Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 2024          07           02                                         2024/ДШМ/34

 

 

Б.Мөнгөнтулгад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал (цахимаар),

Хохирогч М.Мөнгөнзулын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан (цахимаар),

Шүүгдэгч Б.Мөнгөнтулга, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогч М.Мөнгөнзулын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мөнгөнтулгад холбогдох эрүүгийн 2340000490065 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд .................... оршин суух Б.Даваадоржийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мөнгөнзулыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас шүүгдэгч Б.Мөнгөнтулгын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ламзав овогт Батдэлгэрийн Мөнгөнтулгад холбогдох эрүүгийн 2340000490065 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч Ламзав овогт Батдэлгэрийн Мөнгөнтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулгыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар  хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулгад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулгын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт  шийдвэрлэх комисс”-т даалгаж,

- хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдаж,

- хохирогчийн зочид буудалд байрласан, орон сууц хөлсөлсөн, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүү, сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлүүлэх төлбөр зэрэг иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл нь санаа зорилго буюу гэм буруугийн хэлбэрээр яллагдана.

...Шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Мөнгөнзул гарч ирээд “танайхан бол хүн биш, танай хамаатнууд хүн биш, чи аавгүй” гээд заамдаад авахаар нь би “чи согтсон байна гэр рүү орж унт” гээд яваад өгсөн. ....гэрт нь ороход Даваадорж, Мөнгөнзул хоёр сууж байсан. Бид 3 хоол идээд цай уугаад сууцгаасан. ....би ууцны махнаас огтолж идээд сууж байтал Мөнгөнзул өглөөний ярьснаа дахиад яриад “чи аавгүй, би ээжгүй, танай хамаатан ах дүү нар хүн биш, чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй, чам шиг юм чаддаггүй юм” гээд нэлээн согтуу над руу дайраад байсан. Би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан салгалаад зогсож байсан..." гэх, хохирогч М.Мөнгөнзулын "...Би Од-Эрдэнэ, Эрзориг нарын доор суугаад Мөнгөнтулга болохоор тэр хоёрын дээд талд нь суугаад мах идэж байх шиг байсан. Маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон юм үсрэх шиг болохоор цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээшээ олгойдож байсан..." гэх, гэрч Б.Даваадоржийн "...би гэрийн хойд талд суугаад миний хажууд Мөнгөнтулга, цаана нь Од-Эрдэнэ, Од-Эрдэнийн цаад талд Мөнгөнзул сууж байсан юм. Мөнгөнзул, Мөнгөнтулга хоёр бол нээх маргалдсан зүйл байхгүй. Мөнгөнзул нь жоохон үгээр идээд байгаа бололтой, уул нь энэ хоёр бол ах дүүсийн хүүхдүүд болохоор би нээх ч тоогоогүй. Мөнгөнтулга ууцны хажууд мах идээд сууж байхаар нь би архи хийж өгөх гээд архи газраас авах гээд тонгойтол нүдний үзүүрт Мөнгөнзул өндийж босоод Мөнгөнтулга руу очих шиг болоход Мөнгөнтулга цаашаа гээд түлхэх шиг л болсон. Би архиа аваад эргээд хартал Мөнгөнзулын гуянаас цус гарч байсан. Мөнгөнзул Мөнгөнтулгыг жоохон үгээр идээд хамаатан саднуудаа яриад л байх шиг байсан..." гэх, гэрч М.Од-Эрдэнийн “...Мөнгөнзул ах жоохон агсрах маягтай нэлээн согтолттой харагдаж байсан. Мөнгөнтулга ууцнаас мах идээд сууж байсан. Мөнгөнзул ах босох гэхэд Мөнгөнтулга цаашаа суу гээд түлхэх шиг болсон. Тэгтэл л Мөнгөнзулын хөлөөс цус гараад сүйд болохоор нь Мөнгөнтулга эмнэлэг дуудсан байх..." гэх, гэрч А.Ширчинсүрэнгийн "...Даваадоржийнд анх орох гээд хашаан дотор нь байхад гадаа Мөнгөнтулгыг Мөнгөнзул заамдаж аваад “чи хаачих гээд байгаа юм” гээд зүгээр байлгахгүй байсан. Тэгээд гэрт орсноос хойш хажууд нь ирж налж суугаад байхаар нь манай хүн холдоод суусан. Хүн зүгээр байхад өдөж хоргоож ийм байдалд хүргэчихлээ гэж бодож байна..." гэх мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Мөнгөнтулга тухайн үед эрүүл байсан бөгөөд хохирогч М.Мөнгөнзултай маргалдсаны улмаас Б.Мөнгөнтулгад таарамжгүй байдал үүсэж улмаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнгөнтулга субьектив талын гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Долгорсүрэн “...дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хүний бие онцлог, дасан зохицох чадвар, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал", Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөхцөлийг харгалзаж гаргасан талаар шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлсэн байхад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, эргэлзээг арилгаж чадаагүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь:

Шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байгаа талаараа тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй. Нөгөө талаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнгөнзул нь эрүүл мэндээрээ хохирч улмаар өрөөсөн хөлгүй болж, бие махбодын болон сэтгэл санааны хямралд орсон бөгөөд түүний сэтгэцэд учирсан хор уршгийг мэргэжлийн байгууллагын шинжээч дүгнэлт гаргасан байхад үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийг гаргахгүй шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, түүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч М.Мөнгөнзулын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн санаа зорилгын хэлбэрт хэт өрөөсгөл ойлголт, дүгнэлтийг хийж хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнээс үүдэлтэй үр дагавар, гэмт хэргийн шинж байдлуудыг харьцуулж үзээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй төдийгүй хууль хэрэглээний алдаа гаргах нөхцөл байдлыг буй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдсөн хэмээн үзэж байна. Үүнд:

Нэг. Прокуророос шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүнд хор хохирол санаатай учруулах" гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзээд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

...Шүүгдэгч Б.Мөнгөнтулгын хохирогчийг "цаашаа" гэж хутгатай гараараа түлхэж буй үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, түүний үйлдэлд хууль зүйн энэ шаардлагыг бүрэн хангах ямар ч бодит үндэслэл тогтоогдох боломжгүй болохыг зөв зүйтэйгээр дүгнэх нь чухал юм.

Хэргийн байдлаас дүгнэхэд: Б.Мөнгөнтулгын мэдүүлэгт “М.Мөнгөнзул өглөөний ярьснаа ахиж яриад “чи аавгүй, би ээжгүй, танай хамаатан ах дүү нар хүн биш, чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй, чам шиг юм чаддаггүй юм” гээд согтуу над руу дайраад байсан...” гэх мэдүүлгийг өгч хохирогчийг буруутгах нөхцөл байдлыг нэлээдгүй хөндөж яг хутгалах үедээ ухаанаа адсан байсан гэх боловч энэ нь хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлөх бодит хүчин зүйлийн нөлөөллөөр авч үзэх үндэслэл болох хэмжээний дүгнэгдэх ямар ч үндэслэлгүй ба түүний мэдүүлж байгаа энэ байдал нь харин ч эсрэгээрээ М.Мөнгөнзулын хэлсэн гэх энэ үгэнд маш ихээр хорсож ширээн дээр байсан ууцны махнаас огтолж байх үедээ хутгыг авч бусдын өөдөөс зориудаар чичилж дайрч довтолсон болох үйл баримтыг илчилж байгаа болно. Тиймээс энэхүү санаа зорилгын хэлбэр нь дээрх байдлаар тайлбарласан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинж агуулгыг урьдчилан тооцоолох ямар ч боломжгүй, харин ч өөрийн уур омгоос бадарсан хүсэл зоригтоо шууд хөтлөгдөн зориуд санаатайгаар хийгдсэн үйлдлийн илэрхийллийн нэг хэлбэрийг буй болгож байгаа болохыг анхаарна уу.

Нөгөө талаас бусдын өөдөөс хутга барьж түлхэх гэх ойлголт нь бодит амьдралд тэр тусмаа хоорондоо үг хэл амаа үл ойлголцон муудалцаж буй ийм нөхцөл байдалд ямар санаа зорилгын хэлбэрээр яаж хийгдэх үйлдэл болохыг харьцуулж дүгнэх нь зүйтэй ба энэ бүгдийг зөвхөн шүүгдэгчийн тухайн хутгалах үедээ ухаанаа алдсан юуг ч мэдэхгүй санахгүй байна гэсэн үг үсгээр халхавчилж улмаар хутгаараа түүнийг түлхсэн гэх үйл баримтаар дүгнэх нь дэндүү нэг талын өрөөсгөл ойлголт хэмээн үзэж байна.

Уг хэрэг үйлдэгдсэн зай багтаамж гэрт сууж байсан хүмүүсийн хоорондын байрлалаас үзэхэд: Гэрийн хойд хойморт гэрийн эзэн Б.Даваадорж, түүний баруун гар талд Б.Мөнгөнтулга, доод галд нь /хэдийгээр түүнийг түр гарах үед уг асуудал болсон ч түүний сууж байсан сандлын байрлал тэр чигтээ байсан учраас зайны хэмжээнд оруулж тооцоолох нь зүйтэй бөгөөд/ улмаар Ч.Эрзоригийн доод талд нь М.Мөнгөнзул сууж байсан болно. Өөрөөр хэлбэл М.Мөнгөнзулын хувьд уг айлын баруун талын хамгийн доод талд сууж байсан байдаг тул хоёрын хоёр хүн, суудал сандал алгасаж түүн рүү хутгалж буй үйлдлийг түлхэлт хэмээн үзэж, болгоомжгүй хэлбэрт хамруулах нь хэрхэн үндэслэлтэй бодит байдалд нийцэж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл энэхүү үйлдэл нь Б.Мөнгөнтулгын хувьд тодорхой хэмжээний зайнаас өөрийн хүсэл зоригтоо хүрэхийн тулд миний үйлчлүүлэгчид зорьж хүсэж хүрч уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл болохыг анхаарна уу.

Хоёр. ...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан ба энэхүү шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-д нийцэж байгаа эсэхийг тодруулахаар дүгнэлт гаргасан, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан боловч дээрх эргэлзээг арилгаж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болно гэжээ. 

...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 тоот шинжээчийн дүгнэлтийг /өмгөөлөгчийн хувьд ч энэхүү дүгнэлтийг үндэслэл муутай гэж үзсэн боловч шүүхийн эрх хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн байсан болно/ эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-аар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ба улмаар шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар оролцсон шинжээч Ц.Долгорсүрэнгээс ч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг манай шинжээч нарын хувьд мэргэжлийн талаасаа тухайн хүний сэтгэл зүйн байдал харьцаа шаналал уг бэрхшээлийг даван туулах хүний сэтгэл зүйн онцлог чадавх тэсвэр тэвчээр зэрэг байдлыг харгалзан Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлагдсан дүрэм заавраа үндэслэн гаргана, харин шүүхийн хувьд энэхүү Улсын Дээд шүүхийн журам заавраа баримтлах нь зүйтэй байх гэсэн тайлбарыг хэлж байсан нь шүүгчдийн хуульд заасан эрх хэмжээний асуудал гэдгийг тодорхойлоод байгаа нь тодорхой болох энэхүү хууль зүйн боломжит нөхцөл боломжийг огт бодолцож дүгнэх сэтгэлгүйгээр хандсан болохыг анхаарч үзэх шаардлагатай.

Нөгөө талаас шүүхээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх эрхийн хэмжээндээ дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах бүрэн боломжтой байсан болох хуулийн хувилбар заалтуудыг хэрэглээгүй нь хохирогч талын хуулиар хамгаалагдсан эрхийн асуудлыг ташаарсан байдлаар хөсөрдүүлсэн хэмээн үзэж байгаа болно. Шүүхээс хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудыг: Улаанбаатар хотын "Раба" гэх зочид буудалд 15 хоног байрлаж 1,200,000 төгрөгийн төлбөр гарсан талаарх нэхэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй буюу хүлээн авагчийн дансны дугаар буруу бичигдсэн, регистр хэсэгт хувь хүний регистрийн дугаар бичигдсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хохирогч талаас няцааж үгүйсгээгүй гэсэн. Гэтэл уг баримтын хугацаа нь М.Мөнгөнзулыг гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт сахиургүйгээр хэвтэж байх үед эхнэр нь ах дүү хамаатан садан үр хүүхдүүдтэйгээ очиж байрлаж байсан үе ба улмаар баримтын зарим нэг алдаа нь баримт бичиж өгсөн буудлын ажилтны алдаатай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй байдлыг хохирогчийн ар гэрт нялзаагаад ийм байдлаар баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх нь учир дутагдалтай хэмээн үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй. Ийнхүү төлөх ёстой нотлох баримт нь хохирогчийн цалин хөлсний цэс, түүнтэй адилтгах баримтууд юм. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийн “Монголиан флюор спар" ХХК-д 1,200,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг гэх тодорхойлолт, ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн боловч энэ нь дутуу авсан гэх цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулахад хүрэлцээтэй нотлох баримт биш юм гэсэн ба М.Мөнгөнзулын хувьд уг компанид ороод дөнгөж долоохон хоног ажиллаад энэхүү гэмтлийг авсан учраас ажилд томилсон цаг хугацаа, гэрээ, цалингийн тодорхойлолтоор л энэ бүгд нь дүгнэгдэх боломжтой юм хэмээн үзэж байгаа болно. Улмаар хохирогч нь шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин болох 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн атлаа хөдөлмөрийн хөлсний зөрүү болох 4,020,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэсэн. Миний үйлчлүүлэгч улирлын чанартай ажилд ороод удаагүй тиймээс ч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учраас ийм 2 өөр төрлийн байдлаар нэхэмжлэлийг хөндсөн болох нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүх өөрийнхөө эрх хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан болно.

Ийнхүү уг хэргийн улмаас бүхэл бүтэн эрхтнээсээ хагацаж өрөөсөн хөлгүй болсон хүний эрхийн асуудалд хэт хүндрэл чирэгдэл учруулж шүүхийн шударга ёсыг дээдэлж иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээг хангах зарчим алдагдаж эрүүгийн хэргийн журмаар хохирол төлбөрийг шийдвэрлэх бүрэн боломжтой үндэслэлийг хэт нэг тал руу ташааран хүндрүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн асуудлыг орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай зөрчилдөн миний үйлчлүүлэгчийн хувьд бие сэтгэлээрээ улмаар эдийн засгаараа давхар давхар хохирлыг амсах нөхцөл байдалд хүрч байгааг анхаарч энэ бүгдийг хуулийн боломжит үндэслэлд тулгуурлан зөв зүйтэйгээр шийдвэрлэх нь чухал болохыг анхаарна уу. Иймд дээрх үндэслэлээр Б.Мөнгөнтулгад холбогдох хэргийг дахин хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. 

   Хохирогчийн өмгөөлөгч хохирогч хэдийгээр хэл амаар доромжилсон ч хохирогчоос шүүгдэгчид хэлсэн үгэнд хорсож зориуд хутга барьж дайрч довтлон, хоёр хүнийг давж хутгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж тайлбарлаж байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж хуульчилсан байх бөгөөд санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэсэн хоёр хэлбэрт хувааж үздэг. Санаатай үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр хандах, хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэртэй. Хайхрамжгүй хандах хэлбэр нь гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюул шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байхыг ойлгоно.

Хавтаст хэрэгт гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн. Хохирогч “...маргаан нээх болоогүй...” гэх, гэрч Б.Даваадорж, М.Од-Эрдэнэ, шүүгдэгч Б.Мөнгөнтулга нар “...тухайн өдөр маргаан  болоогүй. Мөнгөнзул  нь нэлээд согтсон байсан, агсам тавих маягтайгаар “танай ах дүү нар хүн муутай хүмүүс, чи аавгүй, би ээжгүй, танай ээж хүн биш” гэх зүйлүүдийг хэлж ярьсан. Мөнгөнзул Мөнгөнтулга руу очих шиг болсон, тэр үед Мөнгөнтулга түлхсэн. Ийм үйлдлийн улмаас Мөнгөнзулын биед хүнд гэмтэл учирсан...” гэх мэдүүлгүүдийг өгдөг.

Тухайн үед Б.Мөнгөнтулга мах идээд ширээний ард сууж байсан нөхцөл байдал тогтоогддог. Мах идээд сууж байсан хүн тухайн үед байсан хүмүүс рүү хараад сууж байх боломжгүй, тонгойсон байрлалтай байсан. Б.Мөнгөнтулгыг мах идэж байхад хохирогч хоёр хүний доор сууж байсан. Өөр рүү нь агсам согтуу тавьж байсан хүн гэнэт өөрийнх нь хажууд хүрээд ирэхээр Б.Мөнгөнтулга айж сандарсандаа хутгатай гараараа түлхсэн. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан. Энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр юм. Иймд Б.Мөнгөнтулгыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн хэмжээгээр дүгнэлгүй орхигдуулсан, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах бүрэн боломжтой байсан гэж хохирогчийн өмгөөлөгч гомдол, прокурор эсэргүүцэл бичсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээтэй тул Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хохирлыг тооцон шийдвэрлэх боломжтой байсан гэдэг.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг сэтгэцийн хор уршгийг 5 дугаар зэрэглэлд хамруулан тооцож олгохоор тодорхой заасан байхад хохирогчийн өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан нь тодорхойгүй байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж маргах байсан юм бол шинжээчийн дүгнэлтийг гаргуулахгүйгээр тухайн аргачлалаар хохирлыг тооцуулаад нэхэмжлэх боломжтой байсан. Хохирогчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт хийгдэж гэмтлийн зэргийн 2 дугаар зэрэглэлд хамааруулсан дүгнэлт гарсан.  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шинжээч томилуулахад тухайн жишиг аргачлалаас буурсан тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх талаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаал болон журамд тодорхой ойлгомжтой тусгаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь үндэслэлтэй юм.

...Шүүхээс хэлэлцэхгүй орхисон Улаанбаатар хотод зочид буудалд байрласан төлбөр 1,200,000, ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000, Улаанбаатар хотод орон сууц хөлсөлсөн төлбөр 3,000,000, хөдөлмөрийн хөлсний зөрүү 4,020,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй гэж тайлбар гаргасан. Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, нөхөж бичсэн, регистр буруу бичигдсэн, хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлөгдөөгүй нөхцөл байдал байсны улмаас хохирол төлөх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан бол тухайн авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж буюу группийн мөнгө авснаас зөрүүг нь нэхэмжилнэ. Ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар зохицуулагдсан байдаг. Гэтэл 2 өөр үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүү гэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнгөнтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогч М.Мөнгөнзулын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Мөнгөнтулгад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол ...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ...” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Даваадорж, М.Од-Эрдэнэ нарын “...Мөнгөнтулга Мөнгөнзулыг цаашаа гээд түлхэх шиг болсон....” гэх (1хх-н 19-24), гэрч Ч.Эрзоригийн “...дараа нь эмнэлгийн гадаа Мөнгөнтулга ирээд надад найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа түлхээд дүрчихсэн гэж хэлж байсан..” гэх мэдүүлгүүдээр (1хх-н 28) шүүгдэгч нь болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл хохирогч М.Мөнгөнзул “...маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон зүйл үсрэх шиг болохоор цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээш олгойдож байсан...” гэж (1хх-н 16, 140),

Шүүгдэгч Б.Мөнгөнтулга “...Мөнгөнзул өглөөний ярьснаа дахиж яриад чи аавгүй, би ээжгүй, танай хамаатан ах дүү нар хүн биш гээд чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй, чам шиг юм чаддаггүй юм гээд нэлээд согтуу над руу дайраад байсан. Би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан салгалаад зогсож байсан...” (1хх-н 134-136) гэж мэдүүлсэн нь дээрх гэрчийн мэдүүлгүүдээс зөрүүтэй, эсрэг утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн байхад тухайн мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэж буй үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүй байна.

- Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол ...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ...” гэж заажээ. Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...2/. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн №15708 тоот өвчний түүхээс: ...онош: Зүүн дунд чөмөгний гуяны дунд 1/3-ны урд хэсгийн гүн зүсэгдсэн халдварлагдсан шарх, дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал...” гэсэн (1хх-н 168) байдлуудыг дурджээ.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийн нөхцөл байдал, шархны хэлбэр, зүсэгдэлтийн байдал, бусад нотлох баримтуудаар хутганы чиглэлийг тогтоох боломж байгаа эсэхийг тодруулах нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлуудад бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй байгааг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэсэн болно. Мөн анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлүүлэх төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 94 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-гээр (1хх-н 173-174) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэхэд ямар учраас эргэлзээтэй гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Мөнгөнтулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ