Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101

 

Б................ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б................д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

............... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01029 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б................ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б................д холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 1.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Нэхэмжлэгч Б................ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г................ /онлайнаар/, хариуцагч Б................, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б................ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б................ нь ..............., ...............- Өндөр сум ............... багт байрлах ............... төвийг ажилдуулдаг. Манай төв нь зочид буудал болон рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б................ нь рестораны гал зууханд угаагчийн ажилд орохоор ирсэн. Тэрээр ийнхүү надтай танилцаж улмаар манай компанид 1 жил гаруй хугацаанд ажилласан. Б................ нь амьдралын боломж бололцоо тааруухан амьдардаг байсан ба надаас 2020 оны 10 сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 09 сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус удаахгүй буцаан төлнө гэж хэлж зээлж авсан. Ийнхүү тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлөөгүй бөгөөд ажилдаа ирэлгүй алга болоод 1 сар орчим болж байна. Иймд Б................эс дээрх 1.800.000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ............... овогтой ............... нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн ............... төвд Бэлтгэгч тогоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон болно. Гэрээний 1 хувийг надад өгөөгүй. Гэвч гал тогоонд бэлтгэгч, угаагч, өуудалд үйлчлэгч, цагаан хэрэгслийн угаагч гээд тогтмол 2 хүний ажил хийсээр ирсэн боловч, 1 хүний цалингаар цалинждаг. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээс өөр ажил хийж, гэрээнд тусгасан цагаар бус илүү цагаар өдөр бүр ямар ч амралтгүйгээр ажиллуулсаар ирсэн. Өдөр бүр 09:00-23:00 цаг, 09:00-00:00 цаг, 09:00-01:00 цаг хүртэл ажиллуулдаг. 2020 оны 10 дугаар сард авсан 1.000.000 төгрөгийн цалингийн урьдчилгааг сар бүр цалингаасаа 50.000 төгрөг тогтмол суутгуулж байхаар тохиролцож надаар гарын үсэг зуруулж авсан. Иймд 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 9 дүгээр сар хүртэл 11 сарын хугацаанд тохиролцсоноор 50.000*11=550.000 төгрөг цалингаас суутгагдаж, одоо -450.000 төгрөгийн үлдэгдэл байх ёстой. Бүгдийг нь хүлээн зөвшөөрмөөргүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 03-нд 800.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан. Тайлбар: Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж 2021.01-2021.06 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд цалин тус бүрээс 56.000, нийт 336.000, 2021 оны 07, 08 сарын шимтгэл төлөлт гэж тус бүр 72.000, нийт 144.000, нийт 480.000 төгрөгийг суутган тооцож авснаа нийгмийн даатгалын шимтгэлд төлөөгүй байсныг сая тодорхойлолт авах үедээ мэдсэн. Мөн 08 дугаар сарын цалин болох 180.000 төгрөг олгогдох ёстойгоос цалингаа аваагүй байгаа. Иймд Б.Болор Эрдэнэ миний бие эхэлж авсан 1.000.000 төгрөгийн үлдэгдэл 450.000 төгрөг, дараа авсан 800.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг эндээс НДШ д төлнө гэж суутгасан боловч НДШ д төлөгдөөгүй 480.000 төгрөг, мөн 2021 оны 08 дугаар сарын 15 ны өдрөөс 09 дүгээр сарын 02 хүртэлх цалинг маань өгөөгүй байгаа. 18 хоногийн өдрийн 25.000 төгрөгөөр тооцож олгодог, урьдчилгаа 150.000 төгрөг, хоол 48.000 төгрөг, НДШ 72.000 төгрөг. Үлдэгдэл 180.000 төгрөг авах ёстой байгаа. Дээрх 1.250.000 төгрөгөөс НДШ төлөгдөөгүй 480.000 төгрөг болон сүүлд ажилласан цалин болох 180.000 төгрөгөө тус тус суутгуулж үлдэгдэл 590.000 төгрөгийг буцаан төлнө. Миний бие нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 01-нд охиноо төрүүлэхээр хот руу явсан болно. Одоо өөр цаг нартай ажилд орох бодолтой байна. Ажил олгогчид буцаан төлөх 590.000 төгрөгөө 2021 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 05-нд 50.000-80.000 төгрөг өгч барагдуулж дуусгах хүсэлтэй байна. Хэрэв ажил олгогчтой тохиролцохгүйд хүрвэл хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн дагуу ажиллуулаагүй өөр ажил давхар хийлгэсэн, байнга илүү цагаар амралтгүй ажиллуулсан хэмээн дээрх бүх хугацаанд ажилласан илүү цагийн хөлс болон хавсран ажил гүйцэтгүүлсний хөлсөө нэхэмжилж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаан үүсгэх болно гэжээ.

............... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01029 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б................эс 1.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б................эс 28.550 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б................ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б................ нь Б................д холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 1.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэлийг ............... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1029 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр миний авах ёстой 800.000 төгрөгийг цалин гэж шүүх шийдвэрлэснийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Б................ нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа “...2021 оны 09 дүгээр сарын 03-нд 800 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан ...” гэж тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 800.000 төгрөгийг хариуцагч Б................ нь авсан гэдгээ дээрх байдлаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байдаг. Харин Б................ нь тус 800.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж авсан гэж байгаа боловч тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийг зээлж аваад ажил хийлгүйгээр зугтаасан. Ийм байтал шүүх Б................д хийсэн ажлынх нь цалинг өгсөн мэтээр шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа хариу тайлбарын агуулга, нэхэмжлэлийн үндэслэлд заасан агуулга зэргийг анхаарч үзэлгүйгээр хариуцагчийн талд ашигтай шийдвэр гаргасан. Дээрх мэтээр хүнээс мөнгө авч хуурч, худал хэлдэг хүмүүсийг өөхшүүлсээр байх юм бол цаашид надтай адил олон хүмүүс хохирсоор байх болно. Анхан шатны шүүх ажил хийгээгүй Б................ цалин гэж 800.000 төгрөгийг завшуулж намайг хохироож байна.Иймээс ............... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1029 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 1.800.000 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б................ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцав. Хариуцагчаас намайг зугтаасан зальт этгээд мэтээр бичсэнд харамсаж байна.Ийм зүйл байхгүй ээ. Бид харилцан ойлголцох үедээ ойлголцож, хий гэсэн ажлыг нь олон үггүйгээр хийсээр ирсэн. Миний том охин анхны хүүхдээ төрүүлэх болоод ДУУДагдаад хот явсан болно. Явахдаа би захиралдаа охин төрөх боллоо. Ирээд ажлаа хийнэ гэсэн утга бүхий мсж бичээд явсан. Охиноо тэнхрүүлчхээд ажиллах бодол байсан боловч шүүхэд хандсан байсан. Миний бие анхан шатны шүүхэд өгсөн тайлбараа давж заалдах шатны шүүхэд мөн адил дэмжсэн хэвээр байна. 2021 оны 11 дүгээр сарь н 02-ны өдөр гаргасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Харин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Хүний хөдөлмөрийн үнэлэхгүй шулдаг байдлаа засах хэрэгтэй. Зөндөө олон хүмүүс ажлаа хаяж гарсан тохиолдлууд байдаг. Цаашид ажиллах хүмүүст ч бас шударга бус битгий хандаасай, Хөдөлмөрийн хуулиа дагаж мөрдөж ажиллаасай гэж хүсэж байна. Харин ч анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт тусгагдсан төлөх 1 сая төгрөгөөс Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй саруудын суутгалууд, олгогдох байсан цалингийн урьдчилгаа болох 180.000 төгрөг зэргийг тус тус хасаж тооцуулах хүсэлтэй байна. Би амьдралын боломж тааруу, нөхөр олон хүүхдийн хамт амьдардаг. Одоогийн байдлаар ажил идэвхтэй хайж байгаа. Ажил орсон даруйдаа сард хэдийг хэрхэн төлж чадах талаараа анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б................ нь хариуцагч Б................эс зээлийн гэрээний үүрэгт 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б................ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч Б................ нэхэмжлэгч Б................ын ............... төвд 2020 оны 08 дугаар сард бэлтгэгч тогоочийн ажилд орсон, 2020 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг зээл авсан, 800.000 төгрөгийг цалинд гэж шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б................ нь хариуцагч Б................ 1.800.000 төгрөгийг зээлж авсан, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны 800.000 төгрөгийг тус тус зээлж авсан гэж, хариуцагч Б................ нь ............... төвд 2020 оны 08 дугаар сард ажилд орсон 1.000.000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд аваад сар бүр цалингаасаа 50.000 төгрөг суутгуулж байхаар тохиролцож суутгуулж байсан. Одоо 450.000 төгрөг үлдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 03-нд авсан 800.000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 480.000 төгрөг суутгаж аваад төлөөгүй байсан, цалингийн зөрүү 180.000 төгрөг дутуу байсан зэргийг суутгуулж 590.000 төгрөг төлнө гэж тайлбар гарган тус тус маргажээ.

Анхан шатны шүүх Б................ын ...............банкны дансны хуулгаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “зээлэв” гэж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 800.000 төгрөгийг “цалин” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэж,  зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б................д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б................ нь 800.000 төгрөгийг хариуцагч Б................д зээл өгсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хариуцагч Б................ нь 1.000.000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд авсан сар бүр 50.000 төгрөг төлөхөөр тохиролцож цалингаас суутгуулж байсан, цалинд 180.000 төгрөг авах дутуу байгаа гэсэн тайлбар татгалзлаа нотлох баримтаар тус тус нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б................ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1................ дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б................ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б................ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ