Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

   2024         07            02                                         2024/ДШМ/35

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Хохирогч ын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч ******* (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2339004220082 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Х......... АО501 төв магистрал зам дээр ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ийн эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ын эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ийн эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг хамарч духны 2 хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол, хохирогч т 186,804,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч,

- Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******эс 136,804,800 (нэг зуун гучин зургаан сая найман зуун дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч ******* надад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах..." үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд надад гэмт хэргийн хохирлын улмаас учирсан ямар хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ...бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай" гэж зааснаас үзвэл шүүгдэгчид шүүхээс хохирогч т төлөх ёстой 136,804,800 төгрөгийг тэнсэн хянан харгалзсан 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн гэж ойлгогдохоор байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т "...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах..." үүрэг хүлээлгэхээр заасан байдаг тул надад холбогдох хэргийн үндсэн хохирол болох "...хохирогч т төлөх ёстой 136,804,800 төгрөг..."-ийг 01 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ надад авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг тооцно" гэж тодорхойлон, гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг хоёрыг ялгамжтай байдлаар хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтад хамааруулж үзвэл шүүгдэгч ******* миний үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд хохирогч т төлөх ёстой 136,804,800 төгрөгийг тооцохоор байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад намайг энэ гэмт хэргийг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн тодорхой үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцсон талаар тухайлан нэхэмжилсэн, хэлэлцсэн зүйл байхгүй байдаг.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зөвхөн "...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх”-ээр заасан байдгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа зайлшгүй анхаарч үзэж, хэрэглэх шаардлагатай байсан болов уу.

2. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин зөвхөн хувийн байдлыг маань харгалзан үзэж "...торгох ял оногдуулж өгнө үү..." гэсэн хүсэлтийг гаргаж оролцсон.

Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан шүүгдэгч миний дээрх хүсэлтэд тодорхой дүгнэлт хийж, хариу өгөлгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хянан харгалзахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч надад "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах аргa хэмжээ авах..." үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ойлгомжгүй байдлаар авснаас шалтгаалан хянан харгалзсан 01 жилийн хугацаанд "...хохирогч т төлөх ёстой 136,804,800 төгрөг..."-ийг заавал төлөх үүрэгтэй эсэх, төлж чадаагүй тохиолдолд хорих ял биечлэн эдэлж болзошгүй нөхцөл байдалд орох эсэх нь тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4” гэх зүйл заалт хүчингүй болсон байхад шүүх уг хуулийн зүйл заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Хохирогч иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсгийг, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд дээрх гомдолд дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, "...энэ гэмт хэргийг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн чухам ямар үр дагавар, хор уршиг..."-ийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ надад авч байгааг тодорхой болгож, шүүгдэгч ******* миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалт үндэслэлтэй. Хохирогч т учирсан 136,804,800 төгрөгийн хохирол төлөхийг шийтгэх тогтоолд тодорхой заасан. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанарыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын санкц нь шүүгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлаж хуулийг буцаан хэрэглэсэн. Шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч ын “Ланд 300” автомашин нь ашиглагдах боломжгүй айлын хашаанд хучаастай байгаа, *******  т хохирол төлбөр төлөөгүй байгаа. Хохирогч шүүгдэгч *******д амралтын газраас “Ханбүргэд” ресторан хүртэл машин барихыг зөвшөөрсөн, харин  Улаанбаатар явах зөвшөөрөл өгөөгүй.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт өөрчлөлт орохоос өмнө энэ үйл баримт болсон. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  тул үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* хохирлыг төлөхөө илэрхийлсэнийг харгалзан шүүхээс 1 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулах шийдвэр гаргасан.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч т 186,804,800 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авч шийдвэрлэжээ.

 

- Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ .... авсугай” гэсэн шийдвэр нь ойлгомжгүй, яг ямар хор уршгийг, хэдий хугацаанд хэрхэн арилгах талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

- Анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх болон хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг хамт журамлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,  ерөнхий ангийн дээрх заалтуудыг ямар үндэслэлээр журамлан хэрэглэж байгаа талаараа үндэслэл бүхий хууль хэрэглээний  дүгнэлтийг бүрэн хийгээгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                                Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                                     Г.БОЛОРМАА