| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03841/И |
| Дугаар | 191/ШШ2025/04653 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04653
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 191/ШШ2025/04653 | Улаанбаатар хот |
2025 05 23 191/ШШ2025/04653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...................... тоот хаягт байрлах, Б ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б ХХК-ийн захирал Р.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Б ХХК нь Р ХХК-иар зуучлуулан өөрийн эзэмшлийн оффисын байрыг Ч ХХК-д 1 жилийн хугацаатай, нэг сарын 6,300,000 төгрөгөөр, төлбөрийг улирлаар төлөхөөр харилцан тохиролцож 2024 оны 09-р сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулан нотариотаар батлуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээний дагуу Ч ХХК нь эхний улирлын түраасийн төлбөрийг барьцааны хамт нийт 25,200,000 төгрөгийг шилжүүлснээс зуучлалын төлбөр 5,544,000 төгрөгийг зуучлагчид шилжүүлсэн. 3 сарын дараа буюу 2024 оны 11-р сарын 5-ны өдөр түрээсийн байранд очиход Ч ХХК-ийн ажилтан Г.Б гэгч утсаар түрээслэхээ болилоо гэж ярихаар нь түрээсэлсэн оффист очиж үзэхэд 3 сарын хэрэглээний төлбөр төлөөгүй, Юнивишины сарын хэрэглээг нэмэгдүүлж 564,100 төгрөгийн төлбөр гарсныг төлөөгүй, захирлын өрөөний шинэ авсан байсан дубон модон ширээний тавцан цуурсан байдалтай байсан. Гэрээний үүргийг биелүүлж хэрэглээний төлбөр төлөх, ширээг хэвийн байдалд оруулах тухай шаардлага тавьсан. Шаардлагыг биелүүлсний дараа гэрээг дуусгах талаар ярилцсан. Гэтэл Ч ХХК нь өнөөдрийг хүртэл ямарч хэл сураггүй, утас нь холбогдохгүй, 2025 оны 3-р сарын 17-ны өдөр шуудангаар хаягаар нь албан бичиг илгээсэн боловч хаяг дээр байхгүй гэж буцсан, хаягаар нь хайгаад олохгүй, OPENDATA-гаас компаний хаягийг нь тодруулахаа хайж харахад мөн гэрээн дээрхи хаягтай адил хаягтай байх тул ..............-ийн ..............-р хорооны ЗД-д хаяг тодруулахаар хүсэлт гаргасан. .............-ийн ............-р хорооны Засаг даргаас Ч ХХК болон Г.Б нь тус хаягт оршин суудаггүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Ч ХХК болон гүйцэтгэх захирал Г.Б нарыг хуулийн дагуу шүүхийн журмаар эрэн сурвалжлах хүсэлтийг минь авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.18-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-2025.03.17-ны өдөр .............. дүүргийн ....... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4 х/,
- 2024.08.09-ний өдрийн Түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 5 х/,
-00000000 бүртгэлийн дугаартай Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 8 х/,
- 2024.04.17-ны өдөр Б.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 9 х/
-Б.Ж-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10 х/
- Б ХХК-иас Ч ХХК-д явуулсан 2025.03.17-ны өдрийн 37/25 дугаар албан бичиг /хх-ийн 11х/
- OPENDATA-аас татсан хариуцагчийн мэдээлэл /хх-ийн 12 х/
- Б ХХК-ийн 2024.08.09-ний өдрийн Хаан банк дахь дансны хуулга /хх-ийн 13 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Б ХХК-ийн захирал Р.Б шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.08.09-ний өдрийн 000000 бүртгэлийн дугаартай Түрээсийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч ХХК /РД:0000000/-ийн оршин байрлах хаягийг ................. тоот гэж тодорхойлсон.
Ч ХХК нь түрээсийн төлбөрөө өгөлгүй ямар ч хэл сураггүй, албан бичигт хариу өгөлгүй, түрээсээ төлөлгүй түрээсэлж байгаа газраасаа гарсан байх тул гэрээнд заагдсан хаягийн дагуу .............. дүүргийн ....... дугаар хороонд хандахад тухайн хаягандаа байхгүй болох нь .............. дүүргийн ....... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Ч ХХК нь 2024.08.09-ний өдрийн Түрээсийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь .............. дүүргийн ....... дугаар хорооны Засаг дарга болон Б ХХК-ийн захирал Р.Б-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Б ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч ХХК /РД:0000000/ түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Б /РД:000000/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч ХХК /РД:0000000/ түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Б /РД:00000000/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА