Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/0080 

 

К.Х нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух С овогт К.Х нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суух С овогт М.Б, С овогт М.З нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч К.Х давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл,  нэхэмжлэгч К.Х  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч М.З, түүний өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Ахмерей нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б  хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Цэнгэл сумын 2 дугаар багт амьдарч байхдаа 2003 онд тус багийн нутаг “Могойт” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн. Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З  нар хууль бусаар эзэмшиж, байшинд маань дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээр баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар зэхэж байна. Уг байшин байрлаж байгаа Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй. М гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан М-н хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрсдөө шийднэ. Иймд Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоож, М.Б , М.З  нарыг уг байшингаас албадан нүүлгэхийг хүсэж байна” гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Могойт" гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоож,М.Б болон М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын "Могойт" гэх газарт байршилтай 40 м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б-ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.” гэжээ. 

           

Хариуцагч М.Б  тайлбарт: “Миний бие М.Б одоо Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Цэнгэл сумын 2 дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З  нар 600000.00 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан. Би Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойтод хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Х-аас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Х надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Би энэхүү нэхэмжлэлийг Х гаргасан гэдэгт эргэлзэж байгаа ч нэгэнт шүүхээс тайлбар ирүүлэхийг шаардсан учраас дараах тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч 5x5 харьцаатай 2 өрөө 40 м.кв байшин нэхэмжилж байгаа бөгөөд үнэндээ К.Х-аас авсан байшин түүний нэхэж байгаа шиг 2 өрөө биш. Өөрөөр хэлбэл 5x5 харьцаатай 1 өрөө дээвэр нь хуучин шургаа модоор дээвэрлэсэн дүнзэн байшин, уг байшинтай залгаж хуучин модоор барьсан намхандуу 3 хана бүхий амбаар байсан. 2004 онд аав М  нь К.Х-аас худалдаж авч Е , З  нарт өгсөн. 2005 оны хавар Е , Б нар тухайн байшинг буулгаж шинээр материалыг засаж янзлан өндөрсгөж шинээр барьж, гадна талд нь 4x5 харьцаатай амбаар барьж 10 жил амьдарсан. Улмаар 2014 оны намар Е Б нар нь Цэнгэл суманд өвөлжихөөр нүүх үед уг байшинг надад эзэмшүүлж орхисон ба миний бие байшин хуучирч муудсан хүн суухын аргагүй болсон тул дүнзэн мод бэлтгэн, аймгийн төвөөс 80 ширхэг банз, 2 вакум цонх, бусад шаардлагатай модон материалыг худалдан авч байшинг нурааж өмнө байсан газраас 50 м холдуулан урт нь 9 м өргөн нь 5 метр байшинг Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суудаг Х  гэгчийг хөлслөн авч бариулсан. Өнөөдрийн байдлаар К.Х надаас нэхээд байгаа байшин нь байхгүй байтал 2004 онд барьсан байшин одоо болтол байгаа мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг би зөвшөөрөхгүй. Шүүхээс үзлэг хийх явцад хуучин байшингийн суурь нь хаана байгааг талуудыг байлцуулан бүгдээрээ харсан. Одоо миний амьдарч байгаа байшин шинэ материалаар баригдсан, шинэ банзаар дээвэрлэсэн, 2 вакум цонхтой, бүх юм нь цоо шинэ 5x9 харьцаатай байшин юм. Би өөрийн хүч хөдөлмөрөөр өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж барьсан байшин байтал үндэслэлгүйгээр 15 жилийн дараа нэхэж байгаа нь хууль бус. Х ы нэрийг барьж эхнэр З  нь аав маань нас барсныг далимдуулан А-тай нийлж эд хөрөнгийн шунахай сэдэлтэд хөтлөгдөн 15 жилийн өмнө худалдсан байшингаа нэхэж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. З  нь тийм эд хөрөнгөдөө хайртай юм бол энэ хугацаанд юмаа нэхэж ирэх байсан. Гэтэл З , Х  хоёр нь хавар, өвөл, зунгүй манайд ирээд хонон өнжин байж цагаан идээгээ авч явдаг байсан. Тэр үед байшин, хашаа хороогоо янзалж байгааг байнга хардаг, нэг ч үг дуугардаггүй, байшин хашаагаа сайн янзалж авсан байна гэдэг л байсан. Би хамаатан Х-г сайн мэддэг хүний хувьд тэрээр ийм эд хөрөнгийн шунахай сэдэлттэй гэдэгт итгэхгүй байна. Түүний нэрийг барьж эхнэр нь нэхэмжлэл гаргаж энэ бүх юмыг зохион байгуулж байгаад би бүрэн итгэж байна.

2. Анх Х-ы нэхээд байгаа шиг 12x10 харьцаатай чулуугаар өрсөн битүү саравч хашаа болон 8x10 харьцаатай шургаа модоор босгосон задгай хашаа байгаагүй. Х  нүүх үед 8x6 харьцаатай чулуугаар барьсан саравчтай хашаа 5x5 харьцаатай намхан шургаагаар дэвэрлэсэн байшин амбаарын хамт байсан. Үүнээс өөр юм байгаагүй. Тэр үед мал төллүүлдэг байсан тул хашаа маань жижигдэж бог мал багтахгүй байсан, малын төлийг хаших хашаа байгаагүй тул 2005 оноос эхлэн аав М-н заасны дагуу хүргэн ах Е, З , Ө  бид 4 чулуун хашааг тойруулан чулуугаар битүү өвсний хашаа, битүү үхрийн хашаа, битүү малын төлийн 4x4 харьцаатай хашаа, битүү хонины хашааг тус тус нэмж барьж сүүлд хавар цагт мал хаших зорилгоор малын хашааны урьд шургаагаар хоёр задгай хашааг тус тус барьсан. Өөрөөр хэлбэл Х-с авах үед нэг л хашаа байсан бол өнөөдөр 5 малын битүү хашаа, 2 задгай хашаатай том малын хашаа болж өргөжсөн байгааг үзлэг хийх үед эрхэм шүүгч харсан байх.

3. Хадлангийн талбай бол байгалийн жамаар томорсоор байгаад сүүлд бид чулууг нь түүж хадлан болгосон талбай болохоос З  тал газарт өвс ургуулаагүй. Х  2003 онд хашаагаа барьж 2004 онд нүүгээд явсан. 1 жилийн дотор тал газрыг хэчнээн суваг татаж усжуулсан ч том хадлан болохгүй. Эхэндээ бид хадлангаас өвс авдаггүй байсан ба сүүлд шинээр суваг нэмж барьж чулууг түүж томсгосоор байгаад өнөөдрийн хэмжээнд хүргэсэн. 2010 онд тойруулан торон хашаа татсан. Дээрх байдлыг З  нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа бүх юмыг өөрсдөө барьсан мэтээр шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иймээс өөрийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж барьсан хашаа, хадлангийн талбай, байшинг би зүгээр өгөхгүй. Аав маань худалдаж авсан учраас З, Х нарт хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Хариуцагч М.З-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг М  төрсөн дүү. А.М  нь 2016 онд нас барсан. 2004 онд М.З, нөхөр А.Е бид хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг 600000.00 төгрөгөөр худалдсан. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх К.Х-аас 5х5 метрийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 метрийн дүнзэн байшинг худалдаж авсан бөгөөд одоо К.Х-аас авсан жижиг чулуун хашааг өргөтгөж томруулсан. Бид уг дүнзэн байшинг худалдан аваад 14 жил болж байна. Жил болгон хадлангийн талбайгаас өвс авч, амьдарч байна. Бид Х-аас уг байшинг худалдаж авч, одоог хүртэл хаваржиж, ашиглаж байгаа болохыг Цэнгэл сумын газрын даамал Т.Н , багийн дарга М.Д , Б.С , хөрш болох А.Д , А.Т , А.Ж , С.Б , Ж.А , Ч.М , Х.З , М.Т , Х.С , А.Т , К.К , М.Н , Т.Б  нар мэддэг учир нотариатаар батлуулсан тодорхойлолтуудыг хавсаргав.” гэв. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Х Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б ,М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч К.Х 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд: “Болсон асуудлын товч: 1. Нэхэмжлэгч К.Х миний бие 2003 онд Цэнгэл сумын нутаг Алтай таван богдын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн “Байгалийн цогцолборт” газрын ангилалд хамаарах “хязгаарлалтын бүсийн дэглэм" тогтоосон “Могойт” гэх газарт уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар 40 м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 (12м х 10м) талбай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 (8м х 10м) шургаа модоор хөндлөн татсан сараалжин модон хашаа, 2.7 км урьд услалтын суваг “шуудуу” бүхий байгууламжтай хадлангийн талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулсан байсан. Гэтэл 2005 онд амьдралын шаардлагаар хүүхдүүдээ сургах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийг бараадаж Өлгий суманд нүүж ирж нутагшсан. К.Х би нүүж явахад байшин, хашаа, хороо, хадлангийн талбай зэрэг бүх үл хөдлөх хөрөнгийг тэнд оршин сууж байсан төрсөн ах А.М-д захиж орхиод, үнэ төлбөргүй ашиглаж байхыг ах Мд зөвшөөрөөд, харж хамгаалж байхаар тохирсон. Гэтэл ах А.М  нь 2016 оны 7 дугаар сард нас барсан ба түүний хүүхдүүд болох М. Б ,М.З нар нь ах нас барснаас хойш 2018 оноос эхлэн миний эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэх алхам хийж, өмчлөлд авах талаар эрх бүхий газарт хандсанаар К.Х би нэхэмжлэл гаргасан.

2. Давж заалдах гомдлын үндэслэл:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/ 00717 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт “Нэхэмжлэгч К.Х нь ...тухайн хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр уламжлалт мал аж ахуй эрхэлж байсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэжээ. (шийдвэр 8 дугаар хуудас) Нэхэмжлэгч К.Х миний 40 м2 талбайтай дүнзэн байшин, хашаа хороо, хадлангийн талбай зэрэг үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа “Могойт” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн “байгалийн цогцолборт газрын” ангилалд багтаж, “хязгаарлалтын бүсэд" хамаарч байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “уламжлалт мал аж ахуй эрхлэх”, 3 дахь хэсэгт зааснаар "... барилга байгууламж барьж ашиглах” эрхтэй тул тухайн үед эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө барьж ашиглаж байсан. Энэ талаар тусгай хамгаалалтын Захиргааны Улсын байцаагчийн тодорхойлолт нотлох баримтаар авагдсан. Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна.

2.2. Мөн “Шүүхийн шийдвэр”-ийн “Үндэслэх нь” хэсэгт “Уг газарт нэхэмжлэгч К.Х 40м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшинг өөрийн хөрөнгөөр барьж, 2005 онд амьдралын шаардлагаар Өлгийд нүүж явахад ах М-д захиж үлдээж, түүнээс хойш уг байшинд М  эхнэр хүүхдүүдийн хамт намаржиж, хаваржиж байсан нь талуудын тайлбар, Н.А  гэрчийн мэдүүлгээр нотлогдох боловч, 2016 оны 8 дугаар сард М нас барж, ... улмаар нэхэмжлэгчийн 2003 онд барьсан байшинг М  нь амьд байхад Х-с худалдан авсан гэж маргаж нэхэмжлэгчээс тус шүүхэд байшингийн өмчлөгчөөр тогтоож хариуцагч нарыг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, үйл баримт ... нотлогдохгүй байна гэж дүгнэжээ. (шийдвэр 8 дугаар хуудас) Энэхүү дүгнэлт нь К.Х нь 40м2 талбайтай 2 өрөө байшин барьсан, уг байшин Х-ы өмч болох нь тогтоогдсон гэж “нотлох баримтыг зөв үнэлсэн” атлаа ямар үйл баримт нотлогдоогүй байгаа нь огт ойлгох боломжгүй бичигдсэн байна.

2.3. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт: “Нэхэмжлэгч К.Х нь ...40м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшинг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар нь тогтоогдсон. Мөн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасан “Улсын бүртгэлд бүртгүүлэх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалт, 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “бүртгүүлснээр өмчлөх эрх баталгаажна” гэснийг зөрчсөн “өмчлөх эрхийн гэрчилгээ” аваагүй тул К.Хг 40 м2 талбайтай 2 өрөө байшингийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй” гэжээ. (шийдвэр 8 -9 дүгээр хуудас)

Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бүр өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг заавал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182 .1-т зааснаар заавал бүртгүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд бүртгүүлээгүй нөхцөлд “өмчлөх эрхийг алдана” гэж ойлгож болохгүй. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авах нь өмчлөгч иргэний эрхийн асуудал билээ. Тухайлбал: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т “Иргэн Газрын тухай хуулийн 52.7 -д заасны дагуу эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж, өвөлжөө, хаваржааны хашааг өмчлөх эрхийг ... улсын бүртгэлд бүртгүүлж болно” гэж заасан байна. Энэ нь “заавал бүртгүүлнэ” гэсэн ойлголт биш байх ба “бүртгүүлээгүй нөхцөлд өмчлөх эрхийг алдана” гэсэн ойлголт биш.

Ялангуяа хөдөө байгаа малчин өрхийн хашаа байшин, өвөлжөө хаваржааг нь Улсын бүртгэлд бүртгүүлэх нь нэн ховор үзэгдэл бөгөөд бараг байхгүй гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Нэхэмжлэгч. К.Х намайг “үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж өмчлөгчөөр тогтоохгүй байсан” явдал нь шүүхийн зүгээс иргэн миний Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж байгаа хууль бус үйлдэл гэж гомдол гаргаж байна.

2.4. Хариуцагч М.З,М.Б нарын шүүхэд өгсөн тайлбарт: “К.Х нь “Могойт” гэх газарт дүнзэн байшин, хашаа хороо, хадлангийн талбайн суваг зэрэг барилга байгууламж барьсан. Түүнийг бидний эцэг М 600.000 төгрөгөөр худалдан авсан” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Энэ нь тухайн газарт Х миний өөрийн өмч хөрөнгөөр барьсан “үл хөдлөх хөрөнгө” байсныг хариуцагч тал зөвшөөрч байгаа явдал юм.

Харин М  нь амьд байхад худалдан авсан гэж мэдүүлэг өгсөн боловч түүнийг тэд нотлох баримтаар баталж чадаагүй юм. Хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл шүүх нэг талыг барьж, К.Х миний “үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх” эрхийг зөрчсөн гэж үнэлсэн атлаа М нь К.Х надаас “үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад” Иргэний хуулийн холбогдох заалт биелэгдсэн эсэх, бичгээр байгуулсан гэрээ байгаа эсэх, үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн эсэх нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн тул гомдол гаргаж байна.

2.5.Хариуцагч М.З, М Б  нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн “өмчлөх эрхийн гэрчилгээ” байхгүй Улсын бүртгэлд мөн адил “бүртгүүлээгүй” байхад түүнд шүүх дүгнэлт хийлгүй, гагцхүү нэхэмжлэгч К.Х миний өмчийг бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй явдлыг үндэслэж “миний өмчлөх эрхэд халдсан” шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримталсан явдал юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч бидэнд адил тэгш хандаж, асуудлыг цогцоор нь “нотлох баримтын” хүрээнд шийдвэрлэх ёстой юм.

2.6. Нэхэмжлэгч К.Х миний барьсан 40 м2 талбай бүхий байшинг “М. Б  нь бүрэн нурааж, өөр газар томсгож шилжүүлэн барьсан, одоогоор Х  байшин байхгүй байна” гэж дүгнэсэн байна. Бусдын эд хөрөнгийг эзний зөвшөөрөлгүй нурааж байгаа, түүнийг өөр газар шилжүүлж барьж байгаа хариуцагч Б  хууль бус үйлдлийг шүүх зөвшөөрч байгаа хэрэг болж байна уу? Тухайлбал: Нэхэмжлэгч К.Х миний өмч болох 40м2 талбай бүхий 2 өрөө байшинг “үнэ төлбөргүй ашиглаж байсан” Б  нь нурааж, томсгож өөр газар шилжүүлэн барьсан явдал нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1-т заасан үүргийг биелүүлж, мөн хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар “гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилсний улмаас учирсан хохирлыг” арилгах үүрэгтэй.

2.7.Б , З  нар нь Х  миний маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг олон жилийн турш “үнэ төлбөргүй ашиглаж” ирсэн. Тийм учраас Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 289 дүгээр зүйлийн 289.1.3 -д зааснаар “Өмчийн эзэн К.Х миний зөвшөөрөлгүйгээр миний байшинг эвдэж, өөр газар томсгож барьсан, зохион байгуулалтыг өөрчилсөн нь” хууль бус үйлдэл бөгөөд мөн хуулийн 342.3-т зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ талаарх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

2.8.Хариуцагч М.З.М.Б тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө  нар нь А.М  нь Х  надаас 600.000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлах боловч, бидний дунд ямар нэгэн худалдах, худалдан авах үйл ажиллагаа болоогүй юм. Нэгэнт би тухайн газраас өөр газар амьдрах болсон тул түр ашиглаж байхыг А.М-д зөвшөөрч харж хамгаалж, эзэн болж байхыг хүсэж, захиж явсан.

2.9. Нэхэмжлэгч К.Х миний маргаж буй байшин, хашаа хороо, хадлангийн талбай зэрэг үл хөдлөх хөрөнгө “Могойт” гэх Тусгай хамгаалалттай газар нутгийн “байгалийн цогцолбор” газарт байршилтай тул Газар эзэмшүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй. Хариуцагч М.З,М.Б нарт мөн адил Газар эзэмших эрхийн болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байхад хариуцагч М.З,М.Б нар нь тухайн өмч К.Х миний өмч болохыг зөвшөөрч харин “худалдан авсан” гэж нотлох баримтгүй тайлбарлаж байгаад шүүх дүгнэлт хийлгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн юм.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, К.Х миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч М.Б ,М.З нарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, Могойт гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м.кв талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, 80 м.кв талбайтай шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч мөн болохыг тогтоож, М.Б ,М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “... нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэх тухай нэхэмжлэлээр уг хэргийн хариуцагч М.Б болохыг тодруулж, тодорхойлсон. Иймд хэргийн хариуцагчаар зөвхөн М.Б-г татан оролцуулахад татгалзах зүйлгүй” гэж 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа хариуцагчийн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталж түүнийг хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанд тооцож, хэргээс хариуцагч М.З-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн М.З-тэй холбоотой татгалзал нь хуульд харшлаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх талаарх хуулийн зохицуулалтыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Х нь эхнэр Ш.З-д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаатай, мөн өдөр 2 жилийн хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэл олгосон бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед уг итгэмжлэлийн хугацаа хэтрээгүй байна. Харин хариуцагч М.Б нь эгч М.З-д 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай, дүү М.Ө-д 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэлүүдийг тус тус олгосон боловч уг итгэмжлэлүүдийн хугацаа давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлэх үед хэтэрсэн байх тул тус шүүхээс хариуцагч М.Бд утсаар холбогдож, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй” тухай тайлбарласан нь баримтаар тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд Ш.З  нь нэхэмжлэгч К.Х-г төлөөлж, харин хариуцагч М.З нь өөрийнхөө нэрийг өмнөөс /М.Б төлөөлөөгүй/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг тэмдэглэж байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүд байрлаж байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газар нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтдаг нь Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр тогтоогджээ. Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул, Даян нуур орчмыг хамарсан газар нутгийг Алтай таван богдын  байгалийн цогцолбор газарт хамааруулж, хилийн заагийг тогтоосон ба Байгаль орчны сайдын 1998 оны 143 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай зарим бүсийн хилийн заагийг тогтоох” тухай тушаалаар Алтай таван богдын  байгалийн цогцолбор газрын бүсийн хилийн заагийг онцгой, аялал жуулчлалын, хязгаарлалтын бүс гэж ангилсан байдаг. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тухайн “хязгаарлалтын” бүсэд оршин сууж буй нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, гэрээний үндсэн дээр, уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэж заажээ.

Хэргийн 2 дугаар хавтасны 157 дугаар хуудаст иргэн А.Е гэх Цэнгэл сумын 2 дугаар багт байршилтай газрыг зуслан, өвс хадлан бэлтгэх зориулалтаар ашиглах агуулгатай нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбар авагдсан бөгөөд нэхэмжлэгч К.Х болон хариуцагч М.Б нарын хэн аль нь маргаж буй эд хөрөнгүүд байршиж байгаа Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газраас хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг эрхлэхээр, гэрээний үндсэн дээр газар ашигласан, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, харин 106.3 дахь хэсэгт зааснаар уг шаардлагыг гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, 106.4 дэх хэсэгт энэхүү шаардах эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч К.Х нэхэмжлэлийн шаардлагаас “хадлангийн талбайн өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, “Могойт” гэх газраас хуульд заасан журмаар буюу гэрээний үндсэн дээр газар ашиглаж байгаа, эсхүл өөрийн мэдэлдээ байлгаж хууль ёсоор эзэмшиж байгаа талаар нотлох баримтгүй учир түүний энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин К.Х нь зохих зөвшөөрөл, гэрээгүйгээр ашиглаж байсан дээрх байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан гэх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тэдгээрийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах, энэ талаар шүүхэд мэдүүлэхэд Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 1998 оны 143 дугаар тушаал болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дурдсан заалтууд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан “40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м.кв талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, 80 м.кв талбайтай шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа” зэрэг хөрөнгүүдийн талаар нэхэмжлэгч тал “өөрийн хүч хөдөлмөрөөр 2003 онд барьж байгуулсан, 2005 онд Цэнгэл сумаас Өлгий сум руу нүүж явахдаа А.М-д захиж үлдээж явсан, түүнд худалдаагүй, худалдсан тухай баримт байхгүй, иймээс биднийг нүүж явсны дараа уг хөрөнгөд хариуцагч М.Б нь эзэн сууж, дур мэдэн ашиглаж байгаа тул өмчлөгчөөр нь тогтоолгож, албадан нүүлгэнэ” гэж тайлбарласан бол хариуцагч М.Б-с “2004 онд аав А.М  нь уг хөрөнгийг К.Хаас 600.000 төгрөгөөр худалдан авч хүргэн ах А.Е,М.З нарт өгсөн, 2005 онд уг хөрөнгийг А.Е,М.З нар засан сайжруулсан, улмаар тэд 2014 онд надад эзэмшүүлэн орхисон, би 2015 онд уг байшинг нурааж, өөр газар шилжүүлэн шинээр барьсан. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж барьсан хөрөнгөө бусдад өгөхгүй” гэж тус тус маргажээ.

 

5. Дээрх маргааны талаар хэрэгт талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэн М.А, Ч.М , Х.З , Б.Д , А.Т, А.Ж, М.Т , Т.Б, М.Н , К.К , А.Т , Х.С , С.Б , Б.С , М.Д, К.А , М.А, н.М , Х.Ш  нарын тус тус үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн гэх тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт дурдсан нотолгооны хэрэгслүүдийн алинд ч хамаарахгүй тул тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь мөн зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хийгээд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримтад тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн тэдгээр иргэдийн тодорхойлолтууд нь маргаан бүхий үйл явдал болсон үед үйлдэгдсэн, эсхүл тухайн үед болж өнгөрсөн баримтат мэдээллийг гэрчлэх хөндлөнгийн байр суурь бүхий агуулгатай бус, харин маргаан гарсны дараа, сүүлд хэргийн оролцогчийн хүсэлтээр үйлдэгдсэн, нотариатч нь тухайн тодорхойлолтын агуулгыг биш харин түүнд зурагдсан этгээдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байдаг тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтын төрөлд хамааруулж үнэлэх үндэслэлгүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв гэж эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль зүйн боломжгүй юм.

 

6. Анхан шатны шүүх хуульд заасан журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Н.Агээс, хариуцагч талын хүсэлтээр гэрч М.Х , А.Д  нараас мэдүүлэг авчээ. Талуудын хооронд үүссэн маргааны талаар гэрч Н.А  “Уг байшинг К.Х 2003 онд хашаа хороотой нь хамт барьсан. Түүний байшин мөн. Манайх худалдаж аваагүй, уг хаваржаандаа хүргэн хүү А.Е-ыг байлгаж мал маллуулж байсан” гэж, гэрч М.Х “2015 онд М.Б  4*5 юм уу 5*5 хэмжээтэй байшинг нурааж, 5-6 юм уу 7-8 метрийн зайтай шилжүүлэн шинээр барьж өгсөн. 2004 онд К.Х нүүж явсан, тэрнээс хойш М.Б ,А.Е нар нүүж ирж амьдарсан. К.Х нь А.М-д хашаа хороо, байшинг худалдсан гэдгийг мэднэ, хүн болгон тэгж хэлж байсан.” гэж, гэрч А.Д  нь “М  нь Х-с уг хашаа, хороог 600.000 төгрөгөөр авсан, мөнгийг нь өгөх үед би болон С  гэж хүн байсан” гэж тус тус мэдүүлжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрчүүд маргаан бүхий эд хөрөнгүүдийг К.Х нь хариуцагч М.Б эцэг А.М худалдсан талаар зөрүүтэй мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгээс үүнтэй холбоотой хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хооронд нь харьцуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй буюу нэхэмжлэгч К.Х нь 2005 онд Цэнгэл сумаас Өлгий сум руу нүүхдээ өөрийн хөрөнгөө /хашаа хороо, байшингийн хамт/ хариуцагчийн эцэг А.М худалдсан талаар үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан К.Х давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, Могойт гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м.кв талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, 80 м.кв талбайтай шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа зэрэг эд хөрөнгүүдийг 2004 онд өөрөө барьж байгуулсан талаар хариуцагч үгүйсгээгүй, зохигчийн энэ талаарх тайлбарууд нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдгээр хөрөнгүүдийн өмчлөгч нь К.Х мөн бөгөөд тэрээр хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилсан бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно. Мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эсхүл эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүсэх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, К.Х нь өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

 

Маргаан бүхий эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч К.Х нь өөрийн хөрөнгөөр 2003 онд барьж байгуулсан, түүний өмч мөн болох нь тогтоогддог боловч тэрээр 2005 онд уг хөрөнгүүдийг А.М хариуцуулан үлдээснээс хойш бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаагүй, 2005 онд өөрийн хөрөнгөө бусдад хариуцуулж үлдээснээс хойш тухайн хөрөнгийг А.М нь А.Е,М.З нарт өгсөн, дараа нь А.Е,М.З нар нь уг хөрөнгийг хариуцагч М.Бы мэдэлд шилжүүлсэн, улмаар М.Б нь 2015 оноос хойш тухайн хөрөнгүүдийг өөрчилсөн, засаж сайжруулсан, шинээр барьсан нь хариуцагчийн тайлбар, гэрч М.Х-ын мэдүүлэг, шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан 2 тасалгаатай дүнзэн байшингийн гэрэл зураг зэргээр тогтоогджээ.

Хэрэгт ач холбогдол бүхий, хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон энэхүү нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч К.Х нь 2005 оноос мэдэх ёстой байх тул хөөн хэлэлцэх хугацааг түүний нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тоолоход, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, мөн зүйлийн 75.2.2 дахь заалтад хуульчилсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацаа тус тус өнгөрсөн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Хэрэгт цугларсан нотлох баримтаар, дээрх хугацаанд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн “өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, маргаан бүхий эд хөрөнгийг А.М нь амьд байхдаа худалдаж авсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, 2005 онд нүүж явахдаа хөрөнгөө ах А.М захиж үлдээсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүний “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

 8. Дээр дурдсан үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 75.2.2 дахь заалтыг баримтлан, нэхэмжлэгч К.Х хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан “40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м.кв талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, 80 м.кв талбайтай шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч мөн болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс нь чөлөөлж, албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталж К.Х нь хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс хариуцагч М.З-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 75.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч К.Х хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан “40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м.кв талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, 80 м.кв талбайтай шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч мөн болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс нь чөлөөлж, албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Х нь хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс хариуцагч М.З-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Х 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

                       

С.ӨМИРБЕК