| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06218/И |
| Дугаар | 191/ШШ2025/04224 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04224
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/04224 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 265,970,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
(Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 265,970,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Манай компани нь Монгол улсад түлш импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Т ХХК-иас санал тавьсны дагуу 2023.08.25-ны өдөр 56,290 литр түлшийг литр тутмыг 3,150 төгрөгөөр тооцож нийт 177,313,500 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг зээлээр худалдах, худалдан авах тухай 000000 дугаартай гэрээ байгуулж авсан.
Манай зүгээс 2023.09.01-ний өдөр Т ХХК-д гэрээний хавсралтад заасны дагуу 56,290 литр дизель түлшийг хүлээлгэн өгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болно.
Гэвч худалдан авагч Т ХХК нь гэрээний хавсралтад заасан хугацаа буюу 2023.10.20-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ зөрчиж 362 хоногийн турш нэг ч төлбөр төлөөгүй байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар 2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний гэрээний төлбөр болох 177,313,500 төгрөг, гэрээний хүү буюу гэрээнд заасан алданги 88,656,750 төгрөг нийт 265,970,250 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгэнт түлш аваагүй учраас хариу тайлбар гаргах гэж яараагүй байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч падаан дурдаж байна. Т ХХК-ийн тамгатай гэж байна. Хэрвээ 2 хуулийн этгээд өгч, авсан бол 2 компанид нярав, нягтлан бодогч нар байх ёстой.
Их хэмжээний үнийн дүнтэй бараа солилцсон бол тодорхой баримт үйлдэх ёстой шүү дээ. Зарлагын падаан нь М ХХК-ийнх гэж харагдаж байна. Худалдан авагч нь С ХХК байна. Хүлээн авсан гэдэг дээр жолоочийн нэр байна. Үүн дээр Т ХХК-ийн тамга яагаад дарагдсаныг ойлгохгүй байна. Тамга дарагдсан нь бараа хүлээн авсан гэдгийг шууд нотлохгүй. н.Х, н.Ц гэдэг жолооч хариуцагч компанид ажилладаггүй.
н.Э нь хариуцагч компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч юм. Яригдаж буй үнэн нь 30 хувийн хувьцааг худалдан авсан үнэ юм. 30 хувийн хувьцаа эзэмшихдээ тодорхой үнээр худалдан авсан. Эргэлтийн хөрөнгөтэй болгоё гээд мөнгө өгсөн. Яригдаж буй түлшийг Т ХХК-д биш, өөр хүмүүсд өгсөн. Хэрэв хувьцаа эзэмшигчийн маргаан болсон. 2 машинаа авч болно гэх яриа тэдний хооронд болсон. Түүнээс биш, 2 хуулийн этгээдийн хооронд харилцаа үүссэн зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгч нь өөр компанид өгсөн түлшээ хольж хутгаад байгаа юм биш үү. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнг хэдээр нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2024.10.18-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 1,487,801 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/
-Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 х/
-2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 5-7, 8 х/
-Шатахуун тослох материалын зарлагын падаан №230901- /хх-ийн 9, 10 х/
-2025.05.08-ны өдрийн А/Ш-01 тоот Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-ийн 52 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
4. Хариуцагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 46 х/
-2025.05.06-ны өдрийн 01 тоот Итгэмжлэл /хх-ийн 46 х/ зэрэг баримтыг өгсөн ба хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 265,970,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Талуудын хооронд 2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь 56,290 литр түлшийг литр тутмыг 3,150 төгрөгөөр тооцож нийт 177,313,500 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг манай компаниас зээлээр худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй.
Иймээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээнээс татгалзаж, дизель түлшний үнэ төлбөр 177,313,500 төгрөг, гэрээний хүү буюу гэрээнд заасан алданги 88,656,750 төгрөг нийт 265,970,250 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Хариуцагч нь талуудын хооронд 2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Харин энэ гэрээний дагуу 56,290 литр түлшийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э нь Т ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдаж авахдаа бэлэн мөнгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон байдаг бөгөөд энэхүү гэрээгээр 56,290 литр түлшийг бодитоор хүлээлгэж өгөөгүй. Харин хувьцаа эзэмшигчийн хоорондын асуудал гэж хэлсэн.
Энэ нь хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс тодорхой харагдах учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. С ХХК нь Т ХХК-тай 2023.08.25-ны өдөр 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн өдрөө талууд Нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээ-г тохирсон хавсралтыг үйлдэж гарын үсэг зурж, эрх бүхий этгээдүүд тамга дарж баталгаажуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтаар нэхэмжлэгч С ХХК нь 56,290 литр дизелийн түлшийг 1 литрийг нь 3,150 төгрөгөөр худалдах, хариуцагч Т ХХК нь дизелийн түлшний үнэ 177,313,500 төгрөгийг 2023.10.20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Дээрх хавсралтаас үзэхэд дизель түлшний үнэ 177,313,500 төгрөгийг 2023.10.20-ны өдөр төлөхөөр заасан нь үнийг төлөх журам, хугацааг тохирч байгаа болохоос хүү тооцож, үнэ нэмэгддэг зээлээр худалдах-худалдах авах гэрээний үндсэн шинжийг агуулаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа онцлогтой.
Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээнд аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болно. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирч болдог бөгөөд эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь 177,313,500 төгрөгийн үнэ бүхий 56,290 литр дизелийн түлшийг 2023.09.01-ний өдөр 20,350 литр, 35,940 литрээр тус тус М ХХК-ийн түрээсийн агуулахаасаа авч хариуцагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь 2023.08.25-ны өдөр 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Харин гэрээний дагуу 56,290 литр дизелийн түлшийг хүлээж аваагүй гэж маргасан.
4.2. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцохоор зохицуулсан.
Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Худалдагч нь барааг өөрийн ГТБ-ний агуулахаас нийлүүлнэ, 4.2-т Худалдагч барааг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, эсхүл түүний тээвэрлэгчид шилжүүлснээр худалдан авагч хүлээн авсанд тооцно гэжээ.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 130/30 тоот тушаалын хавсралт МТ-33а маягт буюу 2023.09.01-ний өдрийн 20,350 литр, 35,940 литр дизелийн түлшний Шатахуун тослох материалын зарлагын падаан №230901 дугаартай 2 баримт /хх-ийн 9, 10 х/-аар нийт 56,290 литр дизелийн түлшийг худалдан авагч Т ХХК-д гэрээний дагуу хүлээлгэн өгсөн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, дээрх 2 баримтын Борлуулагч нэр хэсэг нь хоосон, няравын нэр: 0ГТБХА01/няравГТБХА УБ шатахуун, Бүртгэлийн дугаар№230901-168-12, №230901-168-17, Худалдан авагч нэр: С ХХК, машины дугаар ААА 00-00, ААА 00-00 гэж бичигдсэн, МТ ХХК-ийн борлуулалт гэсэн тэмдэг тус тус дарагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь МТ ХХК-ийн агуулахыг түрээслэдэг, 2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 56,290 литр дизелийн түлшийг МТ ХХК-ийн агуулахаасаа авч хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн журмаар гэрч асуулгах, баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Шүүх хариуцагчийн талуудын хооронд 2023.08.25-ны өдрийн 000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Харин энэ гэрээний дагуу 56,290 литр түлшийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э нь Т ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдаж авахдаа бэлэн мөнгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон байдаг бөгөөд энэхүү гэрээгээр 56,290 литр түлшийг бодитоор хүлээлгэж өгөөгүй. Харин хувьцаа эзэмшигчийн хоорондын асуудал гэж хэлсэн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэхээр байна.
4.3. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь гэрээний зүйлийг бодитоор худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч хүлээн авсан нөхцөлд гэрээний зүйлийн үнийг шаардах, гэрээнээс татгалзах, цуцлах эрх үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх бөгөөд гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг онцлогтой.
Гэвч нэхэмжлэгч С ХХК нь гэрээний зүйл 56,290 литр дизелийн түлшийг хариуцагч Т ХХК-д хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний зүйл болох 56,290 литр дизелийн түлшний үнэ 177,313,500 төгрөг, хүү 88,656,750 төгрөг, нийт 265,970,250 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Дээрх маргаан нь хэрэгт авагдсан Т ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар Ч.Э нь 2023.08.29-ний өдөр тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байгаагаас үзэхэд тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын дотоод зөрчилтэй холбоотой, компанийн тухай хуулиар зохицуулагдах тусдаа асуудал гэж үзэхээр байна.
Иймээс хариуцагч Т ХХК-иас 56,290 литр дизелийн түлшний үнэ 177,313,500 төгрөг, хүү 88,656,750 төгрөг, нийт 265,970,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.18-ны өдөр төлсөн 1,487,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т ХХК-иас гэрээний үүрэгт 265,970,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.18-ны өдөр төлсөн 1,487,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА