2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/06843

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         08          13

                      191/ШШ2025/06843

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин суух, *******гийн *******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: *******,*******,*******лол,,од оршин суух, ийн /рд:/-т холбогдох

 

Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, “ЗЦ” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь, 50 ширхэг хувьцааг буцаан гаргуулах, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүргүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Ц.тай 2012 онд танилцаж байсан бөгөөд 2014 оноос хамтран амьдрах болсон, түүнд итгэж найдсан учраас 2016 оноос компанийн ажилд оролцуулж, санхүүгийн асуудлуудыг хариуцуулж ажиллуулж эхэлсэн. Ц. нь 2023 оноос компанийн хувьцаа эзэмшигч болж өөрийн нэрийг улсын бүртгэлд нэмж бүртгүүлэх хүсэлтэй байна гээд өөрөө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн байсан тул миний бие баримтуудад гарын үсэг зурж, 2023 оны 04 сарын 07-ны өдөр дугаартай “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж өөрийн 100 хувийн эзэмшлийн “” ХХК- ийн 50 хувийн хувьцааг Ц.д шилжүүлэн өгч, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Үүнээс хойш Ц. нь зан ааш нь өөрчлөгдөх болж бидний хувийн харилцаа таарамжгүй болсон, улмаар Ц. нь 2024 оны 04 сард автомашин дотроос компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нууцаар хулгайлан авч яван 2024 оны 07 сард миний компанийн нэр дээр бусдаас худалдан авч, өмчлөгчийн нэрийг шилжүүлэн аваагүй байсан автомашин, техникүүдийг өөрийн нэр дээр болон найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Тухайлбал маркийн улсын дугаартай экскаваторыг Ц. нь өөрийнхөө нэр дээр, маркийн улсын дугаартай суудлын автомашин, маркийн улсын дугаартай 55 тоннын даацтай автокраныг өөрийн найз овогтой гийн /РД / утас // нэр дээр тус тус шилжүүлэн авсан. Мөн надад хэлэлгүй гарын үсэг хуурамчаар зурж, бусад хувь хүн байгууллагуудыг хуурч ажлын гэрээнүүд хийж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж өөртөө мөнгийг нь авч, зарим компаниас -илжүүлсэн бараанаасаа илүү мөнгө авч шүүхэд маргаан үүссэн, компанийн тамга, гэрчилгээг ашиглан голомт банканд данс нээн гүйлгээнүүд хийсэн гэх мэтээр намайг болон бусдыг хууран мэхэлсэн үйлдэл хийсэн, одоо компанийн тамга тэмдэг, гэрчилгээг буцаан өгөхийг шаардахаар өгөхгүй намайг болон компанийг хохироосоор байна.

Мөн Ц. нь надтай хамтын амьдрал үүсгэн амьдарч байх хугацаандаа намайг хуурч мэхлэн, итгэл эвдэж өөр хүмүүстэй харилцаж, дотно харилцаа үүсгэж байсан, хэд хэдэн ажилтантайгаа дотно харилцаа үүсгэж байсныг миний бие сүүлд нь мэдсэн.

Ц. нь анхнаасаа тодорхой зорилготойгоор надаас компанийн 50 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авсан байх бөгөөд хувийн амьдрал болон ажил хэргийн хувьд зүй бус үйлдлүүд хийж намайг хуурч мэхэлсэн тул миний бие 2023 оны 04 сарын 07-ны өдөр дугаартай “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, Ц.д бэлэглэсэн өөрийн үүсгэн байгуулсан “” ХХК-ийн 50 хувийн хувьцаа болох нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 50 ширхэг хувьцааг буцаан авах, Ц.гийн надаас нууцаар хулгайлан авч явсан “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймд бэлэглэл болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн “” ХХК-ийн 50 ширхэг хувьцааг Ц.гаас буцаан гаргуулж, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулж Б.******* надад олгож өгнө үү.

 

1.1.             2012-2024 он хүртэл хамт амьдарч байсан. Компани 2014 оноос эхэлсэн ба эхний үед хариуцагч оролцдоггүй байсан ба 2016 оноос бичиг цаасны ажлыг хариуцаж эхэлсэн. Дансны гүйлгээ гарын үсэггүй явж байсан. Миний гарын үсэггүй үйл ажиллагаа явуулж орлогыг өөрийн дансаар авдаг байсан. Хариуцагч нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Үүнийг шаардлагатай бол нотолж болно. 2014 онд цуг очиж компани байгуулсан гэдгээ мэдэж байгаа юм. 2015 оноос мөнгийг өөрийн дансаар авч нууц гэрээ хийдэг байсан тул гэрлэлтээ батлуулахаас татгалзаж байсан. Банкны данснаас гүйлгээ хийх эрхийг хариуцагчид хэзээ өгснөө санахгүй байна. Байгууллагын данснаас би гүйлгээ хийж байгаагүй. Байгууллагын данснаас гүйлгээ хийх эрхтэй өөр хүн байгаагүй. 2024 оны 5 сард гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, мөн байгууллагын болон хамтран эзэмшдэг данснаас өөрийн болон хамаарал бүхий данс уруу 700 гаруй сая төгрөг шилжүүлсэн байсан. Би 2024 оны 5-6 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас баривчилгаанд явж байсан. Өмнө нь цагдаа дээр дуудагдаж байсан бөгөөд 2023, 2024 он гэж бодож байна. Хариуцагч нь 2016 оноос компанийн санхүүгийн болон бичиг цаасны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. 2015 оноос мөнгийг өөрийн дансаар авч өөртөө болон хамаарал бүхий этгээдэд шилжүүлээд байгааг мэдсэн тул гэрлэлтээ батлуулаагүй юм. Компани байгуулах үед ажиллаж байсан банкнаасаа мөнгө завшсан өртэй байсан тул нэрийг нь оруулаагүй. Би зураач чулуу сийлбэрч мэргэжилтэй тул олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр компани байгуулсан. 2015 оноос гүйлгээ хийх эрхийг өгсөн. 2021-2023 онд томхон мэдэгдээгүй гүйлгээ хийгдсэн байсан. Хувьцаагаа өгч гишүүнчлэлээр оруулбал энэ бүх гүйлгээний талаар тайлбарлаж тайлан гаргаж өгнө гэсэн юм. Хувьцаа шилжүүлж өгөх үед миний бичиг цаасны боловсрол мууг далимдуулж гэрээ хийлгэсэн.

 

1.2.             Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2012 онд танилцаад хамтын амьдралтай болсон. Улмаар өөрийн үүсгэн байгуулсан компанийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оноос оролцуулж явсан. Хариуцагч нь санхүүгийн мэргэжилтэй хүн юм. 2023 оноос бэлэглэлийн гэрээгээр 50 хувийг өгч хувьцаа эзэмшигч болгосон. Гэвч харилцаа таарамжгүй болж компанийн эд хөрөнгө, мөнгийг дур мэдэн зарцуулж, өөрийн дансаар мөнгө авсан. Бичиг баримтыг авч зугтааж гомдоосон үйлдэл хийсэн юм. Эд хөрөнгийг зээлээс чөлөөлөхдөө өөрийн нэр дээр шилжүүлсэн. Мөн төлбөрт авах эд хөрөнгийг өөрийн нэр дээр авч бэлэглэгчийг гомдоосон. 2024 оны 7 сар энэ талаар мэдсэн юм. Ингээд нэхэмжлэл гаргасан. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул бэлгийг буцаан шаардаж байгаа юм. Хувийн харилцааны үндсэн дээр цаашдаа хамтарч амьдарна гээд бэлэглэсэн бөгөөд санхүүгийн асуудал гаргасан тул нэхэмжлэл гаргасан. Улмаар компанийн гэрчилгээ, тамгыг гаргуулах шаардлага мөн гаргасан. Эдгээр нь дансны хуулга болон машины лавлагаа зэргээр нотлогдоно.

Ноцтой гомдсон асуудал нь гэр бүлийн харилцаатай, эхнэртэй гээд хувьцаа шилжүүлсэн. Гэтэл мэдэгдэлгүйгээр мөнгө аваад хувьдаа ашигласан, хамааралтай этгээд уруугаа шилжүүлсэн байсан. Эд хөрөнгийг бусад уруу шилжүүлээд компанийг хөрөнгөгүй болгосон. Хувийн харьцаагаар ноцтой гомдоосон нь баримтаар нотлогдож байгаа юм. Хариуцагч нь орлогыг өөрийн дансаар хүлээн авсан талаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн 280.1.1-д зааснаар гэрээг хүчингүй болгоно. Гүйцэтгэх удирдлагаас зөвшөөрөлгүйгээр компанийн үйл ажиллагаанд оролцсон гэв.

 

2.                   Хариуцагч Ц. нь шүүхэд, тэрээр болон шүүх өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэл бүхэлдээ нэр төрд ноцтойгоор халдсан намайг гүтгэж доромжилсон бүгд худлаа зүйлүүд бичигдсэн байна.

 

2.1.             2012 оноос хамтран амьдрагч байсан. Хөдөөгийн хаягтаа тул машин ингэж бүртгэгдсэн. 2014 онд цугтаа явж компанийг байгуулсан. Энэ явцад одоо байгаа бүх өмч үүссэн. Үүнийг нотолж болно. Анх компани байгуулах үед миний нөхөр тул нэг нэр орууллаа гэж ойлгосон. Эхнэр нөхөр тул итгэсэн. 13 жил хамтарчхаад эцэст нь бүх зүйлийг өөрөө авна гэдэгт гомдолтой байна. Машинаас бичиг баримт, тамга хулгайлсан гэсэн зүйл байхгүй. Компанийн бичиг хэргийг би явуулдаг байсан тул угаасаа надад байсан. Харин миний унаж байсан машиныг дотроос нь юм авна гэж хэлээд аваад явчихсан. Нэхэмжлэгч нь техникийн засвар үйлчилгээг хариуцдаг байсан ба бусад бүх гэрээ хэлцэл зэрэг ажлыг би гүйцэтгэдэг байсан. Компанийн данснаас мөнгө авсан гэдэг. Дундын компани тул би мөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж бодож байна. Би дансаараа авсан мөнгийг гэр бүл болон ажилдаа зарцуулсан.

Гарын үсэггүй гүйлгээ хийдэг байсан гэж байна. Гэтэл би анхнаасаа дундын болон компанийн данснаас гүйлгээ хийдэг байсан. Үүнийг мэддэг байсан. Ноцтой гомдоосон гэдгийг ойлгохгүй байна. Харин нэхэмжлэгч нь хүчирхийлэл үйлдэж намайг гомдоож байсан. Эхлээд цагдаад хэлдэггүй байсан боловч олон удаа давтагдаж эхэлсэн тул арга буюу баримтжуулж эхэлсэн. 2024 оны 5 сард над уруу хутга бариад дайрч байсан. Би аргагүйн эрхэнд цагдаад гомдол гаргаж, нэхэмжлэгч баривчлагдсан. Ингэж гарч ирээд урдах гүйлгээг мэдээгүй, гэрээний талаар мэдээгүй гэх мэтээр гүтгэж эхэлсэн. Шууд утгаараа би илүү хохироод байгаа юм. Намайг ажил дээр очих боломжгүй болгосон. Мөн миний утсыг хурааж аваад залгасан хүмүүст ажилтан байсан гэж хэлж байгаа нь нэр хүндэд халдаж байгаа юм. Би нэхэмжлэгчийг хуураад гомдоосон асуудал байхгүй. Надаас олон ах тул их хартай. Гэхдээ би нэхэмжлэгчийн хийсэн ажлыг үгүйсгээгүй. Би бусадтай гэрээ хийгээд материал өгөх тул хариуцагч мэдэхгүй байх боломжгүй.

 

2.2.             Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж байна. Компанийг үүсгэн байгуулсан цагаас эхлээд зохигч хамтарч үүсгэн байгуулсан. Санхүүгийн үйл ажиллагааг хариуцагч гүйцэтгэдэг байсан. Хариуцагч нь дундын эд хөрөнгө гэж тайлбарладаг. Өөр хүнтэй харилцаанд орсон баримтгүй. Харин эсрэгээрээ 13 жил амьдрахдаа хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Улмаар цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Үүнээс болж нэхэмжлэгчийн зан харилцаа өөрчлөгдсөн. Гэрлэлтээ бүртгүүлье гэхэд бүртгүүлдэггүй байсан. Анхнаасаа хамт байгуулсан бөгөөд сүүлд хэлээд бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжсэн байсан. Гомдоох ямар ч зүйл байхгүй. Гэр бүлдээ л бүх зүйлээ зарцуулж байсан. Компанийн орлогыг дандаа хувийн дансаараа авч байсан. Хувьдаа мөнгө завшсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөнгө зориулалтын бусаар мэдэгдэлгүй авсан гэж байна. Гэтэл анхнаасаа зарлагын гүйлгээ хийх эрхтэй байсан байна. Анхнаасаа компанийн үйл ажиллагаанд зориулж байсан гэж байна. Захиран зарцуулах эрхтэй бөгөөд үйл ажиллагаандаа зарцуулсан тул заавал мэдэгдэх шаардлагагүй юм. 2023 оноос гомдоосон гэж байгаа боловч үүнээс өмнө зарлага хийх эрхтэй байна. Гэр бүлийн харилцаатай байснаа зөвшөөрч байна. Бусадтай хувийн харилцаа үүсгэсэн баримт хэрэгт байхгүй. Эд хөрөнгө бусад уруу 2023 оноос өмнө шилжсэн байна. Машиныг өөрсдийн нэр дээр авахаар дугаар нь орон нутгийн дугаартай болох гээд байсан юм. Тамга тэмдэг хулгайлсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаад тийм асуудалгүй байхгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь чулууныхаа ажлыг л хийдэг байсан. Нэхэмжлэгч нь хуурч мэхлээд хувьцаа авсан гэх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ноцтой гомдоосон гэж эргэлзээтэй тайлбар хэлж байна. Хариуцагч нь анхнаасаа компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй байсан талаар нэхэмжлэгч хэлсэн. Иймд ноцтой гомдоосон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Гомдоосныг 2024 онд мэдсэн гэх боловч өмнө нь компанийн хөрөнгийг завшиж байсныг мэдэж байсан гэж байна гэв.

3.                   Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5-6/, дүрмийн хуулбар /хх7-10/, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар /хх11/, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний хуулбар /хх12-13/, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх14-15/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх16-17/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар 2 ширхэг /хх18, 19/, иргэний газар эзэмших гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хх223,224,225/

3б. Хариуцагчаас: Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх219/, 41 ширхэг гэрэл зураг /хх226-247/

3.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хас банкны лавлагаа /хх74/, Капитрон банкны лавлагаа /хх76/, Тээвэр хөгжлийн банкны лавлагаа /хх78/, М банкны лавлагаа /хх80/, Чингис хаан банкны лавлагаа /хх82/, Богд банкны лавлагаа /хх84/, Голомт банкны лавлагаа, “” ХХК-ийн дансны хуулга /хх86-89/, Хаан банкны лавлагаа, “” ХХК болон Ц.гийн дансны хуулга /хх91-139/, Төрийн банкны лавлагаа, “” ХХК-ийн дансны хуулга /хх142-143/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны лавлагаа /хх144/, Худалдаа хөгжлийн банкны лавлагаа /хх149/, Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа /хх152-182/, Ариг банкны лавлагаа /хх184/, Голомт банкны лавлагаа /хх200-204./, Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа /хх206-209/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.******* нь хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, “” ХХК-ийн 50 хувийн 50 ширхэг хувьцаа болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Ц. нь хуулийн этгээдийг анхнаасаа хамдаа байгуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу хамтран өмчлөх эд хөрөнгө тул хамтран ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Зохигчийн маргаж буй “” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагчаар нэхэмжлэгч Б.******* бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компанийн дүрмийн хуулбараар тогтоогдсон. /хх5-6, 7-10/

Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарснаар 07-ны өдөр хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг зохигч байгуулжээ. /хх11, 12-13, 14-15/

Дээрх гэрээний дагуу компанийн хувьцаа эзэмшигчээр зохигч бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хх16/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

5.                   Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр “” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, 50 хувийн 50 ширхэг хувьцаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан. Тодруулбал, хариуцагчийг компанийн болон хамтран эзэмшдэг дундын данснаас зөвшөөрөлгүйгээр өөртөө болон хамаарал бүхий этгээдийн дансанд мэдэгдэлгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн. Компанийн эд хөрөнгө болох техник хэрэгслийг өөрийн болон бусдын өмчлөлд шилүүлсэн гэж тайлбарлаж байна.

5.1.             Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндсэн 2 нөхцөл байдаг. Мөн зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоох гэдэгт тодорхой нөхцөл байдал ач холбогдолтой. Энд бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд халдсан үйлдэл гаргах, энэхүү үйлдлийг нийтэд, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэх, тухайн үйлдлийг бэлэглэгч хувь хүний хувьд хүлээн авах боломжтой эсэх нь хамааралтай юм.

 

6.                   Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нь 2015, 2016 оноос маргаж буй компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан гэх агуулгатай тайлбарыг хариуцагч зөвшөөрч компанийн дансанд зарлагын гүйлгээ хийдэг байсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, бичгээр баримт үйлдсэн. /2-р хх3/

Үүнээс үзэхэд компанийн болон зохигчийн хамтран эзэмшдэг компанийн үйл ажиллагааны орлогыг хүлээн авдаг байсан данснаас хариуцагч нь зарлагын гүйлгээ хийсэн гэх үйл баримт нь бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнөх үйл явдал байна.

Иймд бэлэглэлийн гэрээ байгуулагдахаас өмнө болсон гэх үйл явдал нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн компанийн орлогыг хувийн эрх ашгийн төлөө зарцуулсан гэх тайлбар нь маргаж буй бэлэглэлийн гэрээний оролцогч болох бэлэглэгч буюу нэхэмжлэгчийг хувь хүний хувьд гомдоосон үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, компанийн эд хөрөнгийг хувийн зорилгод ашигласан бол үүнээс учирсан хохирлыг шаардах эрх компанид хадгалагдах бөгөөд харин хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгчийг гомдоосон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй юм. Тодруулбал, компани болон хувьцаа эзэмшигч нь хууль зүйн хувьд тусдаа этгээд байдаг.

6.1.             Нэхэмжлэгч нь зохигч хамтран эзэмшдэг данснаас хариуцагчийг өөрийн болон хамаарал бүхий этгээдэд хувийн зорилгоор онц их хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотолж чадаагүй. Мөн хамтран эзэмшдэг данс нь ямар данс болох уг данснаас хэзээ ямар гүйлгээ хийгдсэнийг тайлбарлаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас судлуулсан Хаан банк дахь “” ХХК-ийн дансны хуулганаас үзэхэд энэхүү тайлбар нотлогдохгүй байна. Цаашлаад тус банк дахь хариуцагчийн дансны хуулгаар нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримт тогтоогдоогүй. /хх91-139/

6.2.             Нэхэмжлэгч нь 2023 онд хариуцагчийг өмнө нь завшсан мөнгөн хөрөнгөний талаар тайлбарлана гэсэн тул бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан 1 жилийн хугацааг хэтрүүлжээ.

6.3.             Зохигчийн маргаж буй бэлэглэлийн гэрээний 3.1-д зааснаас үзэхэд “эхнэртэй” гэсэн агуулгатай байх бөгөөд хэн аль нь 2012, 2013 оноос хамтын амьдралтай байсан гэх үйл баримтын талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг мөнгөн хөрөнгө завшаад байсан тул гэрлэлт бүртгүүлээгүй гэж тайлбарласан. Гэвч хамтын амьдрал тасалдах, дуусгавар болох нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэл болохгүй.

6.4.             Харин бэлэглэлийн гэрээний талууд нэг гэр бүлийн гишүүд бөгөөд бэлэг хүлээн авагч нь бусадтай дотно харилцаанд орсон, улмаар үүнийг нийтэд ил болгосон бол энэхүү үйлдэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэлд хамаардаг. Гэвч хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, цаашлаад үүнийг нийтэд ил болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

7.                   Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1-д зааснаас үзэхэд энэхүү гэрээг дээрх бэлэглэлийн гэрээний дагуу байгуулжээ. Улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй тул компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр компанийн 50 хувийн буюу 50 ширхэг хувьцааг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

8.                   “” ХХК-ийн 2014 оны үүсгэн байгуулах үеийн дүрмийн 5.2-т зааснаар нийт 1,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаатай байна. /хх7-10/

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд компанийн хөрөнгийн буюу хувьцааны хэмжээнд өөрчлөлт ороогүй. /хх16-17/

Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 2.1-д зааснаар нийт 1,000,000 төгрөгийн хөрөнгөтэй компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааны тал хувь буюу 50 ширхэг хувьцааг бэлэглэсэн. Улмаар энэхүү гэрээ хэрэгжиж хувьцаа эзэмшигч нь тус бүр адил хэмжээний хувьцаатай 2 болж өөрчлөгдөн бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байна.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилох бөгөөд 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр бусдын өмнө төлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхтэй.

Цаашлаад компанийн дүрмийн 7-д гүйцэтгэх удирдлагын талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийг гүйцэтгэх удирдлагаар томилсон талаар уг дүрэмд заагдаагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдэг түүнд байгаа талаар маргаагүй боловч нэг хувьцаа эзэмшигч нь тэнцүү эрх бүхий нөгөө хувьцаа эзэмшигчээсээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийг шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт “” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилсон шийдвэр авагдаагүй тул уг асуудал нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх юм.

 

9.                   Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлөгдсөн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.д холбогдох хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, “” ХХК-ийн 50 хувийн 50 ширхэг хувьцаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 101,100 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД