Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

О.У холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

              прокурор Т.Түмэнжаргал,

              яллагдагч *******,

              түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва /цахимаар/,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* өмгөөлөгч С.Сансартуяа /цахимаар/,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

         Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулгын даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Түмэнжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох 2317000060105 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 19 оны - дугаар сарын --ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч ажилтай, ам бүл -, нөхөр, - хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Ш сумын - дүгээр баг - дүгээр байрны - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц О овогт О У /РД: -/

         Яллагдагч О.У нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой яаралтай түргэн тусламжийн дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Ш сумын - дүгээр баг - байрны - тоотод болон Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд байх иргэн Б.О  19 цаг 54 минутад, 22 цаг 32 минутад, мөн 23 цаг 18 минутад үзлэг хийхдээ талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдэгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламж /амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах үйлчилгээ/-г цаг алдалгүй үзүүлээгүй, үндсэн өвчнийг оношлоогүйн буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

       Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: О.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц О овогт О У холбогдох эрүүгийн 2317000060105 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

      Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

      ...Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд О.У нь ... эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насыг хохироосон болох нь тогтоогддог.

      Харин тухайн Эрүүл мэндийн төвийн дарга Х.С О.У /яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй/ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн “дуудлагын эмч нарын жижүүр хийх хуваарьт” оруулан тус төвийн түргэн тусламж, яаралтай тусламжийн эмчээр ажиллуулсан, мөн яллагдагч О.У амь хохирогч Б.О түргэн тусламж, яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлсэн нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль журам, дүрмийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрч Н.Д “...Эх баригчийн ажлын байрны үндсэн чиг үүргийн 4 дэх заалтад хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхээр заасан бөгөөд 4.1.1-д үйлчлэх хүрээний хүн амд анхан шатны идэвхтэй үзлэг хяналт хийнэ. 4.1.2-т яаралтай тусламж үзүүлж, дараагийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна, 4.1.5-д амь тэнссэн болон онцгой, хойшлуулшгүй тохиолдолд эмнэлгийн нэн шаардлагатай тусламжийг үзүүлэхээр заасан байна. Үлгэрчилсэн загвар гэдэг нь эх баригч мэргэжилтэн тус тодорхойлолтод заасан чиг үүргийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ба ажил мэргэжилдээ удирдлага болгон ажиллана. Шаардлагатай тохиолдолд тухайн эмнэлгийн мэргэжилтний ажиллаж байгаа газар нөхцөл байдлаас хамаарч тус тодорхойлолтод эрх бүхий албан тушаалтан нэмэлтээр хэрэгжүүлэх чиг үүргийг оруулж баталж болно” гэх мэдүүлэг  (2-р хх-ийн 64-66 дугаар тал), гэрч Г.А “...хэрвээ үнэхээр тухайн эмнэлгийн мэргэжилтний эзэмшсэн мэргэжил эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүнийг эрэмбэлэхэд болон эмчлэхэд хүрэлцээгүй байгаа тохиолдолд дараагийн өөр нарийн мэргэжил мэргэшсэн эмчид хандах, эсхүл эрүүл мэндийн төв дээр авч ирэх ёстой. Эх баригч мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэнг яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллуулахаар томилж болно болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ тухайн “Эх баригч” мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэнг яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллуулахаар эрүүл мэндийн төвийн дарга томилсон, тухайн эмнэлгийн мэргэжилтэн түүнийгээ хүлээн зөвшөөрөөд дуудлага мэдээлэлд явсан бол дуудлагын дагуу хүнээ үзэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. ...Тэрнээс биш миний эзэмшсэн мэргэжил хүрэлцэхгүй гээд тусламж шаардлагатай хүнийг хаяад явах нь тангараг өргөсөн эмч хүнд байж болохгүй... Мөн сумын Эрүүл мэндийн төв нь хүн хүчний дутагдалтай байдлаас болон ажлын ачааллаас үүдэн дотооддоо зохион байгуулалт хийж жижүүр эмчийг томилох эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэн ажиллах үүрэгтэй. Нэгэнтээ тухайн эх баригч мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэнг яаралтай тусламжийн эмчээр томилон ажиллуулахаар болоод тэр эмнэлгийн мэргэжилтэн нь өөрөө зөвшөөрсөн бол дээр мэдүүлснээр эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх л ёстой. ...Мөн жижүүр эмчээр тухайн эмч ажиллаж дуудлагад явснаараа илүү цагийн мөнгө болон нэмэгдэл цалин авдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 68 дугаар тал), мөн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/388 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13/989 дугаартай тус тус “Шинжилгээ хийхээс татгалзах тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байна.

       Эрүүл мэндийн яамны салбар зөвлөл энэ хэрэг дээр шинжээчээр оролцож дүгнэлт гаргахгүй талаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04/23 дугаартай албан бичгээр “...шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно”, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11/23 дугаартай албан бичгээр “тус салбар зөвлөлийн гишүүд тодорхой шалтгааны улмаас шинжээчээр ажиллах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна”, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/23 дугаартай албан бичгээр “...хэрэг бүртгэлтийн 231700006 дугаартай хэргийн материалд тус салбар зөвлөлийн гишүүд тодорхой шалтгааны улмаас шинжээчээр ажиллах боломжгүй байгааг мэдэгдсэн тухай албан хариуг хүргүүлсэн болно” гэх хариуг ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Х.С буруутай үйлдэл байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй тул Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнуудаас гэрчээр мэдүүлэг авч Х.С нь тус хэрэгт хамааралгүй болохыг тогтоосон болно.   

        Мөн ...мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэрэгт иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээдийн нэрийг ирүүлэх талаар мөрдөгчөөс тус сумын Эрүүл мэндийн төвд хандаж, хариуг авсны дагуу Х.С тус хэрэгт иргэний хариуцагчаар томилж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан бөгөөд иргэний хариуцагчийг үнэхээр солих хууль зүйн шаардлага үүссэн гэвэл шүүхийн шийдвэрээр шийдэх боломжтой юм. Мөн иргэний хариуцагчаар Х.С томилоход тухайн эрүүл мэндийн төвийн дарга нь П.Г байсан бөгөөд П.Г нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 112 дугаартай “...иргэний хариуцагчаар оролцох ...багийн эмч Х.С томилон оролцуулж байна” гэх албан бичгээр тус хэрэгт иргэний хариуцагчийг томилсон болохыг дурдах нь зүйтэй байна.

        Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд, яллагдагч О.У холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна.  Мөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх ёстой атал шүүгчийн захирамж ямар ажиллагааг хэрхэн яаж гүйцэтгэх талаар тодорхой зааж өгөөгүй байна. ...Өмнөх шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар болон Эрүүл мэндийн яам руу удаа дараа албан бичиг явуулж, утсаар холбогдсон боловч дахин дүгнэлт гаргахгүй гээд хариуг албан бичгээр ирүүлээгүй.

          Иймд, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэв.

         Яллагдагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь энэ эрүүгийн хэрэг бол хүний эрдэнэт амь хохирсон ноцтой асуудал учраас ул суурьтай хандаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.  Гэтэл мөрдөн байцаагч прокурорын байгууллага маань ганцхан эх баригчийг буруутгаад түүнийг эрүүгийн хэрэг үйлдсэн мэтээр шүүх рүү удаа дараа ирүүлж байна. Өмнө нь бас энэ хэргийг прокурорт буцааж байсан. Гэтэл прокурорын байгууллага шүүгчийн захирамжид заасанчлан дүр эсгэсэн ажиллагаа хийгээд хэргийг дахин шүүхэд ирүүлчихсэн байгаа. Тийм учраас манай яллагдагчийн тал урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаад, урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг өмнөх шүүгчийн захирамжийг бүрэн дүүрэн биелүүлээгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Сая прокурор өөрөө 3 үндэслэлээр хэргийг буцаасан гэдгийг хэлчихлээ. Үнэхээр яагаад хэрэгт бүрэн дүүрэн ажиллагаа хийхгүй байна гэж хэлж байна гэхээр эмнэлгийн мэргэжилтэн бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр л тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх ёстой. Гэтэл О.У нь зөвхөн эх барих зөвшөөрөлтэй, нөгөө талаар яаралтай тусламжийн чиглэлээр огт мэргэшээгүй ийм хүн байгаа. Энэ талын баримт хэрэгт авагдаагүй, өөрөө ч мэргэшээгүй гэдгийгээ тодорхой ярьж байгаа. Нэгэнт мэргэшээгүй хүн учраас энэ асуудалдаа учир дутагдалтай хандсан байж болох юм. Үүнийг гарцаагүй хангалттай нотлох ёстой. Тухайн үедээ О.У нь тусламж үзүүлэх гээд нааш цааш ирж очоод яваад байсан байдаг. Ийм байдлаар яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшээгүй, эх баригч хүнийг түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх хуваарьт оруулсан байгаа нь тухайн байгууллагын буруу. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаах, прокурорын байгууллага тус аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам ч гэсэн өөрсдөөсөө асуудлыг зайлуулах гэж байгаа юм шиг ганц эх баригч хүнтэй холбоод түүнийг л буруутай гээд гэрчүүдийн хуулиас давсан мэдүүлгээр О.У эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа нь яав ч болохгүй. Хууль зөрчсөн асуудал учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна гэв.

         Яллагдагч О.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэв.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сансартуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...улсын яллагчийн байр суурийг дэмжиж байгаа. Яагаад гэхлээр хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг үзэхээр анхан шатны шүүхээс буцаагаад байгаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа гэдэг юмыг хийгдэх боломжтой юу, үгүй юу гэдгийг сая улсын яллагч дурдаад байна. Ийм шалтгааны улмаас шинжээчээр ажиллахгүй, ингээд хүлээж авахгүй байна гэдгийг боломжтой хувилбараараа явуулаад хийчихсэн. Энэ тухайгаа хэрэгт нотлох баримтаар цуглуулчихсан байхад шүүх дахин дахин энэ асуудлаар прокурорт буцаагаад байгаа нь өөрөө ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Шүүхийн хүсээд байгаа Х.С гэдэг хүний үйлдэл өөрөө гэм буруутай юм уу, энэ хэрэгт хамааралтай юу, үгүй юу гэдэг асуудал бол прокурорын шүүхэд ирүүлээд байгаа яллах дүгнэлтийн хүрээнд шийдэгдэж байгаа асуудлын 1 дүгээрт биш харагдаад байгаа. 2 дугаарт 2 дахь удаагаа хэргийг шүүх, прокурорт буцаасан шүүгчийн захирамжаас харахаар 2 биш 3 асуудлыг тодорхойлох ёстой юм шиг харагдаад байдаг. 2 дахь асуудал хэвээрээ, харин 3 дахь асуудлын агуулга нь өөрөө өөрчлөгдчихсөн. Өөрөөр хэлбэл Х.С нь О.У ийм үйлчилгээ үзүүлүүлээд байгаа нь Х.С буруутай үйлдэл байгаа юм уу, үгүй юм уу гээд арай илүү нарийвчлаад оруулаад ирчихсэн байгаа. Өмнөх нь болохоор Х.С, О.У нар гэсэн агуулгатай байсан. Х.С үйлдлийг заавал шинжээчийн дүгнэлт гаргуулан шийдвэрлэх ёстой асуудал биш юм. Өнөөдрийн гэм буруутай гэж үзэгдээд байгаа яллагдагчийн хийсэн үйлдэл нь мэргэжлийн эмч, мэргэжлийн алдаа гаргасантай холбоотой асуудал биш. Бид нар өнөөдөр хэнд холбогдоод, хэн ямар үйлдэл гаргасан гэдэг асуудлаа ярьж байгаа. О.У гэдэг хүнийг албан хүчээр өөрийнх нь дур хүсэл сонирхлын эсрэг энэ ажлыг хийлгээд байгаа юм шиг ийм байдлаар хандаж болохгүй. Тэгэхлээр энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримтууд цуглачихсан. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийнхээ хүрээнд шүүх өөрийнхөө эрх мэдэл, дотоод  итгэл үнэмшлийнхээ хүрээнд дүгнэлтээ хийгээд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна, хэргийг шүүхэд шилжүүлээд эцэслэн шийдвэрлэж өгөөч. Энэ хэрэг 2022 оны 12 дугаар сард болсон хэрэг одоо хүртэл шүүхэд шилжээгүй, маш удаашралтай явагдаад байна. Мөрдөн шалгах шатанд прокурорын зүгээс хийх ёстой боломжтой бүх ажиллагааг явуулчихсан байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийн агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.   

       Яллагдагч О.У Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой яаралтай түргэн тусламжийн дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын - дүгээр баг - дугаар байрны - тоотод болон Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд байх иргэн Б.О 19 цаг 54 минутад, 22 цаг 32  минутад, мөн 23  цаг 18  минутад үзлэг хийхдээ талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдэгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламж /амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах үйлчилгээ/-ийг цаг алдалгүй үзүүлээгүй, үндсэн өвчнийг оношлоогүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

      Анхан шатны шүүхээс яллагдагч О.У холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн буюу “2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/229 дугаар шүүгчийн захирамжид тусгасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй, биелүүлсэн мэт дүр үзүүлсэн” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

      1. Хэрэгт яллагдагч О.У үйлдэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 105-110, 119-123/ авагдсан байх бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/229 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Эрүүл мэндийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын салбарын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Д, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын нярай хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Г.А нараас гэрчийн мэдүүлэг авсан, Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжилгээ хийлгэхээр хандсан боловч шинжилгээ хийхээс татгалзсан хариуг ирүүлснийг хавсаргасан зэрэг мөрдөн шалгах ажиллагаанууд явагдсан байна.

         Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн явагдах байтал яллагдагч биш этгээдийн ажил үүрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төв, ...Аймгийн нэгдсэн эмнэлэг”-ийг татсан /1хх-ийн 83/ гэсэн агуулгын зөрчилтэй мөрдөгчийн тогтоол гарсан байх боловч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар 31-ний өдрийн 112 дугаар албан бичгээр /1хх-ийн 82/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.С томилж, мэдүүлэг авсан байгаагаас үзвэл хэрэгт иргэний хариуцагчаар ажил олгогч буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төв оролцсон гэж үзэхээр байна.  

     Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С оролцохдоо “би даргын албан тушаалыг гүйцэтгэхээ больж, их эмчээр ажиллаж байгаа учир иргэний хариуцагчаар дарга болон санхүүгийн асуудал хариуцсан этгээдийг оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй.

       Тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэний хариуцагч өөрчлөгдөөгүй, зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан ойлголт байх тул энэ тухайгаа төлөөлүүлэгч буюу байгууллагын удирдлагадаа мэдэгдэж, өөр этгээдийг томилж оролцуулснаар, түүнд хуульд заасан эрх, үүргийг шүүх тайлбарлан, шүүх хуралдаанд оролцуулах боломжтой юм.     

      Иймд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

        2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     О.ОДНЯМАА

                               ШҮҮГЧ                                            Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧ                                            Б.НАРАНЧИМЭГ