| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03240/И |
| Дугаар | 191/ШШ2025/04420 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04420
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ2025/04420 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ...................... давхарт байрлах, М ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ оршин суух бүртгэлтэй боловч .............. тоот хаягт оршин суух, А овогт С.Г /РД:000000000, иргэний бүртгэлийн дугаар: 0000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,577,185.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С.Г нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.05.16-ны өдөр 0000000000 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 24,910,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь 0000000000 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 80 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 0000000000 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026.10.30-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 0000000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,539,917.2 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 982,224.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,043.34 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 20,577,185.21 төгрөгийг зээлдэгч С.Г-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 20,577,185.21 төгрөгийг 20 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025.06.30 өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 1,028,859.26 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна. Мөн зохигчид хэлэлцэн тохиролцож, эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч С.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,577,185.21 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,577,185.21 төгрөгийг 20 сарын хугацаанд буюу 2025.06.30-наас эхлэн сар бүрийн 30-нд 1,028,859.26 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
М ХК-иас 2025.03.19-ний өдөр Э.Ө, А.Н нарт 2 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 01/4727 дугаартай итгэмжлэл олгосны дагуу төлөөлөгч Э.Ө, А.Н нар нь хариуцагчийн гаргасан саналыг зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч С.Г-аас тэмдэгтийн хураамжид 130,417.9 төгрөг, улсын төсвийн орлогоос 130,417.9 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,835.93 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,577,185.21 төгрөг гаргуулах тухай М ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 20,577,185.21 төгрөгийг 20 хугацаанд тэнцүү хувааж 2025.06.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 1,028,859.26 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Г-аас тэмдэгтийн хураамжид 130,417.9 төгрөг, улсын төсвийн орлогоос 130,417.9 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,835.93 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА