Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0968

 

2025 12 18 128/ШШ2025/0968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Э*******ын М******* (рд:*******),

Хариуцагч: Н дүүргийн Засаг дарга, Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Г.У*******

Нэхэмжлэлийн шаардлага: Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Н дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, хариуцагч Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/, хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А /цахим/, гуравдагч этгээд Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Э*******ын М*******ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

1.Нэхэмжлэгч нь Н дүүргийн 2 дугаар хороо, ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газартай холбогдуулан маргадаг бөгөөд тус газар нь 2023 оны 08 сарыг хүртэл аливаа этгээдэд өмчлөх, эзэмших эрх олгогдоогүй байжээ. Харин тус газарт Н дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Монгол Улсын Иргэн Ггийн У*******д 15 жилийн хугацаатай Э-2 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг.

2.Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан атал иргэн Г.У******* ийнхүү маргааны бүхий газрын эзэмших эрхийг олгосон нь үндэслэлгүй гэж үзээд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан.

3.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, иргэн Г.У*******д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

4.Ингээд нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 128/ШЗ2025/6566 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн.

5.Нэхэмжлэгч Э.М******* нь дараах үндэслэлээр маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэмжиж оролцсон. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 2010 оноос одоог хүртэл н дүүргийн 2-р хороо, ордноос баруун урд байрлах өөрийн эзэмшлийн нэг давхар байрандаа 10 гаран жил амьдарч одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эзэмшил газрын үргэлжлэл хэсэгт хогийн цэг болчихсон, ажилгүй хүмүүс ирж архидан согтуурч, зодоон зохион хийдэг, тийм аймаар газар байсанг хог хаягдлыг цэвэрлэн мод тарьж, хашаа барин авсанг олон хүн гэрчилнэ, фото зургаар нотлогдоно. 2012 он, 2013 он, 2015 он, 2020 онуудад Н дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2 хороо хариуцсан н.Адьяа гэдэг байцаагчид удаа дараа гараар бичсэн өргөдөл өгч байсан хариуд нь өгөх боломжгүй гэж шийдвэрлэдэггүй байсан атлаа Г.У*******д Н дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/251 дүгээр захирамжаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц хашааны газрын зориулалтаар 342 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 2024 онд тухайн газраа өргөдөл өгөхөөр газрын албанд очоод Г.У******* гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гарсан тухай анх мэдсэн. Г.У******* нь энэ хашаанд ямар ч оролцоогүй хэрнэ манай хашаа гэж өргөдөл өгсөн байдаг. Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 05 сард Г.У*******гийн нэр дээр газар олгосон тухай өргөдөл хүсэлт өгөхөд Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба хуулийн дагуу олгосон гэсэн бичиг өгсөн. Мөн Н дүүргийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч н.Н******* нарт хандаж өргөдөл хүсэлт өгсөн хариу нь Н дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирсэн хариутай ижил хариу өгсөн ч шийдвэрлээгүй учир захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших талаар хүсэлтийг гаргахдаа холбогдох баримт буюу хүсэлт, кадастрын зураг, иргэний бичиг баримтыг хавсаргахаар хуульчилсан бөгөөд дээрх хугацаанд тус баримтыг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй зэргээр эс үйлдэхүй гаргаж, иргэн миний эрхийг ноцтой зөрчжээ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.3-т зааснаар аливаа этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар нь давхцалтай эсэх, хээрийн болон суурин судалгааг хийхийг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нар Г.У*******д газрыг эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг хийж, тухайн газарт очиж үзэх, хашааг хэн эзэмшиж, ашиглаж байгаа, газрын зөрчил байгаа эсэхийг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсны дараа газрыг бусдад эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэдэг байтал Г.У*******гийн хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмыг баримтлаагүй учраас зөрчил үүссэн гэж үзэж байна. ...Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хурал 2025 оны 04 сард болж, дүгнэлт нь 2025 оны 09 сард шуудангаар ирсэн болно. ...Дээрх газрыг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж ирсэн анхны хүн нь Э.М******* миний бие билээ. Маргаан бүхий дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М******* нь Н дүүргийн оршин суугч. Нэхэмжлэгч Э.М******* нь 2011 онд 100 хэдэн кв хэмжээтэй газар баригдсан байшинг худалдаж авсан бөгөөд тухайн байшингийн газрыг хөөцөлдөөд, газар эзэмших эрхийг авахаар хүсэлтээ өгсөн ч олгохгүй байхаар шийдвэрлэж байсан. Дараа, дараагийн жилүүдэд хүсэлтээ өгөөд явж байх хугацаанд гуравдагч этгээд Г.У******* нь Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн хүсэлтийг нэг ч удаа өгч байгаагүй бөгөөд тухайн газар хашаалагдаагүй байсан. 2023 онд Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба манай хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө гуравдагч этгээд Г.У*******д газар эзэмших эрх олгосон байсан тул Газар зохион байгуулалтын албанаас асуусан. 10 хэдэн жилийн хугацаанд Газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгч байх үед О.А байцаагч ажилладаг байсан. Гэтэл тухайн үед тус байцаагчийг орлож байсан н.Будханд гэх байцаагч гуравдагч этгээд Г.У*******гийн газар эзэмших эрхийн хүсэлтийг хүлээж аван, энэ маргаан бүхий газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна гэх тайлбарыг хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А өгсөн. Энэ асуудлаар маргаан үүсгээд явахад тухайн үед ахлах байцаагч байсан, одоо Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болсон н.О******* гэх хүн манай байгууллага хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг олгосон гэх тайлбар өгдөг. Тус байгууллагын дээд шатны даргад хандахад н.Тамир гэх хүн манай байгууллага ажилчдаа хамгаална, хууль зөрчөөгүй гэх тайлбарыг өгсөн байдаг. Манай зүгээс Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж Г.У*******д маргаан бүхий газрыг хэн олгосон талаар хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг гаргахад н.Ч гэх хүн олгосон гэх хариу өгсөн. Уг асуудал шийдэгдэхгүй явсаар байсан тул манай зүгээс уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гомдлоо гаргасан. Тус байгууллагуудын зүгээс уг асуудлыг хуулийн дагуу шийдэгдсэн байна гэх тайлбарыг өгсөн тул манай зүгээс аргаа баран Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс Газар зохион байгуулалтын албыг хууль зөрчиж шийдвэр гаргасан талаар баталж, шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгч талаас Газар зохион байгуулалтын алба хууль зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон тул уг маргаан бүхий газрыг хуулийн дагуу нэхэмжлэгчид олгож өгнө үү гэх үндэслэлээр шүүхэд хандаад явж байна. гэв.

6. Хариуцагч Н дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

6.1. Хариуцагч Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Н дүүргийн Засаг даргын 2013 оны А/148 дугаар захирамжаар Э.М*******д Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр орон сууц, хашааны газрын зориулалтаар 151 м.кв газар олгож, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн. Тухайн эзэмшил газрынхаа орчны газрын илүү талбайг зөвшөөрөлгүй хашаалсан байна. Иргэн Э.М******* /рд:*******/ регистрийн дугаарын бүртгэлээр газрын цахим системд шалгаж үзэхэд 2012, 2013, 2015, 2020 онд шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэлгүй байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь 011 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна. Тус өргөдлийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбилцлын дагуу шалгаж үзэхэд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын жагсаалтад 4 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай батлагдсан байна. Тухайн маргаан бүхий газарт иргэн Г.У******* нь газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж өгсөн байсан бөгөөд уг хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 20/04 дүгээр Н дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2.1.1 дэх Шинээр газар эзэмших эрх олгох газрын байршил, хэмжээ гэх заалтын жагсаалтын 2-т Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан байна. Маргаан бүхий байршилд Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 12******* дугаар бүхий 342 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар иргэн Г.У*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий 342 м.кв газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий байршлын газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. гэжээ.

6.2.Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н дүүргийн Засаг даргын 2013 оны 148 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.М*******д Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар 151м2 газар олгож олгохоор 15 жил хугацаатайгаар эзэмших эрх олгосон байдаг. Тухайн эзэмших газрынхаа орчны газрын илүү талбайг нэхэмжлэгч Э.М******* зөвшөөрөлгүй хашаалсан. Э.М*******ын РД:******* гээд регистрийн дугаарын бүртгэлээр газрын цахим системээс өргөдөл гомдлыг шалгаж үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан 2013, 2015, 2020 онуудад шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэл бүртгэгдээгүй байгаа. Нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь өргөдлийн 0113050134624 гэсэн дугаараар газрын кадастр, мэдээллийн системд өргөдөл нь бүртгэгдсэн байдаг. Тухайн өргөдлийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбицлын дагуу шалгаж үзэхэд Засгийн газрын 2025 оны 06 дугаар тогтоолоор улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын жагсаалтад төлөлтийн нэгж талбарын дугаартай газар батлагдсан байдаг. Тухайн маргаан бүхий газарт иргэн Г.У******* нь газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан. Уг хүсэлтийг Н дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Н дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тогтоолын холбогдох заалтад тусгаад Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 12******* дугаар бүхий 342м2 газрыг гэр, орон сууцын хашааны газрын зориулалтаар иргэн Г.У*******д газар эзэмших эрх олгож, гэрчилгээ өгсөн. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд маргаан бүхий асуудлыг авч хэлэлцээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий 342м2 газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий байршлын газрын зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Н дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж, дүгнэлт гаргаж ирүүлсэн. Иргэн Г.У*******гийн зүгээс тус газрыг нөхөн олговрын хүрээнд өөр байршилд газар эзэмших эрх олгох хүсэлтийг Н дүүргийн Засаг даргад гаргаж байсан. Засаг даргын зүгээс нөхөн олговорт өөр газар олгох боломжгүй талаар хариуг өгсөн. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтээр Г.У******* болон Э.М******* нарын газрын маргааныг урьдчилан шийдвэрлэсэн байгаа. Тус шийдвэрийн дагуу Г.У*******гийн газар эзэмших эрх нь хөндөгдөж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийн дагуу Г.У*******г гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа гэж ойлгож байна. Маргаан бүхий газартай холбоотойгоор буюу нэхэмжлэгч талд газар эзэмших эрх олгох талаар болон бусад асуудлаар эвлэрэн хэлэлцэх боломжгүй. гэв.

7. Хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

7.1. Хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.М******* /рд:*******/ регистрийн дугаарын бүртгэлээр газрын цахим системд шалгаж үзэхэд 2012, 2013, 2015, 2020 онд шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэлгүй байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь 011 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна. Тус өргөдлийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбилцлын дагуу шалгаж үзэхэд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын жагсаалтад 4 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай батлагдсан байна. Тухайн маргаан бүхий газарт иргэн Г.У******* нь газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж өгсөн байсан бөгөөд уг хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 20/04 дүгээр Н дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2.1.1 дэх Шинээр газар эзэмших эрх олгох газрын байршил, хэмжээ гэх заалтын жагсаалтын 2-т Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан байна. Маргаан бүхий байршилд Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 12******* дугаар бүхий 342 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар иргэн Г.У*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий 342 м.кв газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий байршлын газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. гэжээ.

7.2. Хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн хариу тайлбартай санал нийлж байна. Хэлсэн тайлбар дээр нь нэмж хэлэхэд иргэн Э.М*******ын илүүдэл ба хашаалсан газрыг 2025 онд Н дүүргийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад батлуулж, олгогдохоор шийдвэрлэсэн. Өмнө нь байсан газрыг төлөвлөгөөнд тусгаж олгох боломжгүй гэх хариуг өгч байсан. 2023 онд Г.У******* нь Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгч байсан. Уг хүсэлтийн дагуу 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж газар эзэмших эрхийг олгож байсан. Манай байгууллагад нэхэмжлэгч О.М******* 2020 онд маргаан бүхий газарт газар эзэмших эрх хүссэн өргөдөл нь бүртгэгдсэн байна. 2013, 2015 онуудад нэхэмжлэгчийг өргөдөл гаргаж байсныг мэднэ. Тухайн үед өргөдлийг нь аваад Н дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга руу ороход тус хүсэлтийг нь шийдэх боломжгүй гэх аман байдлаар хариуг нь өгч байсан. Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020 онд нэхэмжлэгч албан ёсоор өргөдлөө өгсөн боловч шийдэгдээгүй. 2020 оны өргөдөл нь манай байгууллагын системд бүртгэлтэй байсан. гэв.

8. Гуравдагч этгээд Г.У******* нь шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гуравдагч этгээдийн тайлбарт ...I.Нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар хангагдаагүй иргэн иргэн М*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг судлан үзэхэд түүнийг нотлох бодит баримтаар баталгаажсан үндэслэл байхгүй байна. Тэрээр Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2012-2013 оны үед албан бичгээр хандсан хэмээн тайлбарладаг боловч уг бичиг баримт нь албан ёсоор бүртгэгдсэн, хадгалагдсан, шивэгдсэн талаар ямар нэгэн нотлох баримт огт байхгүй. Тус газрын холбогдох албан тушаалтан болох байцаагч Адьяа ч хадгалагдсан, шивэгдсэн зүйл байхгүй гэж албан ёсоор тайлбарласан байдаг. Иймд зөвхөн аман байдлаар ярьсан гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. II...Иргэн М******* нь өмнө нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж, миний хууль ёсны эзэмшлийн 342 м.кв газрыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байдаг. Гэвч уг зөвлөлөөс тухайн газрыг аль ч этгээдэд олгохгүй гэсэн шийдвэр гарсан болно. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байхад иргэн М******* нь одоо дахин Н дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд хандаж, уг 342 м.кв газрыг миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага гаргаж байгаа нь өмнөх шийдвэртэйгээ илт зөрчилдөж байна. III.Газрыг харж хамгаалсан гэх үндэслэл бодит бус иргэн М******* нь миний хууль ёсны эзэмшлийн газрыг олон жилийн турш харж хамгаалж ирсэн тул уг газрыг авах үндэслэлтэй гэж тайлбарладаг. Энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Миний зүгээс түүнд миний эзэмшлийн газрыг харж хамгаалж өгөхийг хүссэн, зөвшөөрөл олгосон, ямар нэгэн амаар болон бичгээр тохиролцсон зүйл огт байхгүй. Түүнчлэн тухайн газарт түүний тарьсан бут, сөөг, мод, арчилсан ул мөр байхгүй бөгөөд харин ч өөрийн худалдан авсан газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор бусдын эзэмшлийн газар дээр хууль бусаар хашаа, хаалт барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. IV.Миний амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд. Иргэн М******* нь миний хууль ёсны эзэмшлийн газар дээр дур мэдэн хашаа хаалт барьж, улмаар би өөрийн гэр орноо барихад удаа дараа саад учруулсан. Энэ нь миний амьдрах, өмчлөх, эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. Би уг асуудлаар Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хэд хэдэн удаа хандсан боловч албадан нураах бичиг хүргүүлнэ. гэж хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн болно. Иймд иргэн Г.У******* миний хууль ёсны эзэмшлийн 342 м.кв газрын болон түүнтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. гэжээ. Харин шүүх хуралдаанд Миний бие газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан. Уг хүсэлтийг Н дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Н дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тогтоолын холбогдох заалтад тусгаад Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 12******* дугаар бүхий 342м2 газрыг гэр, орон сууцын хашааны газрын зориулалтаар газар эзэмших эрхийг авсан. Гэтэл нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлага гаргаснаас үүдэж Н дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Уг шийдвэртэй холбогдуулж нөхөн олговроор өөр газар олгох хүсэлт гаргасан ч Н дүүргийн Засаг даргын зүгээс зөвшөөрөөгүй хариу өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нь Н дүүргийн 2 дугаар хороо, ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлтийг Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012.09.20, 2014.08.06, 2020.08.14, 2024.05.06-ны өдрүүдэд, Н дүүргийн Засаг даргад 2020.07.28-ны өдөр тус тус хандсан байдаг.

1.2. Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2012, 2014, 2020 онд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүдэд албан хариу өгөөгүй ба зөвхөн нэхэмжлэгчийн 2024 онд гаргасан хүсэлтийн хариуг 2024.04.04-ний өдрийн 14/128 дугаар албан бичгээр хүргүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2013, 2015 онд хариуцагчид хандсан гэх нотлох баримт байхгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд маргаан бүхий газрыг хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын мэргэжилтэн О.Агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

 

1.3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995.04.17)-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. гэж, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө. гэж тус тус заасны дагуу хариуцагч Н дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн 2012, 2014, 2020 оны хооронд гаргасан маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй эс үйлдэхгүй гаргасан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

1.4. Гэвч энэхүү 2012-2015 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002.12.26)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. гэж, харин Н дүүргийн Засаг даргад 2020.07.28-ны өдөр, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020.08.14-ний өдөр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх дуусгавар болсон гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгчийн Н дүүргийн 2 дугаар хороо, ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2024 оны 04 сард маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.У*******д эзэмшүүлсэн Н дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн өөрийн нэр дээр эзэмших эрхийг гэрчилгээ олгох хүсэлтийг гаргасан байдаг. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч Э.М*******ын хүсэлтийг маргаан бүхий газрыг иргэн Г.У*******д олгосон гэх үндэслэлээр хангаагүй байна.

2.2. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 601.1.3-т Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан байна. Тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтээр маргаан бүхий газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Н дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор тусгасан.

2.3.Газрын тухай хуулийн 603.6-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй. гэж заасан ба гуравдагч этгээд Г.У******* шүүх хуралдаанд тус маргаан таслах зөвлөлийн дүгнэлттэй маргаагүй гэсэн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалзсан үндэслэл арилсан байна.

2.4. Гэтэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно., 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 32.2-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг хангасан эсэх болон мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан хуульд заасан баримтын бүрдлийг хангаж байгаа эсэхийг шалгах үүргийг шүүх хэрэгжүүлэх боломжгүй.

 

2.5.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны 06 дугаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт-ын 894 дэх хэсэгт батлагдсан байна. Иймд уг газрын эзэмших эрхийг бусдад олгох тохиолдолд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. гэж заасныг баримталж, тус хуульд заасан бусад нэмэлт шаардлагуудыг хангасан байхыг нэхэмжлэгчээс шаардвал зохино.

 

2.6. Иймд Газрын тухай хуульд заасан дээрх захиргааны байгууллагын чиг үүргийг шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн Н дүүргийн 2 дугаар хороо, ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

3. Н дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжийг Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн талаар шүүх тухайлан дүгнэх шаардлагагүй болно.

 

4.Энэхүү шүүхийн шийдвэр нь цаашид нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон бусад аливаа этгээдийн зүгээс маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт шинээр гаргах, тус хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэхэд саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т ухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3, 56.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.М*******ын Н дүүргийн Засаг дарга, Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Н дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН