Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Хохирогч М.Сонинцэцэг, Б.Мөнхцацрал,

            Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л Б холбогдох, 1711005480358 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдаа нийтийн хоолны хөргөлтийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 11-194 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Л.Б (РД:),

нь 2014 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр ороо, Хайлаастын 11 дүгээр гудамж, 194 тоотод оршин суух гэртээ эхнэр М.Сонинцэцэг, охин Б.Мөнхцацрал нартай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нартай эвлэрсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар нэн даруй шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:  Өөрийнхөө гэм бурууг ухамсарлан ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

            Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би хөргөгч дуудлагаар засварлаж, хөргөгч засуулсан хүн архи өгөөд, тэгээд гэр рүүгээ харих явцдаа гудамжинд найз Батбаяртай дахин нэг шил архи уугаад гэртээ 17 цагийн үед орсон. Тэр үед эхнэр намайг согтуу байна гээд цагдаа дуудаж бариулсан, би улмаар түр саатуулагдаж маргааш нь гарч ирэхэд энэ өдөр манай эхнэр Сонинцэцэг өргөдөл гаргасан байсан. Би архи уусан үедээ эхнэр хүүхэдтэй янз бүрийн зүйл яриад илүү үглэдэг болохоор намайг тэд нар цагдаад барьж өгсөн байх. Би эхнэр болон охиноо зодож цохиж байгаагүй. Би 1995 оноос хойш хааяа хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сонинцэцэг мэдүүлэхдээ: Надад гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Сонинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- Манай нөхөр Баасанхүү нь архи уусан үедээ агсам согтуу тавьж хэл амаар доромжилж элдвээр хэлдэг. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би охин Мөнхцацралын хамт гэртээ байхад нөхөр гаднаас 15 цагийн орчим согтуу орж ирээд шууд хутга авч билүүдээд ална гээд дайраад байсан. Тэгээд би шууд цагдаа дуудаж өгч явуулсан. Би түүнтэй суугаад 20 жил болж байна. Ер нь согтуу ирэхээрээ байнгын айлгаж дарамталж хэл амаар доромжилдог. Энэ нь надад ажил төрөл хийхэд хэцүү байдаг. Нэг удаа охин руугаа бахь авч шидээд толгойд нь гэмтэл учруулж байсан. Энэ тухай цагдаад хандаж байгаагүй. Мөн цаасны хутга бариад айлгаад байдаг. Архи уухаараа үзүүртэй юм бариад ширээ цохиж, аяга таваг хагалж хоол унд хийж өгөхөөр өөдөөс шидээд байдаг. Агсам тавиад байхаар нь эрүүлжүүлэх байранд 2-3 удаа өгч байсан. Өргөдөл гомдол гаргаж байгаагүй. ...Энэ байдал 7 хоног болгон болдог. Манай нөхөр байнгын архидан согтуурдаг. Мөн гэрээсээ мөнгөн аяга, миний монетон ээмэг, гинж зэргийг барьцаанд тавьчихдаг. Миний түрийвчинд байсан бэлэн мөнгийг хүртэл хааяа авчихдаг. ...2014 оноос эхлэн энэ байдал улам бүр даамжраад өдөр болгон шахуу архи ууж хутга мэсний зүйл бариад, айлгаж сүрдүүлэх болсон. Ийм байдал гарах болгонд өөрсдөө аргадаад унтуулдаг байсан. Сүүлдээ арга бараад цагдаад 2-3 дуудаж өгч байсан. ...Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 2 хүүхэдтэй. Би 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гэсээр өдийг хүрсэн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхцацрал мэдүүлэхдээ: Надад гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Мөнхцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- Манай аав ер нь бол байнга архидан согтуурдаг. 2017 оны зун шөнө согтуу ирээд орилоод байхаар нь оруулахгүй гэхэд байшингийн цонх хагалчихаад яваад өгсөн. Харин маргааш өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад аав ирээд ээжтэй хэрэлдээд гэрт байдаг 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг ирлээд эргүүлээд биднийг айлгаад байсан. Тэгээд ээжтэй хэрүүл хийж хурцдаад ирэхээрээ цохих гэж дайрдаг, улмаар ээж харилцан зууралдаж ноцолддог. Тэр үед манай дүү болиулах гэж оролддог. Согтуу үедээ ална тална пизда гэж ярьдаг. Гэрийн эд зүйл болон өөрийнхөө эд зүйлийг зарж борлуулдаг. Миний мэдэж байгаагаар 7 хоногт 1 удаа ямар нэгэн зүйл болсон байдаг. ...Аав өмнө нь архи уудаг байсан бөгөөд сүүлийн 6 сарын орчимд аавын хүчирхийллийн шинжтэй үйлдэл улам ширүүлж эхэлсэн. ...Манай аав ерөнхийдөө намайг бага байхаас авахуулаад ээж бид нарыг айлган сүрдүүлж агсам тавьсаар ирсэн. Байнгын айдастай амьдардаг. Аав архи уусан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдэнэ, гартаа таарсан зүйлээ авч бид нар руу шиднэ. Хамт байхад үнэхээр сэтгэл санаа болон бие махбодийн дарамттай байна. Аав бид нарыг сард 2-3 удаа зоддог. Архийг бол өдөр болгон уудаг. Энэ талаар манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгч, өргөдөл бичиж байгаагүй шиг санаж байна гэжээ.

Гэрч Т.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Баасанхүү нь архи уудаг, нэг уухаараа хэд хоног уудаг юм шиг байна лээ. Баасанхүү нь архи уусан үедээ хэрүүл маргаан хийгээд байгаа сонсогддог бөгөөд эрүүл үедээ тийм асуудал байхгүй. Сонинцэцэг эгч Баасанхүү согтуу ирээд агсам тавиад хутга барьж дайрлаа гэж ярьж байсан гэжээ.

Гэрч Б.Шижирбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Баасанхүү ах нэг уухаараа нилээд хэд хоног уудаг. Хамгийн сүүлд гэхэд энэ зун агсам тавиад гэрийнхээ цонхыг хагалсан байсан. Ер нь согтуу ирэхээрээ хэрүүл шуугиан хийгээд байгаа сонсогддог гэжээ.

Гэрч Б.Лхамгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Баасанхүү нь манай судалгаанд байхгүй. 5 буудал орчимд ажилгүй хүмүүстэй нийлж архидан согтуурдаг тухай ярьж байсан. Мөн архи уухаараа эхнэр хүүхдээсээ мөнгө нэхэж хэрүүл шуугиан гаргадаг гэж байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, прокуророос шүүгдэгч Л.Бг 2014 оноос эхлэн гэртээ эхнэр М.Сонинцэцэг, охин Б.Мөнхцацрал нартай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг шинээр гэмт хэрэгт тооцож, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

 

 

 

Хохирогч Б.Мөнхцацрал “Манай аав ер нь бол байнга архидан согтуурдаг. Аав өмнө нь архи уудаг байсан бөгөөд сүүлийн 6 сарын орчимд аавын хүчирхийллийн шинжтэй үйлдэл улам ширүүлж эхэлсэн” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Л.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр ороо, Хайлаастын 11 дүгээр гудамж, 194 тоотод оршин суух гэртээ байнга архидан согтуурсан үедээ эхнэр М.Сонинцэцэг, охин Б.Мөнхцацрал нарыг хэл амаар доромжлох, хутга, заазуур барьж ална гэж айлгах, эд зүйл шидэж хагалах зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж хүчирхийлдэг болох нь

            шүүгдэгч Л.Бгийн “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би хөргөгч дуудлагаар засварлаж, хөргөгч засуулсан хүн архи өгөөд тэгээд гэр рүүгээ харих явцдаа гудамжинд найз Батбаяртай дахин нэг шил архи уугаад гэртээ 17 цагийн орсон юм. Тэр үед эхнэр намайг согтуу байна гээд цагдаа дуудаж бариулсан, би улмаар түр саатуулагдаж маргааш нь гарч ирэхэд энэ өдөр манай эхнэр Сонинцэцэг өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Сонинцэцэгийн “Манай нөхөр Баасанхүү нь архи уусан үедээ агсам согтуу тавьж хэл амаар доромжилж элдвээр хэлдэг. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би охин Мөнхцацралын хамт гэртээ байхад нөхөр гаднаас 15 цагийн орчим согтуу орж ирээд шууд хутга авч билүүдээд ална гээд дайраад байсан. Тэгээд би шууд цагдаа дуудаж өгч явуулсан. Би түүнтэй суугаад 20 жил болж байна. Ер нь согтуу ирэхээрээ байнгын айлгаж дарамталж хэл амаар доромжилдог. Нэг удаа охин руугаа бахь авч шидээд толгойд нь гэмтэл учруулж байсан. Мөн цаасны хутга бариад айлгаад байдаг. Архи уухаараа үзүүртэй юм бариад ширээ цохиж, аяга таваг хагалж хоол унд хийж өгөхөөр өөдөөс шидээд байдаг. Агсам тавиад байхаар нь эрүүлжүүлэх байранд 2-3 удаа өгч байсан. Өргөдөл гомдол гаргаж байгаагүй. ...Энэ байдал 7 хоног болгон болдог. Манай нөхөр байнгын архидан согтуурдаг. Мөн гэрээсээ мөнгөн аяга, миний монетон ээмэг, гинж зэргийг барьцаанд тавьчихдаг. Миний түрийвчинд байсан бэлэн мөнгийг хүртэл хааяа авчихдаг. ...2014 оноос эхлэн энэ байдал улам бүр даамжраад өдөр болгон шахуу архи ууж хутга мэсний зүйл бариад, айлгаж сүрдүүлэх болсон” гэх мэдүүлэг, хохирогч Б.Мөнхцацралын “Манай аав ер нь бол байнга архидан согтуурдаг. 2017 оны зун шөнө согтуу ирээд орилоод байхаар нь оруулахгүй гэхэд байшингийн цонх хагалчихаад яваад өгсөн. Харин маргааш өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад аав ирээд ээжтэй хэрэлдээд гэрт байдаг 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг ирлээд эргүүлээд биднийг айлгаад байсан. Тэгээд ээжтэй хэрүүл хийж хурцдаад ирэхээрээ цохих гэж дайрдаг, улмаар ээж харилцан зууралдаж ноцолддог. Тэр үед манай дүү болиулах гэж оролддог. Согтуу үедээ ална тална пизда гэж ярьдаг. Гэрийн эд зүйл болон өөрийнхөө эд зүйлийг зарж борлуулдаг. Миний мэдэж байгаагаар 7 хоногт 1 удаа ямар нэгэн зүйл болсон байдаг. ...Аав өмнө нь архи уудаг байсан бөгөөд сүүлийн 6 сарын орчимд аавын хүчирхийллийн шинжтэй үйлдэл улам ширүүлж эхэлсэн. ...Манай аав ерөнхийдөө намайг бага байхаас авахуулаад ээж бид нарыг айлган сүрдүүлж агсам тавьсаар ирсэн. Байнгын айдастай амьдардаг. Аав архи уусан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдэнэ, гартаа таарсан зүйлээ авч бид нар руу шиднэ. Хамт байхад үнэхээр сэтгэл санаа болон бие махбодийн дарамттай байна” гэх мэдүүлэг, гэрч Т.Баясгалангийн “Баасанхүү нь архи уудаг, нэг уухаараа хэд хоног уудаг юм шиг байна лээ. Баасанхүү нь архи уусан үедээ хэрүүл маргаан хийгээд байгаа сонсогддог бөгөөд эрүүл үедээ тийм асуудал байхгүй. Сонинцэцэг эгч Баасанхүү согтуу ирээд агсам тавиад хутга барьж дайрлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Шижирбаатарын “Баасанхүү ах нэг уухаараа нилээд хэд хоног уудаг. Хамгийн сүүлд гэхэд энэ зун агсам тавиад гэрийнхээ цонхыг хагалсан байсан. Ер нь согтуу ирэхээрээ хэрүүл шуугиан хийгээд байгаа сонсогддог” гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн гаргасан өргөдөл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ханбүрэн овогт Лувсангийн Баасанхүүг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, мөн тэрээр хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Л.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь энэ тогтоолын 2-т заасныг зөрчвөл ял оногдуулахыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь 90 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ