Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

Хохирогч Г.Алтангэрэл, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/,

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гт холбогдох 1706 02803 0653 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Баруун түрүүгийн 7 дугаар гудамжны  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж.Г

   Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын орчимд иргэн Ш.Алтангэрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гийн өгсөн: “Би Да хүрээ зах руу эхнэртэйгээ, дүүтэйгээ сэлбэг авахаар хашаа руу нь ортол замын хоёр талд зарах гэж байгаа машин тавьчихсан, орж байгаа машин хашаанаас гарах гэж байгаа машинтай зөрж болохооргүй зайтай болчихсон байсан. Яаж зөрж гарах вэ гээд зогсож байтал нэг эмэгтэй хүн ирээд машиныг маань нүдээд малнууд минь зайлаач гэсэн. Тэгэхээр нь би, чи наад урдах ажлаа зохицуулаач гэсэн чинь намайг чи юу юм бэ гэж тэр эмэгтэй хэлсэн. Би өөдөөс нь хүн байна гэж хариулсан. Тэгтэл энэ эмэгтэй би чам шиг хүн мэдэхгүй юм байна гээд өөдөөс шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би, чи наад урдах ажлаа зохицуулчихаад хүн доромжлооч пизда минь гэж хэлсэн.  Чи намайг пизда гэж хэлдэг хэн бэ гээд машин руу дөхөж ирээд машины цонхоор гараа оруулж миний толгой руу цохисон. Би машиныхаа цонхыг хаатал, миний сууж байсан талын хаалгыг онгойлгочихоод миний нүүрийг маажих гэж дайраад байсан. Тэгэхээр нь би болиулах гэж түлхсэн. Энэ үед жолоо барьж байсан дүү маань бууж энэ эмэгтэйн араас татаж болиулаад чи хажуу талын машинд сэв суулгачихлаа шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд бид нараар машинхаа сэвийг арилгуулна гээд хорьж зогсоосон. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би объектоо шалгаад явж байхад энэ хүн урсгал сөрж хашаанд орж ирсэн байсан. Би та тэмдэг харж байна уу урсгал сөрж орж ирсэн байна гэж жолоочид нь 20-30 минут тайлбарлаж хэлж өгсөн. Машинд явж байсан гурван хүнээс ухраад өгөө гэж гурвуулангаас нь хангалттай гуйсан. Машины ард болон жолоо барьж байсан эмэгтэй хүмүүс энэ маргаанд ороогүй. Энэ залуу л над руу орилоод байсан. Би ажлынхаа объектод ажил үүргийнхээ дагуу л ажлаа гүйцэтгэж энэ хүнд шаардлага тавьсан. Тэрнээс бол учир зүггүй энэ хүнийг доромжлоод л халтараар нь дуудаагүй. Сүүлдээ жолоочид нь чи ухарч чадахгүй бол би машиныг чинь ухраагаад өгье ард талд чинь хангалттай зай байна гэж хэлтэл энэ залуу юу юугүй намайг хараагаад л эхэлсэн. Чи харьцааны соёлгүй яасан бүдүүлэг залуу вэ гээд ар талынх нь хаалгыг онгойлгосон чинь үгийн зөрүүгүй миний уруул руу гараараа цохисон. Уруул тэр доороо хавдаад л цус гарсан. Гэтэл хажууд байсан машины эзэн та хоёр зодолдож байгаад машины хаалга сэвтүүлчихлээ шүү дээ гээд орилоод унасан. Тэр эмэгтэйг тэгж хэлээд, миний уруулнаас цус гарсан чинь энэ хүмүүс үг дуугүй хойшоо ухраад миний оруулаад өгье гэсэн зай руу машинаа оруулж тавьсан. Тухайн үед би 102 руу дуудлага өгөх гэсэн чинь миний утасны цэнэг дуусаад унтарсан байсан. Тэгээд манай менежер Ганзориг гэдэг залуу та нар утсаараа дуудлага өг гээд энэ хүмүүст хэлээд цагдаа дуудуулсан. Тэгээд бид нар оффис руугаа орж камерынхаа бичлэгийг бүгдийг нь үзүүлсэн. Энэ хүнд яг л ийм зүйл болсон байна гэж манай ажлын хүмүүс хэлээд та манай ажилтан Г.Алтангэрэлийг цохисон байна шүү гэж хэлээд бичлэгээ Сиди  дээр хуулаад ахлах ахлагч цагдаа ирэхэд нь өгсөн. Энэ хүнд би маш их гомдолтой байна. Хэрэг 10 дугаар сард гарсан. Өнөөдөр хүртэл 5 сарын хугацаанд энэ хүн надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшсэн ч зүйл байхгүй худлаа яриад зогсоод байдаг. Нэхэмжлэх зүйлийн тухайд томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, эм тарианы 296.250 төгрөг, 5 өдөр ажилгүй байсан хугацааныхаа 150.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн: “ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да Хүрээ” автомашин зарж борлуулдаг хашаан дотор би ажлаа хийгээд талбайгаа шалгаад явж байхад захын төв хаалганы дээд талын уулзвар дээр хөх өнгийн жижиг тэрэг зам хаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод зам чөлөөлөх шаардлага тавихад нэг эмэгтэй жолооч барьсан машины ард талын суудал дээр бас нэг хүүхэн, тэр Гантөмөр гэх залуу хоёр сууж байсан, тэгээд тэр залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь би жолоо барьж байсан эмэгтэйд хандаж би машиныг чинь холдуулж өгөх үү гэж асуугаад хаалгыг нь онгойлгоход ард талын суудал дээр сууж байсан эрэгтэй над руу салаавч гаргаад доромжлоод байхаар нь яасан бүдүүлэг хүн бэ гэж хэлээд хаалгыг нь онгойлгох гэтэл хаалгаараа  намайг савж цохьсон, машинаасаа намайг гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн. Тухайн үед миний биед гэмтэл шарх үүссэн байсныг гар утсан дээрээ баталгаажуулж зургийг нь авсан байгаа… Гантөмөр гэх залуу гараараа нүүр лүү 1-2 удаа цохьсон, бас автомашины хаалгаар намайг 1-2 удаа цохьсон, харин жолооч хүүхэн бууж ирээд намайг татаж чангаагаад байсан. Тэгээд миний хоёр гарын булчин хэсэг хавдаж хөхөрсөн, нүүл рүү цохьсноос болж уруул язарсан, уруулын дотор тал бас гэмтсэн, би тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Натур  эмнэлэгт бас үзүүлж толгой тархины томографид үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Урангоогийн өгсөн: “… 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ захад машин зараад байж байхад 2 машин өөд өөдөөсөө зогсчихоод чи ухар гээд хөдлөхгүй байсан. Тэр үед Да Хүрээ захын байцаагч гэх эмэгтэй ирээд машинаа холдуулцгаа гэж хэлсэн. Тухайн үед улаан пальтотой эмэгтэй захын байцаагч хоёр маргалдсан. Улаан пальтотой эмэгтэйтэй хамт явсан залуу байцаагчийг элдэвээр хэлээд байсан чинь машины баруун хойд талын хаалгыг татаж онгойлгохдоо машины баруун талын урд хаалганы гол хэсэгт хонхойлгож сэвтүүлсэн учир цагдаад дуудлага өгсөн... тэр залуу байцаагч эмэгтэй нүүр лүү гараараа цохисон. Машины хаалгаар цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1299 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1. Г.Алтангэрэлийн биед тархи доргилт, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.19, 42/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхзолын өгсөн: “... тухайн үед зохион байгуулагч эмэгтэйг нэг залуу цохиж, хоорондоо хэрэлдээд маргалдсан байхаар нь цагдаагийн хэлтэст авчирч ... байцаагчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан... тэр эмэгтэйн уруул хэсэг нь гэмтсэн харагдсан...” гэх мэдүүлэг /хх.45/,

Томографийн баримт /хх.24/,

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх.25/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.37/,

Хохирлын баримт /хх.44, 54-55/,

Шинээр гаргаж өгсөн хохирлын баримт, өмгөөллийн гэрээ, нийт 4 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын орчимд иргэн Ш.Алтангэрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн: “… Гантөмөр гэх залуу гараараа нүүр лүү 1-2 удаа цохьсон, бас автомашины хаалгаар намайг 1-2 удаа цохьсон, харин жолооч хүүхэн бууж ирээд намайг татаж чангаагаад байсан, тэгээд миний хоёр гарын булчин хэсэг хавдаж хөхөрсөн, нүүл рүү цохьсноос болж уруул язарсан, уруулын дотор тал бас гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Урангоогийн өгсөн:  “... тэр залуу байцаагч эмэгтэй нүүр лүү гараараа цохисон. Машины хаалгаар цохиод байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1299 тоот шинжээчийн дүгнэлт /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхзолын өгсөн: “... тухайн үед зохион байгуулагч эмэгтэйг нэг залуу цохиж, хоорондоо хэрэлдээд маргалдсан байхаар нь цагдаагийн хэлтэст авчирч ... байцаагчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан... тэр эмэгтэйн уруул хэсэг нь гэмтсэн харагдсан...” гэх мэдүүлэг /хх.45/,

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ж.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Алтангэрэл нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хөнгөн хохирлыг зөвхөн шүүгдэгч учруулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд уг гэмтэлийг шүүгдэгч бусадтай бүлэглэж учруулсан гэж үзэх нөхцөл байдал, гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдсонгүй.

Мөн хэдийгээр Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хохирогчид учирсан гэмтэлийг санаатай учруулаагүй, харин санамсаргүй учруулсан байж магадгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хэргийн газарт шүүгдэгчийн хамт байсан түүний эхнэрээс гэрчийн мэдүүлэг аваагүй байх боловч тэрээр өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Г.Алтангэрэл нь эмчилгээний зардалд нийт 566,250 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 416,250 төгрөгийг шүүгдэгч Ж.Гөөс гаргуулж хохирогчид олгон, 5 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдан ажилгүй байсан гэх үеийн цалингийн 150,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ж.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулж хохирогчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Ж.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байх тул түүний хүсэлтийн дагуу торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзлээ.

Ж.Гт оногдуулсан нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Гөөс 416,250 төгрөг гаргуулж хохирогч Г.Алтангэрэлд  олгосугай.

7. Хохирогч Г.Алтангэрэл нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР