Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

   2024        07           02                                         2024/ДШМ/37

 

 

*******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, *******,

Шүүгдэгчийн *******гийн өмгөөлөгч Б.Жавхлан,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2339004340120 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .............*******гийн гэр болох байшинд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................ өөрийн гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******тай маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд "толгойн зүүн хэсгийн язарсан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

      Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

      Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

      - шүүгдэгч ******* овогт *******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

 - Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар хөх өнгийн бариултай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 10,7 см урттай хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

- Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........өөрийн гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******тай маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд толгойн зүүн хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогддог.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан "аргагүй хамгаалалт" тогтоогдохгүй байна. Учир нь довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцдоггүй бөгөөд шүүгдэгч ******* нь *******ын довтолгоо төгссөн хойно толгой хэсэг рүү өшиглөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон. Нөгөөтэйгөөр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн "амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн" нөхцөл байдал тогтоогдохгүй ба шүүгдэгч ******* нь гарцаагүй байдалд ороогүй, яллагдагч нар харилцан зодолдож биедээ гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын зүгээс гэрт өшиглөж, гарч ирээд хайчаар дүрсэн үйл баримт болсон гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээс харахад тэд маргалдаад гадаа гарсан, ******* гутлын түрүүнээсээ хайч гаргаад дайрахад нь ******* жийж өшиглөсөн, жийж өшиглөхөд нь хоёулаа хамт газар унасан, газарт унахад нь ******* *******гийн бугалга хэсэгт 2 удаа хайчаар дүрсэн үйл явдал болсон. Үүнийг прокурор аргагүй хамгаалалт биш, довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдэл гэж тайлбарлаж байна. *******ыг гутлынхаа түрүүнээс хайч гаргаад дайрахад нь ******* өшиглөсөн, өшиглөхөд нь хоёулаа зэрэг газарт унасан, унахдаа ******* төмөр мөргөж толгойгоо ярж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан байна. Үүнээс харахад довтолгоо төгсөөгүй байна. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд толгойн зүүн хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******н *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******ын*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, ******* өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж *******ыг хөлөөрөө тийрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, тэрээр хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу  аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах явцдаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүгдэгч *******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд толгойн зүүн хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах зорилгоор хийгдсэн аргагүй хамгаалалт мөн эсэхийг зөвхөн шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс гадна хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

 

- *******гийн хохирогчоор өгсөн: “...Би*******ыг “чи айлд муудалцахгүй гэж ороо биз дээ, манайхаас гар” гээд дагуулаад гэрээсээ гараад явж байтал******* гутлынхаа түрийнээс хайч гаргах гэхээр нь би гүйж очоод*******ыг хөлөөрөө жийж тийрсэн. Тэгтэл Эрдэнэбат манай хашааны зүүн хэсэгт байрлах угаалтуурын дор тавьсан цементэн хэсгийг толгойгоороо мөргөж газар унасан. Би бас газар унасан. ...Энхбат бид хоёр аль аль нь газар суугаа байдалтай байж байтал******* эргэж над руу харахдаа нүүр хэсэг нь цус болчихсон, хайчаараа даллаж миний зүүн талын хавирга хэсэг рүү хайчаараа нэг удаа хатгасан. Намайг эргэх гэтэл дахин над руу хайчаараа далайж зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хатгасан. Би хатгуулсныхаа дараа*******ын дух хэсэгт 1 удаа цохисон” гэх (хавтаст хэргийн 34-37 хуудас),

 

- *******ын хохирогчоор өгсөн: “...Ингээд бид хоёр гэрт нь хоёулхнаа үлдсэн бөгөөд адуу мал ярьж байгаад хоорондоо маргалдаж муудсан бөгөөд хоорондоо заамдалцаж автал ******* ах намайг гараараа цохиж авсан бөгөөд ингээд бид хоёр гэрээс нь гадагшаа гартал ******* ах араас цээж нүцгэн араас гарч ирсэн. Ингээд бид хоёр зууралдаж аваад хоёр биеэ түлхэж унагаагаад газар дээр дороо ороод ноцолдсон бөгөөд миний гутлын түрийнд байсан морины дэл засдаг үйлийн хайч гутлын түрийнээс газар унахаар нь би хайч авч ******* рүү далайтал ******* ах бид хоёр хайч хоорондоо булаацалдсан бөгөөд булаацалдаж байх хооронд ******* ахын бие рүү хайч хүрч хатгасан байсан. Мөн ******* ах миний дух руу хөлөөрөө жийж өшиглөсөн” гэх (хавтаст хэргийн 41-43 хуудас),

 

- *******гийн яллагдагчаар өгсөн: “…Энхбат гэх хүн надтай маргалдаж муудалцаж байгаад хайч гаргаад ирсэн, тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд л******* гэх хүний цээж орчим луу нь л гэж бодоод байна, яг тодорхой сайн санахгүй байна, хөлөөрөө нэг удаа тийрсэн л асуудал гаргасан” гэх (хавтаст хэргийн 87-89 хуудас),

 

- *******ын яллагдагчаар өгсөн: “…******* гэх залуутай маргалдаж муудалцаж *******гийн нүүр хэсэг нь гараараа цохиж, хайчаар зүүн бугалга, зуун суганы хэсэгт нь 2 удаа хайчаар хатгаж, биед нь гэмтэл шарх учруулсан, би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна” (хавтаст хэргийн 93-94 хуудас) гэх *******, ******* нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар  хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан ба өөрөөр хэлбэл өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч хоорондын таарамжгүй харьцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ биед халдаж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр шүүхэд  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй  болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                               Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                                    Г.БОЛОРМАА