2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, ******* овогт************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,

Цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Баттогтох, гэрч Т.Ёндон, Т.Янжин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аварын******* миний бие нь 1964 оны 04 сарын 12-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 60 нас хүрч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандахад овог нэр бичиг баримтанд зөрчилтэй, анх ажилд орсон тушаалын лавлагаа шаардлагатай гэсэн шалтгаанаар хасагдсан тул дор дурдсан хоёр асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1981 оны Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас цэргийн албанд татагдсан. Улаанбаатар хотод ирээд Тавантолгой дээр карентилагдаж байгаад тэндээс хилийн цэргийн 0164 дүгээр ангид цэргийн албанд татагдсан. Тухайн үед улаанхуарангийн эцэст байдаг байсан. Жолоочоор төгсөөд хилийн анги салбар руу хувиарлагддаг байсан. 1981 оны хавар 4 сард Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214-р ангид хуваарлагдаж очоод 1984 оны Алтай сумын 214 цэргийн ангиас халагдсан. Тагнуулын ерөнхий газрын төв архиваас хилийн цэрэг хаасан лавлагаа авахад А.Тогтох гэж гарсан. Аав Ц.Авар, ээж Д.Норжин гэж хүн байсан. Цэргийн бүртгэл буруу бүртгэгдсэн байх.

Миний бие нь Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторын даргын 1985-05-22-ны 25 тоот тушаалаар ачигчаар анх томилогдсон тухай хөдөлмөрийн дэвтэрт албан ёсны бичилт нь байгаа боловч тушаалын хуулбар, архивын лавлагаа шаардсаныг авах гэтэл Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Архивын тасаг 2024-04-11-ний 156 тоотоор уг конторын даргын 1981-1985 оны тушаал шилжиж ирээгүй тул А.Баттогтоход лавлагаа олгох боломжгүй гэсэн хариу ирсэн тул 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс анх ажилд томилогдсон хугацааг миний хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт болон тухайн цаг үед хамт ажиллаж байсан хоёр хүн болох Т.Ёндон, Т.Янжин нарын тодорхойлолт зэргийг үндэслэн тогтоож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 3-23-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: А.Баттогтохын хүн амын регистрийн карт буюу ХААТР 1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторын даргын 1988 оны 07 сарын 26-ны өдрийн ажилд томилох тухай 12 дугаартай тушаал, 1989 оны 01 сарын 11-ний өдрийн зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай 08 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Баттогтох цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Холбогдох бичиг баримт архивын лавлагааны овог, нэр зөрүүтэй үндэслэлээр цэргийн алба хаасан болон ажилласан хугацаа нь тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.Одмаагийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

А.Баттогтох Хилийн цэргийн 0214-р ангид 1981 оны 06 сарын 13-ны өдрөөс 1984 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 03-ны өдрийг дуустал ачигч, жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, А.Баттогтоход 1985 оны 06 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Аюулаас хамгаалах тэжээлийн контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, А.Баттогтохын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймаг нийгмийн даатгалын хэлтэсийн 2007 оны 07 сарын 30-ны өдрийн 94 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газар тусгай архивын лавлагаа 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 08/990 дугаартай албан бичиг, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторын даргын 1988 оны 07 сарын 26-ны өдрийн ажилд томилох тухай 12 дугаартай тушаал, 1988 оны 11 сарын 01-ний өдрийн зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 18 дугаартай тушаал, 1989 оны 01 сарын 11-ний өдрийн зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай 08 дугаартай тушаал, 1989 оны 05 сарын 03-ны өдрийн зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай 25 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн126 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 08/3506 дугаартай албан бичиг, А.Баттогтохын төрсний, гэрлэсний бүртгэлийн анкетын хуулбар болон хүн амын регистрийн карт буюу ХААТР 1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт дахь ажлын талаарх тэмдэглэгээ, А.Тогтоход олгосон цэргийн батлах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Т.Ёндон, Т.Янжин нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэрч Т.Ёндонгийн ...Би 1985 онд Говь-Алтай аймгийн аюулаас хамгаалах фондод няраваар ажилладаг байсан. Тэр үед А.Баттогтох манайд ачигчаар, дараа нь 53-ын жолоочоор ажилласан. Тухайн үед Ч.Бяруузана дарга байсан. Манайд Аварзэд овогтой Тогтох гэдэг хүн байгаагүй, бид Тогтох, Тоогоо гэж дууддаг байсан..., гэрч Т.Янжингийн ...Намайг ажиллаж байх үед ачигчаар ажиллаж байгаад сүүлдээ жолоочоор ажиллаж байсан. Жолооч хийж байгаад усны аж ахуй руу шилжин ажиллаж байсан. Хэдэн онд шилжин ажиллаж байсан талаар санахгүй байна. Би бичиг хэрэг хийж байгаад сүүлд няраваар ажилласан. 2012 онд тэндээсээ тэтгэвэрт гарсан. Манайд Аварзэд овогтой Тогтох гэдэг хүн байгаагүй, бид Тогтох, Тоогоо гэж дууддаг байсан. Тухайн үед Ч.Бяруузана дарга байсан... гэх мэдүүлгүүд Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторын даргын тушаалуудаар тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч А.Баттогтохын Хилийн цэргийн 0214-р ангид 1981 оны 06 сарын 13-ны өдрөөс 1984 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 03-ны өдрийг дуустал ачигч, жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Баттогтохын Хилийн цэргийн 0214-р ангид 1981 оны 06 сарын 13-ны өдрөөс 1984 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Говь-Алтай дахь конторт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 03-ны өдрийг дуустал ачигч, жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ