| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0633/Э |
| Дугаар | 667 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Од холбогдох 1706 03133 0769 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд бэлэн хувцасны худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн дугаар хороо, Монелийн дугаар гудамжны тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих хугацаагаар ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ц.О /РД:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд иргэн Б.Ачмөрөн, М.Халиунаа нарыг зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Огийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ачмөрөнгийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 30 минутьн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд эхнэр Халиунааг тосон аваад зогсож байтал хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байсан хоёр эмэгтэй намайг харсанаа сүнс үү, юу вэ гээд байхаар нь би ойртож очоод хүн байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүүхэн халамцуу амандаа үглээд намайг хараагаад хажуугаар гарахдаа нэг эмэгтэй нь миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэр хүүхэнтэй хамт явж байсан эмэгтэй намайг зүс таньдаг учир манай найзыг уучлаарай гэж хэлэхэд эхнэр намайг өмөөрч тэр хүүхэнтэй маргалдсан. Намайг цохидог хүүхэн эхнэр бид хоёртой маргалдаж, дайраад байхаар нь бид хоёр явлаа гэхэд эхнэр Халиунаа руу дайраад нэг удаа цохиход зөрүүлээд түлхсэн чинь нөгөө согтуу эмэгтэй газар уначихаад босож ирээд та нар намайг хэний эхнэр гэдгийг мэдэх үү, би 10 настай охинтой гэж хэлээд дээшээ гудамж руу гүйгээд явсан. Нэг минут бололгүй буцан гүйж ирэхдээ нэг гартаа гурилын илдүүр мод, нөгөө гартаа мод барьчихсан ирээд бид хоёр луу дайрч хэд хэдэн удаа цохисон. Нэг гартаа барьсан модыг булааж авсан чинь хамт явсан эмэгтэй нөгөө модыг манай эхнэрээс булааж аваад хашаа давуулж шидээд цагдаад дуудлага өглөө гэхэд нөгөө хүүхэн гудамжаар орилж байснаа гартаа барьж байсан модоороо миний толгой руу хэд хэдэн удаа цохисон чинь цагдаагийн алаг машин ирсэн ...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Халиунаагийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагт ажлаасаа ажлаасаа тараад хамт ажилладаг Гансүх эгчтэй хамт Төмөр замд байдаг эгчийнд очоод юм ярьж сууж байгаад оройтсон учир нөхөр лүүгээ яриад намайг тосоод авчих гэж хэлсэн. Төмөр замаас эгч Гансүхээс салаад микробусанд суугаад Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2-ын буудалд буухад нөхөр Ачмөрөн тосож аваад гэр лүүгээ хамт алхаад хорооны ягаан хүнсний дэлгүүрийн ойролцоо очсон. Нөхөр маргааш хөдөө ажлаар явах байсан учир найз Мягаатайгаа уулзахаар гудамжинд зогсож байтал 2 эмэгтэй өөдөөс ирж байсан ба нөхөр цагаан өнгийн тод хувцас өмссөн байсан. Тэр хоёр эмэгтэй цочсон маягтай хараад сүнс үү, юу вэ гэж хэлсэн. Нөхөр өөдөөс нэг алхаад хүн байна, зүгээрээ гэж хэлтэл тэр хоёр эмэгтэй амандаа юм үглээд байгаа сонсогдсон... Нөхөр бид хоёр явах гэхэд Отгонсүрэн гэдэг эмэгтэй гартаа хоолны модон хутгуур барьчихсан, нэг гартаа мод барьчихсан гүйж ирээд бид хоёр руу дайрсан чинь манай нөхөр модыг нь булаагаад авахаар нь би тэр модыг нь нөхрөөсөө авсан чинь Сарангэрэл гэдэг эмэгтэй надаас булааж аваад хашаа давуулаад шидсэн. Тэр үед гудамжинд цагдаагийн машин байсан учир Отгонсүрэнг цагдаад хүргэж өгөх гээд дагуулаад явах гэхэдорилж байснаа гурилын элдүүр модоор нөхөрийн толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Отгонсүрэн над руу ална гээд миний үсэнээс зулгаахаар нь урагш нь тонгойсон чинь нөхөр боль гэж хэлээд салгах үед миний нүүрийг маажсан чинь нөхөр салгасан. Нөхөр лүү дайрч нүүрийг нь маажиж урсан ...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13351 дугаартай дүгнэлт /хх.33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13345 дугаартай дүгнэлт /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Огийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.27, 46, 62/,
Хохирогч М.Халиунаа, Б.Ачмөрөн нарын хүсэлт /хх.65-66/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд иргэн Б.Ачмөрөн, М.Халиунаа нарыг зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ачмөрөнгийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 30 минутьн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд эхнэр Халиунааг тосон аваад зогсож байтал хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байсан хоёр эмэгтэй намайг харсанаа сүнс үү, юу вэ гээд байхаар нь би ойртож очоод хүн байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүүхэн халамцуу амандаа үглээд намайг хараагаад хажуугаар гарахдаа нэг эмэгтэй нь миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэр хүүхэнтэй хамт явж байсан эмэгтэй намайг зүс таньдаг учир манай найзыг уучлаарай гэж хэлэхэд эхнэр намайг өмөөрч тэр хүүхэнтэй маргалдсан. Намайг цохидог хүүхэн эхнэр бид хоёртой маргалдаж, дайраад байхаар нь бид хоёр явлаа гэхэд эхнэр Халиунаа руу дайраад нэг удаа цохиход зөрүүлээд түлхсэн чинь нөгөө согтуу эмэгтэй газар уначихаад босож ирээд та нар намайг хэний эхнэр гэдгийг мэдэх үү, би 10 настай охинтой гэж хэлээд дээшээ гудамж руу гүйгээд явсан. Нэг минут бололгүй буцан гүйж ирэхдээ нэг гартаа гурилын илдүүр мод, нөгөө гартаа мод барьчихсан ирээд бид хоёр луу дайрч хэд хэдэн удаа цохисон. Нэг гартаа барьсан модыг булааж авсан чинь хамт явсан эмэгтэй нөгөө модыг манай эхнэрээс булааж аваад хашаа давуулж шидээд цагдаад дуудлага өглөө гэхэд нөгөө хүүхэн гудамжаар орилж байснаа гартаа барьж байсан модоороо миний толгой руу хэд хэдэн удаа цохисон чинь цагдаагийн алаг машин ирсэн ...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Халиунаагийн өгсөн: “... Нөхөр бид хоёр явах гэхэд Отгонсүрэн гэдэг эмэгтэй гартаа хоолны модон хутгуур барьчихсан, нэг гартаа мод барьчихсан гүйж ирээд бид хоёр руу дайрсан чинь манай нөхөр модыг нь булаагаад авахаар нь би тэр модыг нь нөхрөөсөө авсан чинь Сарангэрэл гэдэг эмэгтэй надаас булааж аваад хашаа давуулаад шидсэн. Тэр үед гудамжинд цагдаагийн машин байсан учир Отгонсүрэнг цагдаад хүргэж өгөх гээд дагуулаад явах гэхэдорилж байснаа гурилын элдүүр модоор нөхөрийн толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Отгонсүрэн над руу ална гээд миний үсэнээс зулгаахаар нь урагш нь тонгойсон чинь нөхөр боль гэж хэлээд салгах үед миний нүүрийг маажсан чинь нөхөр салгасан. Нөхөр лүү дайрч нүүрийг нь маажиж урсан ...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13351 дугаартай дүгнэлт /хх.33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13345 дугаартай дүгнэлт /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.46, 62/,
Шүүгдэгч Ц.Огийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ц.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ог холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Огийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг болон “Хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч Ц.О нь хохирогч Б.Ачмөрөн, М.Халиунаа нарт тус бүр 100.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Огийн “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Огийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Ц.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ачмөрөн, М.Халиунаа нарт тус бүр 100.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР