Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДММ/10

 

Ц.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

            прокурор Т.Түмэнжаргал,

            шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.С холбогдох 2209000002352 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, Б овогт Ц С - оны - дугаар сарын -ны өдөр Дорноговь аймгийн - суманд төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, нягтлан бодогч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар цэцэрлэгийн эрхлэгч багш ажилтай, ам бүл -, нөхөр, - хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар баг - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: -/

          Шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын багшийн их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр 1999 оноос 2001 онд суралцаж төгсөөгүй байж тухайн сургуулийг төгссөн гэх D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн С сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Сүмбэр сумын - дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж, 145 560 223 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Ц.С үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц С “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.С гэмт хэрэг үйлдэж  үйлдэж олсон орлого болох 105 105 123 /нэг зуун таван сая нэг зуун таван мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

     Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогийн МУБИС-ийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль буюу тухайн үеийн нэрээр Цэцэрлэгийн багшийн коллежийг мэргэшсэн цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгч мэргэжлээр 1992 онд төгсөөд Чойрт хуваарилагдан Төмөр замын “Сансар” цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт 1997-2003 онд багшаар, 2003 оноос одоог хүртэл эрхлэгч багшаар тасралтгүй 27 жил ажиллаж байна.  Гэтэл намайг хуурамч диплом ашиглаж Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, ямар ч үндэслэлгүйгээр, хууль зөрчиж, хилсээр ял оногдуулсанд туйлын гомдолтой байна. Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

      Нэгдүгээрт: Хуурамч гэгдэх диплом ашигласан гээд байгаа талаар:

Миний бие Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар цэцэрлэгт 1997 онд анх багшаар орохдоо 1992 онд сургуулийн өмнөх боловсролын мэргэшсэн багш мэргэжлийн диплом болон бусад холбогдох материалыг бүрдүүлж томилогдсон. 2003 онд цэцэрлэг маань бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, хуучин эрхлэгч нь ажлаас чөлөөлөгдөж намайг түүний оронд эрхлэгчээр томилох санал тавихад нь би багшаараа /багшийн авдаг цалин илүү байсан одоо ч илүү хэвээрээ байгаа/ ажиллана гээд саналыг хүлээж аваагүй, үүний дараа намайг эрхлэгч багшаар томилъё гэсэн ч би мөн хүлээж аваагүй байж байтал дахин дуудаад цэцэрлэгийн эрхлэгч багш байхгүй хэцүү байна гээд намайг шууд томилсон. Ингээд би 2003 оны 04 дүгээр сараас Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч багш гэдэг албан тушаал дээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би цэцэрлэгийн эрхлэгч багш албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа болохоос цэцэрлэгийн эрхлэгч гэдэг албан тушаалыг эрхлээгүй болохыг дахин онцолмоор байна. Яагаад гэвэл шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байдал хэсэгт миний мэргэшсэн багш мэргэжлийг огт дурдаагүй орхигдуулсан хэрнээ миний эрхэлж буй ажлыг цэцэрлэгийн эрхлэгч гэж буруу бичсэн байна. Уг нь шүүх хурал дээр миний өмгөөлөгч Б.Чулуунбат яг энэ хэсэгт залруулга хийж, намайг багш мэргэжилтэй, цэцэрлэгийн эрхлэгч багш гэж тодруулсаар байтал миний эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй албан тушаалын байдлыг анхан шатны шүүхээс санаатай орхигдуулсан гэж үзэж байна. Би үүнийг яагаад тусгайлан онцолж байна гэвэл намайг цэцэрлэгийн багш мэргэжилгүй мэтээр шүүх хурал дээр буруутгасан байгаа, мөн миний албан тушаалыг цэцэрлэгийн эрхлэгч, нэг бол эрхлэгч багш гэж хольж бичсэн байгаа. Энэхүү байдлаас болоод өнөөдөр би анх эзэмшсэн багш мэргэжилгүй мэт болж, огт эрхэлж байгаагүй албан тушаалыг хашиж байсан мэтээр намайг буруутгасан. 2003 онд цэцэрлэгийн эрхлэгч багш гэсэн албан тушаалд тавьдаг шалгуур үзүүлэлт, шаардлага байгаагүй одоо ч энэ нь байхгүй. Намайг цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилогдохдоо тэр хуурамч гээд байгаа дипломыг ашигласан гэж буруутгаж байна. Тухайн диплом хуурамч болохыг яаж тогтоосон талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Надад тэр дипломыг ашиглах ямар ч шаардлага байгаагүй, намайг тус цэцэрлэгт багшаар ажиллаж байхад тухайн үед эрхлэгч багшаар дэвшүүлэн томилсон болохоос би шинээр баримт бичиг бүрдүүлээгүй, анх 1997 онд Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт багшаар томилогдоход бүрдүүлсэн баримт бичиг дээр үндэслээд намайг цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилсон. Хэрэв намайг тэр хуурамч гэгдээд байгаа дипломыг ашиглаж, ажилд томилогдсон гэж үзэж байгаа бол би хэзээ, хаана, ямар байдлаар ашигласан талаар хэрэгт нэг ч баримт нотолгоо байхгүй. Харин эсрэгээрээ Боловсролын яамны төлөөлөл ч тэр, хохирогч ч тэр тухайн 2003 онд миний 1992 онд эзэмшсэн мэргэжлээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах боломжтой болохыг нотолсоор байтал шүүх үүнийг үнэлж дүгнээгүй. Намайг гэм буруугүй болохыг нотолсон эдгээр нотлох баримтуудын талаар өмгөөлөгч маань шүүх хурал дээр нэг бүрчлэн дэлгэрэнгүй хэлсээр байтал өмгөөлөгчийн хэлсэн үгийг шийтгэх тогтоол болон тэмдэглэлд орхигдуулсан байна. Би шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж шүүх хурлыг хэрхэн тусгасан болохыг нягталж шаардлагатай бол засвар оруулахаар удаа дараа шүүх дээр очиж байсан боловч манайх олон хэрэгтэй байгаа тул шүүх хурлын тэмдэглэл нь гараагүй байна гэсээр байж байгаад намайг шийтгэх тогтоол авахаар очсон 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр л дөнгөж гаргасан байсан, тэмдэглэлд засвар оруулах миний хуулиар олгосон эрхийг ийм байдлаар давхар зөрчсөн. Нэг бол багшид тавигдах шаардлага яриад, эсвэл цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах шаардлага яриад яг миний эрхэлж буй цэцэрлэгийн эрхлэгч багшийн албан тушаалд тавигддаг шаардлагын талаар нэг ч үг дуугараагүй, нэг ч баримт яриагүй. Нэгэнт цэцэрлэгийн эрхлэгч багшид тавигдах шаардлага огт байхгүй байхад ямар шаардлагыг, хаанаас гаргаж ирээд ял тулгасныг би огт ойлгохгүй байна.

Хоёрт: Хууль, тогтоомжийг буруу хэрэглэсэн талаар:

     Цэцэрлэгийн албан хаагчдад тавигдах шалгуур үзүүлэлт, шаардлагыг Боловсролын тухай хууль, Боловсролын сайдын тушаал батлагдсан журмаар тогтоож дагаж мөрдөх ёстой. Намайг ажилд томилогдсон тухайн онуудад үйлчилж байсан хууль, журмыг нягтлан үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч багшид тавигддаг шалгуур үзүүлэлт, шаардлага огт байхгүй. 2008-2023 оны хооронд мөрдөж байсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 2016 онд өөрчлөлт оруулахдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана гэж тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл багш мэргэжилтэй, бакалаврын зэргийн шаардлагыг 2016 оноос мөрдөж эхэлсэн байна. Тэгвэл миний бие Хүмүүнлэгийн их сургуулийн магистрантурыг 2010 онд төгсөж Боловсролын ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд тавигдаж эхэлсэн шаардлагыг 13 жилээр ухраан хэрэглэж 2003 оны шаардлага мэтээр намайг буруутгасан нь туйлын ойлгомжгүй байна. Намайг 2003 онд Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилогдох үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Энэ хууль болон хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглахтай холбоотой асуудлыг Улсын дээд шүүхээс тогтоол гаргаж ямар баримт бичгийг хувийн баримт бичигт хамаатуулах талаар маш тодорхой тайлбар гаргасан байдаг. 2002 оны Эрүүгийн хууль, энэхүү дээд шүүхийн тогтоолд хуурамч баримт бичиг дипломыг огт дурьдаагүй байдаг ба харин дээд шүүхийн тогтоолын үг үсгийг яг тэр чигээр нь ямар ч өөрчлөлтгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд оруулсан байдаг ба диплом гэдэг үгийг тусгайлан нэмж оруулсан байдаг. Хуулийн энэ асуудлыг өмгөөлөгч Б.Чулуунбатаас маш нухацтай тайлбарлаж, дүгнэж, нотолсоор байтал шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг илт гуйвуулж, 2002 оны Эрүүгийн хуульд заасан хуурамч баримт бичигт диплом хамаарна гэж илт хууль бус дүгнэлт гаргасан.

Гуравт: Улсад хор уршиг учруулсан гэх зүйлийн талаар:

         Миний бие 1992 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд улсад ажиллахдаа нэг ч мөнгө хууль бусаар олж аваагүй. 21 жил ажиллахдаа цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн багш гэсэн 2 албан тушаалыг зэрэг эрхэлж, 2 ажил эрхэлсний төлөө надад нэмэгдэл цалин олгох ёстой байтал намайг хууль бусаар орлого олсон гэж ажилласан ажлыг үгүйсгэж, намайг огт хэрэг үйлдээгүй байхад гэмт хэрэгтэн болгож ариун хөдөлмөрөөрөө олж авсан хөдөлмөрийн цалин хөлсийг буцаан авахаар хэлмэгдүүлэн ямар ч үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасанд туйлын гомдолтой байна. Иймд надад холбогдуулан хууль бусаар буруутгаж байгаа эрүүгийн хэргийг бүхэлд нь нарийвчлан хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

  1. Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн талаар:

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол ...” гэж хуурамч болохыг мэдсээр байж ашигласан баримт бичгийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Тэгвэл Ц.С 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилогдсон 2003 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 233.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүгээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол ...” гээд баримт бичгийг ерөнхийд нь зааж өгсөн нь учир дутагдалтай байсан тул 2010 онд Улсын дээд шүүхээс 15 дугаар тогтоол гаргаж эдгээр баримт бичгүүдийг тодорхойлж өгсөн байдаг. Ингэхдээ  Улсын дээд шүүхийн 2010 оны 15 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “хувийн бусад баримт бичиг”, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан “хувийн бусад чухал баримт бичиг” гэдэгт хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн болон эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, бүхий л төрлийн төлбөр, тооцоо хийснийг баталсан зэрэг зориулалт нь тухайн хүний эрх, үүрэгтэй салшгүй холбоотой албан ёсны эсхүл эх бичвэр баримтыг хамааруулан үзнэ” гэж тайлбарлажээ. Энэ гурван эрх зүйн актыг харьцуулж үзвэл, дараах байдал илэрхий байна. ...Ийнхүү 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд боловсролын үнэмлэх, дипломыг тусгайлан зааж өгсөөр байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлт хэсэгт ...хууль тогтоомжийг илт зөрчиж, ...хууль тогтоомжийг өөрийнхөөрөө тайлбарлан Ц.С гэм буруутайд тооцсон нь хууль хэрэглээний маш ноцтой гажуудал юм. Ингэж Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчмуудыг зөрчиж, ямар ч үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, гэмт хэрэг огт үйлдээгүй, гэм буруугүй Ц.С гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр ялласан гэж үзэж байна.

2. Гэмт хэргийн зүйлчлэлийн ноцтой алдааны талаар:

       Прокуророос огт гэмт хэрэг үйлдээгүй Ц.С үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасныг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж, шийтгэсэн нь туйлын буруу юм. Прокуророос Ц.С 2003 онд Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохдоо хуурамч боловсролын диплом ашиглаж 2022 он хүртэл ашиглаж, үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан хэрнээ түүнийг 2015 онд тус цэцэрлэгийн эрхлэгч багш албан тушаалаас Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь халсан байсныг огт тооцохгүйгээр шууд 2003-2022 онд үргэлжлүүлэн ажилласан мэтээр болсон үйл явдлыг илт гуйвуулсан байдаг.  2015 онд Ц.С цэцэрлэгийн эрхлэгч багш үүрэгт ажлаас нь халснаар 2003 онд Ц.С холбоотой үүссэн байсан хөдөлмөрийн болон бусад эрх зүйн бүх харилцаа дуусгавар болсон явдалд прокурор, шүүхээс огт дүгнэлт хийлгүйгээр, шууд 2003-2022 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хэмээн эрхэлж байсан ажил, албан тушаалыг нь өөрчилж, буруутгасан нь хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

3. Хуурамч гэгдэх диплом ашигласан эсэх талаар:

        Ц.С нь Говьсүмбэр аймгийн - дугаар цэцэрлэгт 1997 онд анх багшаар орохдоо 1992 онд эзэмшсэн сургуулийн өмнөх боловсролын мэргэшсэн багшийн мэргэжлийн диплом болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлж томилогдсон байдаг ба 2003 онд тус цэцэрлэгт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, цэцэрлэгийн хуучин эрхлэгч нь ажлаас чөлөөлөгдөж түүний оронд Ц.С  тус цэцэрлэгийн эрхлэгч багшаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга өөрийнх нь саналыг харгалзахгүйгээр шууд томилсон байдаг. Ингэхдээ ямар нэгэн байдлаар шинээр баримт бичиг огт бүрдүүлээгүй ба Ц.С 1997 онд бүрдүүлж өгсөн баримт бичгийг үндэслэн томилсон байдаг. Түүнчлэн Ц.С 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилох үед энэхүү албан тушаалд тавигдах шаардлага байгаагүй одоо ч байхгүй болно. Ц.С эрхэлж буй албан тушаалд боловсролын дипломны талаар тавигдах шаардлага огт байхгүй, 1997 оноос хойш шинээр баримт бичиг бүрдүүлж өгөх ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй байсаар байтал прокурор, шүүхээс хуурамч боловсролын диплом ашигласан гэж тулгаж байгаа боловч яг энэ ашигласан гэх үйлдлийг нотлох байтугай нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, Ц.С ямар ч нотлох баримтгүйгээр гэмт хэрэгт буруутгаж, ялласан гэж үзэж байна.

4. Улсад хор уршиг учруулсан гэх зүйлийн талаар:

       Ц.С ямар ч үндэслэлгүйгээр хилсээр ял оногдуулахдаа түүнийг “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 41 дугаартай захирамжаар Сүмбэр сумын - дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж, 145 560 223 төгрөгийн орлого олсон...” гэж дурдаад гэмт хэрэг үйлдэж олсон 105 105 123 төгрөгийг гаргуулахаар тогтоосон байдаг. Тэгвэл Ц.С нь энд дурдсанчлан 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд ороогүй, ажиллаж байгаагүй, харин цэцэрлэгийн эрхлэгч, багш гэсэн давхар ажил эрхэлж ирсэн ба тэрээр ямар ч тохиолдолд цалингаа бүрэн авах эрхтэй юм. Нөгөө талаас огт гэмт хэрэг үйлдээгүй байхад Ц.С гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг гаргуулахаар тогтоосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуулиас эхлээд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад бүх хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.

        Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.С гэм буруугүйг тогтоож, цагаатгаж өгнө үү гэв.

        Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа юм байна. Эрүүгийн 2309000000023 дугаартай Ц.С холбогдох хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор ... шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн D200100209 дугаартай үнэмлэх, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл буюу эрх олгосон боловсролын бакалаврын диплом нь Ц.С нэр дээр биш Монгол Улсын иргэн О овогтой Ц Ө нэр дээр байдаг. Яагаад энэ хүний нэр дээр байгаа гэхээр Ц.С нэр дээр буюу Ц.С тус сургуулиас авсан гэх диплом нь Ц.С олгогдсон биш Ө олгогдсон диплом байсан. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгийг өмгөөлөгч тогтворгүй мэдүүлэг гэж ярьлаа. Харин эсрэгээрээ хохирогч О, гэрч Э-А, Н, Т-Э, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг дээр тухайн дипломын зөрчилтэй хэсгүүдээс давхцсаныг нь биш хуурамч байх үндэслэлтэй дипломуудын жагсаалтыг бид нар гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа буюу хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүллээ гэдэг албан бичгүүд хэрэгт авагддаг. 2-т энэ талаар гэрчүүд болон хохирогч нар мэдүүлэгтээ дурддаг. Ц.С тухайн диплом нь хуурамч гэдэг нь дээрх мэдүүлгүүд, албан бичгүүд, Ө дипломын хуулбар болон  бусад бичгийн нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон. Хохирогч З мэдүүлэг дээр өмгөөлөгч дүгнэлт хийж ярьж байна. Хувийн байдлын талаар Ц.С тухайн байгууллагад хичнээн сайн ажилласан, мундаг байсан талаар мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхийн зүгээс маргаагүй, сайн ажилласан. Сайн ажилласан баримтууд нь байдаг. Гэхдээ тухайн 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 41 дугаартай Засаг даргын захирамжаар томилогдож байгаа үйл баримтууд нь энэ дээр томилогдохын тулд яагаад заавал 1999-2001 онд суралцсан гэсэн D200100409 диплом өмнө нь авагдсан бэ гэдэг асуудал байдаг. Ц.С зүгээс хүчээр ажилд томилсон гэсэн ойлголтыг хэлдэг. Хүнийг хүчээр ажиллуулна гэдэг ойлголтыг би тайлбарлаж мэдэхгүй байна. Намайг хүсээгүй байхад томилвол би хийхгүй байж болох байх. Гэтэл энийг ямар үндэслэлээр тайлбарлаж, ямар ач холбогдолтой гэж тайлбарлаж байгааг миний зүгээс ойлгохгүй байна. Тухайн Сүмбэр сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай Засаг даргын захирамжаар -р цэцэрлэгт эрхлэгч багшаар ажилд авдаг. Эрхлэгч багшийн ажлаа хийж байсан болохоор Ц.С өөрөө мэдүүлэгтээ эрхлэгч багш гэдэг нь хос ажил юм шиг харагдаж байна. Энэ ажлын маань тодорхойлолт байхгүй, би энэ ажлыг хийгээгүй гэх боловч эрхлэгчийн ажлыг ч, багшийн ажлыг ч хийсэн гэдгээ хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Дээрх ажлыг аль алийг нь хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, холбогдох хууль, журамд зааснаар  багшийн ажлын байрны тодорхойлолт, эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт байгаа нь үнэн. 1999-2001 онд суралцаж төгсөөгүй хэрнээ D200100409 дугаартай дипломыг ашиглаж, тушаал шийдвэр гарч, ажлыг гүйцэтгэсэн. Хуулиараа бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэсэн хуулийн шаардлага байсан. Хэрвээ тийм шаардлага байхгүй байсан бол хуурамч дипломыг Ц.С авах шаардлага юу байсан юм бэ, 2-т хэрвээ энэ диплом жинхэнэ гэж та хэлж байгаа юм бол жинхэнэ дипломоо гаргаад ирэх боломж танд байсан, 3-т Ө эрэгтэй, эмэгтэй дээр маргаан үүсдэг. Ө мэдээллийг авахдаа Улсын бүртгэлээс алдаатай буюу эрэгтэй гэсэн лавлагаа гарсан асуудал байгаа. Энийгээ залруулаад прокурорын зүгээс лавлагааг хэдий давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар өгдөггүй болов ч эргэлзээг тайлж, эмэгтэй царай төрх нь тэр чигтээ байгаа, Ө нь эмэгтэй гэх бүх мэдээллүүдийг гаргаж ирж байгаа. 4-т  магистрын диплом байгаа гэдэг. Энэ дээр эрхэм шүүгч, өмгөөлөгч та бүхэн бас нэг дүгнэлт хийгээд бодох ёстой. Магистрын диплом өөрөө юун дээр үндэслэж гарч байна. Тусдаа бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн дахин гарч ирж байгаа юм биш биз дээ. Яагаад гэхээр хэрвээ магистрын диплом өмнөх Ц.С 1999-2001 онд төгссөн гэх баримтад тулгуурлаж байгаа бол тэр дипломыг гаргуулж байгаа үйл баримт өөрөө дахин нэг гэмт хэргийн шинжийг агуулж байна гэсэн ойлголт гарч ирж байна. Энэ дээр бас шалгах асуудал байх ёстой. ... Хүний мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нотлох баримтуудыг нь хүлээж аваад хэрэгт хавсаргаад шүүх рүү шилжүүлсэн. Тэр баримтууд дээр Ц.С тэр сургуулийг төгссөн гэх баримт байдаггүй. Тэр баримт байгаа гэдэг үйл явдлыг Ц.С надад хэлсэн. Хэрвээ тийм бол та аваад ир гэдэг асуудлыг ярьсан. Баримт дээр элссэн төгсөөгүй, харин Ө тухайн сургуулийг төгссөн гэх тушаал, хавсралт хэрэгт авагдсан. Энэ баримтуудаар Ц.С 1999-2001 онд суралцсан, төгссөн гээд байгаа нь төгсөөгүй хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа. Монголд Их сургуулиа 4-5 жил сураад төгсөхөд монтажгүй төгсөх үйл явдал байх уу, хэрвээ төгсөөд зургаа авахуулж амжаагүй бол таны нэр байх ёстой. 1999-2001 онд сургууль төгсөөгүй байж 2003 оны 04 дүгээр сарын 23-ны захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар 5-р цэцэрлэгт эрхлэгч багш гэсэн албан тушаалд томилогдон ажилласан. 2016 оны Говьсүмбэр аймгийн Засаг даргын 09 дүгээр сарын 19-ний Б53 тушаалаар 5-р цэцэрлэгт эрхлэгчээр ажилласан. Энэ ажилласан үйлдлийн улмаас төрд нийт 145 560 223 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан. Үүнээс тухайн үед ажилласан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хасаад үлдэгдэл зөрүү мөнгийг нь анхан шатын шүүхээс гаргуулахаар шийдвэрлэдэг. Хэрвээ та тэр дипломыг ашиглаагүй, тухайн албан тушаалд томилогдоогүй байсан бол өөр бусад шударгаар таны албан тушаал, ажил дээр томилогдох боломжтой байсан Монгол Улсын хэн нэгэн иргэн этгээдийн өмнөөс тэр боломжийг та хулгайлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл би прокуророор томилогдохдоо хуурамч диплом ашиглаж цуглуулж байгаа нь өөрөө бусад хэн нэгэн хуулийн сургууль төгссөн этгээдийн боломжийг би хулгайлж байна. Ийм ийм үндэслэлүүд тогтоогдож байгаа учраас Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат нарын гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

     1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С Монгол Улсын Багшийн их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр 1999 оноос 2001 онд суралцаж төгсөөгүй байж, тухайн сургуулийг төгссөн гэх D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон “Боловсролын Бакалавр” зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар цэцэрлэгт  эрхлэгч багшаар, мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/53 дугаартай захирамжаар Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр тус тус ажилд орж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж, 145,560,223 төгрөгийн орлого олсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

     2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.С “Боловсролын диплом хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

         3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

     4. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд шүүгдэгч  Ц.С нэртэй D200100409 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом хуурамч болох нь:

     гэрч Ч.Э-А “...Esis систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь Hemis программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. ...Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм” гэсэн /1хх-ийн 38-40/,

      гэрч Я.Н “...нийт 725  зөрчил илэрсэн.  ...дипломын дугаар давхардсан ...боловсролын баримт бичгийг  хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна” гэсэн /1хх-ийн 42-44/,

       гэрч А.Т-Э “...Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, дээд боловсролын удирдлага мэдээлийн системээс хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн. ...Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан буюу бусдын дипломын дугаарыг ашигласан зэрэг зөрчлүүд илэрснийг ангилсан” гэсэн /1хх-ийн 46-48/,

      гэрч Б.Д “...шаардлагатай гэж үзсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө яамны дотооддоо ашигладаг цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагаа мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн” гэсэн /1хх-ийн 50-52/,

    гэрч Н.Б “...Боловсролын салбарт /Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем/ болон /Hemis буюу боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Esis системийг 2013 оноос хойш Боловсрол шинжлэх ухааны яам ашиглаад хөгжүүлээд явж байгаа, Hemis системийг 2018 оноос хөгжүүлээд явж байгаа” гэсэн /1хх-ийн 55-57/,

      гэрч Д.А “...Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай эхсэл файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. ...төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй ...системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэсэн /1хх-ийн 60-63/,

        гэрч Д.Ц “...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт, төгсөлт тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа, бусад иргэд нь ...тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна” гэсэн /1хх-ийн 65/ мэдүүлгүүд,

       Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга /1хх-ийн 11-35/, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаар албан бичгийн 2 дугаар хавсралт /1хх-ийн 66, 68/, мөн сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/15 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3/573 дугаар албан бичиг /1хх-ийн 171, Ц.С нэртэй D200100409 дугаартай бакалаврын диплом, хавсралт /2хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Учир нь, Монгол Улсын Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас явуулсан хяналт шалгалтын хүрээнд шүүгдэгч Ц.С нэр бүхий D200100409 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом өөр хүний нэр дээр бүртгэлтэй, улмаар “цэцэрлэгийн эрхлэгч”-ийн албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангасан мэтээр цахим бүртгэлд бүртгэгдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “хуурамч баримт бичиг” гэсэн шинжийг хангаж байна. 

        Тухайлбал, шүүгдэгч Ц.С нь өөрийн нэр бүхий дипломын эх хувийг гаргаж өгөөгүй бөгөөд Улсын Багшийн их сургуулийн ректорын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаартай тушаал /1хх-ийн 175-178/-аар тус сургуульд элссэн боловч төгсөөгүй, тухайн цаг хугацаанд ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, D200100409 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом нь 1999-2001 онд суралцаж төгссөн Ц.Ө олгогдсон болох нь гэрч Э.М “...Ц Ө манай ээж байгаа юм....Багшаар ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн багш нарыг дээд боловсролтой байх ёстой гэсэн шаардлага тавигдаад 1999 онд Улсын багшийн их сургуулийн цэцэрлэгийн багшийн коллежид орж суралцаад 2001 онд цэцэрлэгийн багш, арга зүйчээр төгссөн. ...монтажин дээрх зураг дээр нь Ц.С гэх хүн байхгүй байсан” гэсэн /2хх-ийн 75/ мэдүүлэг, Улсын багшийн их сургуулийн ректорын 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай тушаал, хавсралт /2хх-ийн 71-73/-д буй 21 төгсөгчдийн нэрс, төгсөлтийн цомог болох монтаж /2хх-ийн 77-78/-ийн нэртэй давхцаж байгаа байдлаас тодорхой байна.  

          5. Уг хуурамч дипломыг ашиглаж эхэлсэн цаг хугацааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд дүгнэвэл:

      2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Цэцэрлэг нь эрхлэгч, багш, туслах багш болон үйлчилгээний бусад ажилтантай байна”, 2002 оны Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.5-д “цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх” гэж заасан, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15/3825 дугаартай албан бичиг /2хх-ийн 19/-т “эрхлэгч багш гэсэн албан тушаал байгаагүй” гэж дурдсан байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.С нь 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

     Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын  2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тушаалд “эрхлэгч багшаар” гэсэн нь бичвэрийн хувьд зөрүүтэй болохоос ажил үүргийн хувьд эргэлзээгүй,  “цэцэрлэгийн эрхлэгч” албан тушаалыг өнөөдрийг хүртэл хашиж байгаа нь тодорхой байна.

        Шүүгдэгч Ц.С нь 1992 онд Улсын багшийн их сургуулийн харъяа Цэцэрлэгийн Багшийн коллежийг 4539 дугаартай дипломтой төгсөж “сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжүүлэгч багш” мэргэжил эзэмшсэн болох нь маргаангүй байх ба 2003 онд Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үед нь “цэцэрлэгийн эрхлэгч”-ээр дэвшүүлэн томилсон. Ийнхүү ажилд томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиудад “цэцэрлэгийн эрхлэгч” албан тушаалыг хашихад тавигдах шаардлагыг тусгайлан зохицуулаагүй байжээ.

       2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын тухай бие даасан хууль батлагдснаар 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой зохицуулалтууд хасагдаж, өөрчлөгдсөн.

       Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно.”,  12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэсэн шаардлагуудыг шүүгдэгч Ц.С хангаж байсан.

        Эдгээр хуулийн зохицуулалт болон хохирогч А.З “...2003 онд цэцэрлэгт багшаар болон эрхлэгчээр ажиллахад заавал бакалаврын дипломтой байхыг шаарддаггүй байсан бөгөөд дипломын дээд боловсролтой буюу тухайн үедээ багшийн коллежийг төгссөн багш мэргэжилтэй дипломтой бол багшлах бүрэн эрхтэй байсан” /1хх-ийн 205-206/, гэрч С.П “...2003 онд цэцэрлэгийн эрхлэгч багш гэсэн албан тушаал байгаагүй бөгөөд эрхлэгч, багш гэдэг нь хоёр тусдаа албан тушаал юм. 2003 онд цэцэрлэгийн эрхлэгчийг ямар шаардлагаар томилдог байсан талаар баримт бичиг яамны архиваас олдохгүй байгаа. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс тодруулахаар мэргэжлийн дунд зэргийн дипломтой хүнийг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилж байсан, ажиллаж байх хугацаандаа боловсролын зэргээ ахиулан сурах шаардлага тавьж байсан гэсэн” /2хх-ийн 16-17/ мэдүүлгүүдээс дүгнэхэд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хашихад хуулиар тусгайлан шаардлага тавигдаагүй боловч мэргэжлийн хувьд “багш” байх шаардлагыг хангах хүрээнд багшид тавигдах шаардлага буюу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дипломын” гэснийг “бакалавр” гэж өөрчилсөн цаг хугацаанаас эхлэн шүүгдэгч Ц.С нь дээрх хуурамч дипломыг ашиглаж эхэлсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

        Тодруулбал, шүүгдэгч Ц.С нь багшийн мэргэжлийн бакалаврын сургалтанд хамрагдаагүй атлаа боловсролын диплом хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа нь төрийн албанд хууль дээдлэх, иргэн бүр төрийн алба хашихад адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчсөн, эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзнэ.

        Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 354 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралтаар ”Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-ыг баталсан байх ба тавигдах шаардлагын мэргэжил хэсэгт “багш”, боловсрол хэсэгт “бакалавр, магистрын зэрэгтэй байх” гэж тодорхойлсон байх боловч шүүгдэгч Ц.С хувьд “багш” мэргэжилтэй, 2016 оныг хүртэл Боловсролын тухай нарийвчилсан хуулиудад багш болон цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалд “дипломын боловсролын зэрэгтэй” хүн ажиллаж болохоор зохицуулж байсныг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтай байдлаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлсон.  

         Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу хуурамч дипломыг ашиглаж эхэлсэн хугацааг тогтоохдоо хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хууль хэрэглээний хүрээнд зөв үнэлж дүгнээгүй. Мөн хохирлыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан улсын төсөвт оруулсан нь буруу болжээ.

         Учир нь, шүүгдэгчийн авсан цалин хөлс нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэмт хэргийн улмаас улсад учруулсан гэм хорын хохиролд хамаарах тул хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 88-93/-ийг үндэслэн 2016  оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл авсан цалин хөлс 78,092,119 төгрөгөөс он тус бүрт хамаарах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 26,604,000 төгрөгийг хасч, 51,488,119 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төрийн санд оруулахаар, шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.

      6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөвтгөн тогтоосон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

           7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс, 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас “Боловсрол судлалын ухааны магистр” зэрэг олгосон нь 2016 оны хуулийн шаардлагыг хангана гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, 2002 оны Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 2002 оны Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэснээс үзэхэд дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтанд хамрагдаагүй этгээд шууд магистрын зэрэг авсныг “багш мэргэжлээр дээд боловсролын бакалавр зэрэгтэй” гэж үзэх боломжгүй.  

       Мөн “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхийг зөрчсөн” гэсэн гомдлын хувьд шүүгдэгчийн зүгээс тэмдэглэлтэй танилцсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлтээ гаргаагүй, өмгөөлөгчийн хэлсэн үгийг орхигдуулсан гэх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулж тайлбарлаагүй тул анхан шатны шүүх оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

        Иймд, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...гэм буруугүйг тогтоож, цагаатгаж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг:

       “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С гэм хорын хохирол 51,488,119 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай” гэж өөрчилсүгэй.

        2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                              ШҮҮГЧ                                           Н.БОЛОРМАА

                           ШҮҮГЧ                                                  Б.НАРАНЧИМЭГ