Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДМШ/13

 

*******,******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

прокурор Т.Нансалмаа,

шүүгдэгч *******,*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Оргил /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Оргил, Ц.Оргил гаргасан гомдлыг үндэслэн *******,******* нарт холбогдох 2317001200118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З овогт А Ш - оны - дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн М суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Г- аймгийн Ц хэлтсийн Ш сумын Ц хэсгийн зохицуулагч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Ш- сумын - дүгээр баг, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

Монгол Улсын иргэн, Б овогт Т Х - оны - дугаар сарын --ны өдөр Дорнод аймгийн Х суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Г аймгийн Ц хэлтсийн Ш сумын Ц хэсгийн цагдаа жолооч  ажилтай, ам бүл -, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Ш сумын - дүгээр баг,- тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД:/, 

Яллагдагч Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Ш нь Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Ш сумын - дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж цагдаа жолооч Т.Х бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Т.Х нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын - дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж зохицуулагч А.Ш бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: А.Ш, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт А Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Т Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Т.Х оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш, Т.Х нараас  1 275 514 /нэг сая хоёр зуун далан таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 637 757 /зургаан зуун гучин долоо мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б олгож, хохирогч Ж.Б нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Ш, Т.Х нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагдаагийн албан хаагчийн хар өнгийн “POLICE” гэх бичигтэй хээрийн китель, гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантааз 1 ширхэг, “POLICE” гэх бичигтэй поло фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлж,  шаргал өнгийн хүрээтэй 1 талын шил нь унасан нүдний шил 1 ширхэгийг шүүгдэгч А.Ш буцаан олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль сахиулагч буюу Цагдаагийн алба хаагч нь хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавих шаардлагаа албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зорилгоор эрх бүхий газарт буюу цагдаагийн байгууллагад хүргэж тухайн гэм  буруутай үйлдлээр хууль зөрчсөн үйлдлийг нь шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэй байдаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ хэн нь гэм буруутай үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон юм бэ?, хэн нь эхэлж хууль бус үйлдэл, үйл ажиллагаагаа гаргасан юм бэ? гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль зөрчсөн үйлдлүүд дээр огт дүгнэлт хийгээгүй. Нэг талыг барьж зөвхөн цагдаагийн алба хаагчдыг буруутгаж дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад цагдаагийн алба хаагч А.Ш, Т. нар нь анх хохирогч Ж.Б шаардлага тавихдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх, тухайн шаардлагаа албан үүргийнхээ эрх хэмжээнд хэрэгжүүлсэн эсэх, тухайн албадлага хэрэглэх үндэслэл хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн эсэх гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай байсан. Энэ дээр огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг нь шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ хэргийн зүйлчлэлийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд ‘’Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан’’ гэмт хэргийн агуулгаар хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан зохицуулж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үздэг. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах эрх бүхий байгууллагад хүргэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэм хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тухайн үед Ж.Б зөрчил эхлээд үүсгэж эхэлсэн. Тухайн зөрчлийг таслан зогсоохоор шаардлага тавихад цагдаагийн алба хаагчдын биед хүч хэрэглэх, гэмт хэргийн шинжтэй үг үйлдэл гаргаж байсан учраас цагдаагийн алба хаагчид үг үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор албадлага хэрэглэсэн гэж байна. Энэ албадлага нь баривчлах, таслан зогсоох хэм хэмжээг гэмт хэрэг гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Дараагийн дугаарт анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х үйлдлийг дүгнэхдээ шүүгдэгч Т.Х нь Ж.Б биед халдаагүй гэж мэдүүлдэг боловч Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын хэсгийн цагдаагийн хэсгийн байранд хохирогч Ж.Б нуруун дээр өвдөглөж, түүнийг футболкны хойноос татаж боосон нь хохирогч Ж.Б, гэрч Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Х, шүүгдэгч А.Ш гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогч Ж.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь юу вэ? гэхээр Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Т.Х хувьд тухайн үйлдлийн хувьд тухайн хэрэгт санаатай гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Харин хохирогч Ж.Б үйлдлийг таслан зогсоохын тул албадлага хэрэглэх шийдвэрийг түүнийг удирдах албан тушаалтан буюу дээд шатны албан тушаалтан офицер А.Ш шийдвэр гаргана. Тухайн шийдвэрийн дагуу бусад алба хаагч нартаа үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ үүрэг чиглэлийнх нь дагуу Т.Х нь хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангах, хамтрагчийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор халдлагыг арга хэрэглэсэн байна. Энийг санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад Т.Х үйлдэл нь үндэслэлгүй байгаа юм бэ? гэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлагын 2.1.4-д аюулгүйн тойрог гэдэг ойлголцлыг зохицуулсан байгаа. Аюулгүйн тойрогт нь ямар нэгэн байдлаар халдсан тохиолдолд цагдаагийн алба хаагч албадлага хэрэглэх эрх нь нээгддэг зохицуулалттай. Мөн дээрээс нь Цагдаагийн ерөнхий газрын газрын 2019 оны А/126 дугаар тушаалаар баталсан цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм гэж байгаа. Дотоод албаны дүрмийн 2.2-т зааснаар цагдаагийн алба хаагч нь дээд шатны албан тушаалтны гаргаж ирсэн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүний дагуу Т.Х дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлж энэ үйл ажиллагаанд оролцсон болохоор түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар авагдсан хохирогч, гэрч, яллагдагч, гэрч Т, Ц-О О,*******,*******,******* нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн хэдий боловч шийдвэр гаргахдаа*******,******* гэх гэрчүүдийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Тэд нарын мэдүүлэг дээр үндэслэж хэргийн бодит байдал дээр дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ж.Б, түүний ээж*******, түүний дүү нарын мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан байна. Ямар учраас энэ*******,******* нарын мэдүүлгийг шийдвэр гаргахдаа үнэлээгүй юм бэ? гэдгээ шийдвэртээ тайлбарлаагүй орхигдуулсан байдаг. Хэргийн материалд авсан мэдүүлгүүдээс харьцуулаад үзэхээр нь шинэ худалдааны төвийн гадаа болсон үйл явдлыг худлаа мэдүүлээд байгаа нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл И мэдүүлгээр шийдвэр гаргасан. Мөн Д мэдүүлэг, хохирогч Ж.Б нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн зөрүүтэй байдлыг нь дүгнэхгүйгээр шийдвэр гаргачихсан байдаг. Юугаараа зөрүүтэй байдаг юм бэ? гэхээр хохирогч Б.Б мэдүүлэхдээ тухайн цагдаагийн албан хаагчдын албадлагын улмаас өөрийн биед учирсан гэмтлээ цагдаагийн хэсгийн байрны гадаа болсноор тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Гэтэл Д нь мэдүүлэхдээ цагдаагийн хэсгийн гадаа биш цагдаагийн хэсгийн дотор болсон мэтээр мэдүүлсэн байдал мэдүүлгүүдээс нь харагдаад байдаг. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ш, Т.Х нар албан үүргээ хэрэгжүүлж албадлага хэрэглэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэнэ гэдгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн юм бэ? гэдэг дээр хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын үйлдлийг Цагдаагийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудтай харьцуулаад үзэхээр хууль зөрчсөн гэх үйл баримт хууль зөрчсөн гэх үйлдлүүд тогтоогдохгүй байгаад байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс ч хэлдэг. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийн 48.1.2 дэх хэсэгт нэн тэргүүнд хэрэглэхгүй байх гэсэн заалтаа зөрчсөн байна гэж үзсэн. Цагдаагийн алба хаагчид албадлага хэрэглэхийн тулд хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхээр цагдаагийн алба хаагчид удаа дараа хохирогч Ж.Б шаардлага тавьсан. Тухайн үед болж байсан үйл явдлуудыг тайлбарлаж өгөх гэсэн боловч Ж.Б нь цагдаагийн алба хаагчдын тавьсан тайлбарыг огт сонсохгүйгээр тэдэн рүү дайрч давшлаад, харааж, заналхийлээд байсан гэдэг нь тухайн үед байсан Т, Ц-О гэх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсоор байтал цагдаагийн алба хаагчид нэн тэргүүнд хэрэглэхгүй байх гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа  Ж.Б үйлдэл хууль ёсны эсэх, хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байж шүүгдэгч нарыг хохирогч Ж.Б бичиг баримтыг шалгаагүй байж албадлага хэрэглэсэн гэх тайлбараар тэдний үйлдлийг дүгнэх боломжгүй. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хүний нэр хаяг тодорхой үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрлийг тодруулах талаар бичиг баримтыг шалгах гэсэн энэ заалтыг зөрчжээ. Бичиг баримтыг нь шалгахдаа тухайн үед ямар учиртай хүн бэ? гэдгийг нь тодруулахад Ж.Б нь цагдаагийн албан хаагчдад юу ч хэлээгүй, өөрийгөө ямар учиртай, ямар зорилготой гэдгийг тайлбарлаагүй. Зөвхөн өөдөөс нь дайрч давшлаад байсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсоор байтал анхан шатны шүүх ингэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэл тайлбараас үзвэл шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь хохирогч Ж.Б хууль бус үйлдлийг таслан зогсоох, түүнийг эрх бүхий байгууллагад хүргэж хууль зөрчсөн үүргийг нь шалган шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актад заасан үндэслэл, журмын дагуу албадлага буюу биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэсний улмаас түүнд хөнгөн хохирол учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 48.4, 85.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч А.Ш, Т.Х нарыг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлтийг дэмжиж байна. Энэ хэрэгт миний үйлдэл оролцоог ялгаж салгаагүй шууд хүний биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ээжийнх нь мэдүүлгээр шийдсэн. Тухайн үеийн бичлэг, хохирогч Ж.Б үйлдэл зэргийг шалгуулъя гэхэд хүлээж аваагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бүлэглэж Ж.Б биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг дээр би хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангаж Ж.Б үйлдлийг таслан зогсоох зорилгоор оролцож түүний биед нь хор хохирол учруулахгүйгээр биеийн хүч хэрэглэснийг худал мэдүүлэг гүтгэлгээр шийдвэрлэсэн гэж үзэж байгаа гэв.

Шүүгдэгч А.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар гаргасан. Сая гомдлоо тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж сая ярьлаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан хуулийг хэрэглэсэн. Юу гэж байна гэхээр шүүгдэгч нар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж гэдэг зүйл заалтаар анхан шатны шүүх шийтгэсэн байгаа. Тэгэхээр хуульд заасан зүйл заалтаар шийтгэсэн гэж хэлэхээр байгаа. 2-рт гэрч, хохирогч нарын нотлох баримтын үнэн зөвийг үнэлсэнгүй гэж байгаа. Хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын аль аль талаас нь цагаатгах, яллах байр суурьнаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад бүх шаардлагатай гэрч, хохирогч нарыг асууж мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 3 гэрчийг шүүх хуралдаан дээр оруулсан. Мөн хохирогчийн талаас гэрч ээж Д нь оруулсан байгаа. Эдгээр хүмүүс болон бусад хэрэгт авагдсан гэрч нар өөрсдийнхөө харсан, үзсэн талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн байгаа. Үүнийг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн. Дараагийн дугаарт Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу шүүгдэгч нар ажилласан. Тийм учраас энэ хууль журамд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцдэг. Одоо ч бас гомдлоо гаргаж байна. Яагаад прокурор өнөөдөр цагдаагийн алба хаагч нарыг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу ажиллаагүй юм бэ? гэж дүгнэсэн гэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэж заасан. Гэхдээ энэ заалтын дагуу шүүгдэгч нар хүнд тодорхой үйлдэл хийхээс татгалзах ёстой байтал өөрсдөө хохирогчийг хүчээр авч явж зодсон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тийм учраас Цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг бол шүүгдэгч нарт хамаарахгүй байна гэж үзээд байгаа. Мөн Цагдаагийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ гэж байгаа, мөн 48.1.2 дахь хэсэгт нэн тэргүүнд хэрэглэхгүй байх гэсэн энэ заалтыг зөрччихөөд байна. Яагаад гэхээр тухайн үед Ж.Б биед биеийн хүч, тусгай хэрэгслийг нэн тэргүүнд хэрэглэх шаардлага тухайн цаг хугацаанд байгаагүй. Зөвхөн яагаад цахилгаан утас тасалсан юм, нэг удаа пизда гэж хэлсэн гэдгээ хохирогч хэлдэг. Ингэсний төлөө түүнийг хүчээр авч явж машинд хийж цагдаагийн хэлтэст аваачаад тусгай хэрэгсэл хэрэглэх шаардлага байхгүй байсан. Гэтэл үүнийг хууль зөрчиж хэрэглэсэн. Мөн хохирогч тухайн үед согтуу, биеэ авч явах тийм чадваргүй биш эрүүл саруул байсан. Ямар нэгэн зөрчил гаргаагүй. Зөвхөн утас яагаад тасалсан юм бэ? мэдэгддэггүй юм уу? пизда нар гэж хэлснээр тусгай хэрэгсэл нэн тэргүүнд хэрэглэх шаардлага бий болоогүй байна гэж дүгнэж байгаа. Мөн сая Цагдаагийн албаны тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт  заасан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн гэж гомдол дээр дурдагддаг. Тэгэхээр энэ эсэргүүцэл нь тогтоогддоггүй. Шүүгдэгч нар Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн дагуу зүй ёсны шаардлага тавиагүй. Харин хууль бус шаардлага тавьж хүчээр машинд чихэж суулгаж, цагдаагийн хэсэг рүү чирч оруулаад хоёр гарыг нь нүүрэн тус газар нь гавласан, шүүгдэгч А.Ш нь хохирогчийн чихнээс татаж, хүзүү толгойг нь хажуу талд нь эргүүлэх завж руу гараа хийх, дагзны ар хэсэгт дэвсэх, шүүгдэгч Т.Х нь хохирогчийн нуруун дээр өвдөглөх, футболкны захнаас нь хойш татах, хоолойг нь боох зэрэг идэвхтэй үйлдлээр шүүгдэгч нар нэгдэж бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байгаа юм. Тийм учраас өнөөдөр шүүгдэгч А.Ш, Т.Х нарыг цагдаагийн албаны ажил үүргээ гүйцэтгэж авахдаа Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлсэн журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэг дотор байхгүй байгаа гэдгийг бас хэлмээр байна. Иймд цагдаагийн алба хаагч нарыг зөвхөн Цагдаагийн албаны тухай хууль болон Аюулгүйн тойргийн журмын дагуу хүч хэрэглэсэн гэж үзсэн гээд өмгөөлөгч хэлж байна. Анхнаасаа цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх явцад Цагдаагийн албаны тухай хуулийг тэр чигээр нь зөрчих үйл ажиллагаа явагдсан байна гэж үзэхээр байгаа. Сая бас гомдолд ярьж байгаа тэр зүйлчлэлийг дүгнэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж байгаа. Гэтэл энэ хэргийн хохирогч Ж.Б гэмт хэрэг үйлдээгүй, урьд өмнө оргож зайлаагүй, түүнийг баривчлах, таслан зогсоох ямар нэгэн үйлдэл энд гараагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэлмээр байна. Ерөнхий тайлбараараа шүүгдэгч нар Цагдаагийн албаны тухай хууль, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгчөөс гаргасан гомдлуудад дурдсан асуудлыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоол шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулгүй шинж чанар, хувийн байдлыг нь харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдсэн гэж дүгнэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдэх тогтоол шударга ёсны зарчимд нийцсэн, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Х болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, хэргийн бүх ажиллагааг хянахад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Ш, цагдаа жолооч Т.Х  нар нь Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж, бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Хэргийн үйл баримт болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулан дүгнэвэл шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, Цагдаагийн албан хаагч нь тусгай субъект болохын хувьд дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь “цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах” үүрэгтэй  гэж,

Мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т “цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг цагдаагийн төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ”, 96  дугаар зүйлийн 96.1-д цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж .... -д гомдол гаргах эрхтэй гэж заасан зэргээс харахад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаас өмнө Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн албан хаагч нарын үйлдэлд албаны дотоод хяналт шалгалтыг явуулах шаардлагатай.

2. Хохирогч нь цагдаагийн албан хаагч нарыг хэл амаар доромжлох, заамдаж авах, биед нь халдаж дүрэмт хувцсыг урах, гудамж талбайд орилж хашгирах, зүй бус хараалын үг хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан байхад хуульд заасан арга хэмжээ тооцох. 

3. Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй”, 85 дугаар зүйлийн 85.3-д цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй”  гэж тус тус  заажээ.

Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу цагдаагийн албан хаагч нарын үйлдэл нь хууль ёсны байна уу, хууль бус байна уу, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үү, үгүй юу гэдгийг дүрэм журмын хүрээнд сайтар шалгаж тогтоох шаардлагатай.

Хэрэгт шүүгдэгч нарын үйлдэлд тус хэлтсээс албаны шалгалт явуулж байна гэсэн ахлах мөрдөн байцаагч Э.Майнбаярын бичсэн илтгэх хуудас, шүүгдэгч нар нь албаны шалгалт хийж байгаад түдгэлзүүлсэн гэсэн мэдүүлэгээс өөр баримт байхгүй байх тул хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагчдын үйлдэлд албаны шалгалт явуулсан эсэх нь тодорхойгүй байна.

4. Түүнчлэн яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэн гэж үзэж,  хохирогчид учруулсан гэмтлийг яг адилхан дүгнэж бичсэн нь учир дутагдалтай байх тул шүүгдэгч тус бүрийн оролцоо болон учруулсан гэмтлийг тус тус ялгах, боломжтой бол хэний үйлдийн улмаас хөнгөн гэмтэл учирсан болохыг шинжээчээр дахин гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийсний эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх ёстой.  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, тогтоолгүй хэргийг шүүхэд  шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэрийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлд хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгон хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.НАРАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧ                                                    А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧ                                                    О.ОДНЯМАА