Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00003 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00865 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ц сумын ахлах сургуулийн /тухайн үеийн нэршлээр/ захирлын 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 37 дугаар тушаалаар тус сургуульд бага ангийн багшаар томилогдон, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан 14 дэх жилдээ ажиллаж байна.

3. Ажиллах явцад ажлын аливаа алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр анги даан авч даасан ангиа амжилттай төгсгөж 2 анги дэвшүүлсэн. Миний даасан ангид харааны 70 хувийн алдагдалтай хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхэд байсан бөгөөд би уг хүүхэдтэй тусгайлан ажилласны хүчинд бусад хүүхдүүдийн адилаар нэг анги амжилттай төгссөн.

4. Гэтэл энэ жилийн хичээлийн жил эхлэх  2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд очиход захирлын зүгээс “танай анги 15 сурагчтай, тиймээс танай ангийг өөр ангид нийлүүлсэн тул ахлах, дунд ангиудад дуу хөгжим, дүрслэх урлаг, эрүүл мэнд гэх дунд ангийн багш нараас илүү гарсан цагийн багшаар ажиллаж хичээл заа” гэж миний үндсэн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

5. Хичээлийн жил эхлэхэд шинээр Е.Г , Х.Т  гэх 2 багшийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шинээр бага ангийн багшаар томилон ажиллуулж байгаа ба энэхүү шинээр томилогдсон багш нарыг ажилтай болгох үүднээс 14 жил үндсэн багшаар ажилласан намайг золиосолж, миний хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдсан явдалд туйлын гомдолтой байна.

6. Ажил олгогч нь миний Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхэд халдан үндсэн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлөн, өөр ажил руу буруу шилжүүлэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байх тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

7. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар Х.А намайг илүү цагийн буюу цагийн багшийн ажилд үндэслэлгүй шилжүүлэн томилсон. Энэхүү тушаалаар миний үндсэн ажил болох бага ангийн багшийн ажлаас цагийн багшийн ажилд үндэслэлгүй шилжүүлэн Х.А миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.

8.Х.А би энэхүү тушаал болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.А намайг миний урьд эрхэлж байсан албан тушаал болох Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1.Х.А багшид дунд ангиас цаг өгөөгүй, бага ангийн илүү цагуудаас 19 цаг өгсөн. Өнгөрсөн жил ковид-19 цар тахалтай холбоотой 6 настай малчдын хүүхэд 1 дүгээр ангид ороогүй, энэ жил 7 наснаас орж байгаатай холбоотойгоор энэ жил нийт 190 хүүхэд 1 дүгээр ангид элсэн орсон.

2. Урьд нь нөхөөсөөр ажиллаж байсан Х.Т , Е.Г  нар 1 дүгээр анги дааж авч байгаа. 6 бүлэгт нийт 190 сурагч сурч, 1 дүгээр ангид нийт 6 багш ажиллаж байна.

3.Х.А нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн  хооронд 3 хоногийн цалинтай чөлөө авсан ба 2021 оны 9 дүгээр сарын 13-аас 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлалаар хичээлээс чөлөөлөгдөж байсан тул ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн цалинг хугацаанд нь үндсэн багшийн цалингаар хийснээр нь олгож байгаа болно. Иймд Х.А ажлаа тасралтгүй хийж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. 

4. Манай сургуульд бага ангийн багшаар ажилладаг Х.А нь 2019-2020 оны хичээлийн жилд 5 дугаар ангийг 27 сурагчтай төгсгөж, 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр анги цуглуулсан боловч ангид нь хүүхэд цуглахгүй 15 сурагчтай 1 дүгээр ангийг төгсгөсөн.

5. Тухайн үед ковид-19 цар тахалтай холоотой төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг хориглосон Короновируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар захирлын дэргэдэх зөвлөлөөс удаа дараа сануулж 15 сурагчтай 1 жил ажиллуулсан.

6. Бусад 4 ангийн Н.А  багштай 1а бүлэг 33 сурагчтай, С.А  багштай 1б бүлэг 36 сурагчтай, Х.Г  багштай 1в бүлэг 27 сурагчтай, Б.Х  багштай 1г бүлэг 32 сурагчтай нийт 1 дүгээр ангийг 143 сурагч төгссөн. Энэ жил 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд нийт 1644 сурагч үүнээс бага ангид 883 сурагч 27 бүлэг, дунд ахлах ангид 27 бүлэгтэй тул анги танхим хүрэлцэхгүй байна.

7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ыг баталсан ба журмын 4-т анги дүүргэлтийг бага ангид 30-35 хүүхэдтэй байх шаардлагатай гэж заасан тул 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Х.А багшийн ангийн 13 сурагчийг өөрийн параллель ангийн багш нар болох Н.А  багшид 1 сурагчийг, С.А  багшид 1 сурагчийг, Х.Г  багшид 11 сурагчийг, Х.Х  багшид 2 сурагчийг тус тус хувааж өгсөн.

8.Х.А нь олон жил ажилласан багш учраас бага ангийн илүү цаг болох 5 а,б,в,г,д ангиудын эрүүл мэндийн хичээлийн, 4 а,б,в,г,д (тус бүр 2 цаг) ангиудын дүрслэх урлаг хичээлээс 10 цаг, 4 г,д (тус бүр 2 цаг) ангиудын хөгжмийн хичээлийн 4 цаг нийт 19 цаг өгч үндсэн багшаар ажиллуулж байгаа.

9. Уг нь 1 дүгээр ангид дүүргэлтийг хангаж чадахгүй хүүхэд цуглараагүй багшийг ажлаас нь бүрмөсөн чөлөөлөх ёстой байсан.

10.Х.А Боловсролын газрын даргад бас өргөдөл гаргаж Г.А  дарга биечлэн ирж, сургуулийн нөхцөл байдалтай танилцаж анги дүүргэлтийг хангаж чадахгүй байгаа багшийн анги хуваагдахаас өөр арга байхгүй гэдгийг дүнгийн хурлаар хэлсэн.

11. Боловсролын газрын даргад тухайн үед албан тоотоор хандаж түүний хариуг бас албан тоотоор өгсөн. Х.А багш өөрөө боловсролын салбарт ажиллаж байгаа хугацаандаа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар багшийн ёс зүйг ноцтой зөрчиж, Facebook дээр нэлээн асуудал нь ил гарч тэрнээс болж манай сургуулийн цаг зохицуулагч багш болох М.Берикгүл нөхрөөсөө салж, 3 хүүхэдтэй тусдаа амьдарч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа.

12. Энэ үйлдэл нь Х.А-ын ёс зүйгүй, арчаагүй эмэгтэй болохыг нотолж тэрнээс болж сумын ард иргэд ёс зүйгүй боловсролын доройтолд орсон багшид хүүхдээ өгөхөөс татгалзаж, анги дүүргэлтийн шаардлагыг хангахгүй болсныг тод харуулсан.

13. Боловсролын салбар хэн нэгний худлаа цалин авч сурагчдын ирээдүйтэй тоглоом хийж явдаг газар биш, харин хүүхдийн ирээдүйг тодорхойлж чанартай, мэдлэгтэй хүмүүжил төлөвшилтэй иргэн бэлтгэх газар. Судалгаагаар тодорхойлсноор аймгийн хэмжээнд цус ойртолттой холбоотой бага ангийн бүлэг бүрд 1-2 сургуулийн хэмжээнд нийт 47 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа.

14. Манай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудал шийдэгдээгүй байсан ч багш бүр тухайн сурагчдыг өөрийн боломжийн хэрээр боловсрол олгож байгаа. Х.А багшийн нэхэмжлэлд дурдаж байсан 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь одоо хүртэл нэг ч өдөр хичээлээс хоцроогүй Х.Г  багшийн ангид суралцаж байгаа.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00865 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.А-ыг Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Манай сургуульд бага ангийн багшаар ажилладаг Х.А нь 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр анги цуглуулсан боловч ангид нь хүүхэд цуглараагүй, эцэг эхчүүд тухайн багшийн хувийн байдал, харилцаа, мэдлэг боловсролыг харгалзаж хүүхдүүдээ өгөхөөс татгалзаж, хүүхдээ өгөөгүй байсан тул сургуулийн зүгээс эцэг эхчүүдэд ойлгуулж байж арай гэж 15 хүүхэд цуглуулж өгсөн.

2. Тухайн үед Ковид-19 цар тахалтай холбоотой төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг хориглосон Короновируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар захирлын дэргэдэх зөвлөлөөс удаа дараа сануулж, сурагчид танхимаар хичээллээгүй тул анги дүүргэлтийг хангаагүй байсан ч нэг жил аргалаад бага ангийн анги удирдсан багшаар ажиллуулж байсан.

3. Энэ жил 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд нийт 1644 сурагч элсэж, үүнээс бага ангид 883 сурагч 27 бүлэг, дунд ахлах ангид 27 бүлэгтэй тул нэгдүгээрт анги танхим хүрэлцэхгүй байсан.

4. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын Цэцэрлэг, Ерөнхий Боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаал, сургуулийн дүрэм зэрэг стандарт бичиг баримтуудад бага ангийн анги дүүргэлт 30-35 хүүхэдтэй байх шаардлагатай гэж заасан тул 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Х.А багшийн ангийн 13 сурагчийг өөрийн параллель ангийн багш нар болох Н.А  багшид 1 сурагчийг, С.А  багшид 1 сурагчийг, Х.Г  багшид 11 сурагчийг, Б.Х  багшид 2 сурагчийг тус тус хувааж өгсөн.

5. Олон жил ажилласан багш учраас Х.А багшид бага ангийн илүү цаг болох 5-а, б,в, д, г ангиудын эрүүл мэндийн хичээлийн 5 цаг, 4-а,б,в,г, д / тус бүр 2 цаг / ангиудын дүрслэх урлаг хичээлээс 10 цаг, 4-г, д / тус бүр 2 цаг/ ангиудын хөгжмийн хичээлийн 4 цаг нийт 19 цаг өгч үндсэн багшаар ажиллуулж байгаа.

6. Уг нь 1 дүгээр ангид анги дүүргэлтийг хангаж чадахгүй хүүхэд цуглараагүй багшийг ажлаас нь бүрмөсөн чөлөөлөх ёстой байсан.

7.Х.А Боловсролын газрын даргад бас өргөдөл гаргаж  Г.А  дарга биеэрээ ирж сургуулийн нөхцөл байдалтай танилцаж “Анги дүүргэлтийг хангаж чадахгүй байгаа багшийн анги хуваагдахаас өөр арга байхгүй” гэдгийг дүнгийн хурлаар хэлсэн. Мөн Боловсролын газрын дарга тухайн үед албан тоотоор хандаж түүний хариуг бас албан тоотоор өгсөн.

8.Х.А багшийн ангид эцэг эхчүүд хувийн байдлыг, мөн мэдлэг боловсролыг харгалзаж хүүхэд өгөхөөс татгалзаж байгаа тул тухайн багшийн анги дүүргэлтийн стандарт шаардлагыг хангахгүй байгаа учраас бага ангийн илүү цагийн багшаар олон жил ажилласныг харгалзан үзэж ажиллуулж байгаа. Бага ангийн багш хүүхэд цуглуулж чадахгүй бол ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх ёстой гэдгийг бага ангийн багш бүр хүлээн зөвшөөрч байгаа. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1. 15 дахь жилдээ ажиллаж байна. Миний ангид 15 хүүхэдтэй, анги дүүрээгүй гэж байна. 2020 онд бага ангийн үндсэн 5 багштай байсан атлаа нэмж Гүлжибек гэдэг нэг багшийг бага ангийн багшаар авсан. Тиймээс миний анги дүүргэлт бүрдээгүй.

2. Тухайн жил цар тахалтай холбоотой 15 хүүхэдтэй ажилласан. Энэ жил миний ангийг хуваана гэж надад урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Надад таны ангийг хуваана гэж сануулаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 01-нд ажил эхлэх үед таны ангийг хувааж байна гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй гэж гараад явсан.

3. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр намайг ангиас хөөж гаргаад миний сууж байсан ангид 23 сурагчтай Г  багшийг оруулсан. Сургууль хувийн компани биш. Сургууль төрийн өмч. 15 жил ажилласан миний нэр төрийг гутааж, ангиас хөөж гаргасанд гомдолтой байна.

4. Чиний анги дүүрээгүй гэж миний ангийг хоёр хуваасан атлаа шинээр хоёр багшийг ажилд авсан. Миний 15 жил хийсэн ажлыг үнэлээгүй болохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсролын газарт мэдэгдээд дараа нь шүүхэд хандсан.

5. Хариуцагч намайг мэдлэггүй, чадваргүй гэж хэлж байна. Боловсролын газрын дарга А  Ц суманд очиж 24 багшаас хэл бичгийн шалгалт авахад би 3 дугаар байр эзэлсэн. Би тийм мэдлэг, чадваргүй багш биш. Манай сургуулийн багш нар бүгд мэдэж байна. Тийм учраас захирлын хэлж байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй.

6. Үндсэн багш нарын анги дүүрэхгүй, хүүхэд хүрэлцэхгүй байхад шинээр багш ажилд авч байгаа нь эргэлзээтэй. Өмнө нь үндсэн 5 багшийн ангийг дүүргээд илүү гарсан хүүхдүүдийг шинээр орсон багшид өгдөг байсан. 15 жил ажиллахдаа ийм юмыг анх удаа харж байна. Надад миний ангийг хуваана гэж өмнө нь мэдэгдээгүй. 9 дүгээр сард орж ирэхэд шууд таны ангийг хуваачихлаа гэж ярьсан.

7. Надад өгсөн 19 цаг нь хөгжим, эрүүл мэндийн хичээлүүдийн цаг. Би Мэргэжлийн хяналтын газарт хандахад 4, 5 дугаар ангийн эрүүл мэнд болон дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заах ёстой гэсэн. Хөгжмийн хичээлийг бас би зааж чадахгүй. Би мэргэжлийн хөгжмийн багш биш. Дараа жил хөгжмийн багш, дүрслэх урлагийн мэргэжлийн багш нар ирэх юм бол миний цаг хасагдаж, би ажилгүй болно.

8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00865 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч Х.А-ын “ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн” буюу “анги даасан бага ангийн багшийн ажлаас бага ангийн илүү цагийн багш (5 а,б,в,г,д ангиудын эрүүл мэндийн хичээл, 4 а,б,в,г,д (тус бүр 2 цаг) ангиудын дүрслэх урлаг хичээлээс 10 цаг, 4 г,д (тус бүр 2 цаг) ангиудын хөгжмийн хичээлийн 4 цаг, нийт 19 цаг)-ийн ажилд буруу шилжүүлсэн” гэх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            3. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.А нь Ц сумын ахлах сургуулийн захирлын 2008 оны 37 дугаар тушаалаар бага ангийн багшийн ажилд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл анги даасан бага ангийн багшаар ажиллаж байсан нь тогтоогджээ. (хэргийн 3, 83 дахь тал)

 

            4. Ажил олгогч 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 21 дүгээр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаал, тус сургуулийн дүрмийн 2.10 дахь заалт, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэж, “анги дүүргэлтийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр бага ангийн багш Х.А-ын /даасан/ ангийг хувааж, түүнд бага ангийн илүү цагаас 19 цаг өгч, үндсэн багшаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ажил олгогчийн уг тушаалын агуулга, үндэслэл, эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөхтэй холбоотой эрх зүйн байдалд үзүүлж буй үр нөлөө, ажилтны чиг үүрэг өөрчлөгдсөн байдал зэргийг харгалзаж, ажил олгогчийн уг үйл ажиллагааг “бага ангийн багш Х.А-ыг урьд эрхэлж байсан ажлаас өөр ажилд шилжүүлсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            5. Ажилтныг эрхэлж байсан ажлаас нь өөр ажилд бүрмөсөн шилжүүлэх талаар тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан  хуульчлаагүй боловч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.” гэж хуульчилснаас гадна ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт 7 үндэслэлийг заасан байдаг. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар цуцалж, ажилтны хүсэлтээр, эсхүл түүнтэй тохиролцсоноор шилжүүлэн ажиллуулах дараагийн ажлын байранд ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг энэ маргааны үйл баримтад хамааралтай.

 

            6. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэвэл, ажилтныг өөр ажилд шилжүүлэх талаар (1) ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх; (2) эсхүл ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл, журмаар цуцалсан тохиолдолд ажилтны хүсэлтийг үндэслэн түүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах зэрэг хоёр хууль зүйн үндэслэл бүрдсэн байх боломжтой.

 

            7. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, “анги даасан” бага ангийн багш ажилтай Х.А-ыг “бага ангийн, илүү цагийн буюу 19 цагийн багшийн” ажилд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй буюу дээр дурдсан хууль зүйн эхний үндэслэл бүрдээгүй, харин уг асуудлын талаар талуудын хооронд маргаан үүссэн байжээ.

 

8. Түүнчлэн ажил олгогчийн ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ баримталсан хууль, журмууд тухайн тушаалын хууль ёсны байдлыг бүрнээ илтгэхгүй байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт /байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна/ ажилтныг эрхэлж байсан ажлаас нь өөр ажилд шилжүүлэн томилсонтой холбоотой харилцаанд шууд хамааралгүй бөгөөд ажил олгогчоос ажилтантай харилцан тохиролцож шилжүүлэн ажиллуулж буй “бага ангийн илүү цагийн багш”-ийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй, энэ талаар ажилтан хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хуулийн энэ заалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Нөгөө талаар ажилтныг шилжүүлэн ажиллуулж буй орон тоо нь байнгын ажлын байр мөн эсэх талаарх баримтыг ажил олгогч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

9. Ажил олгогч ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тушаалдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалыг үндэслэж, хариу тайлбартаа уг тушаалын хавсралтын 1-ийн 4 дэх заалтын “Анги дүүргэлтийг бага ангид 30-35 /багийн салбар бүлэгт 20-оос доошгүй/...” гэснийг иш үндэс болгож байна.

 

10. Дээрх тушаалаар баталсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 1-ийн 2 дахь заалтад “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно” гэж заасныг Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тушаалаар баталсан, 2020-2021 оны хичээлийн жилийн сургуулийн орон тоо, зохион байгуулалттай харьцуулан үзвэл, бага ангийн заах аргийн нэгдэлд хамаарах Х.А багш өмнөх хичээлийн  жилд 1в бүлгийн анги даасан багшаар ажилласан байна.

 

11. Тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн сургуулийн орон тоо, зохион байгуулалтыг дээрх журамд зааснаар тогтоосон баримт бичиг хэрэгт авагдаагүй, хууль, журамд заасан үндэслэл, стандартын хүрээнд сургуулийн захирлаас өмнөх  хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоосон, үүнд тухайн үед бага ангийн багш Х.А багтаж байсан тохиолдолд түүнийг дээрх журмын 1-ийн 4 дэх заалтыг хангуулахаар, өмнөх хичээлийн жилд хариуцаж байсан ангийг нь тарааж, өөр ажилд шилжүүлснийг тухайн журмын зорилт, агуулгад нийцсэн буюу хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэхгүй. (хэргийн 61 дэх тал)

 

12. Ажилтныг өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрт хариуцагч сургуулийн дүрмийн 2.10 дахь заалтад “Сургууль хууль тогтоомж, дүрмийн дагуу хамтран суралцах тойргийн бүх хүүхдийг элсүүлж, батлагдсан норм нормативыг баримтлан анги, бүлэг дүүргэлтийг хангаж ажиллана. Анги дүүргэлт 35 хүүхэдтэй байна.” гэж заасныг үндэслэл болгосон. Сургуулийн дүрмийн уг заалтын агуулга нь анги дүүргэлтийг тухайн анги даасан багш дангаар хариуцахаар бус, харин тухайн асуудлыг сургууль, тодруулбал сургуулийн удирдлага зохион байгуулалтын хувьд анги дүүргэлтийг тогтоосон стандартын дагуу хангаж ажиллахаар журамласан бөгөөд энэ нь Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 1-ийн 2 дахь заалттай уялдаатай хэрэгжихээр байна. Иймээс анги дүүргэлтийг тухайн анги даасан багш дангаараа хариуцах ёстой гэх ажил олгогчийн үндэслэл хууль тогтоомжид нийцээгүй.

 

13. Ажил олгогчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалд сургуулийн удирдлагын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байх боловч уг тэмдэглэл хэрэгт авагдаагүй, харин сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн ба үүнд бага ангийн багш Х.Аыг өөр ажилд шилжүүлэн томилох талаар түүнтэй тохиролцсон үйл баримт тусгагдаагүй тул тушаалын энэ үндэслэлийн талаар шүүхээс хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

 

14. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, бага ангийн анги даасан багш ажилтай Х.А-ыг түүнтэй харилцан тохиролцохгүйгээр эрхэлж байсан ажлаас нь “бага ангийн илүү цагийн багш”-ийн ажилд хууль бусаар шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан анги даасан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний хөдөлмөр эрхлэхтэй холбоотой буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэх зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

 

15. Хариуцагчийн “Х.А  багшид бага ангийн илүү цагаас 19 цаг өгч, үндсэн багшаар ажиллуулж байгаа”, “бага ангийн дүүргэлт 30-35 хүүхэдтэй байх ёстой бөгөөд анги дүүргэлтийн шаардлагыг хангаж чадаагүй, хүүхэд цуглараагүй багшийг ажлаас нь бүрмөсөн чөлөөлөх ёстой байсан”, “анги дүүргэлтийг хангаж чадаагүй багшийн анги хуваагдахаас өөр арга байхгүй” гэх хариу тайлбар нь илт хууль зүйн үндэслэлгүй байна. Түүний энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

16. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэхийг, харин үндэслэлтэй байна гэдэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хуульд заасан журмаар үнэлэн, хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тэдгээрт эрх зүйн дүгнэлт өгч, маргааны хууль зүйн болон бодит үндэслэлийг тогтоосныг тус тус ойлгоно.

 

17. Анхан шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад хамаарах урьдчилсан нөхцөлүүдийг маргааны үйл баримтаас нарийвчлан тодорхойлж, мөн хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэн түүнд үнэлэлт дүгнэлт өгч, материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг агуулгын хувьд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18. Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                             М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК