| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07598/И |
| Дугаар | 191/ШШ2025/04225 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04225
2025 05 13 191/ШШ2025/04225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................, өөрийн байранд байрлах, З ААТҮГ /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт байрлах, У ХХК /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 120,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З /Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар цаашид З гэх/ нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 120,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. У ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон З ТӨҮГ-тай 2021.01.02-ны өдөр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан манай байгууллагын 000 м.кв талбай бүхий автомашины гараж, засварын цехийн хосолсон талбайг түрээслэн үйл ажиллагаа эрхэлж, түрээсийн байрыг 2024.02 дугаар сард хүлээлгэн өгсөн.
Хариуцагч нь 2023 оны түрээсийн төлбөрөөс 80,200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2021.01.02-ны өдөр 000000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний 5.3-т Түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, түрээслэгчээс нэхэмжилнэ гэж заасан...
Иймд У ХХК-иас 2021.01.02-ны өдрийн 000000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 80,200,000 төгрөг, алданги 40,100,000 төгрөг, нийт 120,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл бүрдсэн учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэрээний 2.2, 5.6-д тус тус заасны дагуу түрээсийн эд зүйлийг нэг бүрчлэн акт үйлдэж түрээслүүлэгч түрээслэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тус нөхцөл байдлаас дордуулахгүй байхаар ашиглах үүрэг түрээслэгч хүлээхээр гэрээнд заасан байдаг.
Талуудын хооронд анх объектыг хүлээлцэж авч байсан баримт байдаг. Түрээслэгч тухайн объектыг түрээслээд явж байх хугацаандаа 2023.01 сараас 5 сарын хооронд 8 удаагийн үйлдлээр 70,800,000 төгрөгийг төлсөн байдаг. 2023.06 сараас эхлэн тухайн объектыг түрээслэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Яагаад түрээслэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн бэ гэхээр бороо орсны дараа дээврээс их хэмжээгээр ус орж бүх өрөө тасалгааны хана шал тааз эвдэрч гэмтэн зарим өрөө тасалгааны тааз нурсан дээрх явдлаас үүдэн манай байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн агуулгатай албан тоотыг 2024.01 дүгээр сард хүргүүлсэн байдаг. Аман хэлбэрээр 6, 7, 8 сард удирдлага холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж байсан...
Манай зүгээс өөрсдийн хөрөнгийг гаргаад засварлах боломжтой байсан хэдий ч гэрээнд зааснаар түрээслүүлэгч энэ доголдлыг арилгах үүргийг биелүүлэх цаашлаад төрийн өмчийн байгууллага бодлого зохицуулалтын газарт энэ талаар мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ажиллагааг засаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг.
Бид нар засах боломжтой хэдий ч түрээслүүлэгч үүргээ биелүүлж засаж өгөх боломжтой эсэх талаар хариу мэдэгдэхийг 2024.01 дүгээр сард албан тоотоор мэдэгдэж байсан. Гэтэл энэ талаар зохих арга хэмжээ аваагүй. Гэрээний 9.2-д энэхүү гэрээний үүргийн биелэлтэд саад болох нөхцөл байдал үүссэн болон дууссан тухайг талууд харилцан бичгээр мэдэгдэнэ гэж заасан байгаа. Үүний дагуу хариуцагч нэхэмжлэгчид албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн.
Гэрээний 5.10-д түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авах нь түрээслүүлэгчийн үүрэг гэж заасан байгаа. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. 2024.02 сард энэ асуудал шийдэгдэхгүй байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс объектыг хүлээлцэх ажиллагааг хийх мэдэгдлийг хүлээж аваад 2024.02 сард тухайн объектыг хүлээлгэж өгсөн.
Гэрээний 3.9-д түрээсийн төлбөр нь түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласны төлөө түрээслэгчээс төлж буй төлбөр болно гэж заасан байгаа. Гэтэл 2023.06 сараас 12 сарыг хүртэлх хугацаанд түрээслэгчээс үл шалтгаалах хүрээнээс хамаарч объект доголдолтой болж түрээслэгч гэрээний 3.9-д заасны дагуу түрээсэлж чадаагүй. Тийм учраас түрээсийн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй. Гэрээний 9.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелүүлэх боломжгүй байсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацаа тухайн нөхцөлийг арилгах хүртэл хойшлуулж болно гэж заасан байгаа...
Түрээсийн зүйлийг манайх 2024.02 сард хүлээлгэж өгсөн учраас 2023.06 сараас 12 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 48,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, энэ хугацаанд бодогдох алдангийн хэмжээ хуульд зааснаар бодогдох боломжгүй. Яагаад гэвэл түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Гэрээний 6.9-д заасны дагуу хойшилсон гэж үзэж байгаа. Мөн гэрээний 11.3-д талууд гэрээнд тусгаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуульд заасан хууль тогтоомжийг баримтална гэж заасан байгаа.
Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2-д гэмтээгүй үед давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсийн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож төлөөд түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэж заасан. Үүний дагуу хариуцагч түрээсийн төлбөрийг багасгах суутгах талаар нэхэмжлэгчид албан тоотууд болон аман хэлбэрээр мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн бодитой үр дүн гаргаж харилцан тохиролцоогүй.
Гэрээний 5.9, 5.10-д түрээсийн эд хөрөнгө гэмтэл хохирол гарвал нэхэмжлэгч Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл огт нэхэмжлэгч мэдэгдэж байгаагүй. Түрээсийн нийт төлбөр болох 80,200,000 төгрөгөөс тухайн объектыг зориулалтын дагуу ашигласан хугацааны төлбөр болох 32,200,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй...
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, тухайн доголдлыг арилгаж өгөөгүй учраас НӨАТ-ын 8,000,000 төгрөг, 2023.06 сараас хойшхи гэрээ дуусах хүртэлх хугацааны 6 сарын төлбөр 48,000,000 төгрөгөөс гэрээнд заасан үндэслэлийн дагуу чөлөөлөгдөж, алданги болон бусад төлбөр төлөх үндэслэлгүй... гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2024.09.09-ний өдрийн 01/210 тоот албан бичгээр Л.Г-ад олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2021.01.02-ны өдрийн 00000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөх хуваарь /хх-ийн 5-9 х/
-Түрээсийн гэрээний сунгалт, түрээсийн төлбөр төлөх хуваарь /хх-ийн 10, 11 х/,
-2023.01.03-ны өдрийн Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 12 х/
-Тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн дэлгэрэнгүй тооцоо, /хх-ийн 13, 14, 15 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагчаас 2024.09.23-ны өдөр 28 тоот албан бичгээр Н.Ш-т олгосон итгэмжлэл /хх-ийн 24 х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 26 х/,
-У ХХК-ийн дүрэм /хх-ийн 27-30 х/,
-2024.12.11-ний өдөр 36 тоот албан бичгээр Г.Ж-ид олгосон итгэмжлэл /хх-ийн 48 х/,
-Гэрэл зураг /хх-ийн 119-133 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
5.Тус шүүхийн 2025.02.11-ний өдрийн 191/ШЗ2025/07711 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн 85-114, 118 хуудсанд авагдсан баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч З нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 120,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар 2021.01.02-ны өдрийн 000000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 80,200,000 төгрөг, алданги 40,100,000 төгрөг, нийт 120,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:
3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.
3.2.Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2, талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 32,200,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин түрээсийн зүйлийг 2023.06 сараас 12 сар хүртэлх хугацаанд зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул энэ хугацааны түрээсийн төлбөр 48,000,000 төгрөг, НӨАТ-ын 8,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн энэ хугацаанд алдангийн хэмжээ хуульд зааснаар бодогдох боломжгүй гэж маргасан.
4.Нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар
З нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд буюу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000000000 тоот гэрчилгээ /хх-ийн 4 х/-гээр тогтоогдож байна.
Дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.8, 27 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түрээсийн гэрээ байгуулах, газрын захирал нь тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох, маргаантай асуудлаар үйлдвэрийн газраа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3-т зааснаар З нь түрээсэлсэн эд хөрөнгийн ... түрээсийн төлбөр төлөх болон гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.1.Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 80,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Талуудын хооронд 2021.01.02-ны өдөр 00000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, З нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, Зын хашаанд байрлах 000 м.кв талбай бүхий автомашины граж, засварын цехийн хоосон талбайг 2021.01.02-ны өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар такси авто парк, засварын төвийн зориулалтаар түрээслэгч У ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сард 8,000,000 төгрөг, жилд 96,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-9 х/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, зохигчийн хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасан.
Төрийн өмчийг эзэмшигч байгууллага буюу түрээслүүлэгчийг төлөөлж З нь 2021.01.02-ны өдрийн 00000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу Засгийн газрын Автобаазын хашаанд байрлах 000 м.кв талбай бүхий автомашины граж, засварын цехийн хоосон талбайг 2021.01.02-ны өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар такси авто парк, засварын төвийн зориулалтаар түрээслэгч У ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Зохигч дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.5-д зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийн 1 м.кв талбайн төлбөр нь 10,000 төгрөг, 1 сарын төлбөр нь 8,000,000 төгрөг байх, уг төлбөрийг сар бүр түрээслэгч З-ын Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар 2021.12.31-ний өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэл уг гэрээ сунгагдсан, мөн 2021 оны түрээсийн төлбөр төлөгдсөн талаар маргаагүй тул шүүх энэхүү үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2022 онд 47,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаа, 2023 онд 96,000,000 төгрөг, НӨАТ-ын 8,000,000 төгрөг, нийт 151,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байсан. Үүнээс 70,800,000 төгрөгийг төлж, үлдэх 80,200,000 төгрөгийг төлөөгүй учраас алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй.
Хэрэгт авагдсан У ХХК-ийн 2023 оны түрээсийн дэлгэрэнгүй тооцоо гэх баримтаар талууд 2023.01.02-ноос 2023.12.31-ний өдөр хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 47,000,000 төгрөг, сарын түрээс 96,000,000 төгрөг, НӨАТ 8,000,000 төгрөг, төлсөн 70,800,000 төгрөг, эцсийн үлдэгдэл 80,200,000 төгрөг гэж тооцоо нийлсэн байна.
Гэвч талууд 2023 онд түрээсийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж, 2023 оны түрээсийн төлбөр 96,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, төлбөр төлөх хуваарийг 2023.05.01-ний өдөр түрээсийн гэрээний 2 дугаар хавсралтаар баталсан атлаа нэхэмжлэгч нь 2023.03 сараас НӨАТ-т 800,000 төгрөгийг сар бүр төлөхөөр нэмж тооцоолж, гэрээний үлдэгдэл төлбөр дээр НӨАТ-ын төлбөр 8,000,000 төгрөгийг 96,000,000 төгрөг дээр нэмж тооцох талаар харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн НӨАТ-ын 8,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэсэн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-д зааснаар түрээсийн эд хөрөнгө гэмтэл хохирол гарвал Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх үүргээ огт хэрэгжүүлээгүй, бороо орсны улмаас түрээсийн зүйлийг зориулалтын дагуу 2023.06 сараас хойш ашиглах боломжгүй байсан учраас түрээсийн үлдэгдэл төлбөрөөс гэрээ дуусах хүртэлх хугацааны 6 сарын төлбөр 48,000,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус зааснаар түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгөд засвар хийх саналаа энэхүү гэрээнд заасны дагуу тавьж шийдвэрлүүлэх, гэрээний үүргийн биелэлтэд саад болох нөхцөл байдал үүссэн бол харилцан бичгээр мэдэгдэхээр тохиролцсоны дагуу хариуцагч нь бороо орсны улмаас түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа талаар түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Хариуцагч нь 2022 оны түрээсийн үлдэгдэл төлбөр 47,000,000 төгрөг, 2023 оны түрээсийн төлбөр 96,000,000 төгрөг, нийт 143,000,000 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан байх ба энэ төлбөрөөс нийт 70,800,000 төгрөгийг 2023.01 сараас 9 сарыг хүртэл хугацаанд төлж, 72,200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн болон гэрээнд НӨАТ төлөхөөр өөрчлөлт оруулж, тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй тул 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй тул түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 80,200,000 төгрөгөөс НӨАТ-ын 8,000,000 төгрөгийг хасч, үлдэх 72,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
4.2. Алданги 40,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын 2021.01.02-ны өдөр байгуулсан 00000000 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.3-т түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
2022-2023 оны түрээсийн төлбөр 143,000,000 төгрөг /96,000,000+47,000,000/-өөс хариуцагчийн төлсөн 70,800,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл төлбөр нь 72,200,000 төгрөг болсон ба үүнээс 0.5 хувийн алданги тооцоход 1 хоног нь 361,000 төгрөг /72,200,000 х 0,5 хувь/-ийг нэхэмжлэгчийн тооцоолсон 2024.06.30-ны өдрийг хүртэл /361,000 х 180 хоног/ тооцоход нийт 64,980,000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн шаардсан алданги нь гүйцэтгээгүй үүрэг 72,200,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул түүний 50 хувиар тооцож 32,490,000 төгрөг /72,200,000 : 50 хувь/-ийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.
Иймээс хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 104,690,000 төгрөг /70,200,000+32,490,000/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 681,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 681,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА