Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 793

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга О.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нарыг оролцуулан иргэн П.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д*******гийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “…Тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажигүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин шийдвэр гүйцэтгэсний урамшуулалд олгосон зохих мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Төрсөн эх Б.Ч*******гийн биеийн байдал тааруу байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Т.Д******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж  шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Т.Д*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Д******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалинг буруутай албан тушаалтнаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ