| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0661/Э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Ат холбогдох 1806005240744 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны дүгээр байрны тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ш.А, /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 236 дугаар гудамжны 471 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Жаргалмаагийн баруун гуян тус газар нь хайчаар хатгаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Жаргалмаагийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд би хамтран амьдрагч Амарбаатарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 236-47 тоотод эцэг Амарбаярын гэрт байсан юм. Тухайн үед гэрт манай аав, хамтран амьдрагч бид гурав байсан юм. Амарбаатар урд өдөр нь архи ихээр уусан байсан, уг хэрэг болсон өдөр архи нь дутуу гарсан байсан ба миний цүнхийг шууд уудлаад дотор нь байсан 16,000 төгрөгийг аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад наадах чинь миний мөнгө, хоол хүнсний юм авна гэтэл миний үгийг сонсолгүй шууд гэрийн хажууд байх “Амгалан Ээж” нэртэй хүнсний дэлгүүр ороод жижигхэн нэг шилтэй архи аваад, мөн нэг лааз пиво аваад шууд дэлгүүр дотор уучихсан юм. Тэгээд дэлгүүрээс гарч ирээд шууд аавын гэр рүү орсон. Гэрт ормогц Амарбаатар нь манайх руу явъя, танай аавын гэрт байхгүй гээд байхаар нь би явахгүй гэтэл Амарбаатар нь гэрт байсан хайчийг аваад намайг сууж байхад миний баруун гуя тус газарт 2 удаа хатгасан. Тэгтэл миний гуянаас цус гараад Амарбаатар нь өөрөө болиод тайвширсан. Тухайн үед манай аав байсан ба аав маань даралтаар харавчихсан явж, хөдөлж чаддаггүй учир яаж ч чадаагүй. Тэгээд Амарбаатар намайг явъя гээд бараг хүчээр шахуу албадаад аваад гарахаар нь би гудамжинд явж байсан хүмүүсийн хажууд туслаарай энэ залуу надад хүч хэрэглээд дарамтлаад зодоод байна гээд чанга хашгиртал Амарбаатар нь ганцаараа автобусанд суугаад явчихсан юм. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Амарбаярын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт миний охин А.Жаргалмаа нь ирсэн ба араас нь удалгүй түүний хамтран амьдардагч Ш.А гэх залуу нь ирчихээд Жаргалмааг явъя явъя гээд байсан тухайн өдөр миний охин Ш.Ааас айсан байдалтай, би чамтай явахгүй, чи намайг ална тална гээд байсан биз дээ гэж яриад байсан ба удалгүй Амарбаатар тэр хоёр чимээгүй болоод гэрт унтаж амарсан. Маргааш өдөр нь Амарбаатар гэрээс гараад явсан ба удалгүй буцаад халамцуу ороод ирсэн. Тэгээд дахиад гэрт Амарбаатар одоо явъя гээд, манай охин би аавынд баймаар байна гээд байсан ба гэнэт манай охин Жаргалмаа чанга орилтол Ш.А нь хайч барьчихсан миний охины гуя руу хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1173 дугаартай дүгнэлтэд:
“1. А.Жаргалмаагийн биед баруун гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм.
4. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Аын гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 10 сарын эхээр Ард кино театрийн автобусны буудал дээр квас зардаг байсан Жаргалмаа гэдэг эмэгтэйтэй танилцаж хамтран амьдрах болсон. 2018 оны 01 сарын 05-ны өдөр Жаргалмаагийнд ирж хоноод 2018 оны 01 сарын 06-ны өглөө дэлгүүрээс 1 шил 0,33 литрийн архи аваад түүнийгээ Жаргалмаагийн аавтай хувааж уугаад согтчихсон юм. Ингээд би Жаргалмаатай хамт айл руу түлээнд явж ирээд бүр их согтоод толгой манараад тасарчихсан байсан. Тэгээд юу болсныг огт санахгүй байна. Ингээд 2018 оны 01 сарын 07-ны өдөр цагдаагаас ярихаар нь 2018 оны 01 сарын 08-ны өдөр цагдаа дээр ирж юу болсон талаар мэдсэн. Би их амархан согтчихдог юм...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Аын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 сарын эхээр Жаргалмаатай танилцаж улмаар хамт амьдардаг болсон. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалмаагийн эцэг Амарбаярын гэрт Жаргалмаа бид хоёр очиж хоносон. 2018 оны 01 дүгээр сарын 06-ний өглөө 8 цагийн орчимд би гарч дэлгүүр ороод 350 граммын Өргөө нэртэй архийг аваад буцаж Жаргалмаагийн эцэгийн гэрт ороод уг архинаасаа 50 грамм архийг Амарбаяр гуайд өгөөд, үлдсэнийг нь ганцаараа уусан. Тэгээд би уг архийг уучихаад Жаргалмааг явъя манай гэр рүү явъя, энд байхгүй гэр рүүгээ явъя гэтэл Жаргалмаа чи архиа гаргачих, унт тэгээд явъя гэсэн. Би их согтуу байсан учир ухаан санаа орж гараад байсан, би нэг мэдэхэд л хайч барьчихсан, Жаргалмаа Амараа болиочээ гээд л байсан. Би нэг мэдэхэд л Жаргалмааг хатгачихсан байсан. Тухайн үедээ би бараг тасарчихсан байсан, ухаан санаа орон гаран л байсан. Согтуудаа өөрийгөө хянаж чадаагүйдээ л ийм үйлдэл гаргачихсан. Жаргалмаа тэр даруй цагдаад хэлнэ гээд гараад зугтаачихаар нь би араас нь гараад гүйтэл Жаргалмаа алга болчихсон байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх.39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 236 дугаар гудамжны 471 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Жаргалмаагийн баруун гуян тус газар нь хайчаар хатган хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Жаргалмаагийн өгсөн: “... Гэрт ормогц Амарбаатар нь манайх руу явъя, танай аавын гэрт байхгүй гээд байхаар нь би явахгүй гэтэл Амарбаатар нь гэрт байсан хайчийг аваад намайг сууж байхад миний баруун гуя тус газарт 2 удаа хатгасан. Тэгтэл миний гуянаас цус гараад Амарбаатар нь өөрөө болиод тайвширсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Амарбаярын өгсөн: “... Тэгээд дахиад гэрт Амарбаатар одоо явъя гээд, манай охин би аавынд баймаар байна гээд байсан ба гэнэт манай охин Жаргалмаа чанга орилтол Ш.А нь хайч барьчихсан миний охины гуя руу хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1173 дугаартай дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Аын яллагдагчаар өгсөн: “... Би их согтуу байсан учир ухаан санаа орж гараад байсан, би нэг мэдэхэд л хайч барьчихсан, Жаргалмаа Амараа болиочээ гээд л байсан. Би нэг мэдэхэд л Жаргалмааг хатгачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.39/,
Шүүгдэгч Ш.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ш.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ш.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Жаргалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч А.Жаргалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ш.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ш.Аын “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ш.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэдийгээр Ш.А урьд нь хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа өнгөрсөн учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой боловч шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох торгох ялыг түүнд оногдуулах нь зохимжгүй юм.
Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ат оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Жаргалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР