Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 595

 

С.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр магадлалтай, С.Мд холбогдох 1808001580124 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй,

2012 оны 2 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлйн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2012 оны 3 дугаар сарын 29-нд 256 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Навчилтай овогт С.М нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Мг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.Мг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 210 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С.Мгээс 5.800.000 төгрөг гаргуулж Э.З, 7.600.000 төгрөг гаргуулж Б.А, 4.200.000 төгрөг гаргуулж Б.Ц, 2.300.000 төгрөг гаргуулж Э.Т, 5.650.000 төгрөг гаргуулж Ж.О, 2.140.000 төгрөг гаргуулж Р.Б, 800.000 төгрөг гаргуулж Ж.Б, 5.500.000 төгрөг гаргуулж С.Т, 5.905.000 төгрөг гаргуулж С.Т, 5.500.000 төгрөг гаргуулж Б.Э тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “С.Мг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шийдвэрлэсэн боловч мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг нотолж, тогтоож чадаагүй. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдааны үеэр шүүгч Д.Ганзоригийн “амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг юу гэж ойлгож байна вэ?” гэсэн асуултад прокурор “М нь өдөр тутмын хоол хүнс гэх амьдралын эх үүсвэр болгоход зарцуулаагүй, тансаг хэрэглээнд зарцуулсан гэж үзэж байна” хэмээн хариулсан байгаа нь дээрх асуудлыг хөндөхөд хүрээд байна.

Учир нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд тодорхой нотолж Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр олж тогтоох, зүйлчлэх нь зүйтэй. Гэтэл мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх С.Мг хохирогч нараас авсан мөнгөөрөө хэрхэн тансагласан, хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгож өөрийн хэрэгцээндээ зарцуулсныг олж тогтоож чадаагүй. Энэ талаар С.Мгийн аав, ээж нараас нь гэрчийн мэдүүлэг авч байсан бөгөөд ямар нэгэн тансаг хэрэглээ, өрхийн хэрэглээ гэх мэт зүйлст болон ар гэртээ хөрөнгө мөнгө зарцуулж байгаагүй талаар гэрчилдэг.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилж ял оногдуулсан атлаа тухайн хүндрүүлэх нөхцөл байдал буюу байнга уйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон талаар ямар ч нотлох баримт цуглуулаагүй, зөвхөн прокурорын үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Гэхдээ шүүх шүүгдэгч С.Мгийн үйлдлийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ Нийслэлийн 81 дүгээр бүрэн дунд сургуульд газар зүйн багшаар ажиллаж, тодорхой хэмжээний цалинтай байсан, хохирогч нараас авсан мөнгөөр материал аваад ор хөнжлийн даавуу, гудасны өнгийг их хэмжээгээр оёж гадуур явж зараад хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ашиг олох бодлоосоо болоод ийм зүйлд хүрчихлээ гэж тогтвортой мэдүүлсээр байхад амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Мгийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэхээр байсан байна.

Шүүгдэгч С.Мг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжид хамааруулж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь нотлох баримтаар тогтоогдоогүй, прокурор хэргийг буруу зүйлчилж, шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна.

Шүүгдэгч С.М нь бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.М нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 26-ны хооронд нэр бүхий хохирогч нарыг “гадаад улсад сургуульд явуулж өгнө, Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутсан, мөнгийг нь өсгөж өгнө, сүлжээний бизнест оруулна, АНУ руу явуулж өгнө” гэх мэтээр хуурч мэхлэн удаа дараагийн үйлдлээр нэр бүхий 10 хохирогчид нийт 52.575.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх С.Мг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч С.М нь 1 жил 10 сарын хугацаанд залилах гэмт хэргийг байнга буюу 3-аас дээш удаа үйлдэж их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн боловч тэдгээр  үйлдэл нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг аргаар үйлдэгдээгүй, тус тусдаа үүссэн сэдэлтээр, өөр өөр арга хэрэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилгоор явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх С.Мг 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 2017 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэл 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.М удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий 10 хохирогчийг хуурч мэхлэн нийт 52.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулдаг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж зохицуулсан байна.

Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч С.Мгийн нэр бүхий 10 хохирогчийг залилан мэхлэж их хэмжээтэй хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд өмгөөлөгч М.Цэнгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч С.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүгдэгч С.Мд тухайн зүйл хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж зүйлчилж,

шүүгдэгч С.Мг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Навчилтай овогт С.Мг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН