Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2026/0001

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “**” ХХК   /РД:**/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” /ЭҮТӨГ/20250102214/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,

Гуравдагч этгээд: “**” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

 Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр болон зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

-“**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энэрэл нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь:

1.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11117 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

-“**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.3. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/10123 дугаар бүхий албан бичгээр “**” ХХК-д хариуг хүргүүлсэнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. Тендерийн баримт бичгийн 12.1-т заасны дагуу тендерийн баримт бичигт заасан шаардлагад багтаагүй гадаад паспортыг тендерийг үнэлэхэд ашиглахгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг болон “** ХХК-ийн тендер нь шаардлага хангахгүй гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2.2. Тендерийн үнэлгээний хорооноос “**” ХХК-ийг хамгийн сайн оролцогчоор үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргасан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан нь тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасныг тус тус зөрчсөн.

2.3. 2025.10.29-ний өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн дүгнэлтийг гаргасан байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ТШЗ 12.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу гүйцэтгэх захирлын паспортыг орчуулаагүй гэх хууль болон тендерийн баримт бичигт заагаагүй үндэслэлээр, илтэд хууль бус дүгнэлт гаргасан.

2.4. 2025.10.30-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж, 2025.10.29-ний өдрийн үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу манай компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэж, манай компаниас өндөр үнийн санал ирүүлсэн, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй оролцогч “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр “Үнэлгээний хорооны 2025 оны 10 сарын 27-ны өдрийн хурлаар “**” ХХК-ийн 1,708,245,000 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн зөвлөмжийг хүчингүй болгоогүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ. 2025 оны 10 сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж хүчингүй болоогүй байхад “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй.

2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер хүргүүлсэн манай компанитай гэрээ байгуулах үүрэгтэй тул “**” ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль бус бөгөөд манай компанийн бараа нийлүүлэх, ашиг орлого олох эрхийг зөрчиж байна”  гэж тус тус маргав.

3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдан авах тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендер шалгаруулалтын үр дүнд гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123 дугаартай шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “** ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болгуулж, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нэг. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, Сангийн яам үндэслэлгүйгээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн талаар:

Манай компанийн 2025 оны 11 сарын 07-ны өдрийн 25/680 тоот албан бичгээр Сангийн яаманд “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, тус тендерийн үнэлгээний хорооны үнэлгээний хорооны зөвлөмж, түүнтэй холбогдон гарсан бүх шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “** ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, манай компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай "Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос"-ны нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэх гомдлыг гаргасан.

Уг гомдолд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тендерийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэний хуулбар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг хавсаргаж, гомдлыг журамд заасан шаардлагыг бүрэн хангуулан хүргүүлж боловч тус яамны төрийн нарийн бичгийн дарга **-ын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 02/10123 албан бичгээр “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.1.3-т “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах” гэж заасан байна, танай ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна гэж хариу ирүүлсэн.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга **ын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 02/10123 албан бичиг нь дараах үндэслэлээр хууль бус бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж, эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Манай компанийн 2025 оны 11 сарын 07-ны өдрийн 25/680 тоот албан бичгээр Сангийн яаманд гаргасан гомдолд “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг хавсаргасан талаар дурьдаж, уг албан бичгийн хавсралт-1-т оруулж, хавсаргаж хүлээлгэж өгсөн. Уг албан бичгийг Сангийн яамны бичиг хэргийн ажилтан “2025.11.07-ны өдөр бүрэн шалгаж хүлээж авсан боловч Төрийн нарийн бичгийн дарга ** нь хавсаргаж ирүүлээгүй байна гэж гомдлыг буцаасан нь тус яамны ажилтны ажлын хариуцлагагүй асуудлаас болж, хохироож байгаа үйлдэл болно.

2. Манай компанийн гомдол гаргах хугацаа гомдол өгснөөс хойш 3 хоногийн дараа 2025 оны 11 сарын 10-ны өдөр дуусахад энэ талаар манай компаниас асууж тодруулаагүй атлаа гомдол гаргах хугацаа дууссаны дараа хүлээлгэж өгсөн бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй гэх асуудлыг гаргаж ирж байгаа нь шударга ёсны болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй.

3. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан албан хэрэг  хөтлөлтийн   нийтлэг журамд 4.4-д “Байгууллагад ирсэн цаасан баримт бичгийг дараах үе шат, дарааллаар хянаж шийдвэрлэнэ”,  4.4.1-д “бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авах”, 4.4.2-д “зөв хаягласан болон бүрдэл бүрэн эсэхийг шалгаж, цахим хэлбэрт шилжүүлэн мэдээллийн системд бүртгэх”,  4.5-д “Мэдээллийн системээр ирсэн цахим баримт бичгийг доор дурдсан үндэслэлээр ирсэн даруйд нь буцааж, системд тэмдэглэн, илгээсэн байгууллагад мэдэгдэнэ”, 4.5.1-д “баримт бичигт хүлээн авах байгууллагын болон албан тушаалтны нэрийг буруу бичсэн, байгууллага андуурч илгээсэн, хавсралт дутуу, эсхүл хавсаргаагүй тохиолдолд” гэж тус тус заасны дагуу бичиг хэргийн ажилтан буюу Сангийн яамны ажилтан нь гомдол, түүнд хавсаргасан баримтуудыг бүрэн байгаа гэж үзэж, хүлээн авсны дараа дутуу байна гэж хариуцлагагүй хандаж байна. Хэрэв захиалагчийн шийдвэрийг алга болгосон, олдохгүй байгаа бол нэн даруй мэдэгдэж авах боломжтой байхад гомдол гаргах хугацааг дуусгасны дараа мэдэгдэж, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэж байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна”,  59.4-т “Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогчийн гаргасан гомдпыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байна”, 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж тус тус заасан ба хуульд зөвхөн “гомдол үндэслэл бүхий байх буюу үндэслэлийг тайлбарлаж, нотлох баримтыг хавсаргах”, “тендерийн баталгаа хүчинтэй байх” шаардлагыг хангаагүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаахаар зохицуулсан байна.

5. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.1-т “Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна”. Үүнд: “4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу      өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасантай нийцэхгүй. Тодруулбал, хуулийн 59.3, 59.4-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзахаар заагаагүй болно.

6. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.1.3-т “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах”, 4.6-д “Сангийн яам энэ журмын 4.1 -т заасныг зөрчсөн гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана”, Захиргааны ерөнхий хуулийн 60.1-т “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”,  60.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх”,  60.1.6-т “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”,  60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэж тус тус заасныг зөрчсөн, гомдол гаргагч тендерт оролцогчийн эрхийг хуульд зааснаас дордуулж, хязгаарласан, хориглосон зохицуулалт тогтоосон тул шүүх болон Сангийн яам хэрэглэх ёсгүй.

7. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “** ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан талаар tender.gov.mn-ээр нийтэлсэн боловч бичгээр гаргасан шийдвэрийг цахим хэлбэрээр оруулаагүй тул уг шийдвэрийг гаргаж өгөх боломжгүй байхад захиалагчийн ямар шийдвэр гаргаж өгөх байсан талаар ч дурдаагүй байна.

Иймээс Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга **ын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 02/10123 тоот албан бичгээр манай компанийн гомдлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”,  14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сангийн яамны шударга бус, ажлын хариуцлагагүй байдлын улмаас захиалагчийн шийдвэр байхгүй гэж үндэслэлгүйгээр гомдлыг шийдвэрлээгүйг эс зөвшөөрч, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М- ДБ-112-12/11123 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг болон Үнэлгээний хорооны зөвлөмжийн холбогдох хэсэг /“**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 12.1-т заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн/ нь хууль зөрчсөн талаар;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112- 12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт манай компанийн хүргүүлсэн тендерийн саналд тусгагдсан “** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /2024/09/20/-нд **ийн гадаад пасспортын хуулбарыг ирүүлсэн байх боловч баталгаат орчуулгагүй тул шаардлагад нийцэхгүй буюу тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 12.1-т заасан шаардлагыг хангахгүй” хэмээн үзсэн байна.

Тендерийн баримт бичигт тендерт оролцогч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын ирүүлэх шаардлага тавигдаагүй бөгөөд манай компанийн цахимаар хүргүүлсэн тендерийн саналд улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, түүний хавсралт болох апостиль гэрчилгээ, Гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбарыг хавсаргасан байдаг.

ТШЗ-ийн 16.2-т Ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм, Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж заасан байх ба уг шаардлагын дагуу манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүргүүлсэн байдаг. Уг улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийн хэсэгт “2024.11.20-ны өдөр ** овогтой **-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэсэн тэмдэглэлтэй, уг бүртгэл нь хүчин төгөлдөр болно.

Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13 дугаар зүйлийн 13.2-т Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: 13.2.2-т оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/; 16.3-т Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ: 16.3.1-т хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг; 16.3.2-т гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг гэж тус тус зааснаас үзвэл зөвхөн гадаадын хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн паспорт, түүнийг орлох баримт бичгийг шаардахаар зохицуулсан байна.

Харин Монгол Улсын хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаад паспортыг ирүүлэх, түүнийг Монгол хэлээр орчуулах шаардлагыг тендерийн баримт бичиг болон хуульд заагаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд тендерийн баримт бичигт ирүүлэхийг заагаагүй “Гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбар”-ыг хавсаргасан нь тендерээс татгалзах үндэслэлд огт хамаарахгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112- 12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж дурьдсан боловч мөн хуулийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”,  26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3-т захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”,  26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус заасан бөгөөд уг заалтын аль шаардпагыг хангаагүй гэж үзэж, татгалзаж байгаагаа тайлбарлаж, тодорхой тусгаагүй.

2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 25/207 тоот албан бичгээр хүргүүлсэн гарын үсгийн баталгаанд Гүйцэтгэх захирал **-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлж, тендерт оруулсныг анхаараагүй байна.

Гадаад паспортыг аль ч улсад тухайн улсын хэлээр орчуулахыг шаарддаггүй бөгөөд дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрч, тухайн улсын иргэн болохыг нотлох баримт гэж тооцдог атлаа түүнийг заавал орчуулах ёстой байсан гэж үзэж байгаа нь тендерт оролцогчид тавигдах ерөнхий шаардлага болон туршлага, чадавхийн үнэлгээнд огт нөлөөлөхгүй юм.

Иймээс тендерийн баримт бичгийн 12.1-т заасны дагуу тендерийн баримт бичигт заасан шаардлагад багтаагүй гадаад паспортыг тендерийг үнэлэхэд ашиглахгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ- 112-12/11123 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг болон “** ХХК-ийн тендер нь шаардлага хангахгүй гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн холбогдох хэсэг /“**” ХХК-ийн тендер нь шаардлага хангасан гэж дүгнэсэн/ нь хууль зөрчсөн талаар:

“**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, манай компанийн үнээс өндөр үнэтэй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь дараах баримтуудаар үндэслэлгүй гэж үзэж байна.

2.1. “**” ХХК-ийн санал болгож буй ** тос нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотлох баримт хангалтгүй тухай:

Тендерийн баримт бичгийн I дүгээр бүлэг Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.51-т, II дугаар бүлэг Техникийн тодорхойлолт, тавигдах 20 төрлийн үзүүлэлт бүхий шаардлагыг хангасан байх”-ыг захиалагчаас шаардсан байдаг.

“**” ХХК-аас тендер шалгаруулалтад ирүүлсэн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягтад “санал болгож буй тосны 5 үзүүлэлтийг харуулсан мэдээллийг тусгасан бол united Hydro 600 /SHPD/ гэх танилцуулгад 9 үзүүлэлт бүхий техникийн үзүүлэлтийг тусгасан байх ба тендерийн баримт бичигт заасан 20 үзүүлэлтийг бүрэн хангаж байгааг нотлох баримтыг ирүүлээгүй гэж үзэхээр байна. (Хавсралт: Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягт болон Hydro 600 /SHPD/ гэх 9 үзүүлэлт бүхий )

Учир нь Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг-техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага хэсгийн “санал болгож буй техникийн тодорхойлолт хэсэгт оруулсан үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж заасныг хангаагүй.

Тодруулбал, “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтоос үзэхэд захиалагчийн шаардсан 20 техникийн үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа гэж мэдээлэл оруулсан буюу өөрсдийн зүгээс тус үзүүлэлтүүдийг хангаж байгаа гэж тодорхойлоод байгаа боловч түүнийг нотлох баримт болох үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудаст байгаа мэдээлэл, холбоосыг зааж өгөөгүй, үйлдвэрлэгчийн албан ёсны нийтэд мэдээлсэн стандарт шаардлагаас зөрүүтэй байгаад ямар нэгэн тайлбар ирүүлээгүй байхад үүнийг хариуцагч буюу Захиалагч болон Үнэлгээний хороо нь бүрэн шалгаж нягтлаагүй байна.

Тухайлбал, **-оос “**” ХХК-д олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд нийт 5 төрлийн шаардлагыг зөвшөөрсний 2 шаардлагыг үйлдвэрлэгчийн сайтын мэдээллээс зөрүүтэйгээр тендерт илгээсэн байна. Бусад шаардлагыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд үйлдвэрлэгчийн дэлгэрэнгүй тайлбарыг мөн хавсаргаж болдог.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн III дугаар бүлэг, Техникийн тодорхойлолтод тавигдах 20 шаардлагын 17 дугаар жагсаалтад:

-Нийлүүлэх тосны царцах температур -33’С-аас ихгүй байхаар заасан ба тендерт оролцогч “**” ХХК-ийн боловсруулсан бүтээгдэхүүний брошур болон техникийн тодорхойлолтод царцах температурыг -33’С гэж өөрсдөө тодорхойлж баталгаажуулсан байсан. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудаст нийтэд ил тод байршуулсан бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтыг шалгахад “**” ХХК-аас санал болгож буй бүтээгдэхүүний царцах температурыг -27’С байгаа нь захиалагчаас тодорхойлсон техникийн үзүүлэлтэд хүрэхгүй байна. (Хавсралт: ** компанийн албан ёсны цахим хуудасны танилцуулга)

-Тус компанийн санал болгож буй техникийн үзүүлэлтийг Орос Англи хувилбараар давхар шалгахад Орос хэл дээрх глобал вебсайтад дурьдсан царцах температурын зөрүүнээс гадна 40°С-т Кинематик зууралдлагын хэмжээ мөн зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл Захиалагчаас тавьсан 20 шаардлагын 5-6 дугаарт нийлүүлэх тосны 40°С-т Кинематик зууралдлагын хэмжээ 115-121 хооронд байх шаардлага тавьсан бөгөөд тендерт оролцогч “**” ХХК-ийн боловсруулсан бүтээгдэхүүний брошур болон техникийн тодорхойлолтод 40°С-т Кинематик зууралдлагын хэмжээг 115.3 мм2/с гэж илгээсэн байна. Гэсэн хэдий ч тус компанийн санал болгож буй бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэрлэгчийн сайтад байршуулсан бүтээгдэхүүний брошур дээр 40 °С-т Кинематик зууралдлагын хэмжээ 113.8 мм2/с байгаа нь техникийн доод шаардлага үзүүлэлтэд ч хүрэхгүй байна. (Хавсралт: Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт зөрүүтэй байгаа танилцуулгыг баталгаат орчуулгын хамт тодруулан хавсаргав.)

Эдгээр зөрүүтэй үзүүлэлтүүд нь ТШЗ 17.5.2-т “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./” гэж заасны дагуу “**” ХХК тус царцах температурын зөрүүтэй утга болон 40°С-т Кинематик зууралдлагын хэмжээнд хамаарах үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичгийг илгээгээгүй бөгөөд тендерт илгээсэн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний брошур гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн эсхүл нийтэлсэн хувилбараас засварлан захиалагчийн сонгон шалгаруулалтад оролцсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн Камминс Quickserve online сайтад уг брендийн UNITED HYDRO 600 хөдөлгүүрийн тосыг Бусад сонголтууд /Аlternatives/ гэж бүртгэсэн хэдий ч “**” ХХК техникийн үзүүлэлтийн дэлгэрэнгүйг тусгаагүй, UNITED HYDRO 600 хөдөлгүүрийн аль тосыг захиалагчид нийлүүлэхээр баталгаажуулж байгаа, тосыг үйлдвэрлэгчээс тус бүлгийн аль тосыг **д нийлүүлэхээр баталгаа гаргаж байгаа зэрэг нь албан ёсоор баталгаажаагүй байна. Өөрөөр хэлбэл ** компани нь зөвхөн баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн/Endorsed гэсэн ангилалд орсон тосны тохиролд баталгаа гаргадаг бөгөөд ийнхүү баталгаажуулсан Камминс хөдөлгүүрт хөдөлгүүрийн тосыг хэрэглэхийг зөвлөдөг. Улмаар хөдөлгүүрийн баталгаат хугацаанд буруу тос сонгосноос үүдсэн эвдрэл гэмтлийг хариуцахгүй үйлдвэрийн 1 жилийн баталгааг цуцалдаг.

Гэтэл ийнхүү нарийн ангилал, тохируулга тодорхойгүй, албан ёсны хүлээн зөвшөөрсөн ангилалд ороогүй тосыг Захиалагчид нийлүүлснээр түүнээс үүдэн гарах хохирлыг Камминс хөдөлгүүр үйлдвэрлэгч хариуцахгүй байх сөрөг үр дагавартай.

“**” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн Англи хэл дээрх танилцуулга (брошур) техникийн шаардлагын СЕS20076,77 зэргийг хангана гэсэн байгаа боловч Монгол хэл рүү орчуулсан танилцуулга (брошур) дээр тус стандартуудыг англи хэл дээрх хувилбараас бүрэн орчуулж оруулаагүй, стандартын тохируулгыг орхигдуулсан. Санал болгож буй тосыг нь Камминс Quickserve цахим сайтын бүртгэлийн мэдээллээр хайж үзэхэд СЕS20076,77 стандартыг хангасан талаар бүртгэл огт байхгүй байна. (Хавсралт: Стандартыг хангаагүй талаар албан ёсны үйлдвэрлэгчийн танилцуулгыг баталгаат орчуулгын хамт, холбогдох хэсгийг тодруулан хавсаргав).

Мөн Захиалагчаас зарласан Техникийн тодорхойлолтод “Техникийн үзүүлэлтийг Монгол улс дахь албан ёсны лабораториор баталгаажуулна” гэж заасан бөгөөд түүний дагуу “**” ХХК нь бүтээгдэхүүний дээжийг ** лабораториар шинжлүүлсэн байна. ** ХХК-ийн 2025.04.07-ний өдрийн “**” ХХК-д гаргаж өгсөн дүгнэлтэд Захиалагчаас зарласан 20 төрлийн техникийн үзүүлэлтийг бүрэн тусгаагүй тул “**” ХХК-ийн санал болгож буй бүтээгдэхүүн нь техникийн үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа талаар нотлохгүй, ** ХХК-ийн дүгнэлт нь харагдах боломжгүй, бүдэг, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. (Хавсралт: “**” ХХК-ийн Тендер шалгаруулалтад хүргүүлсэн шинжилгээний дүгнэлт, 20 тохируулгын үзүүлэлт)

Үүнээс харвал “**” ХХК-ийн санал болгож буй бүтээгдэхүүн нь:

1.Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтэд заасан 20 төрлийн үзүүлэлт бүхий шаардлагыг бүрэн хангаагүй буюу 40°С-т Кинематик зууралдлагын хэмжээ болон бүтээгдэхүүний царцах температурын шаардлагыг хангаагүй;

2.Тус компанийн өөрсдөө хангаж буй хэмээн тодорхойлоод буй 20 үзүүлэлт нь Камминс хөдөлгүүр үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн мэдээллээс зөрүүтэй;

3. “**” ХХК нь тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн Англи хэл болон түүний Монгол хэл рүү орчуулсан баталгаа нь орчуулгын хувьд зөрүүтэй буй холбогдох стандартыг орхигдуулан орчуулж, түүнийг баталсан;

4. Санал болгож буй бүтээгдэхүүнийг ** ХХК-аар шинжлүүлсэн гэх боловч Захиалагчийн шаардсан тохируулгыг бүрэн хангасан талаар мэдээлэл тусгагдаагүй, ** ХХК нь тус төрлийн шинжилгээг хийх бүрэн эрхтэй талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй;

5. “**” ХХК нь 9 үзүүлэлт бүхий танилцуулгыг л ирүүлсэн бөгөөд түүнийг ямар нэгэн албан ёсны стандарт шаардлага хангаж буй талаар холбогдох танилцуулгын хамт ирүүлээгүй зөрчил тус тус байна гэж үзэж байна.

Иймээс Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг-техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага хэсгийн “санал болгож буй техникийн тодорхойлолт хэсэгт оуулсан үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж заасныг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

2.2. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг бүрэн хангаагүй буюу 2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байх, ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна гэсэн шаардлагыг “**” ХХК нь хангаагүй талаар:

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлгийн ТШЗ 18.1.2-т 2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. 18.1.2.2.2-т “нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна. 18.1.2.2.3-т “Ижил төстэй гэдэгт Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлж байсныг ойлгоно” хэмээх шаардлагыг тавьсан”.

“**” ХХК нь тендер шалгаруулалтад:

1. “**” ХХК-тай 2022 оны 09 сарын 25-ны өдрийн №22/08 дугаартай “Тос, тосолгооны материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ. 2023.12.25-ний өдрийн Гэрээ дүгнэсэн акт,

2. “**” ХХК-тай 2023 оны 01 сарын 25-ны өдрийн №23/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба 2023.12.25-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт,

2. “**” ХХК-тай 2024 оны 02 сарын 25-ны өдрийн №24/02 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба 2024.12.25 Гэрээ дүгнэсэн акт байгуулсан талаар мэдээллийг ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагаа нотлохоор ирүүлжээ.

Үүнээс 2022 онд “**” ХХК-тай байгуулсан №22/08 дугаартай “Тос, тосолгооны материал худалдах, худалдан авах гэрээ” нь 2022 онд байгуулагдсан гэх боловч 2022 онд худалдан борлуулалт огт хийгдээгүй, зөвхөн 2023 оны худалдан авалтууд байх ба үүнийг нь тус гэрээний хавсралт Худалдан авалтын хуулгаас харж болохоор байна. Түүнчлэн тус гэрээгээр 8 төрөл бүтээгдэхүүн нийлүүлнэ гэснээс эхний 3 төрөл бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн тос мөн ба тус гэрээний хавсралтын дугаар 4-8-д жагсаасан бараа нь хөдөлгүүрийн тос биш, өөр зориулалт бүхий бүтээгдэхүүн тул тендерийн шаардлагад заасан Хүнд даацын автомашины тоног хөдөлгүүрийн тос нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна.

Дэлгэрүүлбэл, Гэрээнд заасан ISO150, ISO 220 нь араан дамжуулгын бүтээгдэхүүн, Synth Compressor ISO46 компрессорын бүтээгдэхүүн, Нуdro vestа Н32, Н46 нь гидр системийн бүтээгдэхүүн бөгөөд тус бүр хөдөлгүүрийн тос биш юм. (Хавсралт: Тус өөр төрлийн бүтээгдэхүүний талаар Үйлдвэрлэгчийн албан ёсны танилцуулгыг хавсаргав).

Эндээс үзвэл “**” ХХК-ийн “**” ХХК-тай 2022 оны 09 сарын 25-ны өдрийн №22/08 дугаартай “Тос, тосолгооны материал худалдах, худалдан авах гэрээ”-ээр нийлүүлсэн хөдөлгүүрийн тосны хэмжээ ердөө 288,114,000 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд төсөвт өртгийн 80 хувьд хүрэхгүй байна.

Мөн “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 сарын 25-ны өдрийн №23/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдах, худалдан авах гэрээ” болон “**” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 сарын 25- ны өдрийн №24/02 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.1-т бүх төрлийн тос, тосолгооны материалыг “бараа” гэж тодорхойлсон байх ба уг бүх төрлийн гэх барааны аль нь хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос болохыг, борлуулалтын дүнг тогтоох баримтыг ирүүлээгүй, энэ талаар дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг заагаагүй байхад хэрхэн тендерийн баримт бичигт заасан “хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тосны хэмжээ, борлуулалтын үнийн дүнг тодорхойлж, шаардлага хангасан гэж үзсэн нь тодорхой бус байна.

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4.1.1. “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу “**” ХХК-ийн татварын системээс хэвлэсэн баримтыг үндэслэн хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тосыг борлуулсан нэр, төрөл, хэмжээ, үнийн дүн, хугацааг тодорхой болгох байсан боловч хариуцагч нь уг нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

2.3. “**” ХХК нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг; оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй талаар:

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II дугаар бүлгийн 20.1-т Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд 1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн хуулбар эсхүл албан бичиг; 2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг;  гэжээ.

Оролцогч “**” ХХК нь ** компаниас бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. ** нь ** компанитай хамтын ажиллагаатай талаар баримтуудыг ирүүлжээ. Эдгээрийг авч үзвэл:

1. ** COMPANY PTE LTD нь үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ гэдэгт CUMMINS IN-тай 2025 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан “CUMMINS FLUID SPECIFICATION CONFORMANCE AGREEMENT” буюу CUMMINS FLUID үзүүлэлтийн гэрээ нэртэйгээр орчуулсан хувилбарыг “**” ХХК захиалагчид хүргүүлжээ. Гэтэл тус гэрээ нь Захиалагчийн шаардлагад дурдсан хамтын ажиллагааны гэрээ болон түүнтэй адилтгах бус “United Hydro 600 15W-40  (IМЕ1710005-А) шингэний дээжийг шаардлага хангаж буй эсэх талаар баталгаажуулсан гэрээ байна. Нөгөөтэйгүүр ийнхүү шинжлүүлсэн дээж нь Нуdго 600 15W-40 төрлийн бүх тос, тосолгооны материалыг шаардлага хангаж байгаа гэсэн баталгаа болохгүй буюу Захиалагчийн техникийн шаардлагыг хангаж байгааг илэрхийлэхгүй юм. Түүнчлэн захиалагчийн шаардсаны дагуу тус гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна. (Хавсралт: CUMMINS FLUID SPECIFICATION CONFORMANCE AGREEMENT болон түүний орчуулгын холбогдох хэсгийг тодруулан хавсаргав.)

2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг гэдэгт “**” ХХК болон “**” ХХК-тай 2021.02.01-ний өдөр байгуулсан “Дистрибьютерийн гэрээ”-г илгээсэн байх ба тус гэрээ нь Захиалагчийн шаардлагын дагуу нотариатаар гэрчлүүлээгүй, талуудын баталгаа буюу гарын үсэг зурах хэсэгт талуудын албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэх нь тодорхойгүй (холбогдох албан ёсны итгэмжлэл хавсаргагдаагүй) этгээдүүд буюу ** Cоmpany PTE Ltd-ийг төлөөлж, Бүсийн бизнес хөгжил хариуцсан дарга ** гэдэг хүн гарын үсэг зурсан бол, ** ХХК-г төлөөлж, Захирал ** гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Энэ нь тус гэрээг байгуулах эрхгүй этгээдүүд зурсан, тус гарын үсэг зурсан этгээдүүдэд холбогдох итгэмжлэл олгосон талаар баримт хавсаргаагүй, цаашлаад албан ёсны нотариатын баталгаагүй байгаа нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна. (Хавсралт: тендерт ирүүлсэн “**” ХХК болон “**” ХХК-тай 2021.02.01-ний өдөр байгуулсан “Дистрибьютерийн гэрээний холбогдох хэсгийг тодруулан хавсаргав.)

 3. Түүнчлэн “**” ХХК нь 2025.10.06-ны өдрийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягтыг орчуулан тендер шалгаруулалтад хүргүүлсэн байх боловч зөвшөөрлийн маягтыг гаргаж буй эрх бүхий этгээд нь ийнхүү тодорхойлолт, баталгаа гаргах итгэмжлэл олгосон эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь тус маягтыг Бүсийн худалдааны менежер Ноён. ** гаргасан байх боловч, тус этгээдэд эрх олгосон итгэмжлэл байхгүй байна. Түүнчлэн үйлдвэрлэгчийн Иймд тус Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягт нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна. (Хавсралт: “**” ХХК нь 2025.10.06-ны өдрийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягт болон түүний орчуулгын холбогдох хэсгийг хавсаргав.)

4. Мөн 2021.02.01-ний өдрийн ** Cоmpany PTE Ltd-ийн нэрийн өмнөөс “**” ХХК-д олгосон “United брэндийн тос, тосолгооны бүтээгдэхүүний Монгол улс дахь цор ганц эрх бүхий дистрбьютороор томилогдсон болохыг баталж баталсан баталгаа нь мөн эрх бүхий этгээдийн гаргасан баталгаа эсэх, түүнчлэн тус баталгаанд Дараах автомашины брэндүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн болон дараах чанарын стандартуудыг хангасан болно” хэмээх хавсралт нь хавсаргагдаагүй байна. Мөн тус баталгаа нь нотариатын баталгаажуулалт хийгдээгүй. (Хавсралт: ** Cоmpany PTE Ltd-ийн нэрийн өмнөөс “**” ХХК-д олгосон баталгааг хавсаргав.)

Үүнээс харвал, “**” ХХК-ийн нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан талаар нотлох баримтууд болох 2025.08.20-ны өдрийн CUMMINS FLUID-н үзүүлэлтийн нийцлийн гэрээ, 2021.02.01-ний өдрийн Дистрбьютерийн гэрээ, 2021.02.01-ний өдрийн Дистрбьютерийн баталгаа, 2025.10.06-ны өдрийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягт зэрэг нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй, буюу эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр, байгуулсан гэрээ гэдэг нь тодорхойгүй, нотариатаар баталгаажуулаагүй, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байна.

2.4. “**” ХХК нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн VI бүлэг Гэрээний ерөнхий нөхцлийн холбогдох шаардлагыг тус бүр хангаагүй тухайд:

2.4.1.  2025.10.09-ний өдөр “**” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаргасан 25/507 дугаартай Мэдэгдлээр “**” ХХК нь ТШЗ-ийн 17.5.2 шаардлагыг бүрэн хангасан Захиалагчийн техникийн тодорхойлолтын дагуу ... тосыг үйлдвэрлэж өгөх, баталгаатай тосыг нийлүүлнэ” гэжээ. Гэтэл ** нь Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэх эрхгүй, ** компаниас тус төрлийн тосыг үйлдвэрлэх эрхийг аваагүй байна. Иймд өөрийн эрх хэмжээний хүрээнд нийцээгүй, үйл ажиллагааны чиглэлээс өөр, зөрүүтэй мэдэгдлийг Захиалагчид хүргүүлсэн гэж үзэхээр байна.

2.4.2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн VI дугаар бүлэг, Гэрээний ерөнхий нөхцөл хэсгийн 4 дүгээр зүйлийн 4.10-т “Чанарын баталгаа гаргах” талаар заасан. Гэтэл “**” ХХК-аас хүргүүлсэн Чанарын баталгаа нь үндэслэл буруу буюу Ханган нийлүүлэх бүтээгдэхүүнийг Тендерийн бичиг баримтын гэрээний ерөнхий зүйлийн 14 дүгээр зүйлд заасны дагуу чанарын баталгаа гаргана гэж “**” ХХК албан бичгээр илэрхийлсэн нь тендерийн бичиг баримтын чанарын баталгаа гаргах баталгаажуулах зүйл заалтаас зөрүүтэй байна.

Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн 4.10-т “Баталгаат хугацаа: Чанарын баталгаат хугацаа: 12 сар байна” хэмээн заасны дагуу “**” ХХК-аас Баталгаа гаргах албан тоот болон үйлдвэрийн мэдэгдэл илгээгээгүй нь бүтээгдэхүүний чанар захиалагчийн шаардлагад нийцэхгүй, түүнийг тендерт оролцогч баталгаажуулж илгээгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2.4.3. Тендерт илгээсэн баримт бичгүүдийн дотор Оролцогчийн санхүүгийн чадавхи гэж илгээсэн баримт нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагуудаас илт зөрүүтэй байгаа бөгөөд Тухайлбал, ТШЗ-ийн 18 дугаар зүйлийн Борлуулалтын орлого 18.1.1.1 дэх хэсэгт “Оролцогчийн 2022, 2023, 2024 оны борлуулалтын орлого аль нэг жилд төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна” хэмээн заасан. Гэтэл Оролцогчид тавигдах техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага дээр санхүүгийн орлогын байдлыг илгээсэн нь буруу материал илгээсэн эсвэл заалт бүрт тохирсон зөв бичиг, албан тоот ирүүлээгүй, тодорхой зөв тайлбар илгээгээгүй” гэж үзэх үндэслэлтэй.

Тендерийн үнэлгээний хорооноос “**” ХХК-ийг хамгийн сайн оролцогчоор үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргасан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан нь тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг шаардпага хангаагүй, “**” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзсэн холбогдох хэсэг нь манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Гурав. “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах үндэслэлтэй талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна.

Манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр болон Үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсэг нь тус тус хууль бус болох нь энэхүү нэхэмжлэлийн 2 дугаар зүйлд заасан хууль зүйн үндэслэлээр нотлогдож байх тул манай компанийн тендерт шалгарч, бараа нийлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Дөрөв. Манай компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар:

Манай компани нь 1,708,245,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн бол шаардлага хангаагүй боловч шалгаруулсан “**” ХХК нь 1,728,800,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байна.

Бусад шаардлага хангасан тендер ирүүлсэн “**” ХХК нь 1,776,574,800 төгрөг, “**” ХХК нь 2,157,855,084 төгрөги, “**” ХХК нь 1,863,540,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу манай компанийн уг тендерт шалгарч бараа нийлүүлэх, ашиг, орлого олох эрх зөрчигдөж байна. (Оролцогчдын үнийн саналыг хавсаргав)

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүнийг санал болгож буй манай компанийн тендерийг үндэслэлгүйгээр шаардлага хангаагүй гэж үзэж, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, өндөр үнэлгээ бүхий “**” ХХК-ийн барааг худалдан авах шийдвэр гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, шударгаар энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **гээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Би тус компанийн гүйцэтгэх захирлаас 2025 оны 11 сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийн 1 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагыг ихэсгэх” эрхийн дагуу дараах танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

“**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “** ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн компанийн хороонд “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэх гэрээ” байгуулагдсанд тооцогдсон гэж тайлбар ирүүлсэн.

Хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн энэхүү хариу тайлбар нь гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл байдал үүсгэж байгаа тул дараах байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын дагуу “хамгийн сайн” гэж үнэлэгдэх, “хамгийн бага” үнийн санал хүргүүлсэн тул хөдөлгүүрийн тос нийлүүлэх эрхтэй гэж үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдөр гаргасан “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Үнэлгээний хорооны 2025 оны 10 сарын 27-ны өдрийн хурлаар “**” ХХК-ийн 1,708,245,000 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв гэж хурлын тэмдэглэлд тусгагдсан ба 2025 оны 10 сарын 27-ны өдрийн үнэлгээний хорооны зөвлөмжийг Захиалагч: Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга **, Хяналтын асуудал хариуцсан менежер ** нар нь ямар нэгэн үндэслэлгүйгээр “зөвшөөрөөгүй” гэж санал өгсөн бол Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга ** нь зөвшөөрсөн гэж санал өгсөн байна.

2025.10.29-ний өдрийн үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн дүгнэлтийг гаргасан байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ТШЗ 12.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу гүйцэтгэх захирлын паспортыг орчуулаагүй гэх хууль болон тендерийн баримт бичигт заагаагүй үндэслэлээр, илтэд хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Ингэхдээ тус хяналтын хэрэгжүүлж буй мэргэжилтэн **, ** нар нь зөвхөн манай компанийн бичиг баримтыг хянаж үзсэн боловч бусад оролцогч, “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн бичиг баримтууд шаардлага хангахгүй байгааг огт шалгаагүй нь манай компанийг хасах, бусад компанийг шалгаруулах зорилготой байсан гэж харагдаж байна.

2025.10.30-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж, 2025.10.29-ний өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу манай компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэж, манай компаниас өндөр үнийн санал ирүүлсэн, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй оролцогч “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Үнэлгээний хороо нь 2025 оны 10 сарын 27-ны өдрийн хурлаар “**” ХХК-ийн 1,708,245,000 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн зөвлөмжөө хүчингүй болгоогүй атлаа дахин 2025 оны 10 сарын 30-ны өдөр зөвлөмж гаргаж, “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь тодорхой бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр “Үнэлгээний хорооны 2025 оны 10 сарын 27-ны өдрийн хурлаар “**” ХХК-ийн 1,708,245,000 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн зөвлөмжийг хүчингүй болгоогүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ. 2025 оны 10 сарын 27-ны өдрийн үнэлгээний хорооны зөвлөмж хүчингүй болоогүй байхад “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер хүргүүлсэн манай компанитай гэрээ байгуулах үүрэгтэй тул “**” ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль бус бөгөөд манай компанийн бараа нийлүүлэх, ашиг орлого олох эрхийг зөрчиж байна.

Захиалагч, үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус болох үндэслэлийн талаар анхны нэхэмжлэлд дэлгэрэнгүй тусгасан бөгөөд хууль бус захиргааны шийдвэрт үндэслэгдэж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК- ийн компанийн хороонд байгуулагдсанд тооцогдсон “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн компанийн хооронд байгуулагдсанд тооцогдсон “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтын бичиг баримтын 17.5-д заасан үндсэн шаардлагын талаар нэмэлтээр дурдая. Үүнд техникийн тодорхойлолтод нийцсэн тухай албан ёсны цахим хуудаснаас бичиг баримтуудыг ирүүлнэ гэж заасан байгаа. “**” ХХК нь техникийн тодорхойлолтыг баталгаажуулж албан ёсны сайтаас бүтээгдэхүүний танилцуулга боршурыг илгээсэн байсан. Уг бичиг баримтад заасан албан ёсны сайтад хандалт хийж, ирүүлсэн техникийн тодорхойлолтыг нэр бүрчлэн тулгасан. Өөрөөр хэлбэл тус компанийн өөрсдийнх нь ирүүлсэн албан ёсны глобал хуудсын дагуу шалгалт хийхэд үндсэн 3 үзүүлэлтийг зөрүүтэй байдлаар ирүүлсэн байсан. Нэгдүгээрт, тус нийлүүлэх тосны царцах температур -33 градус байна гэж тендер шалгаруулалтын шаардлагад заасан бөгөөд албан ёсны брошур дээр -27 байсныг “**” ХХК -33 болгож зассан. Хоёрдугаарт, кинематик зууралдлага 40 градус болон 100  градус гэсэн 2 үзүүлэлтийг тендерийн бичиг баримтын шаардлагад дурдсан. Кинематик зууралдлага 100 градуст 14.5-с багагүй мм.кв/сек, 4-р үзүүлэлт нь кинематик зууралдлага 100 гардуст 15.9 мм.кв/сек-ээс ихгүй байна гэж заасныг мөн адил зассан байгаа. 40 градуст 115.3 мм.кв/сек гэсэн байна. 100 градуст кинематик зууралдлагын хэмжээ 13.5-15.9 мм.кв/сек  хооронд байна гэж заасан ба албан ёсны сайт дээр 15.1 мм.кв/сек гэж заасан байгаа. Лабориторийн үзүүлэлтээр 13.4 мм.кв/сек буюу үзүүлэлтэд хүрээгүй байна. Лабориторийн дүгнэлт үндсэн сайт дээр байгаа брошурын хэмжээ буюу үндсэн хязгаар утгуудын дагуу шинжилж байгаа. Тендерт илгээсэн бичиг баримт нь албан ёсны сайт дээр байсан тоон үзүүлэлтэд хүрэхгүй байгааг 2 албан ёсны глобал сайтын Англи, Орос гэсэн 2 хэлээр нягтлан шинжлэхэд аль алинд нь энэхүү үзүүлэлтүүдэд огт хүрээгүй гэдгийг баталгаажуулан бичиг баримтаар хүргүүлсэн байгаа. Мөн дахин Монгол улс дахь албан ёсны зөвшөөрөлтэй компаниар шинжлүүлж хэрэгт ирүүлсэн байгаа. Кинематик зууралдлагын хэмжээ нь маш чухал үзүүлэлт. Энэ нь хөдөлгүүрийн дотоод эд ангиуд тосон системийг бүрэн хамгаалж байх ёстой. Гэтэл шингэн тос хэрэглэснээр хөдөлгүүрийн дотоод эд ангиудад томоохон эвдрэл үүсгэх, тэр хэмжээгээр эдийн засгийн хохирол үзүүлэх учир шалтгаан болно.

 Тендер шалгаруулалтын бичиг баримтын шаардлага 17.5.4-т “Камминс хөдөлгүүр үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлэх” гэсэн шаардлага байгаа. “**” ХХК-ийн CUMMINS IN-тэй хийсэн гэрээ бол тохирлын гэрээ. Тухайн бараа бүтээгдэхүүн нь CES буюу Камминс инженерийн стандартад нийцэж байгаа тохирлын гэрчилгээ гэсэн үг. Лабориторийн шинжилгээнд үндэслэж энэ тохирлын гэрээг хийдэг. Энэ нь Камминс үйлдвэрлэгчийн гэрчилгээ биш юм. Үүнийг бид албан ёсны дистрибютрийн хүрээнд дахин лавлаж баталгаажуулсан. Энэхүү үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь зөвхөн албан ёсны дистрибьютор компанид л харьяалагддаг. Камминс үйлдвэрлэгчээс энэ тосыг Камминс хөдөлгүүрт хэрэглэж болно гэсэн зөвшөөрөл тухайн ** болон түүний дистрибюшн компанид олгогдоогүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод заасан 20 үзүүлэлтийн зөвхөн нэг хэсэг  200/78 гэсэн стандартад тохирсон гэсэн тохирлын бичиг болохоос биш үйлдвэрлэгчийн зөвшөөрөл биш юм. Үндсэндээ 17.5-д заасан үндсэн хоёр зайлшгүй байх шаардлагатай бичиг баримтуудыг нэгдүгээрт хуурамчаар үйлдсэн, зассан, хоёрдугаарт үйлдвэрлэгчийн зөвшөөрөл аваагүй байгааг эндээс харж болно. Мөн бидний илгээсэн албан ёсны сайтаас гэрчилсэн боршур дээр ар талын хуудсыг нь бид давхар орчуулж илгээсэн. “**” ХХК-ийн орчуулсан бичиг баримт дунд тухайн албан ёсны бичиг баримтыг бүрэн гүйцэт орчуулаагүй. CES 200 77 76 гэдэг 2 стандартыг нэмэлтээр оруулсан байсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгийг олон талаас нь харах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

 

5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бичгээр ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, ** нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан. Тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зарлаж, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нээсэн ба Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж тендер ирүүлсэн 8 хуулийн этгээдүүдийн тендерийг хянан үзэхэд 4 хуулийн этгээдийн тендерүүдийг шаардлагад нийцсэн гэж үзсэн. Улмаар шаардлагад нийцсэн тендерүүдийг харьцуулах үнээр эрэмбэлэхэд бага үнийн дүнгээр “**” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар захиалагчид хүргүүлсэн.

Захиалагч үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн ба “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн байх боловч орчуулгагүй байх тул ТШЗ-ны 12.1-т заасны дагуу шаардлагад нийцэхгүй гэж, оролцогч нь 2025.10.09-ний өдрийн №25/605 дугаартай албан бичгээр “... маягт 6-д заасны дагуу нууцлах баримт бичиг байхгүй ...” гэж ирүүлсэн байх боловч үйлдвэрлэгчтэй байгуулсан захиалгын гэрээний холбогдох мэдээллийг нууцлан ирүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-д заасан мэдэгдлийг тендер шалгаруулалтын баримт бичгийн 5-р бүлгийн маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэсэнтэй зөрчилдөж байх тул шаардлагад нийцэхгүй үзэн үнэлгээний хорооны зөвлөмжийг “үндэслэлгүй” гэж үзсэн.

2. Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиалагчийн шийдвэрийн дагуу дахин хуралдаад:

Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 12.1-д “Тендер шалгаруулалтын хэл “Монгол хэл ... оролцогчдын ирүүлсэн тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбарыг баталгаат орчуулгаар орчуулан нотариатаар баталгаажуулаагүй тул шаардлага хангахгүй гэж үнэлж, хамгийн сайн тендерээр “**” ХХК-ийн тендерийг шалгаруулж 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М-ДБ-112-12/11117 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн. “**” ХХК болон бусад хуулийн этгээдүүдэд тус тендерт шалгараагүй тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх журмын 3.7.2-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл “Үндэслэлгүй”, 3.7.3-д “үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу тодруулга авч дахин үнэлэх шаардлагатай гэж үзвэл “Дахин нягтлах” гэж заасны дагуу “Үндэслэлгүй”, “Дахин нягтлах” дүгнэлтийг гаргасан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “**” ХХК-ийн шүүхэд гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11117 дугаартай албан бичигт дурдсан “тендерт шалгараагүй гэх үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгож, “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2021 оноос хариуцаж ажиллаж байгаа бөгөөд Газрын тос боловсруулалтын менежмент мэргэжилтэй. 2023 оноос тендерт оролцож ирсэн. Тухайн вэб хуудсан дээрх гэдэг шалгаанаар бүтэн 3 жил ярьж байгаад яаж сайжруулах талаар бид ярьж тохирсоны үндсэн дээр лабориторийн дээжээ шинээр авдаг. Нэхэмжлэгч тал хаанаас ямар дээж өгснийг мэдэхгүй, манайх бол үйлдвэрлэгчээс ирүүлсэн дээжийг шинжилгээнд өгсөн. 2023 оноос хойш 20 гаруй дээж шинжлүүлсэн. Тухайн дээж нь савлагаанаасаа болж бас хэмжээ нь дээш, доош гарах боломжтой. 4 литрийн савлагаатай болон 1 тонн гэсэн савлагаанаас дээж авах үндсэн стандартаа барихгүйгээс болоод асуудал гарна. Тендерийн материал бүрдүүлэхтэй холбоотой өгөгдлийн хүснэгтийн дагуу материал бэлтгэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “**” ХХК-ийн лабориториор шинжлүүлсэн. Харин үйлдвэрлээд гарсан тосыг стандарт хангах уу гэдгийг тайлбарлах үүднээс нэмэлт материал өгсөн. Алсдаа бид тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу итгэмжлэгдсэн лабориторийн дүгнэлтээ оруулна. Мөн 17.5.4-т Камминсын зөвшөөрөл гэж байгаа. Манай нэхэмжлэгч талын төлөөлөгч TES 20 20 78 гэсэн стандарт хангаж байна гэсэн тохирлын гэрчилгээ мөн байна гэж хэлсэн. Тэр шаардлагыг хангаж байгаа гэж оруулсан. Дараа нь Монгол улсын лабориториор тусгайлан авсан тосныхоо дээжийг шалгуулсан ба энэ нь шаардлага хангаж байгаа. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.1.2 дээр заасны дагуу ижил төстэй гэрээн дээр 5 гэрээ оруулсан байгаа. 2022 оны “**” ХХК-ийн гэрээн дээр олон төрлийн тос явж байгаа. Үүнийг туршлага байдлаар оруулж байгаа. Дараагаар нь “**” ХХК-ийн 2023 онд хийсэн гэрээн дээр дан хөдөлгүүрийн тос буюу хавсралт хэсэгт нь угаасаа хөдөлгүүрийн тос бүгд бичээтэй байгаа шүү дээ. Hydro 600 гээд энэ тос чинь өөрөө явж байгаа. Dас хүнд даацын хөдөлгүүрийн тос байгаа. Та бүхэн вебээс хайгаад үзсэн ч болно. Дандаа хүнд даацын хөдөлгүүрийн тос, танилцуулга нь байгаа. 2024 оны **тай хийсэн гэрээ байгаа. Бүгд нотариатаар орсон. Тэрэн дээр мөн адилхан энэ HYDRO 600 чинь плас 10W бас 15 40 хөдөлгүүрийн тос явж байгаа хүнд даацын хөдөлгүүрийн тос. Тодорхой зүйл дээр бид ингэж нэмэлт тайлбар өгөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа юм.

Үйлдвэрлэгчийн баталгааг маягтын дагуу үйлдвэрлэгчээс авсан. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл  TES 77 78 гэсэн стандарт болон Эй Пи Ай Америкийн петролиум Си Ай 4 гэсэн стандартыг хангана гэсэн тусдаа бичиг байгаа. Доод талд нь 5 үзүүлэлт буюу тэр нь тийм тийм үзүүлэлтээр хангана гэсэн бичиг нь бас байгаа. Зөвшөөрлийн хувьд шаардлагыг бүрэн хангаж байна гэж харж байгаа. Байхгүй тосыг нийлүүлэх гэж байна гээд байгаа. Манай дээр 2021 оноос хойш ирсэн тоснууд бол маш олон төрлөөрөө байгаа. Зөвхөн хүнд даацын тос гэдэг дээр Hydro 600 гэсэн тосны нэр нь бичээтэй байна. Өгөгдлийн хүснэгтэд -33 градус гэж заасныг хангахын тулд үйлдвэртэйгээ тохиролцоод тэр дээжээ Камминс гэдэг компани руу явуулж лабораториор шинжлүүлээд, таарч байна гэсэн бичгээ тохирлын гэрээгээ авсан. Нэр заагаагүй байна гэдэг тухайд Hydro 600 гэсэн тос яах аргагүй байгаа. TES 077 076-д таарахгүй гэсэн нэхэмжлэгч талын материалд хавсралт дээр нь Камминс Кюкс сервис гээд байгаа. Энэ нь веб сайтдаа гараад ирдэг. Тэгэхээр эд нар дээд талын огноо болон доод талын хөлийг тастаад зөвхөн энд байгаа өөрийнхөө нэршилтэй тосыг хэргийн материалд хавсаргачихсан байсныг би үзсэн. Энэ дээр дээд талын огноо буюу Камминст 77, 76, 78-тай аль тос таарах юм гэдэг нь бол үүн дээр шинэчлэгдээд явдаг. 2021 оных руу ороод үзэх юм бол Hydro 600 гэдэг тос 77-г хангана гээд байж байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр вэб сайт дээр байгаа. Нэмэлтээр бас **ын тийм тийм тос байна гэж байгаа. **ын  нийт 6 тосны  нэр байгаа. Эдгээр нь бүгд нотлох баримттай. Миний хувьд өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагын дагуу бүх материалаа бүрдүүлж оролцуулсан. Хуурамчаар баримт үйлдээгүй. 2021 оноос хойш тухайн тендерт оролцоод, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж буй компани. Би өөрөө А3 сертифкаттай. Нотлох баримт хангалттай, өгөгдлийн хүснэгтийн дагуу оруулж өгсөн. Захиалагч талд шаардлага хангасан тос нийлүүлэх баталгааг албан бичгээр техникийн тодорхойлолтоос гадна оруулсан байгаа” гэв.

 

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцсон. Хасах ёсгүй үндэслэлээр манайхыг хассан учраас одоо бид гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлье  л гэж байгаа юм. ** өмгөөлөгч таны хэлсэн шиг дарамтлаад, бүтээгдэхүүний баталгааг хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй. Тийм зүйл, баримт байхгүй. Одоо шүүхийг төөрөгдүүлж байгаа юм шиг ийм зүйл ярьж болохгүй. Энэ чинь ноцтой асуудал. Ерөөсөө энд зөвхөн Эрдэнэт үйлдвэр биш, монгол Улс даяар маш олон компанитай хууль журмынх нь дагуу ажиллаж байгаа. Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрээс ч гэсэн бид стандартын шаардлага хангаж байна уу, хангахгүй байна уу гэдэг дээр л ярьж байгаа. Шинжилгээний дүгнэлтээр зууралдлагын үзүүлэлт хангахгүй байна гээд **ы гаргаж ирсэн дүгнэлт дээр ч байна, манай шинжлүүлсэн дүгнэлт дээр ч байна, одоо энэ тендерт өгсөн энэ баримт дээр ч байна. Энийг үнэлгээний хороо хараагүй. Зууралдлагын үзүүлэлтийг хангахгүй байна гэдэг нь ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа үзүүлэлт шүү дээ. Өөрсдөө тэрийг зөвшөөрчихөөд байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй хэдий ч өөрсдийнх нь ирүүлсэн тендертэй холбоотой маргаан яваад байгаа юм. Өнөөдрийг хүртэл баримт өгөхгүй байна, хариу өгөхгүй байна. Үйлдвэрлэгчийн үзүүлэлтүүд ийм байгаа, ирээдүйд гарах, үйлдвэрлэх барааны тухай яриад байгаа юм. Тэгтэл юу гэхээр тендерийн баримт бичиг дээр лабораторийн шинжилгээг санал болгож байгаа тосыг лабораториор шинжлүүлээд шинжилгээний дүгнэлтийг ирүүлэхээр заасан. Ирээдүйд үйлдвэрлэх гэж байгаа зүйлийг нийлүүлэх тухай зүйл байхгүй. Анхнаасаа тендерийнх нь шаардлага нь тэр. Огт үйлдвэрлээгүй байхгүй тосыг шинжилгээнд өгөөд тэр шинжилгээнийхээ дүгнэлтийг ийшээ өгчихсөн. Тэгээд үндсэндээ нийлүүлэх гэж байгаа тос чинь өөрөө шаардлага хангах юм уу, хангахгүй юм уу гэдэг асуудал чинь бүр ноцтой юм болоод байна. Зууралдлагын үзүүлэлт чинь шаардлага хангахгүй болчихоод байна. Актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байхад нийлүүлэхгүй бол болохгүй юм байна гэсэн. Түүнээс хойш 20 гаруй хоног өнгөрчихлөө. Өнөөдрийн байдлаар нийлүүлчихсэн зүйл байхгүй. Аваад ирчихсэн гаалийнх нь мэдүүлэг ч байхгүй. Зүгээр нэг шинжилгээний дүгнэлт авч ирсэн. Тодорхой баримт ярьж байгаа, тэр баримт дээр няцаасан, үгүйсгэсэн, эсвэл өөрсдийнхөө хүргүүлсэн тендерт байгаа энэ баримт нь ийм ийм учиртай гэдэг зүйлээ л одоо тайлбарламаар байгаа юм.

Тэгэхээр бид нар зөвхөн энэ тендер шалгаруулалттай холбоотой авагдсан баримтын хүрээнд л яриад байгаа юм. Монгол хэлний шаардлагыг бол бүгд одоо ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Нууцалсан гэрээ гээд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь байгаа учраас тэр гэрээ шаардлагагүй юм байна аа, үнэлгээнд оруулахгүй гээд захиалагч шийдсэн. Захиалагчийн хяналтад үзүүлэх гээд дурдагдаад байгаа нэг үндэслэл. Пасспортыг яагаад үнэлэх болсон юм бэ? 26.6-д заасан илүү ирүүлсэн баримт бичгийг яагаад үнэлгээнд авч үзээд ерөнхий шаардлага хангахгүй гэж үзээд байгаа юм бэ? гэдэг дээр аль аль нь ямар ч тайлбар хэлсэнгүй. Хэрэв орчуулгын тухай ярих юм бол **ын хөдөлгүүрийн тосны танилцуулгын орчуулга дээр хүлээн зөвшөөрөгдөх стандартууд гэснээ дөрөвөөр дуусаж байгаа. Тэгтэл ** буюу ** ХХК-ийн ирүүлсэн энэ орчуулга нь Англи хэл дээрх нь нийт  20 гаруй үзүүлэлт байгаа. Үүнийг огт орчуулаагүй. Өөрсдийнх нь тендерт ирүүлсэн баримт. Энд байгаа үйлдвэрлэгчийн албан ёсны танилцуулга нь өөрөө орчуулгын шаардлага огт хангахгүй байгаа. Дараагийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлага яриад байгаа. ** өмгөөлөгч бид бас сүүлийн 10 жил захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод янз бүрийн л маргаан шийдүүлээд явж байгаа. Ер нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар нэгэн байдлаар алдаатай эрх, эрх сэргэхгүй гэх зэрэг зүйл байхгүй. Зөв томьёолол ороод ирсэн. Үнэлгээний хорооны анхны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл дээр байгаа зөвлөмжийг хүчингүй болгосон гэж яриад байгаа боловч захиалагч л тэгж тайлбарлаад байгаа. Үүнээс Үнэлгээний хорооны дарга гишүүд нь хэлээд олонхиороо энийг хүчингүй болгоё гээд хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Энэ тендертэй холбоотой бүх бичиг баримтаа аваад ирсэн. Аль акт бидний эрх ашиг зөрчөөд байна гэвэл “**” ХХК-ийг шалгаруулая гэдэг Үнэлгээний хорооны зөвлөмж гарсан байна. Үүнийг хүчингүй болгуулая, хүчингүй болгосноор ямар үр дагавар үүсэх гээд байна гэвэл “**” ХХК тендерийн бүх шаардлагыг хангасан “**” ХХК-иас бага үнийн санал өгсөн учраас гэрээ байгуулах эрх олж авах ёстой. Тендерийн хууль болон тендерийн баримтын хүрээнд ийм шаардлага гаргаж байгаа. Ижил төстэй дээр тайлбар хэлж байна. Бүх ижил төстэй гэсэн гэрээн дээрээ “бүх төрлийн тос, тослох материал” гэж заачихсан. Аль аль нь хамаарагдаж байгаа, нийт үнэ нь хэд юм гэдгийг ялгамжтай байдлаар өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хавсралтад заасан хэдэн төгрөгийн тос нь хүнд даацын автомашиных, хөдөлгүүрийнх гэдгийг тодорхойлоод тоо нь хэд гэдгийг гаргаад ирсэн юм байхгүй. Тэгээд бид тайлбарлаад байх шаардлагагүй л гээд яриад байгаа. Тэгэхээр маргаад байгаа асуудал дээр нэхэмжлэл гаргачхиаад байна.

Гуравдагч этгээд хариуцагч нь аль аль нь няцаасан тайлбараа гаргаагүй. Тэгэхээр үүн дээр анхнаасаа ижил төстэйд тооцуулаад одоо бүх төрлийн тос гэдэг гэрээг санал болгож байгаа тохиолдолд ялгаа заагийг нь гаргаж захиалагчид санал болгох үүрэгтэй. Үүнээс захиалагчийг өөрөө дундаас нь олоод ав гэдэг байдлаар хандаж болохгүй. Тэгэхээр ижил төстэй 80%-ийн 2 жилийн борлуулалтын хувьд бол ижил төстэйд тэр 80%-ийн борлуулалтыг нь хангаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэж авсан гэж тайлбарлаад байгаа. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дээр тавхан үзүүлэлт заасан байх бөгөөд бусад үзүүлэлт нь ямар баримтаар хангагдаад байгаа гэж асуугаад байгаа юм. Нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа. Сая хурлаа эхлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч цахим хуудсанд байгаа мэдээллүүд чинь хамааралгүй, бид шинээр үйлдвэрлэлээс авах гэж байгаа гэдэг утгатай зүйл тайлбарлаж байна. Одоо өгчихөөд байгаа ** гээд байгаа үйлдвэрлэгчийн зөвшөөрөл Англи хэл дээр байгаа боршур дутуу орчуулчихсан байгаа шүү. Тэр нь ямар ач холбогдолтой гэж өгч байгаа юм. Үүн дээр чинь захиалагч талд төөрөгдөл үүсээд байна шүү дээ.

За үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь өөрөө итгэмжлэлийн агуулгатай гэдгийг өмнө нь тайлбарласан. “Бид энэхүү албан бичгээр “**” ХХК-ийг дээрх бараанд хамаарах ийм дугаартай тендерт оролцох, түүнчлэн тантай хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхтэй төлөөлүүлж байгаагаа баталж байна” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлөөлүүлж байгаа оролцогчийн итгэмжлэлийн агуулга. Түүнээс биш үйлдвэрлээд “**” ХХК-д нийлүүлэх юм гэдэг агуулгатай зүйл байхгүй. Алдаатай тендер гэж ярих юм бол иймэрхүү алдаанууд харагдаад байна. Манай үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүр дээр няцаасан хууль болон тендерийн баримт бичигт заасан үндэслэлийн хүрээнд тайлбар гаргахгүй байна. Мөн баримт байхгүй, ижил төстэй бараа нийлүүлсэн шаардлагыг ингэж хангаж байна. Манай тос техникийн тодорхойлолтод заасан нийт 20 үзүүлэлтийг ингэж хангаад байна. Зууралдлагын үзүүлэлтийг хангахгүй байна гэдэг шинжилгээний дүгнэлт өөрсдөө гаргаж өгч байгаа юм. Тэгэхээр эндээс юу харагдаад байна гэвэл захиалагч одоо энэ барааг хүлээж аваад, хэрэглээд явахад үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдал яалт ч үгүй үүсчихлээ. Яагаад гэвэл хариуцагч, нэхэмжлэгч талууд сая л сонслоо. Огт байхгүй барааг шинээр нийлүүлэх гэж байгаа, шинжилгээнд оруулсан тос нь өөр тос байсан байна. Тэгэхээр шинжилгээний дүгнэлтийн хувьд одоо байгаа тос санал болгож байгаа тосыг шинжилгээнд оруулах тухай шаардлага тавьсан. ТШЗ-ын 17.5-д санал болгож байгаа тосны Монгол Улсын лабораторийн шинжилгээний үр дүнг хавсарган ирүүлнэ гэж заасан. Тэгэхээр санал болгож байгаа тос нь биш, өөр тос шинжилгээнд оруулсан гэдэг нь харагдаж байгаа юм. За нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлаад байгаа. Би өмнө нь тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандахаар байгаа. Хэрэгт Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг гаргаж өгсөн. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хуулийн 59.3, 59.4 мөн гомдлыг хүргэж өгөхдөө захиалагчийн шийдвэрлэлт, мэдэгдлийг хавсаргаж өгсөн байгаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа 59.3-д зааснаар гомдол үндэслэл бүхий байна гэж заасан нь өөрөө захиалагчийн шийдвэрийг хавсаргана гэдэг үндэслэлд хамаарахгүй.

Үндэслэл бүхий байна гэдэг нь тухайн зөвшөөрөхгүй байгаа, хүчингүй болгуулах гэж байгаа үндэслэлээ тодорхой дурдана, нотлох баримтаа заана, шалгарсан оролцогчийн энэ энэ баримтууд нь шаардлага хангахгүй байна гэдэг агуулгаар гомдлоо тодорхой өгнө. Түүнээс биш зөвшөөрөхгүй байна гэдэг ганцхан өгүүлбэр бичээд болчихгүй. Яагаад гэвэл урьд нь олон жилийн туршлагаар янз бүрийн байдлаар шалтгаангүйгээр гомдол гаргадаг байсан учраас ийм зохицуулалт шинээр орж ирсэн. 59.5-д хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангаагүй бол буцаана гэдэг зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ ийм байдлаар ойлгож болохгүй. Бид шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Юуг үндэслэж танай гомдлыг хянах юм гэдэг агуулгатай зүйл ярьж байна. Хуулийн 59.8-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалттай холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэх, өөрөөр хэлбэл татгалзсан мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, оролцогчдоос ирүүлсэн бүх тендер цахим системд байгаа, цахим системээр дамжуулж нэвтэрч орж Сангийн яам хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр захиалагчийн шийдвэр нь өөрөө ямар ч ач холбогдолгүй зүйл байгаа юм. Тиймээс захиалагчийн шийдвэр нь очиж байж хянадаг зүйл бол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хүргүүлсэн гомдол, холбогдох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн. Заримыг нь дутуу үзсэн байх гэж би харж байна. Тийм учраас ямар нэгэн байдлаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсантай холбоотойгоор гомдлыг шүүхэд гаргахаар хуульд тусгайлан заасан. Тэгэхээр зарчмын асуудал ярьж байгаа юм. Юу гэвэл энэ ганцхан паспортыг нь орчуулаагүй гээд хасаад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Бид хуулийнх нь дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Тэгтэл жишээлбэл, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гэхэд энэ тавхан үзүүлэлттэй, **ных нь танилцуулга нь гэхэд таслаад орчуулчихсан гэх мэтчилэн дутуу байгаа энэ олон алдаануудыг огт хараагүй, нягтлаагүй. Үнэлгээний хороо ажлаа сайн хийж чадаагүй учраас гомдоод байгаа. Тэгээд үүнийг  бид ингээд гаргаж ирээд гомдол гаргаад байгаа зүйл биш. Удирдлагууд авч үзээд үнэхээр үндэслэл бүхий байна уу гэж үзээд энэ нь бол хүлээн зөвшөөрөх боломжгүй юм байна гэж шийдээд ингээд журмынх нь дагуу гомдол гаргаж байгаа. Үүнээс хэн нэгэн дарамт үзүүлээд ингээд байгаа зүйл байхгүй. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаад шүүхэд хандаж явж байгаа. Өмнө нь ч гэсэн 3 жилийн өмнө шүүхэд бас нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлж л байсан. Тухайн үедээ Эрдэнэт үйлдвэрээс гэрээ байгуулах эрх бол шийдвэр гаргаад явж байсан. Үнэхээр байгууллага нь өөрийнх нь буруутай тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байвал хүлээн зөвшөөрөөд захиргааны байгууллага зөв шийдвэр гаргалаа гээд хүлээн зөвшөөрөөд явна. Энэ удаагийн хувьд 2 компанийн бичиг баримт, үнийн санал ирүүлж байгаа санал нь харилцан адилгүй байхад мөн ганцхан энэ зүйлээр л татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж гомдоод байгаа юм” гэв.

 

8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны акт мөн үү биш үү гэдэг асуудал яригдлаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гэж юуг хэлэх вэ гэдэг талаас нь авч үзвэл хяналт хэрэгжүүлэх газрын актыг захиргааны эрх зүйн акт биш гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар дотооддоо чиглэж байгаа гэдэг талаас нь харах юм бол Үнэлгээний хорооны зөвлөмж ч гэсэн адилхан учраас уг зөвлөмжийг шүүх дээр захиргааны эрх зүйн акт гэж маргаан болгож оруулж ирэх боломжгүй. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх нэгжийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг заасан байгаа. 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих” эрхтэй гэж байна.

Хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлэхдээ дотооддоо бүтэц байгуулсан. Хяналт тавьж байгаа байгууллага зүгээр л хянаад л орхичих юм уу? ямар нэг байдлаар хэрэв хууль тогтоомж зөрчсөн байх юм бол үүнтэй нь холбоотой ямар нэг шийдвэр гарч л таарна. Хэрэв тийм эрх байхгүй юм бол хуульд хяналт тавь гэсэн зохицуулалт орж ирэх шаардлага байхгүй. Шийдвэр гарахгүй хий хоосон хянаад яах вэ дээ. Захиргааны акт мөн гэж үзэх тал бий гэж би харж байна. Тиймээс дүгнэлт хүчин төгөлдөр байгаа гэсэн үг. Дүгнэлттэй холбоотой маргаан ямар нэг байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж ирээгүй. Дүгнэлт хүчин төгөлдөр үлдээд байгаа нөхцөлд шууд нэхэмжлэгч талтай гэрээ байгуулах асуудлыг шийдэх боломжгүй. Гаргасан санал чанарын шаардлага хангах эсэх талаар манай төлөөлөгч хангалттай тайлбарласан гэж үзэж байна. Би мэргэжлийн хүн биш учраас үүн дээр нэмж тайлбар хэлэхгүй. Нэхэмжлэл гаргах эрх байсан эсэх талаар би бас хангалттай тайлбарласан. Заавал давтаж ярих шаардлага байхгүй байх гэж үзэж байна. Шийдвэрт гомдож л нэхэмжлэл гаргана. Гэтэл шийдвэр нь огт байхгүй. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаах аль аль нь хууль зүйн хувьд боломжтой гэж харж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” /ЭҮТӨГ/20250102214/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан  

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

-“**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/20250102214/02/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийдвэр болон зөвлөмжийн “**” ХХК болон “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, бусад шаардлагаа дэмжиж оролцов.

 3. Шүүхээс тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийдвэр болон зөвлөмжийн нэхэмжлэгч “**” ХХК болон гуравдагч этгээд “**” ХХК-д холбогдох хэсэг, үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.1. Тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр “хамгийн сайн” тендерээр “**” ХХК-ийг шалгаруулсан боловч Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн ХАХМ/202510126 дугаартай дүгнэлтээр тус Үнэлгээний хорооны зөвлөмжийг “дахин нягтлах” гэсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийдвэр /тэмдэглэл/ болон зөвлөмжөөр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “шаардлагад нийцээгүй” гэж тендерээс татгалзаж, уг тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123 дугаартай мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/

3.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123 дугаартай мэдэгдэлд тендерээс татгалзсан үндэслэлээ:

-“Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т “Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл. Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба  өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн шаардлагын дагуу “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /2024.09.20/-нд **ийн гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн байх боловч баталгаат орчуулгагүй тул ТШЗ 12.1  шаардлага хангахгүй” гэжээ.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д “Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан.

3.5. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ.

3.6. Тендерийн Үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т заасан шаардлага хангахгүй” гэж тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд: Тендерийн баримт бичигт: тендерт оролцогч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын ирүүлэх шаардлага тавигдаагүй бөгөөд манай компанийн цахимаар хүргүүлсэн тендерийн саналд улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, түүний хавсралт болох апостиль гэрчилгээ, Гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбарыг хавсаргасан байна. /флаш дискэд авагдсан “**” ХХК-ийн тендерийн баримт бичиг/

3.7. ТШЗ-ийн 16.2-т Ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм, Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж заасан байх ба уг шаардлагын дагуу **” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүргүүлсэн байна.  Уг улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийн хэсэгт “2024.11.20-ны өдөр ** гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

3.8.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13 дугаар зүйлийн 13.2-т Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: 13.2.2-т “оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/”, 16.3-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ”, 16.3.1-т “хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг; 16.3.2-т “гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг” гэж тус тус зааснаас үзвэл зөвхөн гадаадын хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн паспорт, түүнийг орлох баримт бичиг”-ийг ирүүлэх талаар тусгажээ. /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал 154-194 дүгээр тал, ТШББ-т/

3.9.Монгол улсын хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаад паспортыг ирүүлэх, түүнийг Монгол хэлээр орчуулах, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт заагаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас “...ерөнхий захирал **ийн паспортыг заавал ирүүл гэсэн зүйл ТШЗ дээр байхгүй...” талаар шүүх хуралдааны  хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн.

3.10. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн, ТШББ-т заагаагүй баримтанд тендерийн Үнэлгээний хороо дүгнэлт өгсөнийг тендерийг мэргэжлийн түвшинд хянан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж дүгнэхээр байна. 

3.11. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан тендерийг хүргүүлсэн байхад “ТШЗ 12.1-т заасан шаардлага хангахгүй” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ.

3.12. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж зааснаар тендерийн Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг зохих түвшинд хийгээгүй гэж дүгнэх үндэслэлтэй. 

3.13. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэсэн зарчимд нийцээгүй байна.

3.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тендер хянан үзэх шатанд гаргасан алдаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул “**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг  хангах үндэслэлгүй байна.

4.  “**” ХХК-ийн санал болгож буй ** тос нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тендерийн Үнэлгээний хороо хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй тухайд:

4.1. “**” ХХК-ийн тендер шалгаруулалтад ирүүлсэн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягтад “санал болгож буй тосны 5 үзүүлэлтийг харуулсан мэдээллийг тусгасан бөгөөд United Hydro 600 /SHPD/ гэх танилцуулгад 9 үзүүлэлт бүхий техникийн үзүүлэлтийг тусгасан боловч  тендерийн баримт бичигт заасан 20 үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухайгаа нотлосон баримтаа захиалагчид хүргүүлээгүй байна.

4.2.Тодруулбал, нэхэмжлэгч талаас: “... “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтоос үзэхэд захиалагчийн шаардсан 20 техникийн үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа гэх боловч  түүнийг нотлосон баримт болох үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудаст байгаа мэдээлэл, холбоосыг зааж өгөөгүй, үйлдвэрлэгчийн албан ёсны нийтэд мэдээлсэн стандарт шаардлагаас зөрүүтэй байгаад ямар нэгэн тайлбар ирүүлээгүй байхад үүнийг хариуцагч буюу Захиалагч болон Үнэлгээний хороо нь бүрэн шалгаж нягтлаагүй...” гэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар захиалагч болон “**” ХХК-ийн тендерийн баримт бичигт авагдаагүй байна.

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно. 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”,  17.2.1-т “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”,  17.2.2-т “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 17.3-д “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17.4-д “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасны дагуу ирүүлсэн баримтыг бүхэлд нь хянан үзээгүй алдаатай шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

4.4. Иймд захиалагчийг  “**” ХХК-ийн санал болгож буй тендер /бараа/ нь тендерийн баримт бичгийн техникийн үзүүлэлтэд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа талаар үзүүлэлт тус бүрээр хянан үзэж, дүгнэх шаардлагатай гэж үзлээ.

4.5. “**” ХХК нь нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/10123 дугаар бүхий албан бичгээр “**” ХХК-д хариу хүргүүлсэн тул шүүх урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                         ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1,  17.2.2, 17.3, 17.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202450102214 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч  “**” ХХК болон гуравдагч этгээд “**” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн  хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийдвэр болон зөвлөмжийн нэхэмжлэгч “**” ХХК болон гуравдагч этгээд “**” ХХК-д холбогдох хэсэг, үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүйд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэл болох “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **ийн гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн байх боловч баталгаат орчуулгагүй гэсэн нь  ТШЗ-ны 12.1-т заасан шаардлагыг хангаж буй эсэх, гуравдагч этгээд “**” ХХК-ийн санал болгож буй бараа /тендер/ нь тендерийн баримт бичгийн техникийн үзүүлэлтэд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа талаар үзүүлэлт тус бүрээр хянан үзэж, 1 /нэг/ сарын дотор дахин шинэ акт гаргахыг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ