Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

   2024        07           24                                         2024/ДШМ/39

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Иргэний нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ын өмгөөлөгч Р.Лхагвабаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2339004910084 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ..................... газарт ******* улсын дугаартай "*******" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн *******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

-  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гөөс 4,903,200 (дөрвөн сая есөн зуун гурван мянга хоёр зуу) төгрөгийг, иргэний хариуцагч *******,******* улсын төсөвт үйлдвэрийн газраас 19,612,800 (арван есөн сая зургаан зуун арван хоёр мянга найман зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.  

 

Иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ын гүйцэтгэх захирал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гөөс 4,903,200 төгрөгийг, иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-аас 19,612,800 төгрөгийг гаруулж иргэний нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

“*******,*******” УТҮГ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Учир нь иргэн *******тай манай байгууллага 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр №2023/22 дугаартай "Автомашин түрээслэх, түрээслүүлэх гэрээ" байгуулсан. Тус гэрээний 3.2 дахь хэсэгт "Түрээсийн зүйлийн 1 хоногийн түрээсийн төлбөр нь 200,000 төгрөг байна. Түрээсийн хугацаанд нийт төлбөрийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх ба төлбөрийг банкны тоот овогтой нэрийн дансанд шилжүүлнэ" гэж, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт "Гэрээ байгуулсан өдөр төлбөрийн урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлэх ба үлдэгдэл төлбөрийг машин хүлээлгэн өгөхдөө бүрэн төлнө" хэмээн тохиролцсон.

 

Улмаар дээрх тохиролцооны дагуу манай байгууллагаас дараах байдлаар төлбөр тооцоо хийсэн:

 

Төлбөр шилжүүлсэн огноо

Хариуцагчийн овог нэр

Гүйлгээний утга

Мөнгөн дүн

Банкны нэр

Данс

1

2023.09.28

Үүрийн туяа

Автомашины түрээс

00-79УНС

2,000,000

2

2023.10.12

Үүрийн туяа

Автомашины түрээс

 

2,000,000

3

2023.10.12

Үүрийн туяа

Автомашины түрээс

00-79УНС

2,000,000

4

2023.11.02

Үүрийн туяа

Автомашины түрээс

6,750,000

5

2023.11.02

Үүрийн туяа

Автомашины түрээс

 00-79УНС

4,750,000

НИЙТ

17,500,000

 

Дээрхээс нийт 8,750,000 төгрөгийг ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт, 94-67 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 8,750,000 төгрөгийг тус тус төлсөн.

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу осол гарах хүртэл нийт 23 өдөр түрээсэлсэн.

94-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16 өдөр түрээсэлсэн.

Ийнхүү гэрээгээр ашиглуулахаар тохиролцсон тээврийн хэрэгсэл нь ашиглагдаагүй хэдий ч манай байгууллага *******д гэрээгээр тохиролцсон төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл иргэн *******гийн зүгээс машиныхаа түрээсийн төлбөрийг бүтэн авсан атлаа дахин манай байгууллага машиныхаа төлбөрийг бүрэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн "Автомашин түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.4.3-т заасны дагуу түрээсийн зүйлийг "иж бүрэн" даатгалд хамруулсан байх ёстой гэж заасан ба тухайн ослын улмаас үүссэн хохирлыг 100 хувь түрээслэгч даатгалын байгууллагаас гаргуулах байсан.

Улмаар шүүх иргэний нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгөөс 24,516,000 төгрөгийг түүнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч ******* нь иргэний хариуцагчаас төлбөр хүлээн авсан эсэх, энэ талаар иргэний хариуцагч “*******,*******" УТҮГ-ын тайлбар, төлбөр шилжүүлсэн талаарх нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараах эрх эдэлнэ", мөн зүйлийн 3.1-д "нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах", 3.2-т "баримт сэлт, хүсэлт гаргах", 3.3-т "энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрх"-ийг эдлэхээр хуульчилсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчийг оролцуулж нэг удаагийн тайлбар авсан хэдий ч өөрөөр эдгээр эрхийг хангаагүй, нөхцөл байдлыг дутуу тогтоосноос үүдэн улсын төсөвт байгууллагаас их хэмжээний зардал гарахаар болоод байна.

Тэрчлэн "*******,*******" нь улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд улсын төсвөөс санхүүждэг буюу ард иргэдийн татварын эх үүсвэрээр үйл ажиллагаа болон урсгал зардал нь санхүүждэг. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй адилтган үзэж, манай байгууллагаас иргэний нэхэмжлэгч *******д олгох ёстой төлбөрийн 80 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ард иргэдийн татварын мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч *******д олгох 19,612,800 төгрөгөөс түүнд шилжүүлсэн 17,500,000 хасаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхагвабаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээнд зааснаар иргэний хариуцагч уг “” маркийн тээврийн хэрэгслийг 39 өдөр ашигласаны төлбөр 7,800,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Тухайн машины түрээсэнд нийт 17,800,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *******д шилжүүлж, 9,700,000 төгрөгийг илүү төлсөн. ******* түрээсийн төлбөр авсан гэж тайлбардаг ч илүү төлбөр төлсөн талаар дурддаггүй.

Хавтаст хэргийн материалтай танилцахад иргэний нэхэмжлэгч ******* “тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон учраас 8,000,000 төгрөгөөр зарна, 17,000,000 төгрөгийг даатгалаас авсан учир үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү” гэж мэдүүлсэн байдаг. Одоо тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа.  “Smart car” гэх цахим хуудаснаас харахад тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоод 2 удаа зөрчил гаргаж, зөрчлөө 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн байсан. Автотээврийн үндэсний төвийн цахим хуудсанд авто техникийн улсын бүртгэлд орж тэнцсэн байсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байна. 8,000,000 төгрөгөөр сэлбэгт өгч худалдан борлуулсан үйл баримт тогтоогдоогүй. Тухайн тээврийн хэрэгсэл сэлбэгэнд зарагдсан бол дугаар нь өөрчлөгдөж, өөр хүний нэр дээр шилжих ёстой байсан.  Цахим сайтад бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн аралын дугаар нь хавтаст хэрэгт авагдсан аралын дугаартай таардаг. Үнэхээр тээврийн хэрэгсэл нь ашиглагдах боломжгүй болж сэлбэгэнд өгсөн бол илүү төлсөн 9,700,000 төгрөгийг хасаад хохирлыг нь гаргах нь зүйтэй. Гэтэл одоо ашиглаж байгаа нь нийтэд илэрхий байна. Энэхүү үйл баримт дээр тулгуурлаад 24,510,000 төгрөгөөс төлсөн 17,500,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 7,000,000 төгрөгийн 80 хувийг манай байгууллагаас, үлдэгдэл 20 хувийг нь *******гөөс гаргах боломжтой. Манай төлбөрийг хасаж тооцохгүй байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Мөн шүүх шүүгдэгч *******гөөс 4,903,000 төгрөг, иргэний хариуцагчаас 19,619,810 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн байгаа. Түрээсийн мөнгөний тооцоог иргэниий журмаар шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтооыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулах асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлаж шийдвэрлэсэн. Хохирол гаргуулахдаа 20/80 хувийн харилцаатайгаар үүрэг хүлээлгэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчид эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулж, баримт үйлдэж эрхийг нь эдлүүлсэн байна. Хохиролтой холбоотой асуудал дээр хариуцагч тал маргахгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тайлбар гаргаж байсан учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлага үүсээгүй. Түрээсийн гэрээний төлвөл зохих мөнгөн дүнгээс төлсөн төлбөрийг суутгана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн хэргийг шийдвэрлэхэд машины бодит үнийн дүн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар мэтгэлцсэн. Түрээсийн төлбөртэй хамааралтай маргаагүй, нэхэмжлээгүй. Иргэний хариуцагч тал *******гийн 3 машиныг түрээслэдэг байсан. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шинээр гаргаж тайлбарлаж байна. Осолд орсон машин эвдэрч дахин ашиглагдахгүй болсон талаар Загдсайхан мэдэж байгаа. Зөвхөн ашигласан хоногтоо түрээсийн төлбөр төлнө гэдэг нь үндэслэлгүй байна. Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.           

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч *******гийн үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ингэснээр  уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжинэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт тусгах асуудлыг заасан ба 1.1-д “шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх”, 1.3-т “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр”, 1.8-д “шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.

 

Энэ хэрэгт “*******,*******” УТҮГ-г 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба  анхан шатны шүүх яллагдагч *******г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/231 дугаартай шүүгчийн захирамжиндаа иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгчийн захирамждаа тусгаагүй,  2024 оны 04 дүгээр сарын 30,  05 дугаар сарын 14-ний өдөр тус тус товлон зарласан шүүх хуралдааны товыг иргэний хариуцагчид мэдэгдээгүй болох нь 1 хавтаст хэргийн 186, 192 хуудсанд авагдсан “хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” баримтаар  тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийн эрхийг хуульчилсан ба үүнд:

3.1.нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах;

3.2.баримт сэлт, хүсэлт гаргах;

3.3.энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрх тусгагдсан байна.

 

Иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-т шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хуульд заасан хэргийн оролцогчийн дээрх эрх зөрчигдсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчим алдагдсан байна. Энэ талаар гаргасан иргэний хариуцагч “*******,*******” УТҮГ-ын  гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч *******д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

“Иргэний хариуцагч *******,*******” УТҮГ-ын гаргасан давж заалдах гомдлоос “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн” гэх агуулга бүхий гомдлын хэсгийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул гомдолд дурдагдсан бусад асуудлаар дүгнэлт хийгээгүй  болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                                     Г.БОЛОРМАА