Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Т.Ү, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овгийн Төмөрбатын Үнэнбатад холбогдох эрүүгийн 1711013350288 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цорос овогт Т Ү, 1959 оны 5 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 17-2776 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04-06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-227/Б тоотод өөрийн төрсөн хүү болох хохирогч Ү.Алтансүхийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, түүний цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болсон талаар манай бага дүү өглөө нь над руу залгаж хэлсэн. Хэрэг болох үед хамт байгаагүй болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хэргийн талаар байцаагчийн тэмдэглэлтэй танилцаж юу болсон талаар мэдсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Т.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд ноцолдож байх үедээ хутга газар уначихсан харагдахаар нь авсан. Тухайн үед би хутгыг баруун гараараа авсан. Тэр үедээ боолтонд ороод ухаан балартаад, толгой эргэсэн байсан. Тухайн үед талийгаач хоёр гараараа миний хувцасны захаар боогоод байсан учир боолтоо тавиулах гээд хутга бариад талийгаачийн цээж рүү чиглүүлээд хатгасан. Тэгээд хутга хүрэв үү үгүй юу талийгаач гараа тавиад намайг хойшоо түлхсэн.Тэр үед би хутгыг үзүүр хэсгийг талийгаач руу чиглэсэн байдалтай барьсан байсан. Тухайн үед талийгаач намайг түлхэх үед талийгаачийн биед гэмтэл харагдаагүй. Өглөө цагдаа нарын хамтаар очих хүртлээ би хутгалсан талаараа мэдээгүй байсан…” гэжээ /хх-116-117/.

Яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...Тухайн үед би талийгаачид зодуулж байсан. Талийгаач намайг баруун гараараа цамцны захаар боогоод заамдаж барьсан, зүүн гараараа зодож байсан. Энэ үед би боолт тавиулах гээд эсэргүүцсэн боловч дийлэхгүй, боолт орсны улмаас ухаан санаа самуурч эхэлсэн. Тэгээд боолтыг тавиулах гээд ноцолдож байхад гарт юм баригдсан. Тэгээд баригдсан зүйлийг аваад боолтоо тавиулах гээд талийгаачийг гарт баригдсан зүйлээр түлхсэн. Тэгээд талийгаач боолтоо суллаад намайг хойш нь түлхсэн. Тэгээд би гарч зугтсан. Тухайн үед бид хоёр өөд өөдөөсөө хараад сөхөрсөн байдалтай, миний зүүн хөлөн дээр талийгаач дарчихсан, зүүн гар руу цохиод өмнөх гэмтэл өвдөөд хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байсан. Би талийгаачийн цээж рүү түлхэх үедээ баруун гараараа түлхсэн. Тухайн үедээ хутга байсныг мэдээгүй. Тухайн үед түлхэх үйлдэл хийхдээ өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгээд би дараа нь цагдаа нарын хамтаар очих үедээ хутгалсан талаараа мэдсэн. Би анх харахдаа судсаа ханачхаж, гартаа хутга байгааг ч анзаараагүй.., ,.би хүүгийнхээ амь насыг хохироосондоо гэмшиж байгаа, би санаатайгаар өөрийнхөө үр хүүхдийг алаагүй...”гэжээ /хх-119-120/.

Яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...Анх талийгаачийг гаднаас нь харахад гарын шуу нь цус болсон байсан учир судсаа ханасан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тухайн үедээ айж балмагдсан байсан учир судсаа ханасан байх гэж мэдүүлсэн. Дараа нь цагдаагийн газарт байж байгаад дахин мэдүүлэг өгөх үедээ сэтгэл санааны байдал тогтворгүй байсан учир зодолдож байхдаа хутгаар хатгасан байх гэж бодоод хатгасан гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд цагдан хоригдсоныхоо дараа болсон мэдүүлэг өгөх үед сэтгэл санааны байдал харьцангуй тогтвортой байсан учир болсон хэргийн талаар дахин мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгүүдээс сэтгэл санаа цочрон давчдаад хутгалсан гэдэг мэдүүлэг нь бодит юм...” гэжээ /хх-220/.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...эцэг Үнэнбат, дүү Алтансүх хоёр хоорондоо энгийн харилцаатай байсан. Миний дэргэд бол хоорондоо муудалцсан, хэрүүл, маргаан хийсэн зүйл болж байгаагүй. Ерөнхийдөө баяр ёслолын үеэр уулздаг байсан юм. Дүү болон эцэг хоёрын дунд таарамжгүй харьцаа байдаг талаар сонсож байгаагүй. Энгийн л харилцаатай байдаг байсан. Өр авлагын хувьд гэвэл эцэг Үнэнбат дүү Алтансүхэд 2 жилийн өмнө зээлээр приус 20 машин авч өгч байсан. Тэгээд машинаа осолд оруулаад хямдхан зарсан юм байна лээ. Түүний мөнгийг нь эцэг Үнэнбат төлдөг байсан юм. Энэ талаар хоорондоо бага зэргийн маргаантай байдаг байсан байж магадгүй. Надад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид гаргах хүсэлт байхгүй. Эцэг Үнэнбатын холбогдсон хэргийн үнэн зөвийг олж, хэргийг нь гайгүй шийдэгдээсэй л гэж хүсэж байна…” гэжээ /хх-26-27/.

Гэрч Ү.Энхбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед манай аав Үнэнбат Ням-Очир ахын гэрт орж ирээд аав нь хөлдөж үхэх шахсан байна. Ах Алтансүх чинь заазуураар судсаа ханасан байна гэж хэлсэн юм. Тэгээд би тоглоод байгаа юм уу тийм юм гэж юу байдаг юм гэж хэлсэн чинь манай аав Үнэнбат би өөрөө орж харсан гарын судсаа ханасан байсан гэж хэлсэн юм. Тэгээд Ням-Очир аав бид нар гэрээс гарч цагдаагийн газарт ирсэн юм.., ..манай ах эхнэр хүүхэдгүй гэртээ ганцаараа амьдардаг энэ жил аав ээж бид 3 хөдөөнөөс ирээд хэд хонож байгаа юм...” гэжээ /хх-30-31/.

Гэрч Ж.Ням-Очир мэдүүлэхдээ: “...манай аав Үнэнбат гаднаас орж ирээд Энхбаатар бид хоёрыг дуудан сэрээгээд ээж чинь хаана байна гэж асуугаад дүү Алтансүх /Улаанаа гэж дууддаг/ чинь амиа хорлосон гарын судсаа ханасан байна гэж хэлсэн юм...” гэжээ /хх-32/.

Гэрч Ж.Сарангэрэл мэдүүлэхдээ: “...Ү.Алтансүх нь эхнэр, хүүхэд байхгүй, би нөхөр Т.Үын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 17-227/Б тоот хаяган дээр 2006 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ү.Алтансүх нь Санзай зусланд хувиараа барилгын ажил хийдэг юм. ... Манай нөхөр Т.Ү нь Дорнод аймагт замын инженер хийдэг юмаа, тэгээд ээлжийн амралтаа авсан байсан юм. Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны оройны 20 цагийн үед Ү.Алтансүх “аав ээлжийн амралттай байгаа архи авсан” гээд Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэгийг барьсаар орж ирсэн. Тэгээд уг архийг манай нөхөр Т.Ү, Ү.Алтансүх бид гурав хувааж уусан, би архинаас 3 удаа уусан. Бид гурвын ууж байсан архи арай дуусаагүй байхад Т.Ү, Ү.Алтансүх нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Т.Ү хүүгээ “олигтойхон ажил хийж амьдарч чадахгүй юмаа. 3 жилийн өмнө тоёота приус-20 маркийн машин авч өгсөн чинь тэр дор нь онхолдуулчихсан” гээд загнасан юм. Тэгтэл Ү.Алтансүх нь “машин авч өгсөндөө та голоо цохиод байгаа юм уу” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Хүний эцэг юм болохоор хүүдээ хэдэн үг хэлсэн чинь Ү.Алтансүх согтуу байсан болохоор эсэргүүцэж маргалдсан. Зуухны урд хэсэгт Үнэнбат босож ирсэн, тэгтэл Алтансүх босож ирээд хоорондоо маргалдаж, хэрэлдэж байгаад арай гайгүй сууцгаасан. Нөгөө архи ууж сууж байхдаа Үнэнбат хүүхдээ загнаж байгаад гэнэт над руу загнаад эхэлсэн, манай хүү Алтансүх аав руугаа хандаж “та яагаад ээжийг загнаад байгаа юм бэ” гээд ширээн дээр байсан аягийг авч шидсэн боловч Үнэнбатыг онолгүй, цаад талд байсан хананд очиж хагарсан, 2 удаа аяга шидсэн. Тэгснээ Алтансүх босож очоод Үнэнбаттай барьцалдаад авсан. Би тэр хоёрын дундуур салгах гээд орсон боловч би дийлээгүй ээ, Алтансүх, Үнэнбат хоёр нилээн ноцолдож байгаад Алтансүх фудволкны захаар нь хоолойг нь боосон, өөрсдөө арай хийж больцгоож байсан. Тэгтэл удалгүй дахиад л машин тэрэгнээс болж маргалдаад Алтансүх Үнэнбатыг унагааж боосон, бие биенийгээ цохиж байсан. Би хэдэн удаа хаана нь яаж цохьсныг сайн санахгүй байна. Алтансүх гал тогооны хэсэгт ногооны саванд байсан хар өнгийн иштэй, богино нарийхан хутгыг аваад аав Үнэнбат руу дайраад байсан. Тухайн үед Үнэнбат ширээний хажууд сандал дээр сууж байхад нь Алтансүх очоод хоолойноос боогоод газар унгасан. Үнэнбат, Алтансүх хоёр газар уначхаад дээр доороо ороод ноцолдож байгаад Алтансүх хутгаа алдаж газар унагаасан. Үнэнбат газар хэвтээ байрлалтай дээд хэсэгт нь Алтансүх гараад суучихсан хоолойг нь боосон байсан. Хутга Үнэнбатын баруун гарын талд уначихсан байхад нь Үнэнбат хутгыг аваад цээж хэсэгт нь нэг удаа дүрчихсэн, нэг л удаа дүрэх ших болсон. Би тэр мөчийг хараад их айж шоконд орчихсон. Алтансүх тухайн үед орилж байгаад гэнэт дуугүй болчихсон. Үнэнбат Алтансүхийг өөрийнхөө хэвтэж байсан байрлалынхаа зүүн тал руу болгож хэвтүүлсэн. Үнэнбат босоод “одоо яанаа” гэж орилсон...” гэжээ /хх-36-37/.

Гэрч Ж.Сарангэрэл дахин мэдүүлэхдээ:“...Би тэр хоёрыг маргалдаж эхлэх үед нь бол байсан.Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад аймар аймар хэрэлдээд байсан. Тэр хоёр урд өмнөх машин осолд оруулсан шалтгаанаар хэрэлдээд байсан. Тэгээд би хүү Алтансүхэд хандаж чи дуугүй бай, аавынхаа өөдөөс юу хэлж байгаа юм гэхэд та дуугүй бай гээд над руу чанга дуугаар орилж эхэлсэн.Тэгээд би өөрөө тал харвалттай учраас дуу чимээнд нь зүрх савлаад байхаар нь байшингаас гараад үүдний амбаартаа сууж байгаад даараад байхаар нь үүдний амбаарт аваад удаагүй байсан машины бүтээлэг байхаар нь нөмрөөд хэвтсэн.Тэгээд тэр өдөр бага зэрэг архи уусан байсан болохоор унтчихсан байсан.Намайг гарах үед цаг барагцаагаар 02-03 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд унтаж байхад үүдний амбаар онгойх чимээ гарахаар нь сэрээд өндийх үед манай нөхөр Үнэнбат хоёр цагдаагийн хамтаар орж ирсэн. Тэгээд Үнэнбат надад хүүхэд чинь өнгөрчихлөө гэж хэлсэн. ..Миний мэдүүлсэн нөхөр Үнэнбат талийгаачийг хутгалсан гэх хэсэг худал бусад согтолтын зэрэг болон хэрүүл маргаан хийсэн, зодолдсон байдлыг бол үнэн мэдүүлсэн…” /хх-41-42/.

Гэрч Ү.Гантулга мэдүүлэхдээ: “...Талийгаач нь миний 2 дахь дүү байгаа юм.., ..архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавих, элдэв зүйл ярьдаг болсон байсан. Энэ нь ял эдлээд гарч ирснээс нь хойш анзаарагдах болсон…” гэжээ /хх-43/.

Гэрч Ж.Ням-Очир мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сард манай хүргэн ах Үнэнбат Дорнод аймгаас ажлаар Улаанбаатар хотод ирсэн байсан юм. Тэгээд өдрийг нь сайн санахгүй байна, талийгаач Алтансүхэд зодуулсан гээд манай гэрт ирсэн. Манай гэрт ирэхдээ нүүр нь энэ тэндээ хавдаад улайчихсан, энэ тэндээ бага зэрэг шалбарсан байсан. Тэгээд манай гэрт биеэ тэнхрүүлж 2 хоночхоод Дорнод аймаг руу явсан. Тухайн үед талийгаач Алтансүхтэй маргалдаад зодуулчихлаа, намайг гэрээс хөөчихлөө гээд ирсэн. Тэгээд Дорнод аймаг руугаа явах болоод би гэрээс нь очиж хувцас, эд зүйлийг нь аваад машинд суулгаж өгч байсан...” гэжээ /хх-44/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2313 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаач Ү.Алтансүхийн цогцост цээжин дэх өвчүүний баруун талд 4 дүгээр хавирганы доогуур цээжний баруун хөндий, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт цээжний баруун дээд хэсэг, баруун мөр, тохой, зүүн тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс цогцост цээжин дэх өвчүүний баруун талд 4 дүгээр хавирганы доогуур цээжний баруун хөндий үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт нь хурц ир үзүүр бүхий зүйлийн, цээжний баруун дээд хэсэг, баруун мөр, тохой, зүүн тавхайнд зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүртээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн тавхайны зулгаралт, цээжний баруун дээд хэсэг, баруун мөр, тохойн зулгаралт, цээжин дэх өвчүүний баруун талд 4 дүгээр хавирганы доогуур цээжний баруун хөндий үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэсэн дарааллаар үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Талийгаач нь цээжин дэх өвчүүний баруун талд 4 дүгээр хавирганы доогуур цээжний баруун хөндий, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба хэдий хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

5. Талийгаачийн цогцос дээрх гэмтлүүд тогтоогдсон ба биеэ хамгаалан тэмцсэнийг тогтоох боломжгүй байна.

6. Химийн шинжилгээгээр цусанд 4.8 промилли , шээсэнд 5.4 промилли, ходоодны шингэнд 4.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. 8. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

9. Талийгаач нь цээжин дэх өвчүүний баруун талд 4 дүгээр хавирганы доогуур цээжний баруун хөндий үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ.

10. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэжээ /хх-47-48, 51-53/.

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэхдээ: “...Согтолтын хэмжээнээс үзэхэд хүн ухамсарт үйл хөдлөл хийх боломжгүй, хар үгээр хэлбэл тасарсан байдалтай байх боловч тухайн хүний бие махбодийн онцлог, архи даах чадвараас шалтгаалан хүнтэй ярьж харилцах үйл хөдөлгөөн хийх боломжтой.., ..яг зорилготой чиглэсэн үйл хөдлөл хийх боломжгүй зүрхний нэвтэрсэн шархнаас хурц цус алдаж, даралт огцом хэлбэлзэж хүн үхэтхийн унах хооронд 1-2 алхах, гар хөдөлгөх хөдөлгөөн хийх боломжтой.., ..цогцосны гадна үзлэгээр үйл хөдлөл хийсэн шинж тэмдэг илрээгүй. Цусны бохирдол хаталтын байдлаас үзэхэд босоо байрлалд анх хутгалуулсан байх боломжтой…” гэжээ /хх-54/.

Т.Үын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14633 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт:

"1.2.Т.Үын биед тархи доргилт, зүүн хөмсөг, хацар, баруун суга, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, бүсэлхийн зүүн хажуу доод хэсэг, баруун өвдөгт цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтлүүдээс баруун өвдөгний цус хуралт 1-3 хоногийн өмнө үүссэн хуучин, харин бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-58-62/. 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11016 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд хүргүүлж буй Т.Үын цусны дээж а/д Б.Чинзориг ЧДЦХ-2” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.” гэжээ /хх-63/.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №6330 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

-Бор цамцанд гарсан 14 мм, 110 мм, 80x20 мм, 110x40 мм, 10 мм, 80x50 мм, 70x40 мм, ногоон фодволконд гарсан 300x350 мм, 9x7 мм, 5 мм, 15x20 мм, хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй,

-Бор цамцанд гарсан 5х6мм, 7х5мм, 14х8мм, 5х5мм, ногоон фодволконд гарсан 5х4мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогдох, татах, нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд байна.

-Ногоон футболканд 13.5x9.5 см хэмжээтэй талбайд гарсан 6x4 мм, 5х4мм, 5x4 мм, 9х6 мм 5хЗмм, 5x4 мм, 4x3 мм, 1x1 мм, 5x3 мм, 1x1 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан цооролтууд байна.”Гэжээ /хх-67-71/.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №11018 дугаар дүгнэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцан дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

2. Бусад хувцас дээр цус илрээгүй.”гэжээ /хх-72/.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №11017 дугаар дүгнэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн тавчик, хивсний хэсэг, хутга болон чулуун дээр цус илэрсэн.

2. Хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3. ХГҮ-ийн толбо нь өмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.” гэжээ /хх-85/.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №6329 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

-Хар саарал өмдөнд гарсан 20x10 мм, саарал өмдөнд гарсан 10 мм, 30 мм, 40x80 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах, хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзралтууд байна.

-Хар саарал өмдөнд гарсан 7x5 мм хэмжээтэй гэмтэл нь дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэл байна.

-Саарал өмдөнд гарсан 5мм, 5 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах, хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.

-Саарал өмдөнд гарсан 10 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна.

-Ногоон оруулгатай хар хөх дотоожинд гарсан 10x5 мм, 7x5 мм, 10x10 мм, 5 мм, 6x1 мм, 5x3 мм, 10x5 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин гэмтэл байна.” гэжээ /хх-88-91/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн №577 дугаар дүгнэлт:

“1. шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн оймс, цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэгт цус илэрч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Т.Үын гэх цус нь гемолиз /улаан эсүүд задарсан/ болж бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй.

3. Хар саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн оймс, цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэгт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Реntа Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1Р08, Реntа DvWА, D8S1179, ТРОХ, FGА гэсэн локусын аллелиар Ү.Алтансүхийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэжээ /хх-96-97/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн №1048 дугаар дүгнэлт:

“1.Т.Ү нь урд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Т.Ү нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Т.Ү нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

Т.Ү нь хэрэг болох үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна:” гэжээ /хх-100-101/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №154 дүгээр дүгнэлт.

“1. Т.Ү нь гэмт хэрэгт холбогдох үедээ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байх боломжтой байна.

2. Т.Ү нь зүрх судасны нарийсал, зүрхний хэм алдалт өвчтэй болох нь хавтас хэргийн 181-190 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогддог бөгөөд тухайн өвчин нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх боломжтой.” гэжээ /хх-214-219/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-142-143/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-7-16/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-17-21/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04-06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-227/Б тоотод өөрийн төрсөн хүү болох хохирогч Ү.Алтансүхийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, түүний цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №154 дүгээр дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Үыг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Үад оногдуулсан хорих ялыг тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид гаргах хүсэлт байхгүй....” гэх тул шүүгдэгч Т.Үыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...хар хөх өнгийн дотуур өмд, “Хатантуул” нэртэй цэвэр усны савтай шингэн, хятад ханз бүхий бичиглэлтэй хар өнгийн углааш, саарал өнгийн өмд, хараа нэртэй архины шил, 13х11 см хэмжээтэй ногоон өнгийн хивсний хэсэг, ажлын хэсэг нь 8.2 см, бариул нь 10.5 см,нийт 19 см урттай,хар өнгийн хутга, бор өнгийн цамц, саарал өнгийн хос оймс, саарал өнгийн даавуун өмд, 5.5х3 см хэмжээтэй бинт, хар саарал өнгийн даавуун өмд, ногоон өнгийн фудволк, 26х17 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн хөрсний дээж, “Punch” нэртэй ундааны сав, А4 хэмжээтэй цаасан дээр наасан 5 ширхэг гарын мөр...” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Т.Үад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, барьцааны зүйлийг түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үад 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Үын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн дотуур өмд, “Хатантуул” нэртэй цэвэр усны савтай шингэн, хятад ханз бүхий бичиглэлтэй хар өнгийн углааш, саарал өнгийн өмд, хараа нэртэй архины шил, 13х11 см хэмжээтэй ногоон өнгийн хивсний хэсэг, ажлын хэсэг нь 8.2 см, бариул нь 10.5 см,нийт 19 см урттай,хар өнгийн хутга, бор өнгийн цамц, саарал өнгийн хос оймс, саарал өнгийн даавуун өмд, 5.5х3 см хэмжээтэй бинт, хар саарал өнгийн даавуун өмд, ногоон өнгийн фудволк, 26х17 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн хөрсний дээж, “Punch” нэртэй ундааны сав, А4 хэмжээтэй цаасан дээр наасан 5 ширхэг гарын мөр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Үад оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Т.Үад барьцааг буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үад барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН