тооцсон байгаа юм. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үнийн дүнгээс бодогдож байгаа юм гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 5,406,000 төгрөгийг зөвшөөрч бусдыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн гурилыг хүлээн авсан дээр маргахгүй. Харин үнэ дээр маргадаг. Тооцоо нийлээд 5,406,000 төгрөг үлдсэн. 2024 оны 6 сараас эхлэн гурилын үнийг нэхэмжлэгч дураараа нэмснээс зөрүү гарсан байдаг. Гэрээнд нэгж үнийг 1,700 төгрөгөөр тохирсон. 2024.4.22-с 110,755,000 төгрөгийн гурил аваад төлсөн. 2024.5.28-нд 90,846,000 төгрөгөөр аваад бас төлсөн. 2024.6.20-нд 1,450-р багасгаж тохирсон. 72,500,000 төгрөгийн гурил аваад төлсөн. 2024.8.13-нд 1,550-р тохироод 155,000 кг гурил аваад төлсөн. 2024.8.16-нд 1,550-р тооцож 62,000,000 төгрөгийн гурил аваад төлөөд явж байдаг. 2024.10.13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 300,800,000 төгрөг нийт төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь 336,256,000 төгрөгийн гурил нийлүүлсэн. Ингээд мөнгөө төлөхгүй байсаар 2025.1.27-нд 6 сая, 31-нд 2 сая, 2.4-нд 2 сая, 2.8-нд 2 сая, 2.9-нд 2 сая, 2.12-нд 1,8 сая, 2.14-нд 2,650,000, 17-нд 3 сая, 18-нд 1 сая, 3.15-нд 5,6 сая, 19-нд 1 сая, мөн өдөр 1 сая нийт 30,050,000 төгрөг төлсөн. Үлдэх нь 5,406,000 төгрөг болно. Алдангийг 11 саяас бодоод байна. Иймд үлдэх төлбөр болон ногдох алдангийг мөн төлнө. Нэхэмжлэлээс үзэхэд алданги яаж тооцсон нь тодорхойгүй байна. Мөн үлдэх буруу төлбөрөөс илүү алданги тооцоод байна гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх4/, итгэмжлэл /хх5/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх6/, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүйн хуулбар 3 ширхэг /хх7,10,12/, орлогын баримтын хуулбар 3 ширхэг /хх8, 9, 11/, бараа нийлүүлэх гэрээ /хх13-16/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх17, 18/, компанийн дүрмийн хуулбар /19-20/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 11,674,041 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь үндсэн төлбөр 11,406,000 төгрөг, алданги 12,378,507 төгрөг, нийт 23,784,507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь үндсэн төлбөрөөс 5,406,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлсөн, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргасан.
4. Зохигч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бараа нийлүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх13-16/
Гэрээний 1.1-д зааснаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч нь худалдсан гурилын хэмжээний талаар маргаагүй боловч нийлүүлэлт тус бүрийн үнийн дүн болон төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаж байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан гэх тооцооны үлдэгдлийн баталгаа болон өглөгийн дэлгэрэнгүй тооцооллыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгч нь уг тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч уг баримтад хариуцагч компанийн болон санхүүгийн тэмдэг дарагдсан байх тул харилцан тохиролцсон тооцоолол гэж үзнэ. /хх6, 7/
4.2. Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гэсэн тооцоололд байгаа нийлүүлсэн барааны мөнгөн дүнг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа бөгөөд 62,000,000 төгрөг болон 155,000 төгрөгийн нийлүүлэлтээс бусад нийлүүлэлт нь орлогын баримтаар нотлогдож байна. /хх8, 9, 11/
Үүнээс үзэхэд нэгэнт хариуцагч нь уг тооцооллыг гаргаж тэмдэг дарагдсан тул 336,256,000 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн бараа нийлүүлснийг нэмж тусгасан гэх боловч уг гараар бичсэн зүйлийг хэн бичсэн нь тодорхойгүй, тэмдэг дарагдаагүй.
Гэвч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 40,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэдгийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар 40,456,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
5. Гэрээний 2.4 болон 3.2-т төлбөр төлөх хугацааг зөрүүтэйгээр зохицуулсан. Төлбөр төлөх хугацааг тогтоосон нь гэрээний стандарт нөхцөлд хамаарахаар байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар төлбөр төлөгчид ашигтайгаар тайлбарлана.
Иймд талууд тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөх тул 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийг төлөх байжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан төлсөн төлбөрийн жагсаалтыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 22,450,000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ. Дээрхээс тооцоход тооцооны үлдэгдлийн баталгаагаар 40,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг баталгааг үйлдсэнээс хойш 22,450,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх төлбөр нь 18,050,000 төгрөг юм.
Гэвч нэхэмжлэгч нь үндсэн төлбөрт 11,406,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн төлбөрт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэнэ.
5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул төлбөр төлөх хугацааг 47 хоногоор хэтрүүлжээ.
Гэрээний 6.4-т хоногт 0.05 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 5,703 /11,406,000*0.05%/ төгрөг тул 47 хоногт 268,041 төгрөгийн алданги тооцогдоно.
Дээрхийг нэгтгэн тооцоод хариуцагчаас үндсэн төлбөрт 11,406,000 төгрөг, алдангид 268,041 төгрөг, нийт 11,674,041 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,110,466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 11,674,041 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,110,466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД