Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00001

 

“Г Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00841 дүгээр шийдвэртэй,

 нэхэмжлэгч “Г Л” ХХК /Захирал А.О/-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр анги /Захирагч У.Б/-д холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Х.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн агуулга:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 137.518.509 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл:  “Манай компани 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 000 дүгээр ангитай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан.

3. Гэрээний дагуу тээвэрлүүлэгч талын захиалгын дагуу Дорноговь аймаг Зүүнбаянаас Өмнөговь аймгийн Манлай сум буюу тээвэрлүүлэгчийн заасан газарт /ПК110+000-ПК165+000км/ бетон дэр тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь гэрээт ажлыг хүлээн авч ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн.

4. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зорих ёсоор биелүүлж бараа материалыг тээвэрлүүлэгчийн заасан газар хүргэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн.

5. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 137,518.509 төгрөгийг төлөхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчин хохироож байна.

6. Иймд Зэвсэгт хүчний 000 дүгээр ангитай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 137,518.509 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас гаргуулж нэхэмжлэгч “Г Л” ХХК-д олгож өгнө үү.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Тус анги нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу санхүүжилт орж ирсэн тухай бүрд нь шилжүүлж байсан.

2. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу Дорнод аймгаас тээвэрлэсэн нийт тээвэрлэсэн дэр бетоны 1 тн/км тээврийн хөлсийг 137 төгрөгөөр тооцон урд шилжүүлсэн төлбөрийг хасаад үлдэгдэл 83,597,720 /наян гурван сая таван зуун ерөн долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийн өглөгтэй байна.

3. Тус ангийн хувьд дээд шатны байгууллагаас өгсөн санхүүжилтийг гэрээ байгуулсан тээвэрлэгч компанид тооцон олгох үүрэгтэй тул тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийн зөрүүг төлөх боломжгүй. Нэмэлт гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр тооцоог дээд шатны байгууллагаас өгсөн санхүүжилтийн дагуу барагдуулах болно.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:  “Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 000 дүгээр анги /тээвэрлүүлэгч/ нь Монгол Улсын Иргэний хуулийн 380-389 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2020 оны А/278 дугаар тушаал, мөн даргын 1/2784 дүгээр албан мэдэгдэл, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын 2020 оны 890 дүгээр албан бичгийг үндэслэн талуудын хүсэл зорилгын дагуу “Г Л” ХХК-ийн захирал А.О-тай 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ №202 байгуулсан.

5. Гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах “Дорнод Ган Хийц” ХХК-ний үйлдвэрийн талбайгаас Өмнөговь аймгийн Манлай сумын төмөр замын бүтээн байгуулалтын талбайд дэр бетоныг 1тн/км-ийг 151 /нэг зуун тавин нэг/ төгрөгөөр тооцон тээвэрлэлтийг зохион байгуулан хамтран ажиллаж байсан.

6. Санхүүжилт удааширсан, зардал өссөн шалтгаанаар “Монголын төмөр Зам” ТӨХК-аас Дорнод аймгийн Чойбалсан хотоос хийсэн тээвэрлэлтийн зардлыг бууруулах зорилгоор “Монголын төмөр Зам” ТӨХК-ний Санхүү эрхэлсэн захирал Н.Д, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга дэд хурандаа Б.Ж, ангиудын санхүүгийн дарга нар, тээвэрлэгч талуудын захирлуудыг байлцуулан “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээвэрлэлтийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн дараах нэмэлт, өөрчлөлтийг ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Дорнод аймгаас тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөрийг 434,705,335.54 төгрөг байсныг буруулж 397.123.383.90 /гурван зуун ерөн долоон сая нэг зуун хорин гурван мянга гурван зуун наян гурван төгрөг ерөн мөнгө/ төгрөг болгон өөрчлөлт оруулахыг харилцан тохиролцон шийдвэрлэсэн.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00841  дүгээр шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 137518509 төгрөгийг гаргуулан “Г Л” ХХК-д олгож,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас 845550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г Л” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Талуудын гэрээний үнийн дүн зөрүүтэй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нэхэмжилсэн 137,518,509 төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Талуудын хооронд маргаан гарвал эвлэрэх эрхтэй. “Г Л” ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 490 дүгээр албан бичгээр дахин тооцоо нийлж, эцсийн дүн гаргаж өгөх тухай хүсэлт хүргүүлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус компаниас манайд ямар нэг хариу ирээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Г Л” ХХК нь хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангитай байгуулсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ’’-нд заасан үүргээ гүйцэтгэж 1 тн.км-ийг 151 төгрөгөөр тооцож нийт 466,798,376 төгрөгийн тээвэрлэлт хийсэн гэж тайлбарлаж нотлох баримтууд болох 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэл, Дорнод аймгийн Чойбалсан хот “Дорнодын ган хийц" ХХК-ийн үйлдвэрийн байрнаас тээвэрлэлт хийсэн бүртгэл зэргийг хавсаргаж ирүүлсэн байна гэж заасан нь нэхэмжлэгч тал хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчаар баталгаажуулаагүй дүн 466,798,376 төгрөгөөс тооцож 137,518,509 төгрөгийг гаргасан.

4. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээвэрлэлтийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн дараах нэмэлт, өөрчлөлтийг ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Дорнод аймгаас тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөрийг захирал А.О, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирал хурандаа У.Б  нар баталгаажуулан шийдвэрлэсэн. Иймд талуудын байгуулж батлагдсан гэрээний дүнгээр хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр анги тооцоо хийнэ.

5. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Шүүх энэ хуулийн 38.3-д заасан арга хэмжээг авах эрхтэй. Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно.” гэж заасан тус аймаг дахь анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 491 дүгээр албан бичгээр талууд дахин тооцоо нийлэх хүртэл 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болохоор товлосон шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн боловч тус хүсэлтийг хангахгүй дээрх шийдвэрийг гаргасан. Иймд тус анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйлийг баримтлаагүй, хэргийг нэг талын нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлаагүй, 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу маргааны үндэслэл, болсон баримтын талаар талууд тооцоо нийлэх, мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэж үзэж байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад заасан төлбөрийг төлөхийн тулд талуудын зөрүүтэй байгаа төлбөрийн талаар тооцоо нийлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт өгсөн боловч хуулийн 25.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн зарчмыг хангах, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангасан байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1. Нэгдүгээрт  эвлэрэх хэрэгтэй, тооцоо нийлэх талаар 2021 оны 490 дугаартай албан бичгийг “Г Л” ХХК-д хүргүүлсэн гээд байгаа боловч манайд одоо хүртэл ийм бичиг ирээгүй байна. Хэрэгт энэ тухай авагдсан нотлох баримт байхгүй. Тооцоо нийлэх тухай хүсэлтээ шүүхэд 11 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн боловч шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр  шийдвэрлэсэн талаар сая ярилаа.

2. 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хурал дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 000 дүгээр анги ирээгүй.

3. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг хэлэлцээд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хангалттай хугацаа байсан. Энэ хугацаанд төлбөр тооцоогоо нийлэх боломжтой байсан ч одоо хүртэл нийлэхгүй байж байгаад шүүх хурлын өмнөх өдөр буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хурал товлогдсон байхад хойшлуулаад  төлбөр тооцоо нийлэх гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд хүсэлтийг нь хангахгүй шийдвэрлэсэн. Энэ талаар дутуу тайлбарлаж байна. Хүсэлтийг хангаагүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрээтэй холбоотой нэмж хэлэхэд яагаад тухайн үед нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийх болсон бэ гэхэд манайх бас олон жолооч нартай гэрээ хийсэн,  нөгөө хүмүүс ар гэр амьдралтай, мөнгөө нэхээд байдаг. Тэгсэн ч жоохон алдагдал хүлээгээд ч хамаагүй мөнгөө өнөөдөр шилжүүлээд өгнө гэж бодоод нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулсан. Энэ бол гол үндэслэл.

6. Гэтэл мөнгө нь орж ирээгүй. 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ямар ч мөнгө орж ирээгүй байж байгаад шүүхийн шийдвэр гарангуут нь мөнгөө шилжүүлсэн. 90 сая 300 хэдэн мянган төгрөг шилжсэн. 

7. Манай нэхэмжлэлээр 137 сая төгрөг байгаа. 04 дүгээр сард нэмэлт өөрчлөлтийн гэрээг 000 дүгээр анги үүргээ биелүүлэхгүй болохоор цуцлаад, цуцалсан мэдэгдлээ хүргүүлсэн байгаа.

8. Хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, “Г Л” ХХК нь  Зэвсэгт хүчний 000 дүгээр ангид холбогдуулан  “Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 137,518,509 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдээхүүн дүгнэв.

 

            2. Тээвэрлэгч “Г Л” ХХК болон тээвэрлүүлэгч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр тээвэрлүүлэгч талын захиалгын дагуу тээвэрлэгч нь Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Манлай сум буюу тээвэрлүүлэгчийн заасан газарт /ПК110+000-ПК165+000км/ бетон дэр /1 тн/км-ийг 151 төгрөгөөр тооцон/ тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь гэрээт ажлыг хүлээн авч, ажлын хөлс төлөх харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар маргаагүй байна.

3. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Г Л” ХХК нь 466,798,376 төгрөгийн ачаа тээвэрлэлт хийсэн байх ба хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр анги нь түлшний 109,279,867 төгрөг, дансаар шилжүүлсэн 220,000,000 төгрөг, нийт 329,279,867 төгрөгийг тээвэрлэгч “Г Л” ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон “Г Л” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэх, хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас дэр бетоны тээврийн зардалд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 9 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал зэргээр тогтоогджээ.

4. Гэвч хариуцагч талаас  гэрээний талууд харилцан тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ачаа тээвэрлэлтийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 дугаартай 2020/202 гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, уг гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1 дэх заалтаар “Ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Дорнод аймгаас Тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөр болох 437705335.54 төгрөгийг 397123383.90 төгрөг болгон өөрчлөлт оруулж, энэхүү өөрчлөлтийн дагуу Дорнод аймгаас тээвэрлэсэн дэр бетоны 1тн/км тээврийн хөлсийг 137 төгрөгөөр тооцон урд шилжүүлсэн төлбөрийг хасаад үлдэгдэл 83597720 төгрөгийн өглөгтэй гэж маргажээ.

5. Зохигчид нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ачаа тээвэрлэлтийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 дугаартай 2020/202 гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, уг гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1 дэх заалтаар “Ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Дорнод аймгаас Тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөр болох 437705335.54 төгрөгийг 397123383.90 төгрөг болгон өөрчлөлт оруулахыг харилцан тохиролцон шийдвэрлэв, гэж нэмэх” гэж өөрчлөлт оруулсан байна.

6. Нэхэмжлэгч талаас дээрх нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулах болсон үндэслэлээ “компанийн зүгээс тээврийн жолооч нарт хөлс төлөх үүднээс хэдийгээр алдагдалтай байсан ч өнөөдөртөө багтаад төлбөрөө хийнэ” гэсэн учраас тухайн үед зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж тодорхойлсон бөгөөд  Зэвсэгт хүчний 000 дүгээр анги төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй учраас үндсэн гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачилгаар 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ачаа тээвэрлэлтийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 дугаартай 2020/202 гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг цуцлах болсноо 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/30 дугаар албан бичгээр мэдэгджээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан тул тээвэрлэгч нь нэмэлт гэрээнээс татгалзах эрхтэй байна. Түүнчлэн мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд ингэж мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул  нэхэмжлэгч “Г Л” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21-30 дугаартай “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ачаа тээвэрлэлтийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 дугаартай 2020/202 гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлж гэрээнээс татгалзаж байгаагаа хуулийн дагуу тээвэрлүүлэгч талд мэдэгджээ. Хариуцагч Зэвсэгт хүчний 000 дүгээр анги уг мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч тээвэрлэгчид хариу өгөөгүй бөгөөд тээвэрлүүлэгч нь тээвэрлэгч компанийг гэрээнээс татгалзсан тухай мэдсэн боловч нэмэлт гэрээг татгалзлын үндэслэлээ болгож байгаа тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

                7. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 137,518,509 төгрөгийг гаргуулан “Г Л” ХХК-д  олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

8. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2021 оны 12 дугаар сард “Г Л” ХХК-д  90,321,829.68  төгрөгийг төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан байна.

9. Хариуцагчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд  дээрх эрх үүргийг болон  шүүх хуралдааны товыг  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцож, хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байна. Иймээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                             М.НЯМБАЯР

 

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ