Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар   212/МА2022/00006

 

Т.К-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж,шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00907 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С  овогт Т.К нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\569 дугаартай захирамжаар анх Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр албан үүргийг тор орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс бүр томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

2.Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Т.К-ад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн юм.

3. Т.К нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн болно. Т.К нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл Т.К ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б\15 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.К нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2021 оны Б-15 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

5. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №Б\17 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Нэхэмжлэгч Т.К нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “...ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн...маргаан бүхий захирамж бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн...” гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байна.

2.Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А\204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгал хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг надад танилцуулсан.

3. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шинэ хичээлийн жилийн зорилго, зорилт тодорхойлсон боловч тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, цэцэрлэгийн байр болон нийтийн эзэмшлийн зам, талбайд зай барих тэмдэг, тэмдэглэгээ хийж хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах байдал хангалттгүй, цэцэрлэгийн хашаан дотор баригдаж байсан 2 давхар барилгын ажил гүйцэтгэж байгаа ХХК-нд цэцэрлэгийн удирдлагаас хүүхэд, ажилчдын аюулгүй байдалд анхааран албан бичгээр хандсан, хичээл сургалт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж хашилга, хамгаалалт хийлгэсэн юм огт байхгүй байсан, Хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй байсан.

4.  Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилон ажиллуулаагүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжэнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй, ажилтан албан хаагчдыг эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, цэцэрлэгт халдвар гарсан тохиолдолд цахимаар ажиллах бэлтгэлгүй байсан зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

5. Урьд өмнө Ц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б\54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус хззхдийн 3-р цэцэрлэгийн хичээл, сургалт, үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдалд хяналт шалгал хийхэд теле хичээлд 125 хүүхэд хамрагдах ёстой байснаас зөвхөн 36% нь хамрагдсан, хоцрогдол арилгах талаар төлөвлөгөөт ажил хангалтгүй, халдвар түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан байсан зэрэг зөрчил тогтоогдож байсан.

6.Тухайн үед Засаг даргаас цэцэрлэгийн эрхлэгчид сануулга өгч эдгээр зөрчлийг арилгахыг үүрэг болгож байсан гэдгийг дурдаж байна. Иймд Засаг даргын зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдснийг нь харгалзан үзэж, хүүхдийн 2-р цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын сануулах шийтгэл ногдуулах нв зүйтэй гэж үзсэн.

7. Иймд нэхэмжлэгч Т.К-ын “...“...ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн...маргаан бүхий захирамж бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн...” гэсэн үндэслэлээр Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” №Б\15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00907 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С  овогт Т.К-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

 1. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль. хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бүртгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 27-28 өдөр танилцуулсан байдаг.

2. Хяналт шалгалтын үр дүнгээр хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шинэ хичээлийн жилийн зорилго, зорилт тодорхойлсон боловч тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, цэцэрлэгийн байр болон нийтийн эзэмшлийн зам, талбайд зай барих тэмдэг, тэмдэглэгээ хийж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах байдал хангалтгүй, цэцэрлэгийн хашаан дотор баригдаж байсан 2 давхар барилгын ажил гүйцэтгэж байгаа ХХК-д цэцэрлэгийн удирдлагаас хүүхэд ажилчдын аюулгүй байдалд анхааран албан бичгээр хандсан, хичээл сургалт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж хашилга, хамгаалалт хийлгэсэн юм огт байхгүй байсан хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй байсан.

3. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилж ажиллуулаагүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, цэцэрлэгт халдвар гарсан тохиолдолд цахимаар ажиллах бэлтгэлгүй байсан зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

4. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131 2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зохицуулалтаар давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулан шийдэх боломжтой гэж үзэж байна. Аль аль хуулийг хэрэглэх боломжтой гэж үзсэн тохиолдолд зөрчил хэзээ гарсан, хэзээ илрүүлсэн, хариуцлагыг хэзээ оногдуулсан бэ гэдэгт анхан шатны шүүх буруу зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2. 9 дүгээр сард ажлын хэсэг гарч тухайн 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, удирдлагад шалгалтын үр дүнгээ 2021 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд танилцуулсан. Дараа нь сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ байдлаас үзэхэд, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Тийм учраас Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хүүхдүүдийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс зөвхөн сануулах шийтгэл оногдуулсан.

3. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 30-аас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ажил олгогч тухайн Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Ийм учраас 2022 оны 01 дүгээр  сарын 01-ээс хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль  яригдахгүй.

2. 2021 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдөр дүнгээ танилцуулсан гэж байгаа боловч хэрэгт нотлох баримт нь байхгүй. Зөрчлийг 2021 оны 9 дүгээр  сарын 13-ны өдөр илрүүлсэн байхад сарын дотор арга хэмжээ аваагүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан.

3.  Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

2. Нэхэмжлэгч Т.К нь Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Нэхэмжлэгч Т.К-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь Ц сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ  “Засаг дарга Т.А албан тушаалд томилогдсон цагаас эхлэн Т.К-ад удаа дараа ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн. Т.К нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.К нь дээд шатны  байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй  үнэлэгдсэн гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчийн маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцээгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “Уг нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А\204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгал хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг надад танилцуулсан. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шинэ хичээлийн жилийн зорилго, зорилт тодорхойлсон боловч тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, цэцэрлэгийн байр болон нийтийн эзэмшлийн зам, талбайд зай барих тэмдэг, тэмдэглэгээ хийж хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах байдал хангалттгүй, цэцэрлэгийн хашаан   дотор баригдаж байсан 2 давхар барилгын ажил гүйцэтгэж байгаа ХХК-нд цэцэрлэгийн удирдлагаас хүүхэд, ажилчдын аюулгүй байдалд анхааран албан бичгээр хандсан, хичээл сургалт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж хашилга, хамгаалалт хийлгэсэн юм огт байхгүй, Хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилон ажиллуулаагүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжэнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй, ажилтан албан хаагчдыг эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, цэцэрлэгт халдвар гарсан тохиолдолд цахимаар ажиллах бэлтгэлгүй байсан зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Засаг даргын зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдснийг нь харгалзан үзэж, хүүхдийн 2-р цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын сануулах шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн...” гэж шүүхэд маргасан байна.

 

            5. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.9, 11.2.11 дэх заалт, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/58 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн, цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг танимаар зохион байгуулах түр журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/292, А/525 дугаар хамтран тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ны үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг тус тус үндэслэн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

    6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А-ы 2021 оны 9 сарын 08-ны өдрийн №А/204  дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан, 2021 оны 9 дүгээр сарын 09-11-ний хороонд сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А-ы 2021 оны 9 сарын 08-ны өдөр баталсан “Хяналт-Шалгалтын удирдамж” болон 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №02 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр тус тус нотлогджээ.

    Хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №02 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр... Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд гарсан алдаа дутагдлын талаар нэг бүрчлэн шалган тогтоож, цаашид анхаарах асуудал, хийх ажлуудыг анхааруулж, Засаг дарга Т.А- нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №01/320 дугаартай албан бичгээр ...ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хяналт шалгалтын дүнг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлэн, байгууллагаас гарсан алдаа, дутагдлыг бүрэн арилгаж цаашдаа анхааран ажиллахыг хүсжээ.

    Ажил олгогч Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К-ын гаргасан алдаа, дутагдлыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №02 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл” болон Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №01/320 дугаартай “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт” гэсэн албан бичгээр нотлогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К-ын гаргасан зөрчлийг илрүүлсэн сүүлчийн өдрийг 2021 оны 9 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж сахилгын шийтгэл ногдуулах нэг сарын хугацааг тоолоход 15 хоногоор хэтрүүлж  сахилгын шийтгэл ногдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчжээ. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7.  Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах  гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 130/ШШ2021/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                       

      ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ